Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1915

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00803 дугаар шийдвэртэй, ХХХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч ХХ-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 235 880 115 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХ нь ХХХтай 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдөр барьцааны гэрээ байгуулж 00-75 УБК улсын дугаартай Тоёота тундра загварын авто машиныг барьцаалсан ба 2015 оны 5 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээл төлөх тухай мэдэгдэл, шаардлагыг удаа дараа гардуулж байсан ч төлөхгүй байсаар гэрээний хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дууссан.

Хариуцагч ХХ зээлийн хүүнээс 10 297 200 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн 200 000 000 төгрөг, хүүгийн 32 902 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 2 977 315 төгрөг, нийт 235 880 115 төгрөгийг барьцааны зүй болох үл хөдлөх болон хөдлөх  хөрөнгүүдээр хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХ нь 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ХХХтай зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Үүнээс хойш гэрээний дагуу зээлийн хүүг төлж байсан боловч бизнесийн эрсдэлд орж зээлээ төлж чадахгүй болсон. Хэрэгт авагдсан баримтаар ХХ нь зээлийн хүүнд 10 297 200 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч хүүд 32 902 800 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл ХХгийн төлсөн 10 297 200 төгрөгийг хүүгээс хасч тооцоогүй байна. Иймд дээрх нөхцөл байдал болон хариуцагчийн бизнесийн эрсдэлд орсон зэргийг харгалзан үзэж, зээлийн хүүг багасгаж өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүх:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХгаас 235 880 115 төгрөгийг гаргуулан ХХХинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ХХ шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ХХХХХХХ дүүрэг ХХХХХХХХХХХХХХ байрлах 3 га талбайтай ХХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай газар болон Тоёота Тундра маркын 00-75 УБК улсын дугаартай автомашин зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 337 351 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХгаас улсын тэмдэгтийн хураамжид 1 337 351 төгрөг гаргуулан ХХХинд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтуудыг шүүх зөрчсөн гэж үзэж байна. ХХХ-ны нэхэмжлэлтэй ХХ-д холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр гаргаагүй, Шүүгчийн захирамж гаргасан нь буруу юм.

Мөн ХХ зээлийн хүүнээс 10 297 200 төгрөг төлснийг хасаж тооцолгүй шийдвэр гаргасан. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00803 дугаар Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 235 880 115 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч зээлийн хүүд 10 297 200 төгрөг төлснийг хасч тооцуулана гэх үндэслэлээр маргажээ.

Хариуцагч ХХ 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ХХХтай №ЗГ9201/150116 тоот зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон ХХХХХХХХХХХХХХХ 3 га талбайтай, ХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаар бүхий газар, Тоёота Тундра загварын 00-75 УБК улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна.

/хх-ийн 6-10 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч ХХ дээрх гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зөрчиж, хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, зээл хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, зээлдүүлэгчээс хүргүүлсэн зээлийн үүрэг гүйцэтгэх тухай шаардлага зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлдэгчийн зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах талаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт  заасантай нийцүүлэн дүгнэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгчийн тооцооллоос үзвэл, хариуцагч ХХгаас зээлийн хүүд төлсөн 10 297 200 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасч тооцоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх төлөлтийг хүүгийн төлбөрт оруулан тооцсон дүнгээр 32 902 800 төгрөгийн хүүгийн үлдэгдэл байгааг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцааж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн зохицуулалт болон зээлийн үүрэг гүйцэтгэх тооцооллын талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00803 дугаар шийдвэрийг хэвлэхдээ техникийн шинжтэй алдаа гаргаж, зөвхөн хариуцагч талд гардуулсан шийдвэрийн хувийг шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудсаар хэвлэсэн байх боловч энэ нь уг шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 337 351 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА