| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01301/И |
| Дугаар | 01356 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 01356
2016 оны 11 сарын 10 өдөр Дугаар 142/ШШ2016/01356 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-13-7 оршин суух, /Регистрийн дугаар ФА89090346/, Боржигон овгийн Болдбаатарын Чингэсмаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1989 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-13-61 оршин суух, /Регистрийн дугаар ФА89072594/, Өөлд овгийн Баянжаргалын Анхбаярт холбогдох
“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-09-07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Чингэсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Чингэсмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Чингэсмаа нь 2005 оноос Б.Анхбаяртай үерхэж эхлээд 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүүтэй болсон. Хүүгээ Б.Чингэсмаа нь өөрийнхөө нэр дээр овоглосон бөгөөд удаагүй бид тусдаа амьдарцгааж тус тусдаа нөхөр, эхнэртэй болсон бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 20-нд хүүгээ одоо амьдарч буй нөхрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Б.Анхбаяр нь хүүхдээ хариуцаж хүүхдийн тэтгэмжийг нэг ч удаа өгч байгаагүй учир хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ. Б.Анхбаярыг хүү Энхзаяагийн эцгээр тогтоож, хүүхдээ харж үздэггүй учир хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянжаргалын Анхбаяр нь 2005 оноос Болдбаатарын Чингэсмаатай үерхэж байсан нь үнэн болно. Улмаар 2007 онд 10 дугаар сард хүүтэй болсон нь үнэн. Гэхдээ би 2009 онд хэрэгт холбогдон 2009-2013 онд ял эдлэж байсан. Энэ хугацаанд хүүтэй маань уулзуулдаггүй байсан. Гарч ирээд уулзах гэсэн хүнтэй суусан байсан. Хүүтэйгээ уулзаад чадлаараа мөнгө төгрөг өгөх гэхэд миний хүү ааваас, ээжээс айж байна. анхбаяр чиний аав биш хэзээ ч битгий уулзаж бай гэсэн гээд авдаггүй байсан. Одоогоор тогтсон ажилгүй ажилд оръё гэхэд ял эдлэж байсан хүний ажилд авахгүй гээд ажил олдохгүй байна. одоо 80 гарсан хөгшин ээжийгээ харж асарч байна. эцэст нь хүүгийг минь өгч болдог бол би өөр дээрээ хүүгээ авмаар байна. Эхнэр авч тусдаа гарсан юм бол байхгүй. Одоогоор ажилгүй байгаа тул тэтгэмж төлөх боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Чингэсмаа нь хариуцагч Б.Анхбаярт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Чингэсмаа хариуцагч Б.Анхбаяртай гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү Г.Энхзаяа төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хүү Г.Энхзаяа нь одоо эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа нь Баян-Өндөр цогцолбор сургуулийн тодорхойлолт, “Анхын-Оч” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Б.Анхбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч “...одоогоор ажилгүй байгаа тул тэтгэмж төлөх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж боловч түүний энэ тайлбар нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Анхбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэн, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Тодруулбал Б.Анхбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Г.Энхзаяаг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 170 800 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 1 024 800 төгрөг болох ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөгийг хариуцагч Б.Анхбаяраас гаргуулж улсын орлогод оруулах үндэстэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.1.тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл гэж заасан.Тиймээс нэхэмжлэгчийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Хариуцагч Б.Анхбаярт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Энхзаяагийн эцэг нь Баянжаргалын Анхбаяр мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Энхзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Анхбаяраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Анхбаяраас 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА