| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/03457/И |
| Дугаар | 210/МА2026/00544 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00544
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/11685 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч:*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: хамтран ажиллах гэрээний үүрэгт 181,705,673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч ******* илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Миний бие 2015 онд*******тай ажил хэргийн шугамаар танилцаж байсан ба 2022 оны 08 дугаар сард уулзаад 2 жилийн өмнө өөрийн нагац дүү *******эд зарсан байсан Мишээл барилгын их дэлгүүрт гэрэлтүүлгийн бараа зардаг түрээсийн талбайг буцаан худалдан авч хамтран ажиллая гэдэг санал тавьсан. Бизнест шаардлагатай хөрөнгө оруулалтыг адил тэнцүү 50, 50 хувиар гаргаж, хоёулаа үйл ажиллагаандаа оролцож, олсон ашгаа адил тэнцүү хувааж авах, үйл ажиллагаагаа явуулах зорилгоор компани байгуулах замаар хамтран ажиллахаар тохиролцсон.
1.2.Үүний дагуу *******ийн эзэмшлийн ******* ХХК-ийн ******* ХХК-тай байгуулсан талбай түрээслэх гэрээний түрээслэгчийн эрхийг 130,000,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг нь сар бүр 26,000,000 төгрөгөөр хэсэгчлэн 5 сарын хугацаанд төлөхөөр тус тус тохирч,******* болон ******* нар хэлцэл хийж, уг хэлцлийн дагуу ******* нь ******* ХХК-ийн түрээслэгчийн эрхээ ******* ХХК-д шилжүүлж, улмаар ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан.
1.3.******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр миний бие нэмэгдэж, 35,723,360 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс 24,700,000 төгрөгөөр нь анхны бараа бүтээгдэхүүний захиалга хийж, 11,000,000 төгрөгийг нь ******* рүү төлбөрт шилжүүлсэн.******* нь анхны хөрөнгө оруулалтаар 15,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг *******эд төлбөрт өгөхөөр тохиролцсон. Үүнийг шилжүүлж өгсөн эсэх нь тодорхойгүй. Ийнхүү миний бие 35,723,360 төгрөг,******* 15,000,000 төгрөг буюу 70, 30 хувийн харьцаатай хөрөнгө оруулсан тул ашгаа мөн 70, 30 хувиар авахаар болсон.
1.4.Хамтран ажиллахаа болих үед бэлэн мөнгө 2,554,000 төгрөг, авлага буюу барьцаа төлбөрт байршуулсан 2,849,605 төгрөг, 69,379,499 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл бараа бүтээгдэхүүн, 130,000,000 төгрөгийн үнэ бүхий үзэсгэлэнгийн талбай /showroom/ буюу түрээсийн талбайн эрх, нийт 204,783,104 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг*******д хүлээлгэж өгсөн. Уг хүлээлгэн өгсөн хөрөнгөөс миний 70 хувьд ногдох хөрөнгөд 143,348,173 төгрөг гаргуулна.
1.5.Мөн хамтран ажиллах хугацаанд *******эд төлөх төлбөр болон үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бид хоёр ярилцаж тохиролцсоны үндсэн дээр миний бие өөрийн эгч *******эс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 60,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 62,900,000 төгрөгийг тус тус зээлсэн. Үүнээс хамтран ажиллах явцдаа үндсэн зээлд 2,900,000 төгрөг, зээлийн хүүд 7,000,000 төгрөг, хамтран ажиллахаа больсноос хойш******* нь үндсэн зээлд 30,000,000 төгрөг, зээлийн хүүд 9,155,000 төгрөг, миний бие үндсэн зээлд 30,000,000 төгрөг, зээлийн хүүд 8,357,500 төгрөг тус тус төлсөн. Бид хамтран ажиллахаа болих үед *******д төлөх төлбөрийг******* төлөхөөр тохиролцсон тул зээлийн төлбөрт төлсөн 38,357,500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
1.6.Иймд миний 70 хувьд ногдох хөрөнгөд 143,348,173 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 38,357,500 төгрөг, нийт 181,705,673 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч талын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Т.Ариунаа нь *******тэй 2015 онд танилцсан. Тухайн үед ******* нь Мишээл барилгын их дэлгүүрт үзэсгэлэнгийн талбай хариуцсан менежерийн ажил хийж байсан.******* нь Мишээл барилгын их дэлгүүрт худалдаа эрхэлдэг байсан. 2022 оны 08 дугаар сард ******* холбогдож бизнес эрхэлмээр байна гэсэн тул******* нь өмнө эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаагаа өөрийн нагац дүү болох *******ээс буцаан авч, энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавьсны үндсэн дээр талууд ******* ХХК-ийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшиж, ******* гүйцэтгэх захирлаар ажиллаж, *******ээс Мишээл барилгын их дэлгүүртэй байгуулсан гэрээний эрхийг ******* ХХК-д шилжүүлэн аваад, БНХАУ-д үйлдвэрлэдэг ******* брэндийн гэрэл, гэрэлтүүлгийн бүтээгдэхүүн борлуулах замаар бизнесийн үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон.
2.2.Ийнхүү ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг *******т шилжүүлж, ******* нь гэрээнд заасны дагуу эхний хөрөнгө оруулалтад 35,723,360 төгрөг хийснээс *******ээс 130,000,000 төгрөгөөр худалдаж авсан түрээсийн талбайн эрхийн төлбөрт 11,000,000 төгрөг шилжүүлж, 24,723,360 төгрөгөөр бараа бүтээгдэхүүн захиалсан. Эхний ээлжид бараа бүтээгдэхүүнийг *******ээр дамжуулан захиалж байсан. Хамтран ажиллах хугацаанд******* нь *******эд 15,000,000 төгрөг төлсөн.
2.3.******* нь компанийн үйл ажиллагааг хариуцаж байхдаа ******* ХХК-д БНХАУ-ын ******* брэндийн бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр борлуулах эрхийг авхуулахаар шахсаар байгаад өндөр төлбөртэй борлуулалтын эрх авхуулснаас болоод маш их хэмжээний алдагдал хүлээсэн.
2.4.Талуудын хамтын бизнесийн үйл ажиллагаа дуусаж, компанийн 50 хувийн хувьцааг гүйцэтгэх захирал, компанийн эрхийн хамт шилжүүлэн авснаас хойш ******* нь 39,500,000 төгрөг төлсөн.
2.5.Нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан *******эс 62,900,000 төгрөгийг ******* нь зээлж аваагүй, мөн *******ээр дамжуулан түүнээс зээл авсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч ******* нь компанийн санхүүгийн үйл ажиллагааг өөрийн хувийн дансаар явуулж байхдаа төрсөн эгчээсээ шилжүүлж авсан мөнгөө *******д зээлсэн мэтээр тайлбарлаж, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зориуд санаатайгаар хуурамч гэрээ нөхөж байгуулсан гэж үзэж байна. Тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, мөн мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгуудыг харвал зээл, зээлийн хүүтэй холбоотой агуулга байхгүй. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч ******* нь бизнесийн үйл ажиллагаа үргэлжилж байх цаг хугацаанд төрсөн эгч *******эс 60,119,999 төгрөг хүлээн авсан, ******* нь 34,355,000 төгрөг шилжүүлсэн гэж тодорхой тусгагдсан. Мөн уг цаг хугацаанд өөрийн нөхөр*******оос 26,135,680 төгрөг хүлээж аваад, буцаагаад 52,091,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эгчээсээ авсан мөнгөө нөхөр лүүгээ шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдаж байна.
2.6.Компанийн өөрийн хөрөнгө нь 204,783,100 төгрөг ба компани 50,150,000 төгрөгийн өртэй, уг өрийг хасаад хувьцаанд ногдох хэсгийг тооцоход 77,316,552 төгрөг, үүнээс төлсөн 39,155,000 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагын 38,161,552 төгрөгийг төлбөл зохих төлбөр байна гэж үзэж байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 108 дугаар зүйлийн 108.5-д тус тус зааснаар *******ээс 102,391,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,314,121 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,224,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 669,907 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаа нь хамтран ажиллах гэрээний шинжийг илүү агуулж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч******* нь өмнө хариуцаж ажиллуулдаг байсан ******* брэндийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах бизнесийн үйл ажиллагааг *******ээс буцаан авах үед уг бизнест хамтарч ажиллах саналыг гаргаснаар энэхүү харилцаа үүссэн байдаг. ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-тай түрээсийн гэрээнүүдийг байгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* ХХК-ийн түрээсийн гэрээний эрхийг шилжүүлж авах хэлцэл хийж, улмаар БНХАУ-ын ******* брэндийн Монгол Улс дахь борлуулалтын үйл ажиллагааг хариуцан явуулж байсан нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, ******* брэндийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах бизнесийн үйл ажиллагаа нь хуулийн этгээд үүсгэн байгуулахгүйгээр хоёр хүний хамтын гэрээний дагуу хэрэгжих боломжгүй. Хамтын бизнесийн үйл ажиллагаа нь өөрөө хуулийн этгээдийн ашгийн төлөөх үйл ажиллагаа байсан тул бизнесээ эхлүүлэх үед нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болсон байдаг. Энэхүү үйл баримтад талууд маргаагүй.
Тодруулбал, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хүсэл сонирхлын дагуу хувьцааг тэнцүү хувааж, тус компани нь бизнесийн үйл ажиллагаа явуулах үйлчилгээний талбай, агуулахын талбайн түрээсийн гэрээг байгуулж, БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн захиалах үйл ажиллагаа явуулсан нь хамтран ажиллах гэрээний харилцаа биш байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.2.Шүүх талуудын хамтын бизнесийн үнэ цэнийг бодитой тогтоосон боловч хэргийн баримтаар тогтоогдсон өрийг хуваарилаагүй орхигдуулсан. Талууд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар бизнесийн үнэ цэнэ 204,783,104 төгрөгөөр тодорхойлогдох талаар маргаагүй. Харин шүүх уг 204,783,104 төгрөгийн 50 хувиар тооцож, 102,391,552 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл уг бизнесийн үйл ажиллагаа анх эхлэхдээ ******* ХХК нь ******* ХХК-иас түрээсийн гэрээний эрх болон бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, уг бизнесийн үйл ажиллагаа анхнаасаа 167,850,000 төгрөгийн өр зээлтэй эхэлсэн байдаг. Харин уг өр төлбөрөөс ******* нь 11,000,000 төгрөг,******* нь 15,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тус тус *******эд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг бизнесийн үйл ажиллагааны орлогоор төлж байсан үйл баримт тогтоогддог.
Шинжээчийн дүгнэлтээр *******ийн данснаас ******* рүү нийт 130,272,965 төгрөг шилжүүлсэн байгааг тогтоосон. Үүнээс 91,700,000 төгрөгийг түрээсийн талбайн эрх болон бараа бүтээгдэхүүний төлбөрт тооцуулахаар *******эд шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар нотлогддог. Ийнхүү ******* ХХК нь ******* ХХК-д төлөх 167,850,000 төгрөгөөс 117,700,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 50,150,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа. Компанийн өр нь тэнцүү хуваагдах ёстой байхад шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
4.3.2023 оны 04 дүгээр сараас хойш буюу ******* нь хамтын бизнесээс гарч, компанийн хувьцаа, гүйцэтгэх захирлын эрхийг шилжүүлж өгснөөс хойш******* нь нэхэмжлэгчид 39,155,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн баримтаар нотлогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүй.
4.4.Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн үнийн дүнгээс хуваагдвал зохих 50,150,000 төгрөгийн 50 хувь болох 25,075,000 төгрөг, төлөгдсөн төлбөр болох 39,155,000 төгрөгийг тус тус хасаж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнг 64,230,000 төгрөгөөр багасгаж 38,161,552 төгрөг болохыг тогтоож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1.Хариуцагч тал нь ******* ХХК-ийг байгуулсан учраас хамтран ажиллах гэрээ биш гэж тайлбарладаг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Талуудын байгуулсан ******* ХХК-д байнгын, өдөр тутмын идэвхтэй үйл ажиллагаа байгаагүй. Мишээл худалдааны төвөөс аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулах шаардлага тавьсан учраас уг компанийг байгуулсан. ******* ХХК нь ******* брэндийн албан ёсны борлуулах эрхийг эзэмшиж байсан гэдэг нь үндэслэлгүй. Бодит байдал дээр Эрээнээс ******* нэртэй гэрэлтүүлэг, бараа бүтээгдэхүүнийг оруулж ирээд зардаг байсан.
Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь албан ёсны борлуулагчийн эрх эдлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан зүйл байхгүй. Хариуцагч тал хариу тайлбартаа өдөр тутмын үйл ажиллагааг ******* хариуцаад явдаг байсан гэж дурддаг. Тэгэхээр иргэнээрээ үйл ажиллагаа явуулахаар талууд тухайн үедээ ойлголцоод явж байсан, мөн шүүх хуралдааны явцад энэ талаар дурдагдаж байсан.
5.2.Уг компанид болон цаашлаад *******,******* хоёрт одоогийн байдлаар үүссэн өр төлбөрийн талаарх албан ёсны тооцоо баримт, аливаа этгээдээс өр нэхэж байгаа зүйл байхгүй. ******* ХХК-иас бараа бүтээгдэхүүнийг авахдаа түүнийг зараад, зарагдахаар нь мөнгийг өгөхөөр тохиролцож байсан. ******* нь гэрээнээс гарахдаа*******д 2,438 ширхэг бараа бүтээгдэхүүн үлдээсэн. Үүнээс 1,562 ширхэг нь талуудын хамтран ажиллах гэрээний явцад үлдсэн бараа бүтээгдэхүүн, үлдсэн 700 ширхэг орчим нь өмнөх бараа бүтээгдэхүүний үлдэгдэл ба эдгээр бараа бүтээгдэхүүнийг зарахаараа ******* ХХК-ийн үлдээсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг өгнө гэсэн үг.
5.3.Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноос хойш төлсөн 39,155,000 төгрөгийг хасаагүй гэж тайлбарлаж байна. Талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгоод салахдаа *******д төлөх 39,155,000 төгрөгийн өрийг хоёулаа хэрхэн төлөх талаар хэлцэл хийсэн. Ногдох хэсэг, ашиг болгоод өгсөн, түүнийг нь хасаагүй үйл баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй талууд маргаагүй ба шинжээчийн дүгнэлтээр өр төлбөрийг тухайн бизнесээс төлөгдсөн буюу ******* төлсөн болохыг банкны дансны хуулга, бусад нотлох баримттад үндэслэн дүгнэсэн.
5.4.Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь бодитой авч үзээд, нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн. Талууд хамгийн анх бүх зүйл дээр 50, 50 хувиар тэнцүү байх тохироо хийсэн. Уг бизнесийг дуусгаад гарах үедээ мөн хэлцэл хийж, уг хэлцлээр 50, 50 хувь гэсэн байдлаар тохиролцсон. Шүүх бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд 50, 50 хувь гэснийг буруутгахгүй.
5.5.Хариуцагч өр төлбөртэй үлдээгүй, харин бизнестэй үлдсэн. Тухайн бизнесээсээ ногдох хэсгийг *******т буцааж олгох нь шударга зүй ёсны асуудал гэж үзэж байна. Тийм учраас шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан дүнг багасгах үндэслэл байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан түүнд хүлээлгэн өгсөн хөрөнгөөс өөрийн 70 хувьд ногдох хөрөнгөд 143,348,173 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн өмнөөс зээлийн төлбөрт төлсөн гэх 38,357,500 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 181,705,673 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ....*******эс 62,900,000 төгрөгийг******* нь зээлж аваагүй, мөн *******ээр дамжуулан түүнээс зээл авсан зүйл байхгүй, компанийн өөрийн хөрөнгө нь 204,783,100 төгрөг ба компани 50,150,000 төгрөгийн өртэй, уг өрийг хасаад хувьцаанд ногдох хэсгийг тооцоход 77,316,552 төгрөг, үүнээс төлсөн 39,155,000 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагын 38,161,552 төгрөгийг төлбөл зохих төлбөр байна гэж үзэж байна... гэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тогтоосон буюу талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4.Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлэхэд нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, үүнтэй холбоотойгоор тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулахаар талууд тохиролцсон, улмаар ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-тай түрээсийн гэрээ, чингэлгийн талбай түрээслэх гэрээг тус тус байгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* ХХК-тай түрээсийн талбайн эрх, тохижилт, бараа бүтээгдэхүүн шилжүүлэх хэлцэл хийж, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогджээ.
Үүнээс үзэхэд талууд тодорхой үйл ажиллагаа явуулах зорилгоор компанийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр оролцож, бизнесийн үйл ажиллагаагаа хамтран явуулсан байх тул энэ нь хамтран ажиллах гэрээний харилцаа бус харин ашиг олох зорилгоор хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.
5.Улмаар хувьцаа эзэмшигч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ******* ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн, 50 ширхэг хувьцааг 10,000 төгрөгөөр хувьцаа эзэмшигч*******д худалдаж, уг хувьцаанд ногдох эрх, үүргээ шилжүүлж хувьцаа эзэмшигчээс гарсан, үүнтэй холбоотойгоор тус компанийн нийт хөрөнгийг 204,783,100 төгрөгөөр тодорхойлж, үүнээс өөрийн оруулсан хөрөнгө оруулалтыг 70 хувь гэж тооцон ногдох хөрөнгөд 143,348,173 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотолж чадаагүй байна.
6.Хэдийгээр компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээд, хувьцаа эзэмшигчээс гарч байгаа тохиолдолд энэ нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах учиртай боловч хариуцагч******* нь дээрх үйл ажиллагааны үр дүнд ******* ХХК-д үлдсэн хөрөнгөөс нэхэмжлэгч *******т ногдох хөрөнгөд 38,161,552 төгрөг өгөхийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж байгаа учраас шүүх талуудын зарчмыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д нийцнэ.
7.Мөн нэхэмжлэгч ******* нь талууд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр *******эс 62,900,000 төгрөгийг хүүтэй зээлж, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан ба хариуцагчийн өмнөөс 38,357,500 төгрөг төлсөн гэж шаардсаныг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч ******* нь *******тэй 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Мишээл барилгын их дэлгүүрийн 82 дугаар павильонд байрлах дэлгүүрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулах зориулалтаар 60,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай байхаар тохиролцож, Ч.Мөнх-Эрдэнийн данснаас 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19,970,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 35,000,000 төгрөг, нийт 55,100,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч уг хүлээн авсан 55,100,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, зарцуулалт болон төлж барагдуулсан гэх байдлаа баримтаар нотолж чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь зөв бөгөөд үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд уг шаардлагын талаар эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч*******гаас 38,161,552 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 143,544,121 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын талаарх хуулийн зохицуулалтыг буруу баримталсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
10.Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн зохих өөрчлөлт орно.
11.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/11685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч*******гаас 38,161,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 143,544,121 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...669,907... гэснийг 348,758 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 479,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ