| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0040/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 42
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгч Б.Б,
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор , хууль цаазын итгэмжит зөвлөх Ч.Алтансүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1924000610036 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Улсын иргэн, төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт багт оршин суудаг, урьд нь Х овогт Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг “Бургастын Баянжалга” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 7.908 метр куб модыг бэлтгэж, ойн санд 555,141 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дээрх модыг өөрийн эзэмшлийн 37-60 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг “Бургастын Баянжалга” гэх газраас Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг “Бургастын Баянжалга” гэх газрын ойгоос хэрэглээний 4 метрийн урттай 40 ширхэг модыг бэлтгэж, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр уг модыг “KIA CERES” маркийн 37-60 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн болох нь:
Гэрч Э.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Бтэй хамт 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг “Бургаст” гэх газрын ойгоос 4 метрийн урттай хэрэглээний 40 ширхэг хуурай шинэс моднуудыг бэлтгэсэн. Б.Б ах 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр надтай уулзаад би өөртөө энэ жил нэг байшин барих санаатай тэгээд Бургастаас гоожинтой хэрэглээний хэдэн ширхэг мод хийх гэсэн юм. Чи надтай хамт хийгээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд дээрх моднуудыг Б.Б ахтай хамт хийлцсэн. Б ах бид хоёр модоо хийж дуусгаад 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сумын төв рүү Б ахын өөрийн эзэмшлийн хөх өнгийн “Серес” маркийн 37-60 ЗАА гэсэн улсын дугаартай авто машинаар тээвэрлэж модны захад оруулж хураасан. Би дээрх 40 ширхэг модыг хууль бус гэдгийг мэдээгүй. Б ах надад гоожинтой мод хийх гэж байгаа гэж хэлээд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр авсан 10 метр куб хэрэглээний модны гоожинг үзүүлж байсан. Би Б ахыг гоожинтой мод хийх гэж байгаа юм байна гэж бодоод 40 ширхэг модыг хийлцсэн юм. Б ах бид хоёрын ойгоос бэлтгэсэн дээрх 4 метрийн 40 ширхэг модонд ямар нэгэн гоожин зөвшөөрөл байхгүй байсныг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.Б ахаас мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 22/,
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Дашренчин 2019 оны 07 дугаар сарын 24-ний өглөө “Эрдэнийн хясаа” ХХК-ийн хөрөө рамны хашаанд байгаа 4 метрийн хэрэглээний моднуудад хэмжилт хиймээр байна. Тухайн моднуудыг Үржил багийн нутаг “Бургастын Баянжалга” гэх газраас хийсэн байна гэсэн. Тэгээд бид үржил багийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагч ******* хамт тухайн моднуудыг хэмжиж саалсан. Д.А бид хоёрыг хэмжиж саалсан 4 метрийн урттай хэрэглээний моднуудыг Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн иргэн Б.Б гэх залуу Үржил багийн нутаг “Бургастын Баянжалга” гэх газрын ойгоос хийж бэлгэсэн байсан. Тухайн үед ойгоос хийж бэлтгэсэн моднуудад хэмжилт хийх үед Б.Б өөрөө байсан...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2019 оны 07 дугаар сарын 24-ний өглөө надад “Эрдэнийн хясаа” ХХК-ний хөрөө рамны хашаанд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг болох “Бургастын Баянжалга” гэх газраас хийж бэлтгэсэн 4 метрийн урттай хэрэглээний моднуудад хэмжилт хийх шаардлагатай байна гэхээр нь байгаль хамгаалагч ******* хамт “Эрдэнийн хясаа” ХХК-ний хөрөө рамны хашаанд буулгасан 4 метрийн урттай моднуудыг хэмжиж саалсан. Уг моднуудыг иргэн Б.Б нь Завхан аймгийн Үржил багийн нутаг “Бургастын Баянжалга” гэх газрын ойгоос хийж бэлтгэсэн гэж өөрөө хэлсэн юм. Моднуудад хэмжилт хийх үед модны эзэн Б.Б өөрөө хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хх 18-19/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11/ бэлтгэсэн хэрэглээний модны зураг /хх 27/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь “Бургастын Баянжалга” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй 7.908 метр куб модыг бэлтгэж, ойн санд 555,141 төгрөгийг хохирол учруулсан болох нь:
Хохирогч иргэний нэхэмжлэгч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Б.Б зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Б.Бийн ойн санд учруулсан хохирол болох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээний нөхөн төлбөрийг нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг /хх 13-14/,
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б 4 метрийн урттай хэрэглээний 10 метр куб модны гоожинг байгаль хамгаалагч ******* 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бичүүлж авсан байдаг боловч тухайн эрхийн бичигт “Цагаан сайр” гэх газраас хэрэглээний 4 метрийн мод хийхээр заасан байдаг. Б.Б нь “Бургастын Баянжалга” гэх газраас хэрэглээний модны гоожингийн эрхийн бичиг аваагүй байсан. Б.Бийн “Бургастын Баянжалга” гэх газрын ойгоос хийж бэлтгэсэн 4 метрийн урттай моднуудыг хэмжиж саалахад 8.125 куб метр болж байсан. “Бургастын Баянжалга” гэх газар нь ойн хоёрдугаар мужлалд буюу сумын ногоон бүсэд хамаардаг. Сумын ногоон бүсээс галын түлээ болон хэрэглээний мод бэлтгэх хориотой байдаг...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгаль хамгаалагч С.О хамт “Эрдэнийн хясаа” ХХК-ний хөрөө рамны хашаанд буулгасан 4 метрийн урттай моднуудыг хэмжиж саалахад 8.125 куб болсон. Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Үржил багийн нутаг Цагаан сайр гэх газраас 4 метрийн урттай хэрэглээний мод хийнэ гээд надаар хэрэглээний 10 метр куб модны 062655 дугаартай эрхийн бичиг гоожинг бичүүлж авсан. Харин Завхан аймгийн Үржил багийн нутаг “Бургастын Баячнжалга” гэх газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг гоожинг Б.Б надаар бичүүлж аваагүй...” гэсэн мэдүүлэг болон модонд хэмжилт хийсэн тэмдэглэл, модны хэмжээсний жагсаалт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “...Иргэн Б.Бийн хийсэн мод шинэс буюу хар мод байна. Уг мод нь 4 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий мод байна. Уг мод 7.908 м куб хэрэглээний хуурай мод байна. Ойн сангийн 2-р мужид хамаарна. Уг мужийн 1м куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 39,000 төгрөг болж байна. БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1м куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 39,000 төгрөг итгэлцүүр болох 1,8-аар үржин 70,200 төгрөг нийт 7,908 м3-ийг үржин модны экологи эдийн засгийн үнэлгээ 555,141 төгрөг болж байна. Уг модны 8 ширхэг нь хуучин хөрөөдсөн хэсэг нь гандаж хөхөрсөн, бэлтгээд удсан. Харин 32 ширхэг нь шинээр бэлтгэж тээвэрлэсэн нь хөрөөний зүсвэрээс харагдаж байна...” гэсэн дүгнэлт,
Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт, Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 07-04-326-01 дугаартай “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн мэргэжилтэн Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн иргэн Б.Б нь Үржил багийн нутаг “Бургастын Баянжалга” гэдэг газраас зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр бэлтгэсэн гэх шинэс 7,903м куб хэрэглээний хуурай модонд тогтоосон 555,141 төгрөгийг экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн тогтоох нь: О.О 555,141 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ тавьсныг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг үндэслэн 1,665,423 төгрөгийн нөхөн төлбөр тавив. Б.Буяндэлгэр нь нөхөн төлбөр 1,665,423 төгрөгийг ХААН банк дахь төрийн сангийн 100090855402 тоот дансанд тушааж, БОХ-ын улсын байцаагч /Б.Дашренчин/-д тасалбарын 2 хувийг авчирж өгөхийг мэдэгдье...” гэсэн нөхөн төлбөр тавих тухай акт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Үржил багийн нутаг “Бургастын Баянжалга” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 40 ширхэг хэрэглээний бөөрөнхий модыг хийж бэлтгэн Завхан аймгийн Их-Уул сум руу өөрийн эзэмшлийн “Серес” маркийн 37-60 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг “Бургастын Баянжалга” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 40 ширхэг, 4 метрийн урттай хэрэглээний модыг бэлтгэж, уг модыг “KIA CERES” маркийн 37-60 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна гэж үзэв.
Прокуророос шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай хэрэглээний мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, зэвсэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг улсын орлого болгох прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “KIA CERES” маркийн 37-60 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр Бямбагийн Энхтайван гэж тэмдэглэсэн байх боловч Б.Бийн өмчлөлийнх болох нь: гэрч Б.Энхтайвангийн “...Би 2018 оны 06 дугаар сард өөрийн эзэмшлийн Серес маркийн 37-60 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз Б.Бт 2 сая төгрөгөөр худалдсан. Одоо 500,000 төгрөгийг өгөх ёстой...” гэсэн, шүүгдэгч Б.Бийн “...2018 оны 06 дугаар сард найз *******37-60 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 сая төгрөгөөр худалдаж авсан. 1,500,000 төгрөгийг өгсөн. 500,000 төгрөгийг өгч чадаагүй...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай хэрэглээний 40 ширхэг модыг улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь 1,665,423 төгрөг төлсөн болох нь ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх 82/
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн цахилгаан хөрөө, “KIA CERES” маркийн 37-60 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 метрийн урттай хэрэглээний 40 ширхэг модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Бийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөө, “KIA CERES” маркийн 37-60 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 40 ширхэг 7.908 метр куб хэрэглээний модыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ