| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 149/2023/00450/И |
| Дугаар | 208/МА2026/00033 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 208/МА2026/00033
Л.Ө******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 149/ШШ2026/00347 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Л.Ө*******
Хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Б******* сумын * дугаар баг Ү******* зүүн хойд хэсэг гудамжны * тоот хаягт байршилтай ** м2 талбайтай ү******* зориулалттай, ******* дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, 2014 оны 09 сараас өнөөдрийг хүртэл 104 сарын хугацаанд эд хөрөнгийг хууль бусаар ашигласны төлбөрт 16,050,000 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэл: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай
Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ө******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Наранбаяр /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:
“...Иргэн Л******* овогтой Ө******* миний өмч болох Сэлэнгэ аймаг Б******* сумын ү зүүн хойд хэсэг орших гудамж тоотод орших ** м2 талбайтай ү******* зориулалттай эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаартай эд хөрөнгийг тус сумын багт орших “******* *******” ХХК нь 2014 оны 9 дүгээр сараас хойш ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн хууль бусаар ашиглаж байгаа тул миний хууль ёсны өмчийг хуулийн дагуу чөлөөлж өгнө үү.
Мөн 2014 оны 9-р сард “******* *******” ХХК нь Сэлэнгэ аймаг Б******* сумын * дугаар багийн нутагт орших өөрийнхөө худалдаж авсан бүх үл хөдлөх хөрөнгө газраа Улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн үед миний өмч байсан дээрх хөрөнгө огт бүртгэлд хамрагдаагүй болохыг үл хөдлөх хөрөнгийн кадастрын зураг, мөн тухайн хөрөнгө байрлаж байгаа газрын кадастрын зургууд дээр тодорхой харагдаж байхад зориуд мэдэн будилж хүний хөрөнгийг өөрийн хөрөнгө мэтээр тайлбарлаж ямар ч баримтгүйгээр гүжирдэн маргаан үүсгэн, хугацаа авч удаа дараа хэлж сануулсаар байтал газрыг нь 2015 онд өөрийн газартай нийлүүлж авснаар газрын маргаан үүсэж миний хөрөнгө газаргүй агаарт зогсох болж агаарт зогсох өмч нь хэнийх болохыг тогтоох шаардлага гарч тогтоолгосон боловч тус компани үндэслэлгүй шалтгаан гаргаж маргасан юм. Маргасан бүх асуудлууд шүүхээр орсон тул 2019 оны 362 тоот, 2022 оны 06 дугаартай шүүхийн шийдвэртэй, 2022 он 208/МА2022/0006 дугаартай магадлалтай материалуудад хавсаргаатай байгаа болно.Тухайн хөрөнгийг Улсын бүртгэлд 3 удаа бүртгүүлэхэд ямар ч давхцал, маргаан гараагүй нь зөвхөн тухайн хөрөнгийг анх худалдаж аваад надад худалдсан Ж.Б худалдан авсан Л.Ө******* бид хоёрын нэр дээр бүртгэгдэх үндэслэлтэйг шалгаж Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэн тогтоогдсон нь “******* *******” ХХК нь мэдсээр байж худлаа маргаан үүсгэж миний өмчийг урт хугацаагаар үнэ төлбөргүй ашигласан гэдэг нь батлагдаж байгаа тул 2014 оны 9-р сараас өнөөдрийг хүртэл 107 сарын хугацаанд байр ашигласан төлбөрийг орон нутгийн байрны сарын түрээсийн хамгийн доод ханш болох 150,000 төгрөгөөр тооцоолоод 16,050,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
“Нэхэмжлэгчийн хариуцагч “******* *******” ХХК-аас гаргуулахаар шаардаж байгаа дээрх үнэ төлбөрийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй, бас энэхүү төлбөрийг яагаад манай компани хариуцах ёстой талаар үнэхээр ойлгохгүй байгаа болно. Мөн нэхэмжлэгч нь дээрх төлбөрийн тооцооллыг хэрхэн яаж бодсон нь ойлгомжгүй байх ба орон нутагт түрээсийн төлбөрийн дундаж төлбөрийг хэрхэн яаж тооцоолох болсон манай компанитай түрээсийн гэрээний үндсэн дээр гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй байж дээрх төлбөрийг манай талаас нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Сөрөг нэхэмжлэлдээ:
Хариуцагч Л.Ө******* нь манай компанийн эзэмшдэг Сэлэнгэ аймаг Б******* сумын * дугаар баг гудамж Т Ү *** тоот хаягт байрших Сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот захирамжаар нэгж талбарын ********* дугаар бүхий ********* м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхтэйгээр дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байхад хариуцагч нь ямар нэгэн байдлаар давхардуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байх бөгөөд бидний эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах замаар халдаж байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргав.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн зүгээс өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Л.Ө******* нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч Улсын бүртгэлийн ************ дугаартай, Ү-130000890 дугаарт бүргэсэн **м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эрхийг олж авсан процесс ажиллагаа нь хууль тогтоомж зөрчиж хийгдсэн буюу хэлцлийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа болно. Гэтэл тухайн Улсын бүртгэлийн ********** дугаартай, Ү-130000890 дугаарт бүртгэсэн ** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үеийн байр байдал, одоогийн шинэчлэгдэн завсарлагдсан байгаа байдал, түүний зах зээл бодитоор үнэлэгдэх үнэ нь илтэд зөрүүтэй болж өөрчлөгдсөн байна. Улсын бүртгэлийн №********* дугаартай, Ү-130000890 дугаарт бүргэсэн ** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “******* *******” ХХК нь өөрсдийн хөрөнгөөр засан сайжруулалт хийж зах зээлийн хөрөнгийн үнэлгээний илтэд зөрүүтэй байдлаар өссөн байна. Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 350,000 төгрөгөөр үнэлж худалдаж авч байгаа нь манай байгууллагын эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Ө*******, иргэн Ж.Б нарын хооронд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцэл нь хоёр удаагийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх нь тодорхой зүйл болсон байна. Тухайн хэлцэл нь хуульд заасны хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс харахад гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж үзнэ.
Учир нь тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой дүгнэсэн. Гэтэл өмнөх буюу Л.Ө*******, иргэн Ж.Б нарын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байсаар байтал 2023 онд дахин гэрээ тухайн хөрөнгийг худалдах гэрээ байгуулсан нь эрх зүйн ач холбогдлын хувьд хоёр гэрээ хүчин төгөлдөр байх ба манай байгууллагын хувьд энэхүү үйл явдал нь үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна.
Цаашлаад хариуцагч Л.Ө******* д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчиж бүртгэгдсэн бүртгэл гэж үзэх үндэслэлтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч байгаа бол түүнд татвар ногдуулахаар тогтоосон хуулийн дагуу татвар төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан Худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх тул шүүхээс хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 149/ШШ2026/00347 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Ө******* өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Б******* сумын * дугаар баг Ү******* зүүн хойд хэсэг гудамжны * тоот хаягт байршилтай ** м2 талбайтай ү******* зориулалттай, ******* дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг “******* ” ХХК-ын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эд хөрөнгийг хууль бусаар ашигласны төлбөрт 16,050,000 төгрөг гаргуулах тухай болон “******* ” ХХК-ийн Л.Ө******* д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ө******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг болон 238,200 төгрөг, “******* ” ХХК-аас сөрөг нэхэмжлэлдээ Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөг болон 70,200 төгрөг зэргийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Майн ” ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ө******* д олгож, ... зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах процессын алдаа гарсан гэж үзэж байна. Үүнд:
1. Уг хуралдааны үеэр итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс хэргийн үйл баримттай зайлшгүй холбоотой этгээд болох Ж.Б ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан байдаг. Учир нь маргааны зүйл болох Сэлэнгэ аймгийн Б******* сумын *-р баг, *-р хэсэг *** тоот, нийт **м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.Ө******* тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаад байсан билээ. Гэтэл шүүгч өмнө нь Ж.Б гэх иргэнийг хамтран хариуцагч, гэрчээр хэд хэдэн удаа дуудсан ч ирээгүй гэх шалтгаанаар хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд саад болсон гэж үзэж байна.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Насанбаяр нь мөн тус шүүх хуралдааны үеэр Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 149/ШЗ2025/01819 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах тухай мөн хүсэлт гаргасан. Учир дээрх захирамж гарсан ч байгууллагын данс битүүмжлэлтэй, мөн байгууллагын төрийн байгууллагатай хамтран ажиллахад саад учруулж байгааг тайлбарласан ч шүүгч хангахаас татгалзсан нь мөн хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.
3. 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүхэд “...Сэлэнгэ аймгийн Б******* сумын * дугаар баг, , Т /үйлдвэр/ гудамжны *** тоот хаягт байрлах нийт 118,058 м.кв талбайтай газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг хуулбар үнэн хувиар гаргуулах...” хүсэлт гаргасан байдаг. Анхан шатны шүүхийн зүгээс уг хүсэлтийг хангаж 149/ШШ2026/00519 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн биелэлт 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 24/199 тоот албан бичгээр баталгаажин хариуцагч болон өмгөөлөгч нарт 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цахимаар танилцуулсан. Гэвч уг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн нотлох баримт нь зөвхөн нэхэмжлэгчийн газар болох **м.кв талбайтай газарт холбогдох ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн цахим сангийн мэдээлэл ирсэн байдаг.
Гэтэл хариуцагчийн зүгээс “******* ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Б******* сумын * дугаар баг, , Т /үйлдвэр/ гудамжны *** тоот хаягт байрлах нийт 118,058 м.кв талбайтай газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг хуулбар үнэн хувиар гаргуулах хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч "******* ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Б******* сумын * дугаар баг Ү******* зүүн хойд хэсэг гудамжны * тоот хаягт байршилтай **м.кв талбайтай ү******* зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө /хуучнаар Баруунхараа тариа хадгаламж тэжээлийн ү******* талхны газар/-ийг хууль, гэрээний дагуу эзэмших эрхтэй болох нь нотлох баримтаар тогтоогдоогүйгээс түүний эзэмшил, ашиглалт хууль бус..." гэж анхан шатны шүүх үзсэн нь захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүйгээс үүдсэн байхад үүнийг анзааралгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь процесс алдаа гаргасан гэж үзэж байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож егнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...өмнө нь гаргасан захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргахад тухайн хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн нь тухайн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шүүгч процессын алдаа гаргаагүй. Яагаад гэвэл 95 метр квадрат үл хөдлөх нь зөвхөн миний өмч. Хариуцагч байгууллага ямар нэгэн байдлаар газрын ч юм уу, үл хөдлөх хөрөнгийн хэсгийг өмчилсөн, өөр хүнээс худалдаж авсан зүйл байхгүй. Миний үл хөдлөх хөрөнгө тусдаа. Хариуцагч байгууллага миний өмчид ямар ч хамааралгүй...” гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.Нэхэмжлэгч Л.Ө******* хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан “түүний хууль бус эзэмшлээс, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, хөрөнгийг хууль бусаар ашигласны төлбөр 16,050,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж марган улмаар нэхэмжлэгч Л.Ө******* иргэн Ж.Б нарын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Л.Ө******* өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Б******* сумын * дугаар баг, Ү******* зүүн хойд хэсэг гудамжны * тоот хаягт байршилтай ** м2 талбайтай ү******* зориулалттай, ******* дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг “******* *******” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эд хөрөнгийг хууль бусаар ашигласны төлбөрт 16,050,000 төгрөг гаргуулах тухай болон “******* *******” ХХК-ийн Л.Ө******* д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
4. Хэргийг судлан үзвэл:
Нэхэмжлэгч Л.Ө******* аас “маргаан бүхий эд хөрөнгийн 1 сарын түрээсийн төлбөр хэд байсныг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах”, хариуцагч “******* *******” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Сэлэнгэ аймгийн Б******* сумын баг Т үйлдвэр гудамжны *** тоот хаягт байрлах нийт 118.058 м.кв талбайтай газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг хуулбар үнэн хувиар гаргуулах” тухай хүсэлтүүдийг гаргасан ба шүүхээс дээрх хүсэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00519 тоот захирамжаар шийдвэрлэхдээ захирамжлах хэсэгт зөвхөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь утга агуулгын хувьд зөрүүтэй, ямар баримт гаргуулах гэж байгаагаа шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт тодорхой заагаагүйн улмаас хариуцагчийн хүсэлтэд дурдсанаас өөр баримт шүүхэд ирсэн. Энэ талаар талуудаас тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүгчийн 00519 тоот захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Сэлэнгэ аймгийн Б******* сумын баг Т үйлдвэр гудамжны *** тоот хаягт байрлах нийт 118.058 м.кв талбайтай газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг бус харин Л.Ө******* нэр дээр бүртгэлтэй Ү-130300890 дугаарт бүртгэгдсэн 403 м.кв талбай бүхий маргаан бүхий эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар хувийг хуулбарлан ирүүлсэн байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлд хамаарах тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн зөрчил гэж үзлээ.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн”, 168.1.7-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 149/ШШ2026/00347 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Top of Form
Б.ЭРДЭНЭХИШИГ