| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/09741/И |
| Дугаар | 210/МА2026/00498 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00498
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2026/01363 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: ******* ТБАГУТҮГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үр дүнгийн мөнгөн урамшуулалд 2,100,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТБАГУТҮГ-т холбогдуулан 2024 оны 07 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарыг дуустал сар бүрийг үндсэн цалингийн 20 хувиар тооцож, нийт 6 сарын үр дүнгийн мөнгөн урамшуулалд 2,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...******* нь жинхлэн ажиллуулах шалгуур үнэлгээний хуудсаар хангалтгүй үнэлэгдсэн, сахилгын шийтгэл хүлээсэн, ажлын тайлангаа бичиж дүгнүүлээгүй, цаг ашиглалт хангалтгүй учраас үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох боломжгүй... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.******* ТБАГУТҮГ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар *******ийг тус төвийн Эм зүйн албаны дарга албан тушаалд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатайгаар томилж, мөн өдөр талуудын хооронд уг албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай, сарын 1,765,200 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 30, 187-191-р тал/
3.2.******* ТБАГУТҮГ-ын Эм зүйн албаны дарга албан тушаалтай *******д тус төвийн даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/384 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/406 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан. /хх-ийн 60-61-р тал/
Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг ажилтан ******* эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандсан, улмаар сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэж байгаа, эсхүл уг тушаалуудыг хүчингүй болгосон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
4.Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар туршилтын хугацаатай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
5.Ажилтан ******* нь түүнд 2024 оны 3, 4 дүгээр улирлын ажлын үр дүнгийн нэмэгдэл урамшуулал олгоогүй ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацаанд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан байх боловч тус гурван талт хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 25/17 дугаар тэмдэглэлд нэхэмжлэгч ******* гарын үсэг зурснаас хойш 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.
6.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-т зааснаар нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор, 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэхээр тус тус зохицуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно. гэж, 2.7-д Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй. гэж, 3.1-д Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь үндэслэн мөнгөн урамшуулал олгоно. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага энэ журмын дагуу мөнгөн урамшуулал олгож болно. гэж, 3.2-т Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үндэслэн үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно. гэж, 3.8-д Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшуулал олгохгүй. гэж тус тус заасан.
Мөн ******* ТБАГУТҮГ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/29 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан *******ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох журмын 2.3-т Ажилтан ажлын тайлангаа хугацаандаа нэгжийн удирдлагад өгөөгүй буюу ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид урамшуулал олгохгүй. гэж тусгасан байна.
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 07, 08, 09 дүгээр сарын ажлын тайлангаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр гаргаж өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан түүний ажлын тайлан, мөн түүний 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөл зэрэг баримтаар тогтоогдсон, 2024 оны 10, 11, 12 дугаар сард хамаарах ажлын тайлан гаргаж өгөөгүй, улмаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний хуудаснуудыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Шинэ ажилтан *******ийг үнэлсэн үнэлгээний хуудасны нэгтгэл-ээр тус төвийн Эм зүйн албаны дарга албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон *******ийн туршилтын хугацаан дахь ажлын гүйцэтгэлийг 31 хувиар үнэлсэн, түүнчлэн нэхэмжлэгч *******д сахилгын шийтгэл ногдуулсан ******* ТБАГУТҮГ-ын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/384 дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/406 дугаар тушаал нь тус тус хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчид 2024 оны 07 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хамаарах улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.7, 3.8, тус төвийн баталсан журмын 2.3-т тус тус заасанд нийцжээ.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд заасан улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохгүй байх нөхцөл бүрдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
7.Ийнхүү нэхэмжлэгч *******ийн ажлын гүйцэтгэл хангалтгүй үнэлэгдсэн, сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр түүнд тухайн хугацааны үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоогүй нь үндэслэлтэй талаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2026/01363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ