Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 576

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Нийслэлийн Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улиралын цэцэрлэг хотхон, 1 дүгээр байр 310 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, одоо Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоонд менежер ажилтай  Эрхий мэргэд овогт Дашцэрэгийн Нарангэрэлийн /ЧТ-61030564/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Нарангэрэл миний бие нь анх Сэлэнгэ аймгийн Намын хорооны товчооны 1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Намын хороонд гадаад харилцааны асуудал хариуцсан зааварлагчаар томилогдон ажилласан билээ.

 Улмаар нөхрөө дагаж Улаанбаатар хотод шилжих болсонтой холбогдуулан 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дээрх ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Сэлэнгэ аймгийн Намын хорооноос №113547 тоот хөдөлмөрийн дэвтрийг 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээж олгож байсан боловч миний ажилд орсон огноо хөдөлмөрийн дэвтэр олгосон огноотой зөрүүтэй байгааг нийгмийн даатгалын байцаагч анхааруулж, Сэлэнгэ аймгийн Намын хорооноос ажилд томилсон тогтоолын хуулбарыг авч ирэхийг зөвлөсөн юм.

Миний бие Сэлэнгэ аймгийн архивын газарт шаардлагатай байгаа тогтоолынхоо талаар хүсэлтээр хандсан боловч тус архиваас дээрх албан тушаалд томилсон тушаал олдоогүй тул намайг 1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн МАХН-ын хороонд гадаад харилцааны асуудал хариуцсан зааварлагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь “...намайг  1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн МАХН-ын хороонд гадаад харилцааны асуудал хариуцсан зааварлагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Д.Нарангэрэл нь Сэлэнгэ аймгийн МАХН-ын хороонд гадаад харилцааны асуудал хариуцсан зааварлагчаар  1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээлгэсэн  №113547 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 4-5 талд авагдсан Д.Нарангэрэлийг 1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны 48 дугаар тогтоолоор гадаад харилцааны асуудал хариуцсан зааварлагчаар томилсон, 1987 оны 03 дугаар 31-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүд, гэрч н.Гантөмөр, н.Өлзийтогтох, Ч.Даваадорж нарын шүүхэд Д.Нарантуяагийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Д.Нарангэрэлийг Сэлэнгэ аймгийн МАХН-ын хороонд гадаад харилцааны асуудал хариуцсан зааварлагчаар  1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дашцэрэнгийн Нарангэрэлийг Сэлэнгэ аймгийн МАХН-ын хороонд гадаад харилцааны асуудал хариуцсан зааварлагчаар  1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА