| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Гансүх |
| Хэргийн индекс | 188/2017/0101/э |
| Дугаар | 549 |
| Огноо | 2017-07-27 |
| Зүйл хэсэг | 098.1., 100.1., 153.1., 188.2., 192.1., 192.2., 230.1., |
| Улсын яллагч | Б.Батжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 549
Х.Анхбаяр, Ж.Энхцэцэг, Г.Ижилболд нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батжаргал,
шүүгдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Ж.Энхцэцэгийн өмгөөлөгч Н.Оюунгэрэл,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 595 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батжаргалын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бичсэн эсэргүүцлээр Х.Анхбаяр, Ж.Энхцэцэг, Г.Ижилболд нарт холбогдох 2016 0100 0242 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овогт Ханмөрөнгийн Анхбаяр, 1977 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын, 40 дүгээр байрны 121 тоотод оршин суух,
1999 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 10 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж нийт 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
2004 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх 1999 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 1 сар 23 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жил 1 сар 23 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 18 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан /РД:ЧР77052815/,
2. Уургач овогт Жаргалсайханы Энхцэцэг, 1988 оны 1 дүгээр сарын сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эмэгтэй, 29 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2-6 тоотод оршин суудаг, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ВЮ88012225/,
3. Алаг адуу овогт Галбадрахын Ижилболд, 1975 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40 мянгатын 13 дугаар байрны 42 тоотод оршин суух,
1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-т зааснаар 7 жил хорих ял шийтгүүлж, 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
2002 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил, 5 сар, 15 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,
2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар хорих ял шийтгүүлж, 2002 оны таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 5 сар, 15 хоногийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, /РД:ХБ75080416/;
Х.Анхбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны 6 тоотод хамтран амьдрагч Ж.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, биед нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн зэргийн гэмтэл,
2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 2 дугаар байрны гадна 93-92 УБТ улсын дугаартай “Тоёота пруис” загварын автомашинд иргэн Ж.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг давтан үйлдлээр зодож, биед нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл,
Баянгол дүүргийн 17 дугаар хороо 76 дугаар байрны гадна талбайд иргэн Ц.Энх-Уянгийн эзэмшлийн “Тоёота пруис-20” загварын 2187 УБН улсын дугаартай автомашины хойд талын салхины шилийг 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр санаатайгаар замын хагархай бетоноор шидэн хагалж устгасан,
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 7 буудалд НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” хэмээх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г.Ижилболдод борлуулсан,
2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор ...метамфетаминиы агууламжтай 45.6 грамм мансууруулах бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн,
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ...метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор“Тоёота пруис-20” загварын 93-92 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хүртэл тээвэрлэсэн, хадгалсан,
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байцаалтын 11 тоот өрөөнд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Отгонбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын авто баазын жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Наранжаргал нарыг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт,
Ж.Энхцэцэг нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” хэмээх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэрэгт,
Г.Ижилболд нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 7 буудалд 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” хэмээх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Х.Анхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 98 дугаар зүйлийн 98.1, 153 дугаар зүйлийн 153.1, 192 дугаар зүйлийн 192.2, 88 дугаар зүйлийн 188.2, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсгүүдэд зааснаар, Ж.Энхцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Г.Ижилболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 595 дугаар захирамжаар:
“Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад яллагдагч Х.Анхбаяр, Ж.Энхцэцэг, Г.Ижилболд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дараах үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаав. Үүнд:
Х.Анхбаяр, Ж.Энхцэцэг нарт холбогдох 2016 0100 0242 тоот хэрэг нь Дорноговь аймгийн Замын Үүд суманд үйлдэгдсэн бөгөөд тус хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэж /1хх-1/ мөрдөн байцаалтын болон хяналтын харьяаллыг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас 266 дугаар тогтоолоор тогтоосон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн харьяаллыг тогтоолголгүйгээр шүүхэд ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж шүүх үзлээ.
Түүнчлэн яллагдагч Х.Анхбаяр, Г.Ижилболд нарын холбогдсон хэргийн талаарх гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан гэх баримт сэлтийн хувьд тухайн нууц ажиллагааны эх сурвалж, арга нууцлал, харин нотлох баримтын эх сурвалжийн хэмжээнд үнэлж болох зарим мэдээлэл, баримт сэлтийг албан ёсоор баримтжуулан хэрэгт хавсаргаж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцүүлэх шаардлагатай.
Нийслэлийн прокурорын газраас Х.Анхбаяр, Ж.Энхцэцэг, Г.Ижилболд нарт холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь тамга тэмдэггүй, /3-хх-181/ үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн болон бусад зөрчлүүдийг зөвтгөхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлтэй.” гэж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах дүгнэлтийг гаргаж байна. Х.Анхбаяр нарт холбогдох хэргийн гэм бурууг шийдвэрлүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба Х.Анхбаярын үйлдсэн гэмт үйлдэл нь цаг хугацааны дарааллаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргээр эхэлж, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт төрийн албан хаагч, хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргээр төгссөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж үзсэн үндэслэл болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн танхимын Тэргүүн шүүгчийн захирамжаар, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, түүнчлэн өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар шүүхийн харьяалал тогтоон шилжүүлнэ.” гэж заасан ба хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг заавал прокурор тогтоолгосны үндсэн дээр хэргийг шүүхэд шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй бөгөөд хэргийн хүлээн авсан шүүх хэргийн харьяаллыг тогтоох, тогтоолгох боломжтой ба үүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх заалтын дагуу өөрийн эрх хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.
Яллагдагч Х.Анхбаяр, Г.Ижилболд нарын холбогдсон хэргийн талаарх нотлох баримтын хэмжээнд үнэлж болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан авсан Г.Ижилболд, Х.Анхбаяр нарын дуу авианы бичлэгийг текстэн хэлбэрт оруулах, оролцогч нарт танилцуулснаар нууц ажиллагааны эх сурвалж задрах эрсдэлтэй тул дуу авианы бичлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу шинжээч томилж 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 1251 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулан уг бичлэг эвлүүлэг хийгдээгүй, Г.Ижилболд, Х.Анхбаяр нарын дуу авиатай тохирч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлт, шинжээч томилох тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт танилцуулсан ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.”, 218 дугаар зүйлийн 218.2, 218.3, 218.4 дэх хэсэгт яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтад тусгах зүйлийг тодорхойлон зааж өгсөн ба яллах дугнэлтэнд тамга, тэмдэг дарснаар баталгаажна гэсэн ойлголт бус юм.
Иймд хэргийг хянан шийдвэрлэх харьяалал тогтоолголгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, гүйцэтгэх ажлын шугамаар авсан баримт сэлтийг баримтжуулан хэрэгт хавсаргаагүй, яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэг дараагүй, үүнийг шүүх хуралдaанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал биш юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.
Шүүгдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд явагдаж буй аливаа тэмдэглэл, албан бичиг нь Прокурорын тухай хууль, Шүүхийн тухай хууль, бусад хуульд заасны дагуу төрийн албан хэрэг хөтлөлтийн журамд нийцэх ёстой. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Тамга тэмдэг дарагдаагүйн улмаас энэ баримт нь прокурорын яллах дүгнэлт мөн, эсэхэд тодорхойгүй асуудал үүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Ж.Энхцэцэгийн өмгөөлөгч Н.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энх-Амгалан өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.
ХЯНАВАЛ:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 595 дугаар шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х.Анхбаяр, Ж.Энхцэцэг, Г.Ижилболд нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байна.
Цаг хугацааны дарааллаар авч үзвэл яллагдагч Х.Анхбаярын үйлдсэн гэмт үйлдэл нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргээр эхэлж, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт төрийн албан хаагч, хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргээр төгссөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэв Х.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг тухайн шүүхэд харъяалагдахгүй буюу адил эрх бүхий өөр шүүхэд хэргийг шилжүүлэх шаардлагатай гэж анхан шатны шүүх үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харъяалах шүүхэд нь шилжүүлэх эрхтэй болно.
Яллагдагч Х.Анхбаяр, Г.Ижилболд нарын хэрэгт гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан авсан дуу авианы бичлэгийг текстэн хэлбэрт оруулах, оролцогч нарт танилцуулснаар нууц ажиллагааны эх сурвалж задрах эрсдэлтэй тул дуу авианы бичлэгт хуульд заасны дагуу шинжээч томилж 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 1251 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулан уг бичлэг эвлүүлэг хийгдээгүй, Г.Ижилболд, Х.Анхбаяр нарын дуу авиатай тохирч байгаа болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба шинжээчийн дүгнэлт, шинжээч томилох тогтоолыг оролцогч нарт танилцуулсан нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангасан байх тул хэрэгт цугларсан эдгээр болон бусад нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж үзнэ.
2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай прокурорын яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Яллах дүгнэлтэд тамга, тэмдэг дараагүй нь бичвэр техникийн холбоотой зөрчил байх тул зөвтгүүлэх боломжтой ба анхан шатны шүүхээс дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж тус шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд анхан шатны шүүх Х.Анхбаяр, Ж.Энхцэцэг, Г.Ижилболд нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, тэдгээр шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Х.Анхбаяр, Ж.Энхцэцэг, Г.Ижилболд нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.