| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01154/И |
| Дугаар | 01348 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 01348
2016 оны 11 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/01348 Орхон аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 53 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн Баян-Өндөрийн 01 дүгээр гудамжны 32 тоотод оршин суух Хар дархад овгийн Чойсүрэнгийн Алтанцэцэгийн /регистрийн дугаар ФБ63062268/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1966 онд төрсөн, 50 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн Зээлийн 01 дүгээр гудамжны 31в тоотод оршин суух Буузан овгийн Бараанасангийн Ганхуягт холбогдох албадан нүүлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Алтанцэцэг нь Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр 467 тоот улсын бүртгэлийн гэрчилгээгээр батлгаажсан Булаг багийн Баян-Өндөрийн 1-32б тоотод хашааны газрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн. Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 239 дүгээр захирамжаар Булаг багийн Баян-Өндөрийн 1-32б тоотод 735 м.кв газрыг Г-2101004364 дугаараар улсын бүртгэлд бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн 000046542 дугаартай гэрчилгээгээр баталгаажуулан, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг үндэслэн охин, хүү, бид гуравт хууль ёсоор газрыг өмчлөх эрх олгосны дагуу өнөөдрийг хүртэл хууль ёсны өмчлөгч хэвээр байна. Аргагүй хүндэтгэх харгалзан үзэх шалтгааны улмаас хашаагаа дутуу барьсан байсан хэсэгт 2008 оны зун айл буусан. Дараа нь хашаа барьж эхэлсэн. Бид өөрсдөө хөөж, хашааг нурааж, маргаан олон удаа үүссэн. Баянбулаг баг Баян-Өндөрийн 1-32а гэсэн хаягтайгаар миний өмчилж авсан 735 м.кв газрын тал дээр дураараа хашаа барин өнөөдрийг хүртэл амьдарч байна. Булаг баг хоёр хуваагдан Булаг, Баянбулаг баг болж, хаягийн өөрчлөлт гарсан. Өнөөдрийг хүртэл газрын маргаан үргэлжилж, хүү, охин, бид гурав Булаг 1-32б өмчилж авсан газрын гэрчилгээн дээрээ Баянбулаг багийн 1-32б хаягаа солиулж чадахгүй, хүү, охин хоёр тусдаа гарсан ч газар эзэмших эрхүүд зөрчигдөж хохирсоор байна. 2008 оноос иргэн Ч.Алтанцэцэг би аймгийн Засаг дарга Зоригт, Баян-Өндөр сумын Засаг дарга Жаргалсайхан, Баасанжав нарт өргөдөл өгөхөд 3 удаа албадан нүүлгэх тухай захирамж гарсан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд 5 удаа өргөдөл өгсөн. Баянбулаг баг Баян-Өндөрийн 1-32а гэсэн хашааны газарт Засаг даргын захирамж гараагүй, хууль ёсоор олгогдоогүй, бүртгэгдээгүй, Ганхуягийн эзэмшил, өмчлөлд бүртгэгдээгүй болно гэсэн албан тоодуудаар надад хариу өгсөн. Энэ айлд удаа дараа газраа чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн ба Баян-Өнлөр сумаас томилогдсон зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа айл өрхүүдийн газрыг албадан чөлөөлөх ажлын хэсэг 2 удаа ирсэн боловч утсаа авахгүй, эзэн нь тодорхойгүй, гэртээ байхгүй хүндрэл учруулсны улмаас газрыг чөлөөлөх ажлыг хийж чадаагүй өнөөдрийг хүрлээ. Иймд миний газар эзэмших эрхийг хамгаалж, энэ айлыг албадан нүүлгүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Ганхуягт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Орхон аймгийн Засаг даргатай эвлэрч, газар өмчлөлийн талаар талууд эвлэрч Алтанцэцэгийн өмчлөлийн газрыг өөрчлөн олгох болсон бөгөөд энэ талаар эвлэрсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Алтанцэцэг нь хариуцагч Б.Ганхуягт холбогдуулан албадан нүүлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Алтанцэцэг нь Б.Ганхуягт холбогдуулан гаргасан албадан нүүлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА