| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01508/И |
| Дугаар | 01361 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 01361
2016 оны 11 сарын 11 өдөр Дугаар 142/ШШ2016/01361 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 25 дугаар гудамжны 45 тоотод оршин суух, Солгой овгийн Сэнгийн Ганболдын /регистрийн дугаар ИЖ56040218/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ганболд, гэрч Г.Агваан-Ёндон, Ч.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2005 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр ажилласан жилээ тогтоолгосон. Гэтэл шүүхийн шийдвэр дээр Сэнгэ овогтой Ганболд гэхийг Сэрээнэнгийн Ганболд гэж буруу бичсэн байна.Иймд Сэрээнэн овогтой Ганболд гэснийг Сэнгэ овогтой Ганболд болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Сэнгийн Ганболд намайг 1971 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1974 оны 06 сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэцэцэрлэг нэгдлийн Загастай бригадад малчинаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шинэ цэцэрлэг ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ганболд нь 1971 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1974 оны 06 сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэцэцэрлэг нэгдлийн Загастай бригадад малчинаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шинэ цэцэрлэг ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1981 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1981-1989 оныг дуустал бичилт хийгдсэн,
2.Техник мэргэжлийн сургууль, үйлдвэрлэлд хуваарилагдагсдад олгох хуудаст “1971 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн Сэрээнэнгийн Ганболдыг Идэр сумын Дулаан-Уул бригадад ямаачнаар хуваарилав” гэжээ.
4.Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Архивын тодорхойлолтонд “Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Шинэ цэцэрлэг ХК нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.
5.Гэрч Ч.Даваахүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие тус нэгдэлд малчнаар 1978 оноос эхэлж ажиллаж байсан, бид хоёр 1978 онд гэр бүл болсон. Манай нөхөр 1974 онд цэрэгт явсан. Би Завхан аймгийн Чигэстэй гуанзанд тогоочоор ажиллаж байгаад 1978 оноос тус нэгдэлд малчинаар ажилласан. Манайх 2009 он хүртэл Завхан аймгийн Идэр суманд байж байгаад энд шилжиж ирсэн. Манайх 1992-1994 он хүртэл Шинэ цэцэрлэг компанийн мал маллаж байсан” гэжээ.
6.Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаар шийдвэрээр “Ч.Даваахүүг 1981 онд олгсон Хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоож” шийдвэрлэжээ.
7.Гэрч Г.Агваан-Ёндон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 1981-1995 он хүртэл багшийн ажил хийж байсан. Намайг очиход С.Ганболд адуучин байсан. Сүүлдээ нэгдэл тарснаас хойш түрээсийн малчин байсан. Нэгдэл 1992 онд тараад Шинэ цэцэрлэг хоршоолол болсон. С.Ганболд 1995 он хүртэл тасралтгүй ажилласан. Ганболдын аавыг Сэнгэ гэж хүн байсан” гэжээ.
8.Гэрч Г.Агваан-Ёндонгийн хөдөлмөрийн дэвтэрт “1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн Хими биологийн багшаас чөлөөлж Завхан Идэрийн 8 жилийн сургуульд Хими биологийн багшаар ажиллуулав” гэсэг готлох баримтууд зэрэг болно.
Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Сэрээнэнгийн Ганболдыг Завхан аймгийн Идэр сумын Шинэцэцэрлэг нэгдлийн Загастай бригадад малчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.
Шийдвэр гарах тухайн үед нэхэмжлэгч өөрийн ээж Долгорсүрэнгийн эцэг Сэрээнэнгээр овоглосон байсан нь түүний цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ, техник мэргэжлийн сургууль, үйлдвэрлэлд хуваарилагдагсдад олгох хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.
С.Ганболд ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноос хойш буюу 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 483 дугаар захирамжаар Сэнгийн Ганболд болгож овгоо өөрчлүүлж, 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсний гэрчилгээ авсан байна. Иймд Сэнгийн Ганболдын ажилласан байдлыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Сэнгийн Ганболд нь 1971 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1974 оны 06 сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэцэцэрлэг нэгдлийн Загастай бригадад малчинаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шинэ цэцэрлэг ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан болох нь түүнийг 1971 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Идэр сумын Шинэцэцэрлэг нэгдлийн Дархан Уул фирмд ямаачинаар хуваарилсан тухай техник мэргэжлийн сургууль, үйлдвэрлэлд хуваарилагдагсдад олгох хуудас, нэхэмжлэгчид 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр гэрч Ч.Даваахүү, Г.Агваан-Ёндон нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Завхан аймгийн Идэр сумын Шинэцэцэрлэг ХК нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлж үйл ажиллагаа явуулж байсан нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Архивын тодорхойлолтоор тогтоогдсон.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Даваахүү, Г.Агваан-Ёндон нарыг гэрчээр асуусан ба гэрч нар С.Ганболдтой Завхан аймгийн Идэр сумын Шинэцэцэрлэг нэгдлийн Загастай бригадад, нэг суманд ажиллаж байсан нь Ч.Даваахүүг хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоосон, түүний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосон Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаар шийдвэр, гэрч Г.Агваан-Ёндонгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Солгой овгийн Сэнгийн Ганболдыг 1971 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1974 оны 06 сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэцэцэрлэг нэгдлийн Загастай бригадад малчинаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шинэ цэцэрлэг ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Ганболдоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА