Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 135

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Шүүгдэгч: Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.Ч-д холбогдох 1926001770100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, ******* овогт Ч.Ч

Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн С.А-н эзэмшлийн Самсунг Жи-3 маркын гар утсыг хэвлий болон толгойн хэсэг рүү нь гараар цохиж, хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тэр өдөр ажил дээрээ гараатай байсан. Өглөө 5 цагийн үед ажлын гадаа цас цэвэрлэчихээд байж байтал согтуу залуучууд хашааны үүдэнд зогсоод явахгүй байсан. Би тэднийг яв гээд хөөж явуулчихаад байж байтал ажлын урдуур хохирогч С.А явж өнгөрсөн. Тэгээд  ийм хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

Хохирогч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 05 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад эмнэлэг орж үзлэгийн ноймор бичүүлэх гээд явж байтал цас их ороод байхаар нь эмнэлэг орохоо болиод буцаад гэрлүүгээ яваад гудамжиндаа явж байтал араас нэг залуу дагаад байхаар нь ийм эрт ямар хүн явж байгаа юм болдоо гэж бодчихоод явж байтал тэр залуу миний араас гэнэт гүйх шиг болохоор нь эргэж хараад зогстол өөдөөс ирээд миний хэвлий рүү хоёр удаа, толгой руу хоёр удаа цохихоор нь доошоо суусан чинь өмсөж явсан куртекны баруун талын халаасанд байсан миний Самсунг Жи-3 маркын гар утсыг аваад явсан. Хохиролд 200000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 7-8 хуудас/,

Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ч ахтай Арцат худалдааны төвд хамт ажилладаг. Саяхан 7 хоногийн өмнө билүү өдрийг нь сайн санахгүй байна Ч-с Самсунг Жи-3 маркын гар утас 50000 төгрөгөөр худалдаж аваад 20000 төгрөгөөр форматлуулж программ уншуулсан. Нийт 70000 төгрөг болсон. Надад эхэндээ манай эгчийн гар утас байгаа юм. Чи энэ утсыг форматлаад өгөөч гэж хэлж байсан. Би оролдож байгаад чадахгүй болохоор буцаагаад өгсөн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа байх Ч ах чи энэ гар утсыг 50000 төгрөг өгөөд авах уу гэхээр нь би зөвшөөрөөд худалдаж авсан. Би уг гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг нь мэдээгүй. Над дээр цагдаа ирээд гар утсаа гаргаад ир гэхээр нь би тэр үед сэжиг авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ч ах цалингаа аваад миний мөнгийг өгөөд миний хохирлыг бүрэн барагдуулсан. /хх-ийн 11, 69 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Ч.Ч-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлбөр хүлээлцсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/38 дугаартай үнэлгээний тайлан, Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16, 28, 64-65, 77, 80 хуудас/,

Шүүгдэгч Ч.Ч-гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Т-н мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 35-36, 40 хуудас/,

Шүүгдэгч Ч.Ч-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 05 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 28 дугаар гудамжинд хохирогч С.Аг хэвлий болон толгойн хэсэг рүү нь гараар цохиж,түүний өмчлөлийн Самсунг Жи-3 маркын гар утсыг дээрэмдэж, 200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ч.Ч-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.А-н 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 05 цаг 30 минутын орчимд гэрлүүгээ явж байтал араас нэг залуу дагаад байхаар нь ийм эрт ямар хүн явж байгаа юм болдоо гэж бодчихоод явж байхад тэр залуу миний араас гэнэт гүйх шиг болохоор нь эргэж хараад зогстол өөдөөс ирээд миний хэвлий рүү хоёр удаа, толгой руу хоёр удаа цохихоор нь доошоо суусан чинь өмсөж явсан куртекны баруун талын халаасанд байсан миний Самсунг Жи-3 маркын гар утсыг аваад явсан. Гэрч С.О-н Ч-с Самсунг Жи-3 маркын гар утас 50000 төгрөгөөр худалдаж авсан. Надад эхэндээ манай эгчийн гар утас байгаа юм. Чи энэ утсыг форматлаад өгөөч гэж хэлж байсан. Би оролдож байгаад чадахгүй болохоор буцаагаад өгсөн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа байх Ч гар утсыг 50000 төгрөг өгөөд авах уу гэхээр нь би зөвшөөрөөд худалдаж авсан. Би уг гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг нь мэдээгүй. Над дээр цагдаа ирээд гар утсаа гаргаад ир гэхээр нь би тэр үед сэжиг авсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Ч.Ч-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлбөр хүлээлцсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/38 дугаартай үнэлгээний тайлан, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ч.Чгийн дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ч.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ч-нь хохирол төлбөрт хохирогч С.А-д 200000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.А-гийн мэдүүлэг, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хохирол хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Ч.Ч гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Ч.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн тус шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шүүгдэгч Ч.Чнь уг тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Чгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Ч.Ч-гийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч ******* овогт Ч.Чд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Ч.Ч-д Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоож, уг оногдуулсан хорих ялыг шүүгдэгч Ч.Чгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч Ч.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилээс хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй” гэж хуульчилсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Ч.Ч нь энэ шийтгэх тогтоолоор болон өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч С.А-д 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, С.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, 

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл түүнд авсан уг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Ч.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч ******* овогт Ч.Чд 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-д Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан  480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 хоногоор буюу 60 /жар/ хоногоор тооцож, түүнд оногдуулсан хөнгөн ял болох 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 жил 60 хоногийн хугацаагаар тогтоосугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-д оногдуулсан 2 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Шүүгдэгч Ч.Ч нь энэ шийтгэх тогтоолоор болон өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч С.А-д 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.