Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 45

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Ч.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч А.А,

Нарийн бичгийн дарга Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт А-гийн А-д холбогдох эрүүгийн 1924000830039 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19*******,*******,*******,*******, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, И овогт А-гийн А нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Агьтын ам нэртэй газарт зохих зөвшөөрөлгүйгээр 6.35 метр куб мод бэлтгэж ойн санд 247,650 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Агьтын ам нэртэй газраас Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Агьтын ам нэртэй газарт зохих зөвшөөрөлгүйгээр 6.35 метр куб мод бэлтгэж ойн санд 247,650 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Агьтын ам нэртэй газраас Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Л.Б-ын: “...Би энэ хэрэгт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойн санд учруулсан хохирлыг нэхэмжилж хохирогчоор оролцож байгаа учир А.А гэгчийг ойн санд учруулсан нийт хохирлыг нэхэмжилж байнна. А.Агийн ойн санд учруулсан хохирлыг барагдуулсан тохиолдолд энэ хэрэгтэй холбоотой гаргах ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Б.С: “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр оройн 20 цаг өнгөрч байхад гэртээ очтол цагдаагийн байгууллагын ажилчид машинтайгаа ирсэн зогсож байсан. Э.Батцэнгэл гэдэг хүнтэй өмнө нь ярилцаад галын түлээний мод худалдаж авна гэж ярилцсан байсан. Хугацааг нь нарийн яриагүй байсан. Гэтэл гэрт очтол хашаанд өөрийн эзэмшлийн 72-85 ЗАА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээрээ галын мод ачаад хашаанд ороод зогссон байсан. Тэгээд уг машиныг мөн 73-67 ЗАА улсын дугаартай Маяти маркийн галын түлээ ачсан машинтай хамт авч яваад цагдаагийн байгууллага дээр ирж саатуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-р хуудас/,

           

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Д-ийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай: “Иргэн А.Агийн бэлтгэсэн мод бэлтгэсэн гэх Тосонцэнгэл сумын Рашаант багийн Агьтын ам гэх газар ойн сангийн 2-р мжужид хамаарна. Бэлтгэсэн мод нь хуурай түлээний шинэс /хар/ мод байна. БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эпийн засгийн үнэлгээ нь түдээний модонд 39,000 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 39,000 төгрөг, бэлтгэсэн 6,35 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 247,650 төгрөг байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,

Цагдаагийн ахлах ахлагч А.Хажидын 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 412 дугаартай Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн ахлах ахлагч Х.Ганчулууны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн илтгэх хуудас, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах прокурорын тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хөрөнгийн үнэлгээчдийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай: “Моторт хөрөө /хуучин/ 1 ширхэгийг 50,000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн хөрөнгө үнэлгээний үнэлгээчийн дүгнэлт,

Завхан аймгийн “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ий 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай: Хуучин, Майти маркийн 73-67 ЗАА  улсын дугаартай цагаангийн өнгийн ачааны автомашин нь 2,500,000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн дүгнэлт,  73-67 ЗАА улсын дугаартай Hyundai Mighty маркийн тээврийн хэрэгслийн 00915832 дугаартай гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Бямбарагчаагийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Нөхөн төлбөр ноогдуулах тухай” акт зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч А.Агийн дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас ойн санд 247,650 төгрөгийн хохирол учирсан, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Бямбарагчаагийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Нөхөн төлбөр ноогдуулах тухай” актаар оногдуулсан 742,950 төгрөгийг буюу ойн санд учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь: 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Амарсанаагийн 3499002631010002 тоот данснаас Төрийн сангийн 100090455401 тоот дансанд 742,950 төгрөгийн гүйлгээ хийсэн тухай бичилт бүхий Төрийн банкний мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна.

Мөн яллагдагч А.Агийн: “...Агьтын аманд зусаж байсан хадам ээж Сумъяажавынд ирж хоночихоод маргааш өдөр нь буюу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр сумын төв рүү хоосон машинтай орж байхаар галын мод бэлдээд оръё гэсэн бодолтой өөрийнхөө хувийн тээврийн хэрэгсэлээ жолоодон Агьтын амны голын гарамаар гарч Хадат гэх нэртэй газрын ой буюу хуучин хөрөө рамнуудын мод бэлтгэж байсан газрын ойгоос галын түлээгээ ганцаараа бэлтгэсэн. Тэгээд бэлтгэсэн галын түлээгээ машиндаа ганцаараа ачаад хадам ээжийнхрүү уулын амаа уруудаад явж байтал Агьтын голын гарамаар гарах гэж байгаад машины хөргөлтийн хуванцар сэнсээ эвдэлсэн. Тэгээд машинаа орхиод явсан. ...Тэгээд хоёулаа цуварч явсаар сумын төв рүү орж, өөрийнхөө гудамж руу орох гэж явтал бидний араас цагдаагийн фургон маркийн автомашин ирж зогсоогоод машинаас нэг цагдаа гарч ирээд бичиг баримт шалгасан. Тэгээд мод шалгах үед модны гоожин байхгүй гээд намайг болон манай хадам дүү Батцэнгэл бид хоёрыг машинтай нь журмын хашаанд түр саатуулсан..” / ХХ-ийн 57-58-р хуудас/ гэсэн  гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.   

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.

Өөрөөр хэлбэл 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Агьтын ам гэдэг газар зохих зөвшөөрөлгүйгээр 6.35 м3 шинэс мод бэлтгэсэн, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Агьтын ам нэртэй газраас Тосонцэнгэл сумын төв рүү шинэс мод зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн үйлдлүүд нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч А.Ад холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн , шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, зэвсэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг улсын орлого болгох прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч А.Агийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6.35 метр куб шинэс /хар/ модыг улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар улаан алаг өнгийн цахилгаан хөрөө, “Hyundai Mighty” маркийн 73-67 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 6,35 метр куб шинэс /хар/ модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. И овогт А-ийн А-г  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Агийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн хар улаан алаг өнгийн цахилгаан хөрөө, Hyundai Mighty маркийн 73-67 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 6.35 метр куб шинэс /хар/ модыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/20 дугаар тогтоол, шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь гэрч хохирогчийг хамгаалах байрны төлбөрийг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хананы шаварыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ