Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 451

 

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0451

Улаанбаатар хот

 

                          

 

 

                                            “Д.О.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Хонгор сумын 11 дүгээр сургуулийн захирал М.П, түүний өмгөөлөгч Ө.Г нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Д.О.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.У аймгийн З.Д, Хонгор сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д.О.Б” ХХК-иас Д.У аймгийн З.Д, Хонгор сумын 11 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан ““Д.О.Б” ХХК, Д.У аймгийн З.Д нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, “Д.О.Б” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.А-гийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас “Д.О.Б” ХХК-д учирсан хохирол 39,240,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... “Д.О.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.У аймгийн З.Д, Хонгор сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч Б.С миний бие тус хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүйн улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Учир нь Дулаанаар хангах гэрээг Хонгор сумын Засаг дарга баталгаажуулахад эрх, шаардлага огт байхгүй бөгөөд Хонгор сумын Засаг дарга хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх байдлаар нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгчээс хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангаагүй бөгөөд нотлох баримт байхгүй гэдэг үндэслэлээр хохиролтой холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч, давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Д.О.Б” ХХК-иас Д.У аймгийн З.Д, Хонгор сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд тус тус холбогдуулан “ “Д.О.Б” ХХК, Д.У аймгийн З.Д нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, “Д.О.Б” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.А-гийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас “Д.О.Б” ХХК-д учирсан хохирол 39,240,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2.3-д “Дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 53 дугаар зүйлийн 53.1-д “Захиргааны гэрээг бичгээр байгуулна”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна”, 55.1.4-д “Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан” гэж тус тус заажээ.

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт байрлах сумын 11 дүгээр сургуулийг дулаанаар хангах зорилгоор нэг талаас “Д.О.Б” ХХК, уг байгууллагыг төлөөлж захирал Т.С /хангагч тал/, нөгөө талаас сумын 11 сургуулийн захирал М.П, Хонгор сумын Засаг дарга /хэрэглэгч тал/ нар нь “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-г 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, гэрээнд талууд бүгд оролцож, гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд уг гэрээний хувьд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-д заасан захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна”, 14.1.17-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.4/д/-д “Нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, худалдаа, ахуйн үйлчилгээ, хот тосгоны орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар Хонгор сумын Засаг дарга нь тухайн сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийг хуваарилан зарцуулах, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж, сургуулийг дулаанаар хангах гэрээний 1 тал болон оролцож байгааг эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-нээс үзэхэд гэрээгээр эрх зүйн үр дагавар үүссэн буюу талууд уг гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний хугацаа дуусгавар болсныг талууд үгүйсгэж маргаагүй.

 Захиргааны гэрээ илт хууль бус болох нөхцөлд гэрээ нь байгуулагдсан цагаасаа үйлчлэлгүй байх, гэрээний улмаас ямар нэг үр дагавар үүсээгүй байх, хариуцагчийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх зэрэг зөрчлүүд үүссэн байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Дулаанаар хангах гэрээг Хонгор сумын Засаг дарга баталгаажуулахад эрх, шаардлага огт байхгүй бөгөөд Хонгор сумын Засаг дарга хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх байдлаар нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

“Нэхэмжлэгчээс хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангаагүй бөгөөд нотлох баримт байхгүй гэдэг үндэслэлээр хохиролтой холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлын тухайд.

Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагчийг томьёолох хуулийн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлын мөнгөн дүнг тогтоохын тулд шүүхийн зүгээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжгүй.

Өөрөөр хэлбэл тус хэргийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зайлшгүй нөхцөл байдал бий болоогүй бөгөөд нэхэмжлэгчээс үнэхээр бодит байдалд хохирсон талаарх нэхэмжилж буй хохирлын үнийн дүнгээ нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй тул мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

 Мөн нэхэмжлэгч нь гагцхүү захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд түүний тодорхойлсноор Хонгор сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, түүнчлэн тус сургуулийн захирал М.П нь  Хонгор сумын Засаг даргыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан байх тул уг гэрээний улмаас нэхэмжилж буй хохирлыг нөхөн барагдуулах үүрэг хүлээхгүй, түүнд тийм эрх хэмжээ ч хуулиар олгогдоогүй байна.

Дээрхээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

                 ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

 

                 ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН