Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 208/МА2026/00032

 

С.Б******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 149/ШШ2026/00409 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Б******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Э******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 8,075,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд /цахим/ хариуцагч М.Э******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй С.Б******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч М.Э******* д холбогдуулан “8,075,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа “М.Э******* тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2023 оны 07 дугаар сард 1м2-ыг нь 380,000 төгрөгөөр буюу нийт 9,443,000 төгрөгийн үнэ бүхий цонх захиалан ... Хариуцагч М.Э******* тохирсон хугацаанд өөрийн хариуцан гүйцэтгэх ажил буюу цонхыг хугацаа хэтрүүлэн хийсэн, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цонх авч ирж суулгасан боловч цонхны дээд хүрээ хотойсон байснаас цонхны шил харгасан. ... Би хагарсан хоёр цонхыг Э******* ийн гэрт хүргэж өгсөн. Хийсэн хоёр жижиг цонх зүгээр байгаа учраас хагарсан хоёр том цонхны үнэ 8,075,000 төгрөгийг М.Э******* өөс гаргуулж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Б******* надад цонхны шил өгч тэр шилээр нь би цонх хийх байсан боловч өөрт нь байсан шил шаардлага хангахгүй байснаар цаг хугацаа алдсан ба өөрөө Дархан хотоос шил авч ирж цонх хийж дуусаад 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4 ширхэг хоёр жижиг хоёр том цонхыг суулгаж өгсөн. Цонх хийж дуусаад явсны дараа өдөр нь цонхны шил хагарсан байна. Дээр хүрээ нь хотойсноос болоод шил харгасан байна гэхээр нь би засаад өгнө гэж хэлсэн нь үнэн. ... Б******* ий хэлж байгаа шиг их хэмжээний барилгын материал аваагүй. Б******* нь миний хийж өгсөн цонхыг манай хашааны гадаа буулгаад явсан байсан. Тиймээс Б******* ий нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

4.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 149/ШШ2026/00409 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Э******* өөс 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б******* д олгож, нэхэмжлэлээс үлдэх 575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э******* өөс улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б******* д олгон, ... гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5.Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

“...Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 75. 2 зохигч шүүх хуралдааны өмнө энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэсээр байтал шүүх цонхны шилний мөнгө гэж 1,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь 75,1-д тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг шүүх хуралдаанаар бичмэл болон цахим баримтанд тулгуурлан шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч талаас материалын үнэ гэж 3,443,000 төгрөг нэхэмжилсэн хэдий боловч хавтас хэрэгт ямар ч баримт байхгүй байхад шүүх шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. ... Иймээс үйлчлүүлэгч маань 6,000,000 төгрөг авсан нь үнэн 6,000,000 төгрөгөөс өөрсдийнх нь ашиглаж байгаа 2 цонхны үнэ 1,368,000 төгрөгийг хасаад 4,632,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт 4,632,000 төгрөгийг Э*******өөс гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

6.Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч М.Э******* өөр 2023 оны 07 дугаар сард өөрийн барьж байсан хувийн орон сууцанд 5 вакум цонх хийлгэхээр тохиролцож 1 м.кв цонхны үнийг 380,000 төгрөгөөр тохиролцож нийт үнийн дүн нь 9,443,000 төгрөг болсон ба үүнээс 6,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн, нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаа болох барилгын материалын худалдаанаас төлөгдөөгүй үнийн дүнд тохируулан цонхны шил болон бараа материал авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна.

Харин хариуцагч цонхыг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр авчирч суулгасан боловч тухайн цонх нь хүрээгээрээ хонхойсны улмаас цонхны шил цуурч хагарсан буюу чанарын шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэгчээс дахин чанарын шаардлага хангасан байдлаар засч өгөхийг шаардсан боловч хариуцагч засаж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч 3 цонхыг буцаан авч оронд нь өөрөө өөр цонх авчирч суулган, хуучин цонхыг хариуцагчид буцаан өгч 3 цонхны үнэ 8,075,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг тэрээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.  

7.Хэргийг судлан дүгнэн үзэхэд:

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч С.Б******* гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 7,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 575,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн талаар хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж,

343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж,

343.4-д “Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ” гэж тус тус заасан.

Хариуцагч М.Э******* нь гэрээний зүйл болох вакум цонхыг нэхэмжлэгчийн барьж буй байшинд аваачиж суулгасан боловч тэрээр ажлын үр дүн чанарын шаардлага хангаагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож хариуцагч хэлэлцэж тохиролцсон хугацаанд засаж сайжруулж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч өөрийн зардлаар уг доголдлыг арилгасан байх тул гэрээний дагуу өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгахаар шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс доголдолтой эд хөрөнгө нийлүүлсний улмаас өөрт учирсан зардал хор уршиг нэхэмжлээгүй харин зөвхөн гэрээний үнэ буюу хийгдээгүй 3 цонхны үнэ болох 8,075,000 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 7,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх 575,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үнийн дүнд давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн “...би хийсэн ажлаа үнэлүүлэх ёстой, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 149/ШШ2026/00409 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах” тухай хуульд тусгайлан заасан нэхэмжлэлд нэхэмжлэгч С.Б******* гийн гаргасан нэхэмжлэл хамаарч байх ба анхан шатны шүүхээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 149/ШШ2026/00409 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89,062 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.        

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.ДАВААРЕНЧИН 

 

                 ШҮҮГЧИД                         М.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                             Б.ЭРДЭНЭХИШИГ