Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 136

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: У.Анхжаргал,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Шүүгдэгч: Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт Ж.Н-д холбогдох 1926002090139 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, ******* овогт Ж.Н

Шүүгдэгч Ж.Н нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 02- ны өдөр 21-22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Х-н нуруу хэсэг рүү халуун цай цацаж, хүзүү, зүүн эгэмний дотор хэсэг, баруун зүүн далны дунд хэсэг, зүүн мөрний төвгөрт шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мэдүүлэг өгөхгүй  гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тайлбаргүй гэв.

Хохирогч Ч.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ж.Н гэж хүн ******* сумаас ирээд манай гэрт 10 хоносон. Надад мөнгөний хэрэг гараад хүүхдийнхээ мөнгийг авъя гэсэн чинь Ж.Н надад мөнгө зээлүүлье гэсэн. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ж.Н-н асаргааны дэвтэрийг нь Ш гэх хүнд барьцаанд тавьж 150.000 төгрөг надад зээлүүлсэн. Мөн надад 100.000 төгрөг хадгалуулсан ба тухайн өдөр Жамба гэх айлд очоод нэг шил нутгийн буян нэртэй архи хувааж уугаад Ж.Н гэх эмэгтэй “чи миний мөнгийг аваад ир би архи авах гээд байна” гэхээр нь би “чиний мөнгийг дансандаа хийчихсэн маргааш ав, одоо гаргаж өгөх боломжгүй байна” гэсэн чинь надад уурлаад 250.000 төгрөг авна шүү” гэхээр нь “за за тэгээрэй” гэж хэлчихээд зогсож байхад миний араас данхтай халуун цай цацаад зүүн талын мөр түлчихсэн. Намайг архичин, янхан авгай гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. О босч ирээд та манай эгч рүү цай цацчихлаа шүү дээ гэсэн чинь хохино гээд байсан. Тухайн үед нь цагдаа дуудах гэтэл утасны цэнэг дуусаад цагдаа дуудаж чадаагүй юм. Надад зээлүүлсэн болон хадгалуулсан 250.000 төгрөгөө надаас нэхэж байгаад л над руу халуун цай цацсан. Бид нарт тэрнээс өөр хэрэлдэх шалтгаан байхгүй байсан. Маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ж.Н нь орж ирээд мөнгөө аваад гараад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал зүгээр болсон. Хохирол төлбөр 50000 төгрөг авсан. /хх-ийн 6-10 хуудас/,

Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ч.Х-гийн гэр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн 15-09 тоотод байдаг. Манай аав АЧ.Х-тэй хамтран амьдардаг юм. Би байнга тэднийхээр орж гарч байдаг. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр намайг Ч.Х-гийнхээр орох гээд явж байгаад Ч.Х, Н хоёр хүнээс мөнгө авах гэж байгаа гээд хамт явж байсан. Тэгэхээр нь би тэр хоёртой хамт явсан. Н тэтгэмжийн дэвтрээ барьцаанд тавиад Ш гэж хүнээс 400.000 төгрөг авсан гээд мөнгөө барьчихсан явж байсан. Би   тэр хүүхнээс 20.000 төгрөг зээлсэн. Нхоолонд оръё гээд бид гурав хоолонд орсон. Нзах дээрээс гоо сайхны эд зүйл аваад байсан. Орой нь Ч.Х Насантогтохоос 150000 төгрөг зээлсэн. Н100.000 төгрөг Ч.Х-д өгөөд хадгалуулсан. Дараа нь хоолны мах авах гэж Насантогтох, Ч.Х бид гурав Жамбаа гэх айлд очсон. Тэнд 1 нутгийн буян нэртэй архи хувааж уусан. Ннь Ч.Х-гээс мөнгөө авъя гээд байсан. Гэтэл Ч.Х дансандаа хийчихсэн байгаа орой болсон хойно яах гэсэн юм бэ гэсэн. Тэрнээс болоод Ч.Х, Н хоёр хоорондоо маргалдсан. Маргалдаж байснаа Н Ж  гэж айлын ширээн дээр байсан данхтай цайг аваад Ч.Х рүү цацсан. Тэр үед Ч.Х цаашаа хараад зогсож байсан болохоор зүүн мөр хэсэгт нь халуун цайнд түлэгдсэн. Ч.Х-н зүүн талын мөр нь нэлэнхийдээ түлэгдсэн байсан. Тэгээд өвдөөд байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм. Өөр зодоон хийсэн зүйл байхгүй. /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Ж.Н-г танина. Манай нөхөр болох Ц.Ц-н төрсөн ахынх нь өргөмөл хүүхэд байгаа юм. Ж.Н нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл манай гэрт амьдарч байгаад манай нөхөрт загнуулаад манай гэрээс яваад өгсөн. Ж.Н нь бага байхаасаа л унаж татдаг өвчтэй хүүхэд байсан ба эм ууж эмнэлгийн хяналтанд байдаг. Сэтгэцийн өвчтэй болохоор өвчин нь хөдөлсөн үедээ юу ч хийж мэдэхээр болчихдог учраас манай хүүхдүүд гэртээ байлгахаас дургуйцээд байдаг. Ж.Ннь ******* сумын сургуульд сурч байгаад 4 юм уу 5 дугаар анги төгссөн байх. Тэрнээс хойш сургуульд сураагүй. Хэзээнээс эмнэлгийн хяналтад орсон талаар нь би сайн мэдэхгүй байна. /хх-ийн 20-21 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №253 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Ч.Х-гийн биед хүзүү, зүүн эгэмний дотор хэсэг, баруун зүүн далны дунд хэсэгт хүртэл буюу нурууны нугалмын ТhЗ-н түвшинд, зүүн мөрний төвгөрт зүүн гарын бугалга хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 32 хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №22 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт:... Үзүүлэгч Жанцандорж овогтой Ннь чамархайн шалтгаант хэсэгчилсэн уналт таталт зан төрхийн ужиг өөрчлөлттэй. Үзүүлэгч Ж-н Н нь 5 настайгаас чамархайн шалтгаант хэсэгчилсэн уналт таталт зөн төрхийн өөрчлөлт өвчнөөр өвчилсөн ба одоог хүртэл уналт таталтын эм байнга хэрэглэж эмчийн хяналтад эмчлүүлдэг. Үзүүлэгч Ж.Н нь уналт таталтын улмаас ухаан балартал ойгүйдлийн үедээ өөртөө болон бусдад аюултай үйлдэл учруулах эрсдэлтэй учир хууль ёсны асран хамгаалагч хараа хяналтад зайлшгүй байлгах шаардлагатай. Ж.Н нь хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно.” гэх дүгнэлт /хх-ийн 83 хуудас/,

Шинжээч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ж.Н нь 16 наснаасаа сэтгэцийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаа. Уналт таталт, зан төрхийн өөрчлөлттэй гэх оношоор хяналтад байдаг. Сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад эмчлүүлдэг. Орон нутгийн Эрүүл мэндийн төвийн /ЭМТ/ хяналтад байдаг ба давхар манай тасагт хяналтад байгаа. Төрөлхийн өвчтэй, хүүхэд байхаасаа унаж татдаг байсан ба энэ уналт өвчин нь төрөлхийн гаралтай өвчний ангилалд хамаардаг. Энэ өвчин нь бүрэн төгс эдгэрдэггүй, байнга л эмчийн хяналтад байж уналт таталтын эмийг тасралтгүй насаараа уух шаардлагатай. Ж.Н нь 16 наснаасаа хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож группд орсон. Одоо хүртэл байгаа. Уналт таталтын өвчний үедээ ухамсарт ухаан алдаж өөртөө болон бусдад аюултай үйлдэл үзүүлэх эрсдэлтэй өвчний ангилалд байдаг. Өөрт болон бусдад аюул учруулах боломжтой. /хх-ийн 89-90 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаартай албан бичиг /хх-ийн 56, 66 хуудас/,

Шүүгдэгч Ж.Н-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 477 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрийн хуулбарууд /хх-ийн 28, 29, 92-98 хуудас/,

Шүүгдэгч Ж.Н-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Н нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 02- ны өдөр 21-22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Х-гийн нуруу хэсэг рүү халуун цай цацаж, хүзүү, зүүн эгэмний дотор хэсэг, баруун зүүн далны дунд хэсэг, зүүн мөрний төвгөрт шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Х-гийн Ж.Н миний араас данхтай халуун цай цацаад зүүн талын мөр түлчихсэн. Намайг архичин, янхан авгай гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. О босч ирээд та манай эгч рүү цай цацчихлаа шүү дээ гэсэн чинь хохино гээд байсан, гэрч А.О-н Ч.Х, Нхоёр хоорондоо маргалдсан. Маргалдаж байснаа Н Ж гэж айлын ширээн дээр байсан данхтай цайг аваад Ч.Х рүү цацсан. Тэр үед Ч.Х цаашаа хараад зогсож байсан болохоор зүүн мөр хэсэгт нь халуун цайнд түлэгдсэн. Ч.Хгийн зүүн талын мөр нь нэлэнхийдээ түлэгдсэн байсан. Тэгээд өвдөөд байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм. Өөр зодоон хийсэн зүйл байхгүй гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №253 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №22 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ж.Н-н дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ж.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №22 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Э, шинжээч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар түүнд сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шинжээчийн дүгнэлт болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ж.Н-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ердийн тасагт дөрвөн сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Н-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгаж,

Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг, мөн шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогчид 50000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Ж.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ердийн тасагт дөрвөн сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг мөн шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогчид хохирол төлбөрт 50000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.