| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/25010/И |
| Дугаар | 210/МА2026/00435 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00435
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 197/ШШ2026/00808 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 49,611,584 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 49,611,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн томилсон тушаалыг гардаж аваад ажилдаа эргэж орохгүй тухай мэдэгдэж, ажил үүргээ өөрийн хүсэлтээр гүйцэтгээгүй, мөн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан тул олговор олгох үндэслэлгүй... гэж эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.******* нь 2022 оны 09 дүгээр сараас эхлэн ******* ХХК-д ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж, улмаар тус компанийн ерөнхий захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба ажилтан ******* нь уг тушаалыг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/02998 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 7-11-р тал/
Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01543 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21,215,582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 12-15-р тал/
3.2.Дээрх хүчин төгөлдөр шүүхийн магадлалыг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй тул 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24251067 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /хх-ийн 16, 17, 18-р тал/
3.3.******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр *******ыг мөн өдрөөс эхлэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилсон бөгөөд ******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 21,689,609 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн, мөн *******ын 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 06 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэснийг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болгосон. /хх-ийн 19, 20, 55-56, 57-р тал/
3.4.******* нь ажилд эгүүлэн томилсон ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцсан.
3.5.Улмаар ******* нь Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өргөдөл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол тус тус гаргасан байх ба Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 87 тоот албан бичгээр өргөдлийн хариу, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01-3/1191 тоот албан бичгээр гомдлын хариуг тус тус өгсөн. /хх-ийн 76-77, 78-р тал/
3.6.Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 24,805,792 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/23496 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.6, 65.1.11-д тус тус заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. /хх-ийн 85-88-р тал/
Улмаар нэхэмжлэгч ******* нь ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* ХХК нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргаж өгсөн боловч ажилд эгүүлэн томилох үүргээ биелүүлэхгүй байсаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр очиж уулзахдаа тус компанийн ажилд эгүүлэн томилсон шийдвэр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарсан төдийгүй тухайн өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байсныг олж мэдсэн. Улмаар ажил үүргээ гүйцэтгэхээр ажилдаа ирсэн боловч ажлын байр бэлдэж өгөөгүй, ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч бодит байдал дээр ажиллах боломжоор хангаагүй, ажил олгогч хэлбэрийн төдий тушаал гаргасан, шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн, энэ талаар удирдлагуудад удаа дараа хандсан боловч огт хариу өгөөгүй учраас Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өргөдөл, гомдол гаргасан... гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 49,611,584 төгрөг гаргуулахаар 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 197/ШЗ2025/51983 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
4.Нэхэмжлэгч *******ыг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилсон тус компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар шийдвэр хэрэгт авагдсан ба уг шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул ******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах эрх бүхий байгууллагад хандах эрх нь нээгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс 90 хоногийн дотор маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хариуцагч байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хэрэв хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тохиолдолд сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах бөгөөд тухайн байгууллагаас гаргасан шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өргөдөл, гомдол тус тус гаргасан талаарх баримтууд авагдсан ба эдгээр байгууллагууд нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах эрх бүхий байгууллагууд биш учраас хуульд заасан журмын дагуу, хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хандсан гэж үзэхгүй.
5.Мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/805 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаар өмнө дурдсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талын хувьд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийн талаар мэдсэн байх боломжтой боловч анхан шатны шүүх уг шийдвэрийг нэхэмжлэгч гардаж авсан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацааг тоолон, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх 90 хоногийн хугацааг хэтрүүлэн шүүхэд хандсан талаар дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх 90 хоногийн хугацааг тоолоход 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба нэхэмжлэгч анх 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 24,805,792 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзнэ.
6.Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажил үүргээ гүйцэтгэхээр ажилдаа ирсэн боловч ажлын байр бэлдэж өгөөгүй, ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч бодит байдал дээр ажиллах боломжоор хангаагүй, ажил олгогч хэлбэрийн төдий тушаал гаргасан, шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн... гэж тайлбарлаж байгаа боловч 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажилдаа орж ажиллах, гаргасан тушаалаа биелүүлэх талаар хариуцагч ******* ХХК-д хандаж шаардлага тавьсан, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өргөдөл, гомдол гаргасныг ажилд орох идэвхтэй үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Учир нь эдгээр байгууллага нь ажил олгогч байгууллага биш, хөндлөнгийн байгууллагууд учир нэхэмжлэгчийн эдгээр байгууллагад хандсан баримт нь ажил үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа харилцаж, үр дүнд хүрээгүй тул эрх бүхий байгууллагад хандсан нөхцөл байдлыг гэрчилнэ гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.
7.Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8.Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг залруулан, тус маргааныг шийдвэрлэхэд хамаарах хуулийн зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 197/ШШ2026/00808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...154 дугаар зүйлийн 154.2.2... гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Ч.МӨНХЦЭЦЭГ