Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 147

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: У.Анхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Баттөгс,
Хохирогч: Ц.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,
Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О. Б-д холбогдох 1926001830111 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт О.Б

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 9560.89 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Манайх Эксковатораа буулгах үед өмнө тэр газрыг ухсан байсан. Би тэр хэсгийг нэмж өнгөн хэсгийг нь самардсан. Манай эксковатор 8.000.000 төгрөгийн үнэтэй байхад 20.000.000 төгрөгөөр үнэлсэнд санал нийлэхгүй байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Хохирогч Ц.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Хохирогч Ц би Өвөрхангай аймгийн ******* сумын байгаль орчны улсын байцаагч ажилтай. Тухайн хэрэг нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон хэрэг. Хэрэг болсон тухайн газар би очиж чадаагүй. Манай сумын байгаль хамгаалагч болон цагдаа нар очсон. Уг хэрэг нь 2019 оны 04 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд ******* гэх газар болсон. О.Б нь эксковатор ашиглаж газар хөндсөн асуудал байсан. Сүүлд цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй хэмжилт хийсэн. Ямар ч байсан газрын хэвлийд халдаад тухайн газрыг ухсан байсан. Тухайн газарт ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл аваагүй. Хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тодорхой байна гэв. 

Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... ******* орчмын газар нь хуучин гар аргаар алт олборлогч иргэдийн нөлөөгөөр эвдэгдсэн байсан талбай байгалийнхаа жамаар сүүлийн үед нөхөн сэргээгдэж байгаа. Иргэн О.Бийн ажилласан гэх газар нь би очоогүй байгаа гэхдээ тухайн газар орчимд ямар нэгэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газар байхгүй. Нөхөрлөл болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ уг хүнд байхгүй тусгай зөвшөөрөлгүй, манайд ийм хүн ямар нэгэн хүсэлт тавьж байгаагүй. /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б-н хамт Хан-Уулын баруун жалганд байх А ахын Эксковатор дээр 12 цагийн үед очоод би эксковаторын тосолгоог хийчихээд түрүүлээд явсан. Б үлдээд эксковатороо ажиллуулсан. Тэгээд шөнө унтах гэж байхад Б манайд ирээд хамт ******* ахын эксковатор дээр очоод ойр зуурын юмыг нь тайлаад ирье цагдаа ирчихсэн байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд 01 цагийн үед очиж эксковаторын аккумлятор, хуурай пайжуурын 3 ширхэг шигшүүрийг нь аваад уурхай дээр Б-н хүргэн ах *******гийн грашид оруулсан. Тэднийх мэдээгүй унтаж байсан. Тэгээд өнөөдөр гэртээ байж байтал цагдаа нар ирсэн. /хх-ийн 35-36 хуудас/,

Гэрч *******-*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 04 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цагийн үед ******* сумын төвд Улаанбаатар хотоос ирсэн хойно манай хамаатны дүү Б утсаар залгаад цагдаа нар ирээд, Хайрхандулаан сум руу очиж байцаалт өгсөн. Хэний Эксковатор юм гэхээр нь айгаад таных гээд хэлчихлээ гэхээр нь би яаж байгаа юм чинийх биздээ гэсэн. Уг эксковатор нь манай дүү Бийнх би 2018 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотоос хүнээс бэлэн 8 сая төгрөгөөр хуурай пайжуур, хуучин улсын дугааргүй, улбар шар өнгийн Доосан-55 маркийн эксковаторыг өөрөө дүү Бт авч өгсөн. Б надад хоёр сая төгрөг л өгсөн. Өөрөө ажиллаж байгаад төлж барагдуулна гэж авсан. Бүх техникүүд нь Бийн өөрийнх нь эзэмшлийн надад дүүгээсээ нэхэмжлээд байх зүйл байхгүй. Ажилгүй байж байхаар гээд авч өгсөн юм. /хх-ийн 38-39 хуудас/,

Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Б-д манай төрсөн ах С.А нь Улаанбаатар хотоос худалдаж авч өгч байсан. Одоо Бийн өөрийнх нь техник мөн хуурай пайжуур моторыг нь бас авч өгч байсан. /хх-ийн 40 хуудас/,

Яллагдагч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн үед ******* багийн төвөөс Баянхонгорын ачааны машинд 20 литр түлш хийж өгөөд эксковатороо хуурай пайжуур, мотортойгоо хамт ачаад ******* гэх газар буулгасан. Г эксковаторын тосолгоог хийж, гинжийг нь чангалж өгчихөөд 13 цагийн орчимд буцаад явсан. Би тэндээ үлдээд тосолгоогоо дуусаад эксковатороо унаад жалганд байх хуучин ашиглагдсан талбайн газрын өнгөн хэсгийг хуулж үзээд хэсэг газраас шороо шигших гээд пайжуур дээрээ асгахад том том чулуу гарч ирээд эксковатор халаад насос нь шахахгүй болохоор нь хэсэг хөргөж байгаад ухсан газраас дээшээ өгсүүлээд 30-40 м зайтай газарт хуурай пайжууртай хамт шахаж байрлуулаад 15-16 цагийн үед орхиод явсан. Надад тусгай зөвшөөрөл байхгүй, би тэнд ажиллаж эксковаторынхаа өрийг даръя гэж бодсон юм. /хх-32-33, 61-63/,

“МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19/037 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлтэнд:...Иргэн О.Б нь нийт 6.96 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2019.04.16-ны өдрийн хэмжилтээр тогтоогдлоо. Уг талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. /АМГТГ-ын 2019.05.01-ний өдрийн 7/3394 тоот албан бичгийг хавсаргав. Иргэн О.Б нь нийт 6.96 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь “МОНСЛОВ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 4090.31 төгрөг/. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 9560.89 төгрөгөөр тогтоосон. иргэн О.Б-ийн олборлолт явуулсан гэх газар нь тус хуулийн хамгаалалтын давхцалгүй байна. /БОАЖЯ-ны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 066/2957 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. /хх-ийн 59-75 хуудас/, 

Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/036 тоот албан бичигт: доорх солбилцол бүхий талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбай, хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай тус тус давхцалгүй байна./хх-52/, 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл,  Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/33 дугаартай үнэлгээний тайлан, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/34 дугаартай үнэлгээний тайлан, хохирол төлсөн баримт, /хх-ийн 3-7, 12, 14, 18, 59, 84  хуудас/,

Шүүгдэгч О.Бийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 67, 68 хуудас/,

Шүүгдэгч О.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 6.96 м2 талбайд ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 9560.89 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр 6.96 м2 талбайд ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 9560.89 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Б нь зохих журмын дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл аваагүй, шүүгдэгчийн явуулсан үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц, гэрч М.Г, *******-*******, О.Б нарын мэдүүлгүүд, “МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19/037 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/33 дугаартай үнэлгээний тайлан, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/34 дугаартай үнэлгээний тайлан, хохирол төлсөн баримт, шүүгдэгч О.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч О.Бт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч О.Бт тэнссэн хугацаанд буюу 1 жилийн хугацаанд ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч О.Бийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч О.Бийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулахдаа ашигласан 2000 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, 12674 арлын дугаартай, улаан өнгийн SOLAR 55V маркийн эксковатор 1 ширхэг, шороо шигших зориулалттай гар аргаар, төмрөөр хийгдсэн хуурай пайжуур 1 ширхэг, цэнхэр өнгийн СК-ҮАМАНА 4800 маркийн цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхэг нь шүүгдэгч О.Бийн өмчлөлийнх болох нь,

Мөн шүүгдэгч О.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулахдаа дээрх техник хэрэгслийг ашигласан болох нь шүүгдэгч О.Б, гэрч М.Гэлэг-Очир, *******-*******, О.Бямбадолгор нарын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, 

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 9560 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж, 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч ******* овогт О.Б-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт О. Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч О.Бт тэнссэн хугацаанд буюу 1 жилийн хугацаанд ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй. 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч О.Бийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 9560 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Бийн өмчлөлийн 2000 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, 12674 арлын дугаартай, улаан өнгийн SOLAR 55V маркийн эксковатор 1 ширхэг, шороо шигших зориулалттай гар аргаар, төмрөөр хийгдсэн хуурай пайжуур 1 ширхэг, цэнхэр өнгийн СК-ҮАМАНА 4800 маркийн цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхгийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.