| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/01628/И |
| Дугаар | 210/МА2026/00440 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00440
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10358 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.******* нь ******* ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа сахилгын зөрчил гаргалгүй, хичээнгүйлэн ажилласан.
1.2.******* нь ажил олгогчтой 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Туршилтын хугацаа дуусахад гэрээг сунгах эсэх талаар ажил олгогчоос мэдээлэл өгөөгүй тул ******* нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан бөгөөд ажлын тайлангаа тавих хүсэлт гаргаж, тайлангаа танилцуулсан боловч тайлангийн дүнг танилцуулаагүй, компанийн үндсэн ажилтнаар томилох эсэх талаар хариу өгөөгүй.
1.3.Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/033 дугаар тушаалаар *******д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Түүнд сахилгын шийтгэл ногдуулсан шалтгаан нь *******ын утасны дугаарыг бусдад өгсөн, энэхүү үйлдэл нь байгууллагын нууц задруулсан зөрчилд тооцогдоно гэж ******* тайлбарладаг. ******* нь *******ын утасны дугаарыг нөхөртөө өгөөгүй, задруулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тухайн үед *******тай муудалцсанаас болоод түүний бие нь өвдөөд байж байхад нөхөр нь түүний утсыг авч *******тай бичсэн чатыг уншаад түүн рүү залгасан байсан. *******ын утасны дугаарыг *******ийн нөхөр мэдсэн, утсаар ярьснаас үүдэн ******* ХХК болон *******т ямар ч хохирол учраагүй, учрахаар нөхцөл үүсээгүй, эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг нь гутаагаагүй.
1.4.Түүнчлэн *******ийг ажилд ороход ажил олгогч ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал *******д гэрээ байгуулсан. Гэтэл сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахаас өмнө *******тай гүйцэтгэх захирал *******д биш ******* уулзаж чи ажлаасаа гар, эсвэл би ажлаасаа гаръя гэх байдлаар түүнийг элдвээр шахан дарамталж, зөрчлийн хуудсанд гарын үсэг зуруулсан, уг асуудлаар түүнээс тайлбар авсан. Уг нь компанийн гүйцэтгэх захирал нь ажил олгогчийг төлөөлж байгаа этгээд болохынхоо хувьд *******тай уулзаж, албан ёсоор тайлбар авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд гүйцэтгэх захирал *******дын нэр, гарын үсэг байгаа боловч ******* нь *******д хувийн өш хонзон санаж, түүнийг жирэмсэн гэдгээ нууж ажилд орсон мэт аашилж, тийм хандлага удаа дараа гаргаж, жирэмсэн гэдгээр ялгаварлан гадуурхсан үйлдэл хийсэн гэж үзэж байна.
1.5.Иймд хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/033 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, *******ийг ******* ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 44,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14:30 цагт эмнэлэгт үзүүлэхэд хэвт гэж зөвлөсөн тул чөлөө авах гэсэн юм гэх хүсэлтийг ******* ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын даргад телеграм /telegram/ чатаар ирүүлж, эмнэлгийн магадалгааны зургийг явуулсан.
2.2.******* ХХК-ийн ажлын цаг ашиглалтын журмын 5.1.2-т Ажлын 4 болон түүнээс дээш хоногийн чөлөөг гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр олгох ба гүйцэтгэх захирлыг эзгүй байх хугацаанд түүнийг орлож байгаа ажилтны зөвшөөрлөөр олгоно. гэж, 5.1.3-т Ажилтанд чөлөө хүсэх шалтгааныг нотолсон баримт бичиг, эмнэлгийг магадалгаа зэргийг үндэслэн чөлөө олгоно. гэж тус тус заасан. *******ийн телеграм чатаар ирүүлсэн эмнэлгийн магадалгаанд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт ажлын 7 өдрийн хугацаагаар ажлаас чөлөөлсөн байсан тул Хууль, эрх зүйн газрын даргын зүгээс хүсэлтээ компанийн оффис менежерт өгөхийг мэдэгдсэн. Гэтэл ******* нь тус эмнэлгийн магадалгааг оффис менежерт журамд заасны дагуу хүргүүлээгүй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй.
2.3.Хууль, эрх зүйн газрын даргын зүгээс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгийн магадалгааг оффис менежерт ирүүлээгүй байгаа талаар сануулахад зургаар явуулсан гэдэг тайлбар өгөхийн зэрэгцээ ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг үл ойшоож, өөрийн хариуцлагагүй байдлыг хаацайлсаар байсан тул даргын зүгээс журам хэрэгжүүлэхийг шаардсан. Гэтэл тухайн өдрийн 16:40 цагийн үед нэхэмжлэгчийн нөхөр гэх этгээд ******* дугаараас ******* ХХК-ийн нэр дээрх *******ын ашиглаж буй ******* дугаарын утас руу залгаж зүй бус үг хэллэгээр доромжилж, амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан МГ028 дугаар хөдөлмөрийн гэрээний 8.1-д Нууц мэдээлэл гэдэгт ...компанийн удирдлага, ажилтнуудын гар утасны дугаар, гэрийн хаяг, бусад хувийн чанартай мэдээллийг ойлгоно. гэж, 8.2-т ...Нууц мэдээллийг ажил олгогчийн зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр ашиглахгүй бөгөөд гуравдагч этгээдэд задруулахгүй. гэж тус тус заасныг нэхэмжлэгч ******* биелүүлээгүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нөхрийнхөө утсаар ярьсан үйл баримтыг дурдсан байгаа нь хөдөлмөрийн гэрээний дагуу хадгалах үүрэг хүлээсэн нууц мэдээллийг санаатайгаар гуравдагч этгээдэд задруулсан үйлдлээ үгүйсгээгүй байна.
2.4.Нэхэмжлэгч ******* өөрийнх нь жирэмсэн байдлаар ялгаварлан гадуурхсан, эрх зүйн байдлыг нь дордуулсан тухай нэхэмжлэлдээ тусгасан боловч түүний ямар тэгш байдал, боломжийг алдагдуулсан тухай шийдвэр, үйлдэл гаргасныг дурдаагүй. Хууль, эрх зүйн газрын даргын зүгээс *******ийн амьдарч байгаа байршилд хамгийн ойр байрлах ******* ХХК-ийн оффист ажиллах саналыг тавьж, давуу эрх олгосноос бусдаар *******ийн тэгш байдал, боломжийг алдагдуулсан ямар нэгэн шийдвэр, үйлдэл гаргаагүй. ******* нь жирэмсэн гэдгээр ялгаварлан гадуурхсан гэж сахилгын шийтгэл ногдуулахтай огт хамааралгүй нөхцөл байдлыг дурдаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.
2.5.*******д түүний гаргасан зөрчлийн шалтгаан нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр танилцуулж, гардуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу нэхэмжлэгч ******* нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандах ёстой байтал хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй.
2.6.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/033 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг ******* ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 43,999,956 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулан *******д олгож, 44 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ******* ХХК-иас 377,949 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, нэг талыг барьсан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эргүүлэн тогтоолгох тухай шаардлагыг дурдаагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа болохоо бичгээр гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь ямар ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж буйгаа нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байх шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдаагүй шаардлагыг өөрийн санаачилгаар дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш байх зарчмыг зөрчсөн.
4.2.Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааны хүрээнд бус ажилтныг цааш ажилд үргэлжлүүлэн авах эсэхийг шийдвэрлэх ажил олгогчийн онцгой эрхэд халдаж, ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.
4.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын үйлчлэх эрэмбийг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2-т тус тус зааснаар нууц мэдээлэлд хамаарах компанийн удирдлага, ажилтнуудын гар утасны дугаар, гэрийн хаяг, бусад хувийн чанартай мэдээллийг ажил олгогчийн зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр ашиглахгүй, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй байтал нууц мэдээллийг гуравдагч этгээдэд задруулсан, бусдыг шууд бусаар заналхийлж зөрчил гаргасан болохоо нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэ талаар нэхэмжлэлдээ дурдсан байхад шүүх баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.4.Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай танилцаж, гардаж авсан ба тушаал авсан болохоо тэмдэглэж үлдээхийг шаардахад уг шаардлагыг биелүүлэхгүй, ажлаа хүлээлцэхгүй орхиж яваад 12 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тушаалыг гардан авсан нь тогтоогдсон байхад шүүх үүнээс хойш хугацаанд авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг авсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирж ажлаа хүлээлцсэн учир нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэртэй 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр танилцаж, хүлээн авсан гэдэг нь илт худал болно. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацааг хэтрүүлж гомдол гаргасан.
4.5.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай шаардлага гаргасан боловч өөрийн цалин хөлстэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар сунгагдсан гэж үзвэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 51 өдрөөр тооцогдох ёстой. Түүнчлэн цалин хөлсийг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тооцсон атлаа зөвхөн хөдөлмөрийн гэрээнд дурдсан хэмжээгээр үндэслэн тооцож, цалин хөлсөнд 43,999,956 төгрөг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.
4.6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1.******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/033 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох агуулгаар тодруулсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэдэгт шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд аваагүй байсан цалин хөлс гэдгийг ойлгох талаар мөн тодруулж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, өөрчилсөн зүйл байхгүй.
5.2.Нууцыг задруулсан гэх үндэслэлээр тушаал гаргасан. *******, ******* хоёр найзууд байсан ба утасны дугаар анхнаасаа нууц байгаагүй. Ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулахад гэрээнд нууц гэсэн болохоос хэнд ч нууц биш байсан. Нууцыг задруулсан гэх асуудалд нууц мөн байсан эсэх, нууцыг задруулсан эсэх, компанийн нэр хүндэд халдсан, үүнээс болоод ямар хохирол учирсан эсэх асуудал тодорхой байх учиртай.
5.3.Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл нь ахлах ажилтны нөхөр доромжилсон гэх агуулгатай болохоос гэрээний хугацаа дууссан гэх асуудал биш. Туршилтын 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан ажилтантай гэрээг хийгээгүй ажиллуулж байсан бол дахин 3 сараар автоматаар сунгагдана. Сунгагдсан хугацааны цалинг олгоно гэдэг. Нэхэмжлэгч ******* жирэмсэн бөгөөд жирэмсэн хүнийг хуульд тусгайлан заасан зохицуулалтын дагуу халах ёстой. Туршилтын хугацаатай эсэхээс үл хамааран жирэмсэн хүнийг аль ч тохиолдолд ажлаас халах хуулийн зохицуулалт бүрдээгүй.
5.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 44,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн нууц хадгалах үүргээ биелүүлээгүй, удирдах албан тушаалтны утасны дугаарыг бусдад задруулсан ноцтой зөрчил гаргасан, хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй... гэж бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.
3.******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/019 дугаар тушаалаар *******ийг тус компанийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаагаар томилж, мөн өдөр уг албан тушаалд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл туршилтын хугацаатай, сарын 4,000,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 5-10-р тал/
4.Улмаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/033 дугаар тушаалын 1 дэх заалтаар ...ахлах хуулийн зөвлөх албан тушаалтай ******* овогтой ******* нь шууд удирдлага болох Хууль, эрх зүйн газрын даргын гар утасны дугаарыг өөрийн нөхөртөө задруулж Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан нууц хадгалах үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан, ноцтой зөрчлийн улмаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16:45 цагт ******* дугаараас *******ийн нөхөр гэх этгээд нь шууд удирдлагын утас руу залгаж, доромжлох, заналхийлэх үйлдэл гаргасан нь Хууль, эрх зүйн газрын утасны дуудлагын жагсаалт, дуу хураагуур (диктафон) дахь бичлэгээр нотлогдсон тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгож цуцлах сахилгын шийтгэл ногдуулсугай. гэж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.8, 123 дугаар зүйлийн 123.2.5, *******тай 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан МГ028 дугаар хөдөлмөрийн гэрээний 6.2.14, 7.1.9, 8.1, 8.2, 13.2.3, хөдөлмөрийн дотоод журмын 7.4.17, 12.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ажилтан *******д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 14-р тал/
5.Ажилтан ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд гаргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч ******* ХХК нь ...*******д түүний гаргасан зөрчлийн шалтгаан нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр танилцуулж, гардуулсан. гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т заасан үүргээ биелүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацааг хэтрүүлж гомдол гаргасан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 43,999,956 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
6.1.Нэхэмжлэгч *******д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/033 дугаар тушаалын үндэслэлийг ...******* нь шууд удирдлага болох Хууль, эрх зүйн газрын даргын гар утасны дугаарыг өөрийн нөхөртөө задруулж Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан нууц хадгалах үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан... гэж тодорхойлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхтэй. Гагцхүү ажилтны гаргасан тухайн сахилгын зөрчил нь тогтоогдсон байхаас гадна үүнийг ажил олгогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нотлох үүрэгтэй байна.
Талуудын байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн МГ028 дугаар хөдөлмөрийн гэрээний 6.2.11, 6.2.14, 8.1, 8.2-т тус тус зааснаар ажилтан ******* нь удирдах албан тушаалтны утасны дугаарыг задруулахгүй байх, хадгалах үүргийг хүлээсэн байгаа боловч энэ үүргээ биелүүлээгүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчилд хамаарах талаар талууд харилцан тохиролцсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байхыг шаардана.
Талуудын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон, хөдөлмөрийн гэрээний 13.2.3-т Компани, хамт олон болон үйлчлүүлэгч, харилцагчийн нэр хүндийг гутаах, хэл ам, бичгээр доромжлох, компани хамт олон болон үйлчлүүлэгч, харилцагчийн хувийн нууцыг задруулах... гэж заасан ноцтой зөрчилд удирдах албан тушаалтны утасны дугаарыг задруулсан гэх сахилгын зөрчлийг хамаатуулан үзэхгүй.
Дээрх байдлаар нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/033 дугаар тушаалын эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэж байгаа тул хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзнэ.
6.2.Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байх боловч нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь ажилтан ******* ажил олгогч ******* ХХК-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байснаас шалтгаалан нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй байна.
Тодруулбал, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 3 сарын туршилтын хугацаатай байх ба уг гэрээний хугацаа дуусахад ажил олгогч ******* ХХК нь гэрээг дуусгавар болгох тухай санал гаргаагүй, ажилтан ******* ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан учраас уг гэрээний хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 61 дүгээр зүйлийн 61.2-т тус тус нийцсэн буюу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон байна.
Ийнхүү хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цаашид үргэлжлүүлэх эсэх нь талуудын хүсэл зоригоос хамаарах бөгөөд талуудын хүсэл зоригийн үндсэн дээр үүсдэг гэрээний харилцааг шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэх боломжгүй буюу шүүхийн шийдвэрээр гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг буцаан үргэлжлүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 64 дүгээр зүйлийн 64.2-т тус тус заасантай нийцэхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ..Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааны хүрээнд бус ажилтныг цааш ажилд үргэлжлүүлэн авах эсэхийг шийдвэрлэх ажил олгогчийн онцгой эрхэд халдаж, ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй... гэх гомдлыг хангана.
6.3.Харин нэхэмжлэгч *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь гэрээний хугацаа дуусахаас өмнө үндэслэлгүйгээр цуцлагдсан учраас үндэслэлгүйгээр цуцлагдсан өдрөөс гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд ажил олгогчийн буруугаас ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх тул хариуцагч ******* ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны буюу ажлын 35 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,666,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д нийцнэ.
Энэ талаарх ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар сунгагдсан гэж үзвэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 51 өдрөөр тооцогдох ёстой... гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.
7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч *******ийн урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, хариуцагч ******* ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,666,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,333,340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг тус тус оруулна.
8.Ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон тохиолдолд ажилтан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй ба нэхэмжлэгч ******* нь анх нэхэмжлэлдээ урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох талаарх шаардлагыг дурдаагүй боловч нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд уг шаардлагыг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасанд нийцсэн байна.
Учир нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй эсэх асуудлаар талууд тайлбар, нотлох баримт гаргаж мэтгэлцсэн тул уг шийдвэрийн үр дагаврыг арилгуулахаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн зохих өөрчлөлт орно.
10.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,666,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, уг олговорт ногдох хэмжээгээр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх ******* ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоолгох болон 37,333,340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын ...377,949... гэснийг 121,617 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,949 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т. ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ