Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00378

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/18166 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 229.44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулахаар зохион байгуулсан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02978 дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас 379,113,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож,  хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 229.44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг*******т даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 11-15-р тал/

 

3.2.Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24280069 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 24280069/7 дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 229.44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24280069/10 дугаар тогтоолоор уг орон сууцыг хураан авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу явуулсан, энэ ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх-ийн 10-18-р тал/

 

3.3.Улмаар******* нь шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар талуудаас үнийн санал авах, үнэлгээ хийлгэх ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгийг 918,562,766 төгрөгөөр үнэлж, уг үнийн 70 хувь буюу 642,993,936 төгрөгөөр худалдан борлуулах доод үнийг тогтоон 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч санал ирээгүй байх ба төлбөр төлөгч ******* нь барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, тухайн үнэлгээг үндэслэн явуулж буй анхны албадан дуудлага худалдаа нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 229.44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 19-23-р тал/

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/02839 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******гийн гаргасан үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00944 дугаар магадлалаар хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 26-34-р тал/

 

3.4.Ийнхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул******* нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 11/20 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолоор барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэ болох 918,562,766 төгрөгийн 50 хувь буюу 459,281,383 төгрөгөөр худалдан борлуулах доод үнийг тогтоон, энэ талаар төлбөр төлөгч *******д 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр утсаар мэдэгдэж, мөн өдрийн 04-225/23289 тоот мэдэгдэх хуудсыг 10 дугаар сарын 08-ны өдөр гардуулж, улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар тухайн орон сууцыг 471,281,383 төгрөгөөр худалдсан байна.  /хх-ийн 35-36, 109-112, 122-126, 130, 133-р тал/

 

4.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3-т тус тус зааснаар анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулахаар зохицуулсан.

 

Төлбөр төлөгч *******д 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр утсаар, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мэдэгдэх хуудаст ******* гарын үсэг зуржээ.

 

Дээрхээс үзвэл хариуцагч******* нь төлбөр төлөгч *******д хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар боломжит хугацаанд мэдэгдсэн байхаас гадна Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00944 дугаар магадлал гарснаар төлбөр төлөгч хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд төлбөр төлөгч, өмчлөгч *******гийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан албадан дуудлага худалдаанд оролцох эрх зөрчигдөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан буюу төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь  зөв болжээ.

 

Тодруулбал, хариуцагч******* нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа

шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдоос үнийн санал авч, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар тогтоож, оролцогчдод хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулагдах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, зохион байгуулсан байна.

 

Ийнхүү хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасантай нийцсэн байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

5.Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1.Төлбөр авагч “******* ББСБ” ХХК нь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэх агуулгатай хүсэлтийг 2025 оны  09 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 154-155-р тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх баримтыг “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт байгаагүй, хувийн хэрэгт авагдаагүй баримтыг шүүх үнэлсэн...” гэх агуулгаар гомдол гаргасан байх боловч хувийн хэрэгт уг хүсэлт байгаагүй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй учраас энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5.2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/11314 дугаар захирамжаар *******гийн нэхэмжлэлтэй,*******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгээр түдгэлзүүлжээ. /хх-ийн 88-90-р тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...түдгэлзүүлсэн байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 30 дугаар зүйлийн 30.1-д тус тус заасны дагуу сэргээлгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан...” гэх агуулгаар гомдол гаргасан.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн дээрх шүүгчийн захирамж нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан үеэс буюу 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс үйлчлэл нь дуусгавар болж байгаа учраас шүүгчийн захирамжаар сэргээхгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

5.3.Давж заалдах гомдолд “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөх эрхгүй, итгэмжлэл аваагүй байх үедээ нэхэмжлэлийг гардаж авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил” гэж дурдсан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн 1 хувийг гардаж авсан, үүнээс хойш 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч байгууллагаас итгэмжлэл авч,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

Хэдийгээр 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгогдоогүй байсан боловч 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр итгэмжлэл олгогдсоноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил арилсан буюу засагдсан байна.

 

Ийнхүү засагдсан байгаа нөхцөлд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд хожим уг зөрчлийг арилгасан байгаа учраас энэ талаар гаргасан гомдлыг мөн хүлээж авахгүй.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг баримталсан байгаа учраас хууль хэрэглээг зөвтгөж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/18166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63, 66 дугаар зүйлийн 66.2, 68 дугаар зүйлийн 68.2-т заасныг тус тус” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                     Т.БАДРАХ

 

                                                                                                  Ч.МӨНХЦЭЦЭГ