Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00441

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/11473 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 14,394,442 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 50 минутын орчимд ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *******гийн хойд уулзвар дээр *******маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарсан. Тус зам тээврийн осол нь *******маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т Жолооч нь ....хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. гэж заасныг зөрчсөний улмаас гарсан болох нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24/131 дүгээр Шинжээчийн дүгнэлт, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 0087379 дүгээр Шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон.

1.2.******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь ******* ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан бөгөөд дээрх зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо барагдуулахаар нөхөн төлбөрийн материал бүрдүүлж, ирүүлсэн. Нөхөн төлбөрийн материалд хавсарган ирүүлсэн Пиннакл экспертс ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14,844,442 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон болно.

1.3.Улмаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/13429 дүгээр тушаалаар даатгалын нөхөн төлбөрт 14,394,442 төгрөгийг даатгуулагч *******т олгосон. Даатгалын нөхөн төлбөрийг олгосноор Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, талуудын хооронд байгуулагдсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 10.1-д тус тус зааснаар буруутай этгээдээс хохирол шаардах даатгуулагчийн эрх нэхэмжлэгч ******* ХХК-д шилжсэн.

1.4.Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус заасныг үндэслэн зам тээврийн осол гаргасан буруутай этгээд болох хариуцагч *******ээс даатгалын нөхөн төлбөрт олгосон 14,394,442 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ илтэд нэг талыг баримталсан гэж үзэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч *******ы хэлсэн үг, өгүүлбэр, дүгнэлтийг бүрэн тусгаагүй. Даргалагч шүүгч ******* нь шүүх хуралдаан дээр ******* нь зүүн гар тийш эргэх эгнээнээс дохио өгөөгүй чигээрээ явах үйлдэл хийсэн нь тэр хүний буруутай үйлдэл байна гэж хэлсэн байдаг.

2.2.******* нь зүүн гар тийшээ эргэх эгнээнээс эргэх дохио өгөөгүй чигээрээ явсан үйлдэл гаргаснаас үүдсэн тухайн осол гарсан. Энэ нь тухайн үеийн видео бичлэгээс маш тодорхой харагдаж байхад шинжээчийн дүгнэлтийг дутуу, буруу хийсэн, шинжээч нь гаргасан дүгнэлтдээ хариуцлагагүй хандсан зэргээс үзэхэд ашиг сонирхлын зөрчилтэй болох нь харагддаг. Мөн дахин хийсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй болно.

2.3.Мөн хохирогч *******ийн автомашины үнэлгээ хийлгэсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар газар хийлгэсэн нь тодорхойгүй. Өөрийн хамаатан садан, найз нөхдийн компанид үнэлгээг өндрөөр хийлгэсэн гэж хардаж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 7,197,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,197,221 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,106 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т ******* ХХК нь даатгалын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.mn веб сайтад ******* ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөл авсан гэсэн байх тул нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь ******* ХХК-ийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг эсэх тухай тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Үйл ажиллагааг эрхлэх эрх зөвшөөрөл авсан өдрөөс үүснэ. гэж заасан. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т даатгагч гэж энэ хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг гэж тодорхойлсон бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгохоор зохицуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид нотлох үүргийг өөрсдөө хүлээдэг. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэдэг. Гэвч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүхээс нийтэд илэрхий үйл баримттай маргасан гэх агуулгаар дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон аливаа үйл баримт нь иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нэгэнт тогтоогдсон гэсэн ойлголтод хамаарна.

4.2.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д Зам тээврийн осолд өртсөн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч ******* нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, даатгагдсан байсан болох нь автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр тогтоогдож байна. гэж, 5.2-т Хариуцагчийн өмгөөлөгч даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж байх ба талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч ******* нь *******, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний нэг тал биш тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж тус тус дүгнэжээ.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 431.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаар ******* болон ******* ХХК нарын байгуулсан гэрээнд *******ийн гарын үсэг байхгүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус байх тул талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа хуульд заасны дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж заасан ба Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолоор тус заалтад заасан гарын үсэг зурснаар гэдэгт хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгох талаар тайлбарласан.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд ******* болон ******* ХХК нарын хооронд хэлцэл байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ ******* болон ******* ХХК нарын байгуулсан даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөөгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хохирол шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч талын тайлбар, татгалзал нь нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах этгээд мөн эсэх, шаардах эрхтэй эсэх, шаардах эрхийг шилжүүлэн авсан эсэхийг тогтооход ач холбогдолтой болно. Мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж заасан болно.

4.3.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.6-д нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу гэм хорын хохиролд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14,394,442 төгрөгийг *******ийн нөхөр *******ын дансанд шилжүүлэн өгсөн болох нь нөхөн төлбөрийн маягт, худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна гэжээ. Хэрэгт ******* болон ******* нарыг гэрлэгчид болохыг нотлох баримт байхгүй болно.Мөн шүүхээс даатгалын гэрээг ******* болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэж үзэж байгаа бол түүнд нөхөн төлбөр олгосон эсэхийг тодруулах шаардлагатай байсан.

4.4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хуулиар хамгаалагдсан харилцааг санаатай, санамсаргүй байдлаар зөрчиж бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгахыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг үүснэ. 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24/131 дүгээр Шинжээчийн дүгнэлтэд холбогдогч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, дахин шинжээч томилж шийдвэрлэсэн. Гэвч дахин хийсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхийн зүгээс бүрдүүлсэн ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн гаргасан дахин шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/78 дугаар Техникийн шинжээчийн дүгнэлтээр *******ийн жолоодож явсан ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалт, *******ийн жолоодож явсан ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус дүрмийн 10.5 дахь заалтыг тус тус зөрчсөн нь тээврийн ослын шалтгаан болсон гэж дүгнэж, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан байна.

*******ийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 дахь заалтыг зөрчсөн нь хариуцагч тус дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчих үндсэн шалтгаан болсон болно. Иймд талууд өөрт учирсан хохирлыг өөрсдөө хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд өөрийн гаргасан зөрчлийн улмаас өөрт учирсан хохирлыг шаардах нь үндэслэлгүй болно.

4.5.Улсын дээд шүүхийн 2009 оны 30 дугаар тогтоолоор шүүхийн зүгээс бүрдүүлэх нотлох баримтын талаар тайлбарласан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудаст авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд шүүхээс тухайн баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасантай нийцээгүй болно.

4.6.Хэргийн харьяаллын тухайд, нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарсан. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 792,000 төгрөг байхаар тогтоосон тул иргэний хэрэг үүсэхээс өмнө тус хэрэг нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг байсан гэж үзэх үндэслэлтэй болно.

4.7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч *******ээс 7,197,221 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсэг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлын тухайд, энэ нь хуульд зааснаар нийтэд ил тод байхаар зохицуулагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны цахим сайтад тусгай зөвшөөрөлтэй компаниудын мэдээлэл нийтэд ил байдаг. Иймээс анхан шатны шүүх уг мэдээллийг гаргаж өгөх шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.2.Хариуцагч тал даатгалын гэрээнд *******ийг гарын үсэг зураагүй гэж маргасан. Тухайн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг цахим хэлбэрээр байгуулсан бөгөөд нотариатаар гэрчлүүлж, анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тул хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан. Гэрээ хүчин төгөлдөр гэдгийг даатгуулагч өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд маргаан үүсгээгүй тул даатгалын нөхөн төлбөр хууль ёсоор олгогдсон.

5.3.Даатгалын нөхөн төлбөр шилжүүлэх явцад *******ийн хүсэлтээр түүний хамаарал бүхий ******* гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлсэн. ******* нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч бөгөөд даатгуулагч нь *******ын дансанд шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.

5.4.Хэрэгт дахин шинжилгээ хийх шаардлага үүссэн бөгөөд шинжээчийн дүгнэлт гарсны үндсэн дээр *******, *******д ногдох хариуцлагыг тогтоосон. Харин анх эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт ******* буруутай гэж дүгнэсэн. Тухайн шүүхийн шийдвэрт дахин шинжилгээ хийх боломжийг дурдсан боловч уг ажиллагааг шаардлагагүй гэж үзсэн. Учир нь анхны шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх ******* буруутай гэдгийг тогтоосон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь уг хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн. Иймээс хүчин чадлын хувьд шүүхийн шийдвэр болон шинжээчийн дүгнэлтийн аль нь давуу эрхтэй болохыг анхаарах хэрэгтэй.

5.5.Харьяалалтай холбоотой асуудлыг давж заалдах гомдолд дурдсан. Хэргийн харьяалал өөрчлөгдөх шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэлийг тухайн шүүхэд гаргасан тул анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, үндэслэлтэй гэж шийдсэн учраас ямар нэгэн зөрчил үүсээгүй.

5.6.Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хэрэгт хавсаргасан гэж тайлбарласан. Гэвч тухайн баримтуудыг нотариатаар гэрчлүүлж, хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангаж өгсөн тул анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, шийдвэр гаргасан.

5.7.Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 14,394,442 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...******* нь зүүн гар тийшээ эргэх эгнээнээс эргэх дохио өгөөгүй чигээрээ явсан үйлдэл гаргаснаас үүдсэн тухайн осол гарсан, ...шинжээчийн дүгнэлтийг дутуу, буруу хийсэн, ...дахин хийсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, ...хохирогч *******ийн автомашины үнэлгээ хийлгэсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар газар хийлгэсэн нь тодорхойгүй. Өөрийн хамаатан садан, найз нөхдийн компанид үнэлгээг өндрөөр хийлгэсэн гэж хардаж байна, ...тухайн даатгалын гэрээнд ******* гарын үсэг зураагүй учраас талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа буюу нөхөн төлбөр төлөх үүрэг анхнаасаа үүсээгүй, даатгалын гэрээ хүчин төгөлдөр бус байна... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

3.1.Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний харилцаатай холбоотой асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд тайлбар гаргаж мэтгэлцээгүй боловч хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч талаас тухайн даатгалын гэрээнд ******* гарын үсэг зураагүй учраас талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа буюу нөхөн төлбөр төлөх үүрэг анхнаасаа үүсээгүй, даатгалын гэрээ хүчин төгөлдөр бус байна гэх агуулгаар тайлбар гаргаж маргажээ.

 

3.2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талуудын тайлбарт дүгнэлт хийж, энэ талаар талуудаас тодруулах, тайлбар авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна.

 

Учир нь шүүх даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзлээ.

 

3.3.Уг ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг бүрэн тогтоож, зөвтгөн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

4.Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулах, талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/11473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,106 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

Ч.МӨНХЦЭЦЭГ