Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хэргийн индекс: 114/2017/0037/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Бодь цамхаг, 6 дугаар давхар, 604 тоотод байрлах “Трожан холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

 

“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот саналыг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн №026393 дугаарт бүртгэгдсэн Шаргалт-1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                                                Б.Заантогтох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                            Д.Чагнаадорж,

Хариуцагчийн өмгөөлөгч                                                                       Б.Содболд  нар                                    оролцов.

                                                           ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Шаргалт-1 нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026393 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4468 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар буюу Аймгийн засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн учир Кадастрын хэлтэс татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг судалсны дагуу үндсэн дээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот албан бичгээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэсэн хариу хүргүүлсэн болохыг мэдсэн. Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөл өгөх саналыг эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар Анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан.

2.Аймаг, Нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум дүүргийн ИТХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн хуулийн 19.5-д “ Аймаг, Нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан хурлын санал нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан “Хариу”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. АМТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан татгалзсан хариу өгч болно гэдгийг хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухай талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно гэж тус тус заасан байхад Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд “ Газар тариалан, хадлан бэлчээр, малчдын өвөлжөө, хаваржааны газрууд хамаарагдаж байгаа тул дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн байна. Дээрх төрлийн газруудад ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй. Мөн тухайн татгалзсан шийдвэрээ ямар хуулийг үндэслэсэн нь тодорхойгүй.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулж, №026393 дугаарт бүртгэгдсэн Шаргалт-1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот албан бичгээр Хонгор сумын нутаг Шаргалт-1 гэх газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн 508.3 га газар нь газар тариалангийн талбай, малчдын өвөлжөө, хаваржааны газартай давхцаж байсныг Ашигт малтмалын газарт уламжилсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалттай нийцэж байна.

Засаг даргын 1-1852 дугаартай саналыг хүчингүй болгох гэсэн байна. Захиргааны актыг хяналтад авч шийддэг. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан байх ёстой, эцсийн үр дагавар үүсгэхгүй байгаа юм. Ашигт малтмал Газрын тосны газар нь тусгай зөвшөөрөл олгох бол мэдэгдээд, Засаг даргаас үйл ажиллагаа явуулаад татгалзсан санал өгөх эрхтэй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд төрийн захиргааны байгууллага ямар эрх үүрэг эдлэх талаар зааж өгсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авч бүртгэх шийдвэрлэх эрхийг Ашигт малтмал Газрын тосны газарт олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт зааснаар Засаг даргын саналыг хэрхэн хариу хүргүүлэх талаар тодорхой заасан байна, 19 7-т зааснаар өргөдөл гаргасан этгээд 1 сарын дотор зөвшөөрөл аваагүй бол бүртгэлээс хасна, 19 6-т зааснаар дэмжсэн хариу өгсөн бол тусгай зөвшөөрөл олгох эрхийг өгнө гэж заасан байна. Дэмжсэн санал гаргавал шууд бичиж өгөх талаар зааж өгсөн байна. Татгалзсан санал өгвөл яаж шийдвэрлэх талаар Ашигт малтмалын тухай хуульд зааж өгөөгүй байгаа тул Ашигт малтмал Газрын тосны газрын эрх хэмжээний асуудал байна гэж үзэж болохоор байна. Иймд шийдвэр гаргах этгээд Ашигт малтмал Газрын тосны газар юм. Иймд Засаг даргын санал нь захиргааны акт биш юм. Шууд үр дагавар үүсгэдэг акт биш гэж үзэж байна.

Дэмжсэн санал гаргахыг даалгах санал гаргах, эс үйлдэхүй байгаа тохиолдолд даалгах нэхэмжлэл гаргадаг, засаг дарга нь эрх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргаагүй байна. Эдгээр газар дээр юу байгаа талаар хуулийн зохицуулах талаар даалгах шийдвэр гаргах боломжгүй тул үндэслэлгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  Үүнд: 1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот саналыг хүчингүй болгуулахыг хүссэн” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч “Трожан холдинг” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Шаргалт-1 нэртэй газарт 508.3 га талбайд  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026393 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших Дархан-Уул аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “ Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/7659 албан бичиг хүргүүлсний хариуд хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1-1852 тоот саналыг хүргүүлсэн байх бөгөөд уг санал нь хуулинд нийцээгүй байна.

 

     Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1“Аймаг,нийслэл,сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.12” ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын  саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж заасан байхад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  6/7659 дугаартай албан бичгийг Хонгор сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлж, тэдний саналыг аваагүй,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “ Аймаг, нийслэлийн Засаг дарга... дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.13-д” харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д” Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэх хуулийн заалтуудыг зөрчиж   “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/7659 албан бичигт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоотоор дэмжихгүй гэх санал өгөхдөө Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй, өөрөө бие даан санал өгсөн, татгалзсан үндэслэлээ гаргахдаа хуулийн зүйл, заалтыг тодорхой дурдаагүй дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн  болох нь хэрэгт авагдсан Хонгор сумын Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 11,18-ны өдрийн 1/951, 1/960 тоот албан бичиг, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017оны 9 дүгээр сарын 6, 8-ны өдрийн 71, 72 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 211, 9 дүгээр сарын 28-ны өдрийн 235 дугаар албан бичиг хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байгаа болно.

Мөн Ашигт малтмалын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Аймаг...-ийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2,19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийг захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзэхэд Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот санал нь   захирах шинжийг агуулсан, гадагшаа чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, захиргааны байгууллагын албан тушаалтан бичгээр гаргасан, эрх зүйн үр дагавар бий болгосон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт мөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн  Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот санал захиргааны акт биш гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Засаг даргын “Трожан холдинг” ХХК-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Шаргалт-1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан   1-1852 тоот санал нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн е-д ”нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх” Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “ Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэх хуулийн заалттай нийцээгүй байх тул “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот саналыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 2. Нэхэмжлэлийн “Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн бүртгэлийн №026393 дугаарт бүртгэсэн, Шаргалт-1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” шаардлагын тухайд:

    Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ”Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсноос үзэхэд Ашигт малтмалын газрын  2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “ Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/7659 албан бичгийн хариуд  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоотоор “Трожан холдинг” ХХК-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Шаргалт-1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал хүргүүлсэнг эс үйлдэхүй гэж үзэхгүй тул “Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн бүртгэлийн №026393 дугаарт бүртгэсэн, Шаргалт-1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “е”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Трожан холдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1852 тоот саналыг хүчингүй болгож, Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн №026393 дугаарт бүргэгдсэн Шаргалт-1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д заасныг  баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Трожан холдинг” ХХК-д  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч,хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНЧИМЭГ