| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0278/И |
| Дугаар | 291 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 291
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Л.Цэцэгдарийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Өнөрбаярт холбогдох 238,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Цэцэгдарь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 09 дүгээр сарын 25, 26-нд Замын үүд суманд төрсөн ах Алтанширээ сумын Зараа багийн малчин Л.Чинбаттай хонь, ямаа худалдан борлуулсан юм. Зарж байсан малаас 10 жилийн нэг ангийн Ц.Өнөрбаяр нь эр хонь1, эр ямаа 1-ийг авахаар болоод дэлгүүр дээр очиж жигнээд /хонь35,7*4500=160650, ямаа-19,5*4000=78000 нийт-238650/ мөнгийг нь өгье гэж хэлээд авч явсан. Очоод яг одоо урагшаа шууд аваад гарлаа орой урдаас орж ирээд өгье гэж хэлээд явсан. Тэр үед эгч Баярмаа нь махыг цуг авалцаад хамт авч гарсан. Тэгээд Өнөрбаяр утсаар яриад маргааш хойноос чинь найдвартай шилжүүлье ээжид дансаа үлдээчих гэхээр нь ээжтэй нь очиж уулзаад “танай хүү надаас хонь ямаа авсан үнэ нь 238650 боллоо танд хэлээд дансаа үлдээчих маргааш шилжүүлье гэлээ найдвартай шилжүүлнэ биздээ гэхэд ээж нь өө найдвартай эгчдээ дансаа үлдээчих гээд авч үлдсэн. Тэгээд шилжүүлэхгүй болохоор нь Өнөрбаяртай ярьж асуухад “одоо хийлээ”, маргааш хийнэ”, “эхнэрийн цалин буухаар хийлээ” гэж байнга худлаа хэлдэг, сүүлдээ дугаараа солиод ямар ч холбоо барьж чадахаа байсан. Энэ хугацаанд маш олон удаа утсаар урьж, 1 удаа уулзсан. Эхнэр мөн эхэндээ өгнө гэж ярьдаг байснаа сүүлдээ надад хамаагүй тэр Өнөрбаяраасаа ав гэдэг болсон. Ер нь гэр бүлээрээ хүний юмыг ингэж худлаа ярьж, залилж аваад сурчихсан хүмүүс гэдгийг нь таньдаг мэддэг хүмүүсээс нь сүүлд сонссон. Би орон сууцны зээлийн урьдчилгаа өгөх гэж 70 гарсан настай аав ээжийнхээ маллаж байгаа малаас зарж борлуулж байгаа учир энэ хүмүүсийнхээ хөдөлмөрийг бодсон ч иймэрхүү гэр бүлээрээ хүн залилж, хуурч буруу аргаар мөнгө олдог хүмүүсийг үзэн яддаг. Ойлголцоод хэлсэнээрээ өгчих байх гэж харсан боловч 1 жилийн хугацаа боллоо. Сүүлийн 5 сар огт холбоо барьж чадсангүй ээ. Иймд хуулийн байгууллагаар шийдүүлж хонь ямаа борлуулсаны үнэ 238650 төгрөгийг Ц.Өнөрбаяраас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 44-11 тоотод оршин суух Эргэл овогт Лувсангийн Цэцэгдарь РД: ЕБ76052041 шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Ц.Өнөрбаяр нь гомдлыг барагдуулах талаар тайлбар гаргажээ. Ц.Өнөрбаяр нь 2016 оны 11 сарын 01-нд 100,000 төгрөг төлөөд 11 сарын 15-нд үлдэх 138,650 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6-р хэсэг, 89-1 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэнжамцын Өнөрбаяр /РД:ЕС76030415/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь иргэн Цэцэгдариас 238,650 төгрөг зээлж аваад өгөөгүй нь үнэн. Цэцэгдариас авсан мөнгөө 2 хувааж төлж барагдуулна. 2016 оны 11 сарын 01-нд 100,000 төгрөг төлөөд 11 сарын 15-нд үлдэх 138,650 төгрөгийг нь бэлнээр дансруу нь шилжүүлж төлж дуусгана. Миний бие хөдөө хол ажиллаж байгаа тул хүсэлтийг минь харгалзан үзэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Цэцэгдарь, хариуцагч Ц.Өнөрбаярт холбогдох 238,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Өнөрбаяр нь нэхэмжлэгч Л.Цэцэгдариас 2015 оны 09 сарын 25, 26-нд хониний мах 160650 төгрөг, ямааны мах 78000 төгрөг нийт 238,650 төгрөгийн үнэ бүхий хонь ямааны махыг зээлээр авч 238,650 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Өнөрбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 100,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-нд төлж, үлдэх 138,650 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах талаарх тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Цэцэгдарийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Өнөрбаярт холбогдох 238,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Өнөрбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 100,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-нд төлж, үлдэх 138,650 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7,850 төгрөгийн 50 хувь болох 3,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3,925 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Өнөрбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 3,925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД