Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00499

 

 

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/00308 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: урьд эрхэлж байсан борлуулалт хариуцсан ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие 2024 оны 12 дугаар сараас ******* ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд 2025 оны 03 дугаар сараас эхлэн борлуулалт хариуцсан ажилтнаар ажиллаж, ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргалгүй, ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан. Ингээд 2025 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж байгаад ээлжийн амралтын хугацаагаа дуусгалгүй 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа эргэн орсон боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 13 хоногийн турш эмчилгээ хийлгэсэн.

1.2.Гэтэл ажил олгогч нь эмнэлгийн магадалгаатай байх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр намайг ажлаас халсан талаар цахим шуудан ирүүлсэн ба өнөөдрийг хүртэл ажлаас халсан тушаалыг надад гардуулж өгөөгүй. Намайг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 08 дугаар сарын 01, 05, 06, 07-ны өдрүүдэд ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-т ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байхаар заасан. Миний хувьд энэ хугацаагаар ээлжийн амралтаа гүйцэд эдэлж чадалгүй ажилдаа орсон. Мөн тус хуульд зааснаар өвчтэй байгаа ажилтны ажил үүрэг хэвээр хадгалагдах ёстой. Ажил олгогч нь ээлжийн амралттай, өвчтэй байсан дээрх хугацааг ажил тасалсан гэж үзэн намайг ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна.

1.3.Иймд намайг ******* ХХК-ийн борлуулалт хариуцсан ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* нь ******* ХХК-ийн агуулахын ажилтан албан тушаалд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн ба 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн борлуулалтын ажилтнаар сэлгэн ажилласан.

2.2.Ажилтан ******* нь 2025 оны 07 дугаар сард ажил олгогчид ээлжийн амралтаа 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хэсэгчлэн эдлэх талаар бичгээр хүсэлт гаргасныг үндэслэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар түүнд 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаагаар ээлжийн амралт олгосон.

2.3.Ажилтан ээлжийн амралтаа дуусгаад 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирэх ёстой байсан боловч тухайн өдөр ажилдаа ирээгүй. Мөн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 08 дугаар сарын 01, 05, 06, 07-ны өдрүүдэд буюу нийт ажлын 6 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

2.4.Уг тушаалыг ажилтан хүрэлцэн ирж гардан авахгүй байсан тул 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тушаалын хуулбарыг ажилтны [email protected] гэх и-мэйл хаягаар хүргүүлж, тус өдөр анкет дахь гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлсэн.

2.5.Ажилтан ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан шалтгаангүйгээр дараалан 2 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан гэх ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

2.6.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан борлуулалт хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг бүхий л талаас нь бус зөвхөн ажил олгогчид ашигтай талаас нь үнэлж, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн.

4.1.1.Анхан шатны шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь ажил олгогч цахим шуудан ирүүлэхдээ ажлаас халсан тушаалыг ирүүлээгүй бөгөөд зөвхөн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр ажлаас халсан тухай мэдэгдсэн байдаг. Ажил олгогч нь ажлаас халсан тушаалыг өнөөдрийг хүртэл надад гардуулан өгч, танилцуулаагүй боловч миний бие эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, улмаар шүүхэд хандсан болох нь хэргийн баримтаар нотлогддог. Шүүх уг нотлох баримт болон тайлбаруудыг үнэлж дүгнээгүй.

4.1.2.Шүүх мөн ...*******ийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаагаар борлуулалт хариуцсан ажилтнаар сэлгэн ажиллуулж байсан тухайд хариуцагч маргаагүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Миний хувьд тус өдрөөс эхлэн ******* ХХК-ийн борлуулалт хариуцсан үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн болохоос сэлгэн ажиллаж байгаагүй тул хариуцагчаас гаргаж өгсөн уг тушаалыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар нэхэмжлэгч тал тайлбар гаргаж, уг тушаалыг *******д танилцуулсан эсэх, сэлгэн ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг тогтоох зорилгоор холбогдох баримтыг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус байна.

4.1.3.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* нь ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын цаг ашиглалтын журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь нотлох баримтад үндэслээгүй байна. Учир нь хэрэгт авагдсан журмууд нь ******* ХХК-ийн дотооддоо мөрддөг журмууд биш ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ надад хамааралгүй компанийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр илтэд үндэслэлгүй болохыг харуулж байна.

4.1.4.Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 13.7-д шалтгаангүйгээр дараалан 2 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон талаар дүгнэсэн. Гэтэл ******* болон ******* ХХК-ийн хооронд борлуулалт хариуцсан ажилтнаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн боловч уг албан тушаалд ажиллахтай холбоотой хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байхад агуулахын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн борлуулалт хариуцсан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

4.2.Талуудын маргааны зүйл болох ажил тасалсан эсэх асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, холбогдох журмыг хэрэглээгүй.

4.2.1.Миний хувьд хуульд заасан хугацаагаар ээлжийн амралтаа авахыг хүсэж байсан бөгөөд ээлжийн амралтаа хэсэгчлэн эдлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогч болон шүүх намайг хуульд заасан хугацаагаар амрах эрхээ хэрэгжүүлж байгааг анхаарч үзэлгүй, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус ажил тасалсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Хэрэв миний бичиж өгсөн хүсэлтийн дагуу намайг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажилд орох ёстой гэж үзсэн бол тухайн өдрийг мөн ажил тасалсанд тооцох байсан. Гэтэл миний ээлжийн амралтаа эдэлж байсан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг ээлжийн амралттай гэж бүртгэсэн атлаа мөн ээлжийн амралтаа эдэлж байсан дээрх өдрүүдэд ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.2.2.Түүнчлэн намайг ээлжийн амралтаа авах үед ээлжийн амралт олгох тухай шийдвэр гарсан болон миний хүсэлтийн дагуу 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ээлжийн амралт олгосон, мөн хэзээ ажилдаа ирэх талаар танилцуулж мэдэгдсэн зүйл огт байдаггүй болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дугаар тушаалын хавсралт болох Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 1.3-т ажил олгогч нь Ээлжийн амралт олгох мэдэгдэл-ийг ажилтанд олгохоор заасан байдаг. Хэрэв ажил олгогч уг журамд заасан үүргээ биелүүлсэн бол ажил олгогч, ажилтны хооронд ажилдаа хэзээ орох байсантай холбоотой маргаан үүсэхгүй, ажилдаа орох хугацаа нь тодорхой байх байсан. Ажил олгогч хууль болон холбогдох журмыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс ажилтны эрх зөрчигдсөн. Миний ээлжийн амралтын хугацаа 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл байсан.

4.2.3.Мөн миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлж, ******* ХХК-ийн регистрээр нийгмийн даатгалын цахим системд оруулж бүртгүүлсэн байдаг. Гэтэл шүүх ...эмнэлгийн магадалгаатай өвчтэй байсан болохоо ажил олгогчид мэдэгдээгүй... гэж дүгнэж, хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. Уг хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг эмчилгээ дууссанаас хойш бичдэг журамтай болохыг шүүх анхаараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2-т тус тус зааснаар ажилтан ээлжийн амралттай болон эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байгаа тохиолдолд ажилтны ажил үүрэг хэвээр хадгалагдах ба тус зохицуулалтаар эмнэлгийн магадалгаатай болохоо ажил олгогчид зайлшгүй мэдэгдсэн байхыг шаардаагүй.

4.3.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1.Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.7-д заасан ноцтой зөрчил гаргасан болохыг шүүх тогтоосон. Хөдөлмөрийн гэрээний 13.7-д 2-оос дээш хоног ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан. Тухайн ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар талууд харилцан тохиролцсон.

5.2.Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдлэх тухай хүсэлтийг үндэслэн хариуцагч ээлжийн амралт олгосон тушаал гаргасан. Нэхэмжлэгч нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллах ёстой байсан. Гэтэл ажлын 6 өдөр ажилдаа ирээгүй. Уг хугацаанд нэхэмжлэгчтэй холбоо барьж чадаагүй. Нэхэмжлэгч ажил тасалсан 6 хоногийн эхний 3 хоногт ээлжийн амралттай байсан гэж маргадаг. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч гараар бичиж өгсөн хүсэлтдээ 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өнгөрсний дараа ажилдаа орох тухайгаа илэрхийлсэн. Ээлжийн амралтаа үргэлжлүүлэн эдэлж байсан гэх тайлбар үндэслэлгүй.

5.3.Мөн тухайн ажил тасалсан хугацаанд өвчтэй байсан талаар ажил олгогчид огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгч өвчтэй байсан гэх эмнэлгийн магадалгааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргаж ирсэн. Эмнэлгийн магадалгааг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн болохыг анхан шатны шүүх дүгнэсэн. Өвчтэй байсан талаар утсаар мэдэгдсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгчийг тухайн үед өвчтэй байсныг мэдэх боломжгүй.

5.4.Нэхэмжлэгч ажлаас халах тухай тушаалыг өнөөдрийг хүртэл гардуулан өгч, танилцуулаагүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч ажлаас халах тухай тушаалыг и-мэйл хаягаар хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн атлаа гардуулж өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид тушаалыг гардуулан өгч чадахгүй байсан тул эхний ээлжид и-мэйл хаягаар тушаалыг хүргүүлсэн. 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлын анкетад бичигдсэн хаягаар тушаалыг хүргүүлсэн боловч тухайн этгээд уг хаягт байхгүй байгааг мэдэгдсэн.

5.5.Мөн ******* ХХК гэх хамааралгүй компанийн дотоод дүрэм, журамд үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж тайлбарладаг. ******* ХХК-ийн дотоод журмыг хэрэгт гаргаж өгсөн. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* ХХК нь өөрийн охин компаниудын үйл ажиллагааг зохион байгуулахдаа нийтлэг харилцааг нэг дүрэм, журмын дагуу зохицуулдаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд компанийн дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Тухайн дүрэм, журам, заавартай нэхэмжлэгч танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

5.6.Түүнчлэн ажлын байрны талаарх асуудлаар маргадаг. Талууд тохиролцож нэхэмжлэгчийг 2 сарын хугацаагаар өөр ажлын байранд дадлага эзэмшүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулсан. Уг үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй. Тухайн хугацаанд сэлгэн ажиллуулж байсан учраас заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй. 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээ үйлчилнэ.

5.7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан борлуулалт хариуцсан ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...ажилтны бичгээр гаргасан ээлжийн амралт хэсэгчлэн эдлэх тухай хүсэлтийг үндэслэн түүнд 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаагаар ээлжийн амралт олгосон, ажилтан ээлжийн амралтаа дуусгаад 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирэх ёстой байсан боловч ирээгүй, мөн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 08 дугаар сарын 01, 05, 06, 07-ны өдрүүдэд буюу нийт ажлын 6 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан шалтгаангүйгээр дараалан 2 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй... гэж бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Ажил олгогч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар ажилтан *******тэй тус компанийн агуулахын ажилтан албан тушаалд үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, мөн өдөр уг албан тушаалд сарын 1,800,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 21, 22-23-р тал/

 

4.Улмаар ажил олгогч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар агуулахын ажилтан албан тушаалтай *******ийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2 сарын хугацаагаар борлуулалт хариуцсан ажилтан албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шилжүүлэн томилсон. /хх-ийн 20-р тал/

 

5.2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилтан ******* нь ажил олгогч ******* ХХК-д хандан ээлжийн амралт авах тухай хүсэлт бичгээр гаргаж, уг хүсэлтдээ 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар ээлжийн амралтаа эдлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. /хх-ийн 31-р тал/

 

6.Дээрх хүсэлтийг үндэслэн ажилтан *******д түүний тухайн жилд эдлэх ёстой ээлжийн амралтын 20 хоногоос 10 хоногийг тооцон 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг дуустал биечлэн эдлүүлэхээр ажил олгогч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/46 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал гарсан. /хх-ийн 19-р тал/

 

7.Улмаар ажил олгогч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаар тушаалын 1 дэх заалтаар Компанийн борлуулалт хариуцсан ажилтан албан тушаалтай ******* нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 08 дугаар сарын 01, 05, 06, 07-ны өдрүүдэд шалтгаангүй ажил тасалж, сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай. гэж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, компанийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл, заалт, ажилтантай 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Б/14 дугаар хөдөлмөрийн гэрээний 13.7, ажлын цаг ашиглалтын журам, ажлын цаг бүртгэлийг тус тус үндэслэн ажилтан *******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /хх-ийн 18-р тал/

 

8.Ажилтан ******* нь дээрх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д тус тус заасан хугацаанд гаргасан байна.

8.1.Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаар тэмдэглэл хэрэгт авагдсан байх ба уг тэмдэглэлд ажилтан ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус хороонд гомдол гаргасан талаар дурдсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардан аваад 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

8.2.Өөрөөр хэлбэл, ажилтан ******* нь түүнтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим шуудангаар ирүүлснийг гардан авч, улмаар ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд уг тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэх тухай гомдол гаргасан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байна.

8.3.Улмаар нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаар тэмдэглэлийг хүлээн авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай.

8.4.Дээрх хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаар тэмдэглэлийг нэхэмжлэгч хэзээ хүлээн авсан, нэхэмжлэгчид хэзээ гардуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба нэхэмжлэгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учраас түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзлээ.

8.5.Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх агуулгаар залруулан дүгнэж, нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй байх боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

 

9.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг зөв тогтоож, ажилтан ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж зөв дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Тодруулбал:

9.1.Талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 13.7-д Шалтгаангүйгээр дараалан 2 /хоёр/ буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсвэл ажлын 7 /долоо/ хоногийн дотор 2 /хоёр/ буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан гэж заасан зөрчлийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор тусгажээ.

9.2.Дээрх хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажилтан *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогч ******* ХХК-ийн шийдвэрийн үндэслэл нь бодит үнэнд нийцсэн, нотлогдсон байх, уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх учиртай.

9.3.Ажилтан *******ий 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажил олгогч ******* ХХК-д гаргасан 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралтаа эдлэх тухай хүсэлтийг үндэслэн ажил олгогч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/46 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал гарсан байх тул түүнийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралттай байна гэж үзсэн нь зөв байна. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаагаар ээлжийн амралт эдлэхээр нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан байгаа учраас 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс ажилдаа орох ёстой байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан гэж үзнэ.

Хэрэгт ажилтан *******ий 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хамаарах цаг бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан авагдсан ба тухайн баримтад нэхэмжлэгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн цагийг бүртгэхдээ Ээлжийн амралт хэсэгчилж гэж тэмдэглэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс ажилдаа орох байжээ.

9.4.Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 08 дугаар сарын 01, 05-ны өдрүүдэд ээлжийн амралтаа үргэлжлүүлэн эдэлж байсан гэж маргаж байгаа боловч 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ээлжийн амралтаа үргэлжлүүлэн эдлэхээр ажил олгогчид хандсан буюу үргэлжлүүлэн эдэлж байсан гэх нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, мөн хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн бичиж өгсөн гэх хүсэлтийг өөрөө бичсэн тухайд үгүйсгэж маргаагүй, уг хүсэлтийг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын туслах н.******* гэх ажилтан хэлж өгч бичүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдоогүй.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаалд дурдсан 2025 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн магадалгаатай байсан, өвчтэй байгаа тухайгаа 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр захирлын туслах н.******* гэх ажилтанд утсаар мэдэгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ талаар ажил олгогчид тухайн үед нь мэдэгдсэн болохоо мөн нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №2247788159 гэх эмнэлгийн байгууллагын баримтыг хожим гаргаж өгч байгаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаалыг буруутгах үндэслэл болохгүй.

Учир нь ажил олгогч ******* ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тушаал гаргах үедээ ажилтан *******ий өвчтэй байгаа талаарх нөхцөл байдлыг мэдсэн байх учиртай ба тухайн үед энэ талаар мэдээгүй байсан учраас 2025 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд ажил тасалсан гэж үзсэнийг буруутгахгүй.

9.5.Ийнхүү нэхэмжлэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 08 дугаар сарын 01, 05, 06, 07-ны өдрүүдэд ажилдаа ирээгүйд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч ******* ХХК нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.7-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцжээ.

9.6.Ажилтан ******* нь ******* ХХК-ийн батлагдсан дүрэм, журам, заавартай танилцсан талаар баримт үйлдэж, түүнд гарын үсэг зурсан, мөн хэрэгт авагдсан ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын цаг ашиглалтын журмуудад эдгээр журмуудыг ******* ХХК болон түүний охин, хараат компанийн нийт ажилтнууд дагаж мөрдөхөөр зохицуулсан, нэхэмжлэгч нь эдгээр журамд заасны дагуу чөлөө авах хүсэлт гаргах, улмаар эмнэлгийн магадалгааг ирүүлж хүсэлтийг баталгаажуулах үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. /хх-ийн 24, 81-94, 105-108-р тал/

 

10.Нэхэмжлэгч тал нь ...агуулахын ажилтан гэдэг ажлын байрнаас чөлөөлсөн, борлуулалт хариуцсан ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, агуулахын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн заалтыг баримтлан гэрээг цуцалсан нь үндэслэлгүй... гэх агуулгаар гомдол, тайлбар гаргасныг хүлээн авахгүй.

Учир нь агуулахын ажилтан албан тушаалтай *******ийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2 сарын хугацаагаар борлуулалт хариуцсан ажилтан албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шилжүүлэн томилсон ажил олгогч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаар тушаал хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч уг тушаалыг гараагүй, танилцуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч уг тушаалын 3-т ажилтны цалин хөлсийг 1 сарын 2,000,000 төгрөг байхаар заасанчлан 2,000,000 төгрөгийн цалин авч байсан талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарласнаас гадна борлуулалтын ажилтнаар ажиллаж байсан гэдэг үйл баримттай маргаагүй тул ажилтныг сэлгэн ажиллуулах тухай тушаалыг үнэн зөв гэж үзнэ.

Уг тушаалын 4-д Сэлгэн ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан эрх үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр өмнөх ажлын байранд, эсхүл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах болохыг ажилтанд танилцуулсугай. гэж зааснаас үзэхэд ажил олгогч агуулахын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд хамаарах зохицуулалтыг баримтлан маргаан бүхий тушаал гаргасныг буруутгахгүй.

 

11.Нэхэмжлэгч ******* нь хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учир тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан маргааныг шийдвэрлэх учиртай.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ажилд эгүүлэн тогтоосны үр дагаврыг шийдвэрлэхэд хамаарах хуулийн зохицуулалтууд болох Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримталсан байгааг залруулан тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

12.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/00308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад... гэснийг ...158 дугаар зүйлийн 158.1.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Ч.МӨНХЦЭЦЭГ