| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2019/00185/э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 189
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Н.Ц холбогдох 1926003640260 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ******* овгийн Н.Ц.
Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч Н.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим иргэн Ц.Ц-г зодож тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэгт шарх, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Ц нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 1167000 төгрөг төлсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Хохирогч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 18-ны орой Ю гэж айлын хадам ээжийн “Алтан гадас” одонгийн найранд уригдаж очсон. Найрны үеэр Н.Ц гэх залуу согтуурч хүн болгон руу хэл амаар хоргоогоод байхаар нь “Чи яагаад байгаа юм бэ?” гэж хэлтэл над руу дайрч доромжилж миний биед халдсан. Миний зүүн талын шанаа хэсэгт бөгжтэй гараараа цохьсон байх. Тухайн үед их хатуу байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,
Гэрч Ж.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Н.Ц нилээн согтуу байдалтай Ц.Ц-г гадаа байхад “өвөлжөө иддэг” гэж хэлээд нэг удаа цохьсон. Ц.Ц-н зүүн чихний дээд хэсэгт халцарсан байсан. Тэгээд тэр хоёрыг салгаж Н.Ц-г гэрт нь хүргэж өгсөн. Ц.Ц, Н.Ц хоёр нь харилцаагаар бол сайн, хоёр биенийгээ ах дүүгээрээ дуудсан л хүмүүс байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Шүүгдэгч Н.Ц-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “*******” гэх газарт Ю гэх хүний хадам ээжийн Алтан гадас одонгийн найранд очсон. Тэгээд нутгийн танил ах Ц.Ц гуайтай нутгийн бэлчээрээс болж маргалдсаны улмаас баруун чамархай хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгээд хүмүүс салгаж намайг Ж.С гэх хүн гэрт хүргэж өгсөн. Өөр зүйл болоогүй. Хөгшин настай хүнтэй маргалдаж улмаар биед нь халдаж алгадсан үйлдэл гаргасан нь миний буруу. Энэ үйлдэлдээ би гэмшиж байна. Алгадсаны улмаас үүссэн хохирлыг миний бие төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 398 дугаартай:
1. Үзүүлэгч Ц.Ц-н биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэгт шарх, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1926003640260 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 33 хуудас/,
Шүүгдэгч Н.Ц-гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/251 дугаартай тодорхойлолт /хх-40/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38 хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /хх-44-46/,
Хохирогч Ц.Ц-ийн “Н.Ц-той сайн дураар эвлэрсэн бөгөөд надад гомдол санал байхгүй, хохиролд 570850 төгрөг авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим иргэн Ц.Ц-ийг зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэгт шарх, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц /хх-9-10/, гэрч Ж.С /хх-1-20/ нарын мэдүүлгүүд, Н.Ц-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36-37/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 398 дугаартай дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Н.Ц-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Н.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчид 1167000 төгрөг төлсөн” гэж мэдүүлж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Хохирогч Ц.Ц нь прокурор болон шүүхэд “хохиролд 570850 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Ц-г хохирогчид 570850 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч Н.Цд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Н.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурорын ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-т “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ц-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Цид 570850 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Н.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Н.Ц-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 570850 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.