Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1916

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00563 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК, “ХХХ” ХХК-д холбогдох,

2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцласны улмаас учирсан хохиролд 128 455 056 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ

Хариуцагч ХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, өмгөөлөгч ХХХ,

Хариуцагч ХХХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани ХХХ ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч ХХХХХ ХХК, ХХХХХ ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч ХХХ ХХК-ийн эрх бүлээн авагчтай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 539/2015БЭХА дугаартай ХХХ ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээний дагуу уг компаний нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8 301 420 төгрөгийн энгийн хувьцааг төлбөр төлөх хугацаанаас хамааран 3 тэрбум, 3.2 тэрбум төгрөгөөр худалдан авахаар 2 нөхцөлтэй тохиролцоо хийсэн. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа барилга угсралтын ажил бөгөөд баригдсан орон сууц худалдагдаагүй тул өөр эх үүсвэрээс төлбөрийг төлөх боломжгүй болсон. Ингээд Иргэний хуулиар олгогдсон гэрээний тэгш байх эрхийн хүрээнд гэрээг цуцлах тухай саналыг худалдагчид 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн боловч худалдагчийн зүгээс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03-01/526 дугаартай мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлд худалдан авагч талын санаачлагаар гэрээг цуцлах нөхцөл бүрдээгүй гэж дүгнэн худалдагч талаас гэрээний 11.2.1, 11.2.3-д заасан үндэслэлээр гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн бөгөөд гэрээний 11.4-д зааснаар дэнчинд төлсөн 100 000 000 төгрөгийг өөрт үлдээхээр, мөн гэрээний төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийн 20 хувь буюу 4 000 000 төгрөгийг худалдагчид учирсан хохиролд, 35 400 000 төгрөгийг алдангид тус тус тооцсон тухай мэдэгдсэн.

Үүний дагуу худалдагчийн санаачлагаар гэрээг цуцласан нөхцөлд дэнчингийн мөнгийг худалдагчид үлдээхээр заасан гэрээний 11.4 дэх заалт нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-д заасныг зөрчиж байгаа ба талууд гэрээ цуцалсанаас худалдагчид учирсан хохирлын хэмжээг тухайн үед төлөгдсөн төлбөрийн 20 хувиар тооцож хариуцлага хүлээхээр заасан бөгөөд худалдагч 20 000 000 төгрөгийн 20 хувиар тооцож хохирлоо бүрэн гаргуулсан гэж үзэж байна. Мөн гэрээ цуцлагдсанаар худалдан авагч хариуцлага хүлээхгүй болно. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1.2-т гэрээний 1.2.4, 1.2.5-д заасан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсаны орлогоос сар бүрийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон бөгөөд уг орон сууцны борлуулалт хийхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой арилжааны банкууд зээлээ зогсоосноос үүдэн гэрээний төлбөрөө хугацаандаа хийх боломжгүй болсон. Гэрээний 8 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээс хамаарч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан тул төлбөр төлөгдөөгүй үеийн алдангийг төлөх хуулийн үндэслэлгүй.

Иймд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай ХХХ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчин худалдагчид үлдэнэ гэснийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, худалдан авагчаас дэнчинд төлсөн 100 000 000 төгрөг, даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 11 309 056 төгрөг, тоног төхөөрөмжийн 1 146 000 төгрөг, гэрээний төлбөрөөс 16 000 000 төгрөг, нийт 128 455 056 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ ХХК дахь банкны эрх хүлээн авагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“ХХ” ХХК болон ХХХ ХХК, Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 539/2015БЭХА дугаартай ХХХ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8 301 420 ширхэг энгийн хувьцааг А нөхцөл: 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор багтаан бүрэн төлөх нөхцөлд 3 000 000 000 төгрөг, Б нөхцөл: 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш бүрэн төлөөгүй нөхцөлд 3 200 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, төлбөр төлөх эцсийн хугацааг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон.

Хувьцааг дагаж компанийн тайлан тэнцэлд байгаа бүх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд, эд хөрөнгийн эрхийн хамт гэрээнд заасан нөхцөлийн дагуу худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжих бөгөөд тэдгээрийг илүү засч сайжруулах, өөрчлөх нөхцөл шаардахгүйгээр хүлээлцэх өдрийн байдлаар нь авахаар тохиролцсон. Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэртэй, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн болохоо илэрхийлж гэрээний 10.1.4-д буюу худалдан авагчаас гаргах баталгаа хэсэгт тусгайлан дурдсан. Гэрээний 11.2.4-д зааснаар худалдан авагчийн гаргасан баталгаа худал байсан тохиолдолд гэрээнд дурьдсан худалдагч талаас гэрээг дангаар цуцлах эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл худалдан авагчаас зөвхөн барьцааны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос гэрээний үнийг төлөхөөр тохиролцоогүй.

Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд худалдагчаас гэрээний биелүүлээгүй үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаагүй. Гэрээний талууд ХХХ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 233 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийн хангах арга болох дэнчинг хэрэглэж гэрээний 2.2.1.1-д 100 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан нотолгоо, дэнчин болгон гэрээнд талууд гарын үсэг зурж, тэмдэг дарснаас хойш хуанлийн 2 хоногийн дотор төлөх, худалдан авагч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулж тооцно гэж дурдсан.

Худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ удаа дараа зөрчиж, энэ талаар худалдагчаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 938, 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн ч зөрчлийг арилгаагүй нь гэрээний 11.2.1, 11.2.3-д зааснаар худалдагчаас гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай ХХХ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрээний 8.1-д заасан давагдашгүй хүчин зүйлд нөлөөлөх төрлүүдийн нэг болох Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр гэдэг нь гэрээний зүйл болох ХХХ ХХК-ийн хувьцаа, үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тухайд төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан гаргасан шийдвэрийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөлд хэрэгжих заалт бөгөөд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан тогтоол нь Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн барьцаалуулагчаас төрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулахдаа барьцаалагчаас зөвшөөрөл авах агуулга бүхий заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн агуулгатай бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг зогсоох эсэх талаар шийдвэрлээгүй тул төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт хамаарахгүй.

ХХХ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 2.1.1-д сар бүр 100 000 000 төгрөгөөс доошгүй төлөх төлбөрийг төлөхдөө 100 000 000 төгрөгт хүргээгүй бол тус дүнгээс дутсан үнийн дүнгээс тооцон төлбөрийг бүрэн гүйцээж төлөх өдрийг хүртэл хугацаанд хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон. Худалдагчаас худалдан авагчид 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 938 дугаартай албан бичиг, 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай гэрээний хэрэгжилтийг биелүүлэх тухай албан бичгүүдээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд худалдан авагч гэрээний зөрчлийг арилгахгүй байсаар 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр гэрээг цуцлах хүсэлт гаргасан. Үүнд дурдсан гэрээ цуцлах үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй, худалдагч талаас гэм буруугүй байсан тул худалдагч талаас үндэслэлийг эс зөвшөөрч, харин худалдан авагчаас цаашид гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй, түүний хөрөнгө оруулагч хамтран ажиллахаас татгалзсан, гэрээний зөрчлийг арилгаагүй зэргийг харгалзан худалдагч гэрээг цуцалсан.

Худалдан авагч гэрээгээр хүлээсэн хуваарьт төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 35 400 000 төгрөгийн алданги хуримтлагдсан. Тус гэрээ нь байгуулагдсан өдрөөс хойш гэрээг цуцлах хүртэл буюу 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж талуудын хооронд үүрэг үүссэн байсан нь компанийн үйлдвэр, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж байсан, худалдан авагчаас гэрээний төлбөрийг төлж байсан үйл баримтуудаар тогтоогдоно.

Иймд гэрээг цуцлах хүртэл хугацаанд талуудын хүлээсэн үүргийн гүйцэтгэлүүд хэвээр үлдэх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үндэслэлгүй. Талууд гэрээг байгуулахдаа худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд худалдагчид учирсан хохирлын хэмжээг тухайн үед төлөгдсөн төлбөрийн 20 хувиар тооцож уг төлбөрийг хохиролд тооцуулахаар тохиролцсон.

Учир нь гэрээг байгуулснаар худалдан авагч гэрээний төлбөрийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар гэрээний зүйлийг бусдад худалдах, өөр сонирхогч этгээдээс ирүүлсэн худалдан авах саналыг хүлээн авах, гэрээ байгуулахаар санал солилцох боломжгүй болох тул алдагдсан боломжийг хохиролд тооцохоор урьдчилан тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох зохицуулалттай нийцсэн.

Худалдагчаас нийт 35 400 000 төгрөгийн хуримтлагдсан алдангиас төлөгдсөн хуваарьт төлбөрийн үлдэгдэл 16 000 000 төгрөг, худалдан авагчийн үйлдвэрийн даатгалын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаах 11 309 056 төгрөгийн үлдэгдэл, хангамжийн материалд зарцуулсан 1 146 355 төгрөг, нийт 28 455 411 төгрөгийн гүйцэтгэлийг суутган тооцож үлдэх 6 944 589 төгрөгийн алдангийг төлүүлэхээс татгалзаж цаашдын төлбөр тооцоог дуусгавар болгосон. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай хууль зүйн үндэслэл нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас гаргасан хариу тайлбартай ижил ба уг тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. ХХХХХ ХХК нь ХХХ ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг түүний толгой компани юм. ХХХХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХХ ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/15 дугаартай хувьцаа худалдах шийдвэрээр ХХХХХ ХХК-ийн охин компани ХХХ ХХК-ийн нийт 8 301 420 ширхэг хувьцааг худалдахаар шийдвэрлэж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 539/2015/БЭХА дугаартай гэрээг “ХХ” ХХК-тай байгуулсан.

Гэрээний дагуу төлөгдсөн 120 000 000 төгрөгөөр ХХХХХ ХХК-ийн Хадгаламж банкин дахь зээлийг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг ХХХХХ ХХК хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХ ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон ХХХХХ ХХК-иас 100 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28 455 056 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 800 300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХХ ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон ХХХХХ ХХК-иас 657 950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар худалдан авагч “ХХ” ХХК нь гэрээний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч талаас гэрээг цуцалсан нь тогтоогддог. Шүүх худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу түүний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл гэж үзсэн нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйл биш талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Дэнчин өгөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах үүргээ зөрчсөн байвал түүнийг үүргийн гүйцэтгэлд субъектив байдлаар буруутгах эсхүл гэм буруутайд тооцох, тухайлбал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж үүргийн гүйцэтгэл хангагдаагүйн хариуцлагыг хүлээж дэнчингээ үүрэг гүйцэтгүүлэгчид үлдээх ёстой. Гэтэл шүүх гэрээ цуцлагдахад гэрээний талуудын хэний гэм буруутай үйлдэл нөлөөлснийг үл харгалзан зөвхөн гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр дэнчинг буцаан олгоно гэх зохицуулалтыг хэрэглэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-д заасныг хэрэглэх байсан.

Шүүх нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд дэнчин оролцуулаагүй байх тул буцаан шаардах эрхтэй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Дэнчин нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг бөгөөд энэ утгаараа гэрээний талууд дэнчинг анх тавихдаа үүргийн гүйцэтгэлд оруулах эсэх талаар тохиролцдог ба ийнхүү тохиролцоогүй тохиолдолд дэнчинг буцаан олгохоор Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т зохицуулсан байна. “ХХ” ХХК болон “ХХХ” ХХК, Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 539/2015БЭХА дугаартай “ХХХХ” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ”-ний 2.2.1.1-д 100 000 000 төгрөгийн гэрээ байгуулсны нотолгоо дэнчин болгон төлөхөөр тохиролцож уг зүйл хэсгийн дор дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулан тооцохоор бичгээр тохиролцсон.

Гэрээний 10.1.6-д худалдан авагч нь гэрээний үг, өгүүлбэр, заалт тус бүртэй уншиж танилцсан, түүнээс гарах үр дагаврыг бүрэн ойлгосон болохоо илэрхийлж гэрээний хуудас бүрт гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний 10.1.4-д худалдан авч талаас “Худалдан авагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэртэй буюу санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн” гэж баталгаа гаргасан, гэрээний 13.8-д Худалдан авагчаас гэрээний 22.1.1-д заасан дэнчинг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцлийг тохиролцож дэнчинг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж талууд гэрээний үүргийг нөгөө талаас шаардах эрхтэй болсон.

Талууд гэрээний 11.4-д худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцалсан тохиолдолд дэнчинг худалдагчид үлдээхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-д нийцсэн бөгөөд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцохоор заасан. Худалдагчаас нэхэмжлэгчтэй гэрээг байгуулснаар гэрээний зүйлийн талаар бусадтай хэлцэл хийх, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах боломжгүй болох хууль зүйн үр дагавартай. Гэвч нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж чадах санхүүгийн эх үүсвэртэй гэж баталгаа гаргаж, гэрээний зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж, худалдагч талын гэрээний зүйлийг бусдад худалдах, орлого олох боломжийг алдагдуулсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар худалдагч талд учирсан хохиролд дэнчинг оролцуулан тооцсон. Ийнхүү дэнчинг хохиролд оруулан тооцсон нь хохирлын хамгийн бага хэмжээг урьдчилан тогтоож байгаа хэлбэр бөгөөд үүн дээр нэмж хохирол тооцохоор гэрээнд тохиролцсон байсан.

Хариуцагч тайлбартаа “ХХХ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч ХХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “ХХХХ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдахаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс төлсөн мөнгийг Хадгаламж банкин дахь “ХХХ” ХХК-ийн зээлийг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр төлүүлсэн талаар дурдсан боловч шүүхээс “ХХХ” ХХК-иас 50 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлүүдээр гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон “ХХХ” ХХК-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарны 02-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, худалдан авагчаас дэнчинд төлсөн 100 000 000 төгрөг, даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 11 309 056 төгрөг, тоног төхөөрөмжийн 1 146 000 төгрөг, гэрээний төлбөрөөс 16 000 000 төгрөг, нийт 128 455 056 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг “гэрээг цуцласнаас учирсан хохирол” гэж тайлбарласныг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг худалдах, худалдан авах гэрээг цуцласны улмаас учирсан хохиролд 128 455 056 төгрөг гаргуулах”-аар тодруулсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний холбогдох заалтыг хууль зөрчсөн учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж үр дагаврыг шаардаж байгаа эсхүл гэрээг бүхэлд нь цуцласнаас учирсан хохирлоо нэхэмжилж байгаа эсэхийг тодруулснаар зохигчид тухайн маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх, шүүх эрх зүйн харилцааг болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

 

Мөн хариуцагч тус бүрийн хариуцах төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч тодорхойлоогүй, шүүх хуралдааны явцад энэ талаар огт дурдагдаагүй байхад шүүх хоёр хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваарилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэртээ тайлбарлаагүй байна.

 

Үүнээс гадна хэргийн оролцогч талуудаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №543/2015БЭХА дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх шийдвэрийн үндэслэл болгон дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

/1-р хавтасны 135-141 дэх тал/

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хэрэг үүсгэх тухай захирамж гаргахдаа хэргийн оролцогч биш этгээдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасан ажиллагааг шүүгч явуулах талаар зохицуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн болохыг дурдах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

/1-р хх 24, 38 дахь тал/

 

Дээрх зөрчил тус бүрийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00563 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ХХХ” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА