Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00374

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 193/ШШ2025/01558 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

 

Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг хариуцагч *******, ******* нараас буцаан гаргуулах, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 24,967,741 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулах, хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, маргаан бүхий орон сууцны өмчлөгч ******* болохыг тогтоолгох тухай *******, ******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар “*******” гэх өөрийн фейсбүүк хаягаас зар оруулсан бөгөөд зарын дагуу ******* нь “*******” гэх өөрийн фейсбүүк хаягаас холбогдож, тус орон сууцыг шинэ орон сууцаар бартераар солих, эсхүл бэлэн мөнгөөр төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. ******* завгүй байсан тул нөхөр *******ийн “*******” гэх фейсбүүк хаягийг өгч худалдах нөхцөл, саналыг солилцсон. Ингээд ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай орон сууцыг очиж үзээд Нисэхэд шинээр ашиглалтад орж буй орон сууцаар солих санал гаргасныг зөвшөөрч, тухайн өдөр ******* нь манай эгчээс гэрийн түлхүүрийг авч үлдээд байранд аав *******, ээж ******* нарыг нүүлгэн оруулсан байдаг. Гэтэл тус орон сууцны гэрчилгээ гарах нь хүлээгдээд байсан тул 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгө, эсхүл шинэ орон сууцаа шилжүүлэхгүй бүтэн сар хүлээлгэсэн учраас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр чат бичиж “2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдсэн 76,000,000 төгрөгөө төлөөд орон сууцаа ав” гэж шаардахад 2024 оны 10 дугаар сарын *******-ны өдөр 50,000,000 төгрөг шилжүүлсэн.

1.2.Хариуцагч нар нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны төлбөрийн асуудлыг шийдэхгүй байсан тул нэхэмжлэгчид сургалтын болон эмчилгээний төлбөр яаралтай хэрэгтэй байсан учраас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *******тэй орон сууцыг 1 сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэвч 2024 оны 10 дугаар сарын *******-ны өдөр хариуцагчаас 50,000,000 төгрөг шилжүүлсэн тул түрээсийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цуцалсан.

1.3.Хариуцагч *******, ******* нар нь орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчээс удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардаж хугацаа олгосон боловч тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй, цаашид үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул худалдах, худалдан авах гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчид буцаан өгөхийг шаардаж байна.

1.4.Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгах, Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д заасныг баримтлан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 12 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт 24,967,741 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулах, хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс уг орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.*******, ******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр *******тай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбайтай орон сууцыг бэлэн мөнгөөр, 86,000,000 төгрөгөөр худалдан авахаар цахимаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт *******гийн нөхөр болох *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын *******-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг төлж, орон сууцанд өөрийн хөрөнгөөр 9,625,100 төгрөгийн засвар, тохижилт хийж орсон.

Мөн орон сууцны ус, дулааны төлбөрт 895,990 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 363,000 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэгдэл 15,115,910 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

2.2.Нэхэмжлэгч тал өөрсдөө түлхүүрээ өгөөд, мөнгөө хувааж авахаар амаар хэлцэл хийж, засвар хийхийг зөвшөөрсөн. Үлдэгдэл мөнгөө төлж, гэрээгээ байгуулан нэр дээрээ шилжүүлэхээр нотариат дээр 2 удаа очиход нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс шалтгаалан гэрээгээ бичгээр байгуулж чадаагүй. Хариуцагч нар гэрээний үнийн дүнгийн 80 хувийг төлсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлсэн тул Улсын дээд шүүхийн зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй.

2.3.Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 24,967,741 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Бид үлдсэн мөнгөө төлөхөд бэлэн байгаагаа олон удаа хэлж байсан. Тухайн орон сууцны түрээсийн үнэ 500,000-700,000 төгрөгийн хооронд байсан. Энэ түрээсийн төлбөрийг бид төлөхгүй.

2.4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч *******, ******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1.Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 86,000,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөг төлж, орон сууцны завсар, ус, дулаан болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 12,834,090 төгрөг төлсөн тул эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* хот, ******* 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч ******* болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

4.1.Нэхэмжлэгч орон сууцыг анх 95,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар санал гаргасан боловч хариуцагчийн хүсэлтээр засвар хийсэн зардлыг хасаж 86,000,000 төгрөг болгон бууруулсан байхад уг дүнгээс дур мэдэн дахин засвар хийсэн төлбөр, ашиглалтын зардлыг хасаж тооцно гэж байгаа нь үндэслэлгүй байна.

4.2.Хариуцагч нар нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлснээр уг орон сууцны шударга эзэмшигч болно. Гэтэл хариуцагч нар төлбөрөө бүрэн төлөөгүй учир шударга эзэмшигч болохгүй. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй.

4.3.Ус, дулааны төлбөрт төлсөн 758,875.75 төгрөг болон сууц өмчлөгчдийн холбооны 09 сар хүртэлх төлбөрт 363,000 төгрөгийг баримтын задаргаа нь байхгүй боловч хүлээн зөвшөөрнө. Харин анхнаасаа засвар хийх зөвшөөрөл олгоогүй бөгөөд өөрсдийн амьдрах орон сууцанд хийсэн засварын зардлыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн орон сууцыг засвар хийгээгүй орон сууц гэдгийг мэдсээр байж хүлээн авсан. Үндсэн үүрэг болох гэрээний төлбөрөө төлөөгүй атлаа засварын мөнгө нэхэх боломжгүй гэжээ. 

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 238 дугаар зүйлийн 238.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасны дагуу хариуцагч *******, ******* нараас ******* хот, ******* 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбайтай орон сууцыг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс 44,713,593.******* төгрөгийг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *******гийн хууль бус эзэмшлээс ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 234,382 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,989 төгрөгийг, хариуцагч нараас төлсөн 303,730 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1.Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцааж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн 2-т “...хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ, харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болохыг гэрээг цуцлах гэнэ. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг.” гэж тайлбарласан талаар дурдсаныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Хариуцагч нар нь орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд дийлэнх төлбөр буюу 85 хувийг төлсөн, орон сууцанд капитал засвар хийсэн, 2 удаа үлдсэн төлбөрөө төлөхөөр нотариат дээр очиход нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс шалтгаалан худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар бус мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.2-т зааснаар зохицуулагдахаар байна.

6.2.Налайх дүүргийн алслагдсан “*******” хотхонд хүн амьдрах аргагүй шахам бясаа, жоомны үүр болсон, дулаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй байсан 2 өрөө орон сууцны сарын түрээс 400,000 төгрөгөөс хэтрэхгүй байхад шүүх ямар ч баримтгүйгээр орон сууцны түрээсийг 1 сарын 2,000,000 төгрөгөөр тооцон учирсан хохиролд 23,612,903 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч тал хэрэгт авагдаагүй орон сууц түрээслэх гэрээг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч талтай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, орон сууцны түлхүүр хүлээлгэн өгсөн. Гэрээнээс татгалзах, цуцлах ямар ч мэдэгдэл бичгийн хэлбэрээр өгөөгүй, өгөх ч үндэслэл үгүй байсан талаар хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.

6.3.Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1.Гэрээг 96,000,000 төгрөгөөр байгуулсан. Үүнээс засвар хийсэн зардлыг хасаад 86,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нар төлбөр төлөх хугацаагаа удаа дараа зөрчсөн. Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгосон боловч төлөөгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйл, 227 дугаар зүйлийн 227.5-т тус тус зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлыг нэхэмжилсэн бөгөөд үүнтэй холбоотой гарсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

7.2.Хариуцагч тал “нэхэмжлэгч тал хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхэд ирүүлсэн” гэж тайлбарласан. Орон сууц хөлслөх гэрээ нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Хариуцагч нар 11 дүгээр сарын *******-ны өдөр 50,000,000 төгрөгийг төлөхөөс өмнө бид хариуцагч нартай байгуулсан гэрээг цуцлаад орон сууцыг өөр хүмүүст түрээсэлсэн байсан. Гэтэл “Түрээсийн гэрээгээ цуцалчих, бид нар мөнгийг нь өгнө” гэсний дагуу бид гэрээг цуцалсан. Энэ нь чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Уг түрээсийн гэрээтэй холбоотой баримтыг шүүхэд хуурамчаар бүрдүүлж өгөх боломжгүй бөгөөд уг гэрээ нь жилийн өмнө байгуулагдсан.

7.3.Хариуцагч тал түрээсийн төлбөрийг 400,000 төгрөг гэж маргадаг. Гэтэл энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Бид түрээсийн төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө тодруулах эрхтэй. Хэрэв тухайн байрыг бид түрээсэлж байсан бол сард 2,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Олох ёстой орлогоо гаргуулахаар шаардсан. Гэрээг цуцлах талаар хариуцагч талд чатаар мэдэгдсэн боловч хариуцагч тал хариу өгөөгүй.

7.4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч мэтгэлцээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй, өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зүйлийг анхаарч үзээгүй” гэх агуулгаар гомдол гаргасан. Гэтэл шүүхээс энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлэх талаар удаа дараа шаардсан боловч хариуцагч тал нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

7.5.Тухайн үед орон сууц шилжүүлэхтэй холбоотой 2-3 удаа итгэмжлэл өгсөн боловч орон сууцны төлбөрийг төлөөгүй. Учир нь хариуцагч нар “танай орон сууцыг нэр дээрээ шилжүүлээд банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг өгнө” гэх тайлбар гаргадаг. Энэ нь талуудын хоорондын зурвас, чатаас харагддаг.

7.6.Иймд гэрээгээр тохиролцсон мөнгийг төлөөгүй, төлөх хугацаа олгосон боловч тогтоосон хугацаанд мөнгөө өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь анх хариуцагч *******, ******* нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчаар *******, *******, ******* нарыг тодорхойлж уг шаардлагыг гаргасан, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******, ******* нараас буцаан гаргуулах, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 24,967,741 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулах, хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч нар нь “...уг орон сууцыг 86,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, үүнээс урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөг, орон сууцны завсар, ус, дулаан болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 12,834,090 төгрөгийг тус тус төлсөн..., ...Үлдэгдэл мөнгөө төлж, гэрээгээ байгуулан нэр дээрээ шилжүүлэхээр нотариат дээр 2 удаа очиход нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс шалтгаалан гэрээгээ бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй учраас үлдэгдэл төлбөрийг төлөөгүй..., ...Хариуцагч нар гэрээний үнийн дүнгийн 80 хувийг төлсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлсэн тул Улсын дээд шүүхийн зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй..., ...Бид үлдсэн мөнгөө төлөхөд бэлэн байгаагаа олон удаа хэлж байсан. Тухайн орон сууцны түрээсийн үнэ 500,000-700,000 төгрөгийн хооронд байсан...” гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар нь худалдан авсан орон сууцны төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч ******* болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч орон сууцыг анх 95,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар санал гаргасан боловч хариуцагчийн хүсэлтээр засвар хийсэн зардлыг хасаж 86,000,000 төгрөг болгон бууруулсан байхад уг дүнгээс дахин дур мэдэн засвар хийсэн төлбөр, ашиглалтын зардлыг хасаж тооцно гэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нар нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй учир шударга эзэмшигч болохгүй...” гэх агуулгаар тайлбар гаргаж маргасан байна.

 

3.******* болон *******, ******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Нисэхэд байрлах шинээр ашиглалтад орж буй орон сууцаар солих, эсхүл бэлэн мөнгөөр төлөх нөхцөлтэйгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцож, ******* нь орон сууцыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр *******, *******, ******* нарын эзэмшил, ашиглалтад  шилжүүлж хүлээлгэн өгсөн, *******, ******* нар нь орон сууцны төлбөрт *******гийн нөхөр болох *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын *******-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдсон, үүнд талууд маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв тодорхойлсон.

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байх талаар зөв дүгнэж, хариуцагч *******, ******* нараас маргаан бүхий орон сууцыг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх боловч гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгчид учирсан хохирол болон хариуцагч *******, ******* нарын маргаан бүхий орон сууцанд засвар хийсэн зардлын хэмжээг буруу тогтоож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нарт буцаан олгох мөнгөн дүнгээс харилцан тооцсон нь үндэслэлгүй болсон, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс тус тус залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

5.Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч *******, ******* нар нь маргаан бүхий орон сууцны төлбөрт шилжүүлэх орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байсан тул нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууцны үнийг төлөх талаар удаа дараа шаардахад хариуцагч *******, ******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын *******-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг төлсөн байх ба үүнээс хойш хариуцагч нар нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, төлбөр төлөх хугацаа олгож, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээнээс татгалзаж, өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан талуудын хоорондоо харилцсан баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр тогтоогдсон байна. /1хх-ийн 223-224, 225-227, 2хх-ийн 23-28-р тал/   

Тухайлбал, талууд 2 дугаар хавтаст хэргийн 23-28 дугаар талд авагдсан 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр “2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* гэх хаягаас: Нөгөө байр яасан вэ, 100 төгрөг урьдчилж өгөхгүй ийм олон хонуулж болж байгаа юм уу..., ******* гэх хаягаас: Би бэлэн мөнгө орвол. Бэлнээрээ үгүй бол байраараа шууд гэсэн дээ..., 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* гэх хаягаас: Сайн уу найзаа ер нь дэмий юм байна. ...бид хэд байрны түлхүүрээ авъя хө..., ******* гэх хаягаас: Мөнгө хийх гээд байж байна..., 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* гэх хаягаас: ...Маргааш шийдэхгүй гэвэл наймаагаа буцаая...” гэж, 1 дүгээр хавтаст хэргийн *******5-*******7 дугаар талд авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр “72016678 утасны дугаараас 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Би 11 дүгээр сарын 05-ны өдөр гэж сүүлийн хугацаа өгсөн 05-ны өдрөөс хойш 12 сар болж байна..., ...09 дүгээр сараас хойш 3 сар худлаа ярьж ингэж явлаа..., ...эсвэл 1 дэх өдөр байраа суллаж өгөөд мөнгөө ав...” гэж тус тус харилцаж байсан нь тогтоогдож байна.

Хариуцагч тал “...мөнгөө хувааж авахаар амаар хэлцэл хийсэн, үлдэгдэл мөнгөө төлж, гэрээгээ байгуулан нэр дээрээ шилжүүлэхээр нотариат дээр 2 удаа очиход нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс шалтгаалан гэрээгээ бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй учраас үлдэгдэл төлбөрийг төлөөгүй...” гэж тайлбарлаж маргасан байгаа боловч нэгэнт талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул хариуцагч *******, ******* нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу орон сууцны үнийг бүрэн төлөх үүрэгтэй.

Талууд орон сууц худалдан авах нөхцөлийг амаар тохиролцохдоо төлбөрийг хэзээ төлөх талаар хугацаа тогтоогоогүй байгаа тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардсан хугацаанд үүрэг гүйцэтгэгч төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөрийг төлж барагдуулах талаар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 10, 14, 17-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 04, 30-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд буюу удаа дараа шаардаж, төлбөр төлөх хугацаа олгож байсан боловч уг хугацаанд хариуцагч *******, ******* нар үүргээ гүйцэтгээгүй буюу үүргийн зөрчил арилаагүй учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцсэн, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

6.Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, тодруулахдаа худалдах, худалдан авах гэрээг цуцлах гэдэг агуулгаар гаргасан байгаа боловч маргааны үйл баримт, шинж чанараас хамааран нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль агуулгаар шаардлага гаргасан, эрх зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлоогүй ч шүүх залруулж зөвтгөж, тайлбарлах замаар хуулийг хэрэглэх учиртай.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг цуцлах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн..., ...Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн 2-т заасныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй...” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авахгүй.

 

7.Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарын гаргасан үүргийн зөрчлийн улмаас 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн уг шийдлийг хэвээр үлдээнэ.

Харин гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах ба ийнхүү харилцан буцаах үүргийн хүрээнд анхан шатны шүүх талуудын өгсөн, авсан зүйлийг буцаахдаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нарт буцаан олгох мөнгөн дүнгээс харилцан тооцсон нь үндэслэлгүй болсон байгааг залруулна. Энэ нь тус тусдаа тооцогдох учиртай.

 

8.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 12 сар 15 хоногийн орон сууц хөлслөх төлбөрт 1 сарын 2,000,000 төгрөгөөр тооцож нийт 24,967,741 төгрөг шаардсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан ба уг шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас нөгөө талд хохирол учирсан байх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол шаардахын тулд хариуцагч *******, ******* нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчил, түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

Дээр дурдсанчлан, хариуцагч *******, ******* нар нь орон сууцны үнийг төлөх үүргээ зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч ******* нь уг орон сууцыг тухайн хугацаанд бусдад хөлслүүлэх байдлаар эзэмшиж, ашиглаж чадаагүй байх тул нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлж олох байсан орлогыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар шаардах эрхтэй ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч шүүх орон сууц ашигласны хөлсийг 1 сарын 2,000,000 төгрөгөөр тооцсон нь буруу болжээ.

Учир нь нэхэмжлэгч ******* нь тухайн орон сууцыг 1 сарын 2,000,000 төгрөгөөр хөлсөлж ашиг олох ёстой байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч *******гийн гуравдагч этгээдтэй байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ хэрэгт авагдсан байгаа боловч тус гэрээний дагуу нэхэмжлэгч орон сууц ашигласны хөлс хүлээж аваагүй, мөн уг хугацаанаас өмнө тухайн орон сууцыг 2,000,000 төгрөгөөр хөлсөлж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. /2хх-ийн 9-р тал/

Харин нотлох баримтын нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч талын гаргасан тухайн орон сууцыг 1 сарын 500,000-700,000 төгрөгөөр хөлсөлдөг гэх тайлбарыг үндэслэн талуудын зарчмын хүрээнд тухайн орон сууцыг хөлслөх 1 сарын хөлсийг 500,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй. Энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирол учирсан хугацааг гэрээнээс татгалзах тухай хамгийн сүүлд мэдэгдсэн үеэс эхлэн 11 сар 25 хоногоор тооцсонд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй учраас энэ хугацаагаар тооцож гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 5,916,666 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

9.Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт хариуцагч *******, ******* нарын гэрээний дагуу төлсөн орон сууцны төлбөр болон орон сууцны засварын зардал, ус, дулаан болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч нарт буцаан олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцнэ.

Анхан шатны шүүх хариуцагч талаас уг орон сууцанд засвар хийсэнтэй холбоотой гаргаж өгсөн баримтуудыг буруу үнэлсний улмаас орон сууцны засварт зарцуулсан зардлын хэмжээг зөв тогтоогоогүй байгааг залруулан хариуцагч *******гаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 20,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтыг үнэлж, шүүхийн хангаж шийдвэрлэсэн 8,326,496 төгрөг дээр 1,020,000 төгрөгийг нэмж, орон сууцанд хийсэн засварын зардалд нийтдээ 9,346,496 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч нарт олгоно.

 

10.Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нарын гаргасан маргаан бүхий орон сууцны өмчлөгч ******* болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх талаар зөв дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй орхигдуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг зөрчсөн байна. Уг зөрчлийг залруулсан өөрчлөлт оруулна.

 

11.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагын талаар зөв дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул уг шийдлийг хэвээр үлдээнэ.

 

12.Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд хариуцагч *******, *******, нараас 5,916,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосон, нэхэмжлэгч *******гаас 69,346,496 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгосон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,051,075 төгрөгт холбогдох хэсэг болон маргаан бүхий орон сууцны өмчлөгч ******* болохыг тогтоолгох тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтүүдийг оруулна.

 

13.Анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн дүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын зохицуулалтад мөн зохих өөрчлөлт орно.

 

14.Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т заасан шаардлага хангаагүй, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын дагуу бичигдээгүй байгааг анхаарах нь зүйтэй.

 

15.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 193/ШШ2025/01558 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг буцаан гаргуулж болон хариуцагч *******, ******* нараас 5,916,666 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гаас 69,346,496 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,051,075 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч ******* болохыг тогтоолгох тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн төлсөн 352,989 төгрөг, хариуцагч *******, ******* нарын төлсөн 303,730 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 109,617 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,582 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ

 

                         ШҮҮГЧИД                                  Т.ГАНДИЙМАА

 

         Ч.МӨНХЦЭЦЭГ