| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/02322/И |
| Дугаар | 210/МА2026/00545 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00545
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00380 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нар,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, алдангид 95,641,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.*******, ******* нар нь ******* ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 23/012 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдөр орон сууцны төлбөрт 191,280,000 төгрөг төлсөн.
1.2.Орон сууц захиалгаар барих гэрээний 4.5-д гүйцэтгэгч нь орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг захиалагчид гаргаж өгөх үүрэгтэйг тусгасан. Нэхэмжлэгч нар нь орон сууцыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөхгүй байна. Уг асуудлаар хариуцагчтай уулзахад захиалгын гэрээг шинэчилж байгуулна, хуучин гэрээгээ хураалгахгүй бол шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй гэж зүй бус шаардлага тавьж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна.
1.3.Мөн тус гэрээний 2.1-д Гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг 2023 оны 3 дугаар улиралд дуусгавар болгоно. гэж, 6.3-т Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө. гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан хугацаанаас хэтэрч 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцыг хүлээлгэж өгсөн тул гэрээний дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцоход 1 хоногийн алданги 956,400 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаа хэтэрсэн 237 хоногт ногдох алданги 226,666,800 төгрөг байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан уг хугацааны алдангид 95,641,000 төгрөг шаардаж байна.
1.4.Иймд нэхэмжлэгч нарыг ******* хот, *******, ******* хороо, ******* /*******/, *******хотхон, ******* дүгээр байр, 1 дүгээр орц, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 73.57 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас алдангид 95,641,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.*******гийн ******* хороонд *******хотхоныг барьсан газрын эзэн ******* ХХК болон ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр *******хотхоны 3 блок барилгыг барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гэрээний дагуу ******* ХХК болон ******* ХХК-иуд нь барилгын хөрөнгө оруулагчаар орж, гүйцэтгэгч компаниар ******* ХХК-ийг сонгон, түүнтэй 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ГТ/2108 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлаа эхлүүлсэн.
2.2.Манай компани 2023 оны 3 дугаар улиралд багтаан барилгын ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж, захиалагч нартай гэрээ хийснээс хойш 2023 оны 04 дүгээр сар гэхэд барилгын ажлыг гүйцэтгэж дууссан боловч уг төслийн хүрээнд баригдаж буй B, С блок барилгын ажил дуусаагүйн улмаас улсын комисс барилгыг хүлээн авах ажил хойшлогдож, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр барилгыг ашиглалтад оруулж, орон сууцыг захиалагч нарт хүлээлгэж өгсөн.
2.3.Барилгыг улсын комисс хүлээн авсны дараа компанийн зүгээс *******хотхоны ******* дүгээр байрны орон сууц тус бүрийн гэрчилгээг гаргахад бүрдүүлэх шаардлагатай бүх материалыг захиалагч нарт гаргаж өгсөн. Ингэхдээ хаяг өөрчлөгдсөн тул захиалагч нартай гэрээг шинэчлэх шаардлагатай болсон тул 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нартай уулзан захиалгын гэрээг шинэчлэн хийж, гарын үсэг зуруулж баталгаажуулан, улсын бүртгэлд өгөх албан бичгийг бэлэн болгосон. Нэхэмжлэгч тал нь гарын үсэг зурсан гэрээ болон манай компанийн бичиж өгсөн хүсэлтийг аваагүй. Манай компанийн борлуулалтын ажилтан хэзээ ирж гэрээ, холбогдох баримт бичгээ авах талаар 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 03 сарыг хүртэл удаа дараа холбогдсон боловч нэхэмжлэгч талаас хариу өгөөгүй явсаар 2025 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байсан. Манай компани мөнгийг нь авсан, захиалгын гэрээ хийсэн нь үнэн тул нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоолгох тухайд маргахгүй.
2.4.*******хотхоны төслийн А блок ******* дүгээр байрны барилгын ажил 2023 оны 04 дүгээр сар гэхэд бүрэн дуусаж, улсын комисст санал гаргах эрх нь үүссэн боловч энэ төсөл 3 блок барилгаас бүрдэх тул манай барилгыг дангаар нь улсын комисс хүлээн аваагүй. Мөн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд гүйцэтгэгч тал өөрөөс үл шалтгаалан ажил хойшлогдсон бол нөгөө талдаа мэдэгдэхээр заасны дагуу хариуцагч уг үүргээ биелүүлж, улсын комисс хүлээн авах ажил хойшлогдож байгаа талаарх мэдээллийг нэхэмжлэгч талд тогтмол хүргэж байсан. Ийнхүү манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас уг барилга гэрээнд заасан хугацаанаас 7 сараар хэтэрч ашиглалтад орсон тул талуудын байгуулсан гэрээний 4.1, 7.2-т тус тус заасны дагуу хариуцагч алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нартай шинээр гэрээ байгуулж, тус гэрээ талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болсон. Шинэ гэрээ байгуулснаар өмнөх гэрээний үйлчлэл дуусгавар болох тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй.
2.5.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 95,641,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарыг ******* хот, *******, ******* хороо, ******* /*******/, *******хотхон, ******* дүгээр байр, 1 дүгээр орц, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 73.57 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, алдангид 95,641,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх алдангид 95,641,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...гэрээний 6.3-т заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй... гэж дүгнэсэн. Гэрээний уг заалт нь ямар учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Гэрээгээр орон сууцыг тогтоосон хугацаанд ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг гүйцэтгэгчид хүлээлгэж, уг үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэх талаар харилцан тохиролцож баталгаажуулсан нь хуулийн урьдчилсан нөхцөлийг хангахаас гадна үг, үсэг, агуулгын хувьд өөр утга санааг агуулаагүй, мөн шүүх хуралдааны явцад талууд энэ талаар маргаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг тодорхойгүй байгаа нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүйд хүргэж байна.
4.2.Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн шүүх зөв дүгнэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гүйцэтгэгч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь хүлээлгэн өгөх үүрэгтэй ба уг гэрээний хувьд алдангийн хэмжээг худалдаж буй орон сууцны үнийн дүнгээр тодорхойлохоор байна. Мөн гүйцэтгэгч нь орон сууцыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн ба үүнээс өмнөх хугацаанд орон сууц болон орон сууцны аль нэг хэсгийг хүлээлцээгүй юм.
Ийм учраас нэхэмжлэгч тал алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүрэг болох орон сууцны нийт үнийн дүнгээс тооцож нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх ...хуульд зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцох байтал нэхэмжлэгч нар өөрийн гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгээс алданги тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй, хэргийг баримтаар хариуцагчийн үүргийн зөрчил буюу хугацаа хэтрүүлсэн үеийн дуусгаж чадаагүй ажлын үнийг дүнг тодорхойлох боломжгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.3.Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алдангийг сонгож гэрээндээ тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус нийцсэн. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг багасгах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч талын барилгын ажил бусад гүйцэтгэгч талаас шалтгаалан удааширсан гэх тайлбар нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй нөхцөл байдалд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн хэмжээг багасгахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1.Тус барилга нь 3 блокоос бүрдэж байгаа, А блокт манай компани хөрөнгө оруулалт хийсэн. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т Цогцолбор барилга байгууламжийн технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсгийг хэсэгчлэн энэ хуулийн 48.1-д зааснаар ашиглалтад оруулж болно. гэж заасан. Өөрөөр хэлбэл, цогцолбор барилга дээр хэсэгчлэн ашиглалтад авах ба цогцолбор бус барилгыг нэгдсэн журмаар ашиглалтад оруулах зохицуулалттай.
Манай талаас барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн байсан боловч нөгөө 2 блокийн тодорхой ажил хийгдэж дуусаагүй байсан учраас үүнийг хүлээхээс өөр аргагүй болж, 7 сарын хугацаа хэтэрсэн.
5.2.2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний 4.1, 4.2-т тус тус зааснаар манай талаас бүх захиалагч нарт гэрээнд заасан хугацаа тодорхой хугацаагаар хойшлогдож байгаа талаар мэдэгдэж байсан.
5.3.Нэхэмжлэгч тал үнийн дүнг бүтэн төлсөн боловч манай талын тухайн үед барилгын ямар хэсгийг дуусгаагүй, гүйцэтгээгүй байсан хэмжээгээр алдангийг тооцох нь зүйтэй. Тухайн үед манай барилга баригдсан байсан ба зөвхөн улсын комисс хүлээн авах ажил үлдсэн байсан. Энэ нь манай талаас үл шалтгаалах нөхцөл байдал байсан болох нь борлуулалтын ажилтны гэрчийн мэдүүлэг болон утсанд хийсэн тэмдэглэлээр нотлогдоно.
5.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* хот, *******, ******* хороо, ******* /*******/, *******хотхон, ******* дүгээр байр, 1 дүгээр орц, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 73.57 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, алдангид 95,641,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...манай зүгээс эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг бэлэн болгосон боловч нэхэмжлэгч тал ирж аваагүй, нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоолгох тухайд маргахгүй, харин хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн нөхцөл байдал хариуцагчийн буруугаас болоогүй тул алдангийг зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
4.Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1.Гүйцэтгэгч ******* ХХК болон захиалагч *******, ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 23/012 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр гүйцэтгэгч нь ******* хот, *******, ******* хороо, *******анд баригдаж буй *******хотхон, 1 дүгээр блок, 1 дүгээр орц, ******* давхарт байрлах, 73.57 м.кв талбайтай орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж, 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагч нарт хүлээлгэн өгөх, захиалагч нар нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны төлбөрт 191,282,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-9-р тал/
Дээрх гэрээнд захиалагч нарыг төлөөлөн ******* гарын үсэг зурсан болох нь гэрч *******гийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.
4.2.Захиалагч *******, ******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 191,282,000 төгрөгийг гүйцэтгэгч ******* ХХК-д төлсөн, улмаар гүйцэтгэгч нь уг орон сууцыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр захиалагч нарт хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд мөн маргаагүй.
4.3.Улмаар барилга ашиглалтад орсны дараа тухайн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахын тулд, тус барилга баригдсан *******гийн ******* хороо нь *******гийн ******* хороо болж, улмаар хаягжилт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээг шинэчлэх шаардлагатай болсон үндэслэлээр талууд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн КТ/24-47 дугаар Орон сууц захиалгын гэрээнд гарын үсэг зурсан байх боловч зохигч тус гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргасан. /хх-ийн 50-52-р тал/
5.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн. Уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээр тохирсон үнэ болох 191,282,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох баримт бичгийг шаардах эрхтэй ба хариуцагч ******* ХХК нь орон сууцны төлбөрийг бүрэн хүлээн авсан, нэхэмжлэгч нарыг маргааны бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын тухайд маргахгүй гэдгээ илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нарыг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй.
6.Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай шаардлага нь бие даасан шаардлага бус, өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын үндэслэл талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй учраас уг шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй.
Харин маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******, ******* нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай учраас уг орон сууцыг нэхэмжлэгч *******, ******* нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа улсын бүртгэлийн байгууллагад бүртгэхийг даалгах талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулна.
7.Алдангийн тохиролцооны тухайд, талууд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний 6.3-т Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д тус тус заасныг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх алдангийн тохиролцоо хуульд нийцээгүй гэх агуулгаар дүгнэсэн нь буруу болсон байх тул энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
Зохигч аль гэрээг үндэслэн алданги шаардах эрхтэй эсэх талаар маргасан байх боловч хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******, ******* нартай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23/012 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу орон сууцны төлбөрийг хүлээн авсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүйгээс гадна хожим байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн КТ/24-47 дугаар Орон сууц захиалгын гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн хаягжилт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор, улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор гарын үсэг зурсан болохоо талууд илэрхийлсэн тул талуудын анх байгуулсан гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлэх нь зүйтэй.
8.Хариуцагч ******* ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн буюу орон сууцыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн талаар талууд маргадаггүй ба энэ талаар хариуцагч ...2023 оны 04 дүгээр сар гэхэд барилгын ажлыг гүйцэтгэж дууссан боловч уг төслийн хүрээнд баригдаж буй B, С блок барилгын ажил дуусаагүйн улмаас улсын комисс барилгыг хүлээн авах ажил хойшлогдсонтой холбоотойгоор 7 сарын хугацаа хэтэрсэн... гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой. Гэвч хариуцагч ******* ХХК-ийн буруу биш буюу түүнээс үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа нотлох холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь барилга ашиглалтад оруулах хугацаа хойшлогдож байгаа талаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний 4.2-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний 4.1-д заасан хугацаанд барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд уг хугацааг боломжит хугацаагаар хойшлуулан захиалагчид шинэчилсэн хугацааг мэдэгдэх үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч нарт мэдэгдэж байсан болохоо баримтаар нотлоогүй, мөн гэрч *******гийн нэхэмжлэгч нарын төлөөлөгч *******т энэ талаар мэдэгдэж байсан гэх мэдүүлэг нь хэргийн бусад баримтаар нотлогдоогүй, мөн хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт болох 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд талуудын төлөөлөгч нар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш буюу маргаанд хамаарах хугацаанаас хойш хоорондоо харилцсан байгаа учраас уг баримт нь тухайн маргаанд хамааралгүй, ач холбогдолгүй байна.
Түүнчлэн хариуцагч ******* ХХК нь гуравдагч этгээдүүдтэй байгуулсан гэрээнүүдийг хэрэгт гаргаж өгсөн байгаа боловч тус гэрээнүүдийг үндэслэн хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь гуравдагч этгээдээс шалтгаалсан гэж дүгнэх боломжгүй.
9.Иймд хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч *******, ******* нар нь талуудын байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23/012 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний 6.3-т заасны дагуу алданги шаардах эрхтэй боловч давж заалдах шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, алдангийн хэмжээг багасган тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын байгуулсан дээрх гэрээний хугацаанаас үзэхэд тухайн үед барилга буюу орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон байсан гэж дүгнэхээр байх ба энэ талаар талууд тайлбарласнаас гадна гэрч ******* нь манай байр бэлэн болсон байсан гэх агуулгаар мэдүүлжээ.
Иймд дээрх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг үндэслэн хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож, алдангид 19,128,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгосон өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
10.Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн зохих өөрчлөлт орно.
11.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00380 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарыг ******* хот, *******, ******* хороо, ******* /*******/, *******хотхон, ******* дүгээр байр, 1 дүгээр орц, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 73.57 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгч *******, ******* нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч ******* ХХК-иас алдангид 19,128,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,513,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын ...70,200... гэснийг 253,590 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 636,155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ