| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 316/2025/01456/И |
| Дугаар | 208/МА2026/00034 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 208/МА2026/00034
Б.Б******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 316/ШШ2026/00304 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Б******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь П******* к******* холбогдох
Хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.З******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:
“Миний бие ...2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар дотуур байрны багшаар ажиллуулсан. Улмаар Сэлэнгэ аймаг дахь П******* к******* захирал Д.З******* гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Ажлаас чөлөөлөх” тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан.
Тушаалын хувийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гардуулж өгснөөр мэдсэн. Тушаалын агуулга нь байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт хийсэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлсөн нь дараах хуулийн заалтуудтай нийцэхгүй байна. ...Гэтэл яг бүтэц орон тоо цөөрөх болсон үндэслэл, албан бичиг, дүрэм журмыг танилцуулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т, Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т заасныг зөрчсөн байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь П******* к******* захирал Д.З******* 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах /шүүхийн шийдвэр гарах үеийн өдрийг хүртэлх/, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
“Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* болгон нэгтгэсэн. Үүнтэй холбоотой зарим ажлын байруудад давхардал үүссэн бөгөөд тухайн ажилтнуудтай Захиргааны зөвлөл нэг бүрчлэн уулзаж зөвшилцсөний үндсэн дээр өөр ажлын байранд сэлгэн ажиллуулах зохицуулалтууд хийгдсэн.
2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байгууллагын бүтэц орон тоог захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн зарим орон тоог хавсран гүйцэтгэхээр шийдвэрлэсний дотор дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ажилтны ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр баталсан. Тухайн үед нэхэмжлэл гаргагч нь сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахлах ажилтан орон тоон дээр ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын мэргэшил туршлага гэсэн хэсгүүдэд тавигдсан тусгай шаардлагуудыг хангаагүй байсан тул өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр дотуур байрны багшаар томилсон.
...Ерөнхий шаардлага стандартын 6 дугаар хэсэг дэх Хүний нөөцөд тавих шаардлагын 6.2-т 50 хүртэлх сурагч тутамд нэг багштай байна. 6.3-т Багш нь нийгмийн ажилтан эсвэл багш мэргэжилтэй, хүүхэд, өсвөр үе, залуучуудтай 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, тэдэнтэй ярилцах, ойлголцох, харилцах ур чадвартай байх гэсэн стандартын баримтлан ажилладаг.
Тус стандартыг мөрдөн ажиллахад дотуур байрны багш нарын ажлын байрны асуудал хөндөгдсөн тул 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Даваа гаригт 16 цагаас дотуур байрны 6 багш, захирал, бичиг хэргийн ажилтан, сургалтын менежер, хүний нөөцийн ажилтан нар уулзалт хийж, 2025 оны 03 сард Боловсролын ерөнхий газраас ирсэн гүйцэтгэлийн үнэлгээний мэргэжилтэн стандартаа мөрдөж ажиллах чиглэл өгсөн, байгууллагын магадлан итгэмжлэлд ороход дотуур байранд 3 багш л байх болж байгаа тул намар дотооддоо сонгон шалгаруулалт явуулна гэдгийг танилцуулсан.
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дотуур байр 70 хүүхэдтэй 6 багштай байгаа тул дотооддоо сонгон шалгаруулалт явуулж, тэнцээгүй багш нарт жижүүрийн ажил санал болгохыг хурал дээр танилцуулсан.
...2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зохион байгуулсан бөгөөд хичээлийн А байрны 2 багшаас 1-ийг сонгон шалгаруулах, хичээлийн Б байрны 4 багшаас 2-ийг сонгон шалгаруулна гэдгийг танилцуулсан.
Ийнхүү Б.Б******* багш нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин үйлчилгээ, Ерөнхий шаардлага стандартыг хангуулах хүрээнд бусад багш нарын адил бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх болсон бөгөөд тухайн үед өөрт нь дотуур байрны жижүүр, монгол хэл уран зохиолын багшийн ажлуудыг санал болгосон ч хийхгүй гэдгээ мэдэгдсэн тул ажлаас чөлөөлсөн. Дээрх бүх үйл ажиллагааны хүрээнд Б.Б******* тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдөхөө илэрхийлж, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл гаргаж улмаар 7,070,000,0 төгрөгийн тэтгэмжийг байгууллагын төсвөөс олгосон.
2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр захирал, сургалтын менежер, арга зүйч нарын хамт хичээл А байран дээр дотуур байрны багш жижүүрүүдтэй уулзалт хийсэн бөгөөд Б.Б******* багшийг дуудаж тушаал танилцуулах гэсэн ч би байхгүй байна, Улаанбаатар хотод ажилтай явна гэдэг тайлбар өгсөн, маргааш очиж уулзана гэдгээ хэлсэн. Тус өдрийн хуралд А байрны багш Б.О, жижүүр Н, Д нартай уулзсан бөгөөд хүүхдийн тооноос хамаарч бүтэц орон тоонд орсон өөрчлөлтийг танилцуулсан. Цаашид үүнтэй уялдан ямар өөрчлөлтүүд хийгдэх талаар мэдээллийг хүргүүлсэн.
2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр багш Б******* ирж уулзсан бөгөөд сонгон шалгаруулалтын дүн, тушаал шийдвэрийн талаар ярилцаж тушаалтай танилцан хүлээн авсан. Дотуур байрны жижүүрээр ажиллахгүй гэсэн бөгөөд үндсэн мэргэжилтэй холбоотойгоор Монгол хэл-уран зохиолын багш дутагдалтай байгаа тул үндсэн мэргэжлийн ажлаа хийх үү гэдэг санал тавихад мөн хийхгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед өөрийнх нь төрийн албан хаагчийн хувийн хэргийн материалтай танилцаж байхад ширээн дээр байсан төрийн албан хаагчийн хувийн хэргээ миний юм, би өөрийнхөө юмыг авна гээд авч явсан.
2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хичээлийн А байрны үйл ажиллагаатай холбоотой хурал болсон бөгөөд уг хуралд сургуулийн захирал Д.З*******, сургалтын менежер Л.С, сургалтын арга зүйч М.Т, Г.У, байрны багш Б.О, Б.Б*******, тогооч Э нартай уулзав. Уг хурлаар А байрны дотуур байр 1 хүүхэдтэй байгаа тул цаашид дотуур байрны тогооч, багш ажиллах боломжгүй гэдгийг танилцуулсан.
2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр багш Б.Б******* сургуулийн захирлын хувь чатаар өргөдөл илгээсэн бөгөөд өмнө нь ажиллаж байсан дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ажилтан ажлын байранд эргүүлэн ажиллуулж өгнө үү гэж байсан бөгөөд уг албан тушаалд тавигдах шалгуур шаардлагад тохирох эсэх талаар судлах гэхэд хувийн хэргээ аваад явсан, надтай хувь чатаар холбогдоход нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хувийн хэргээ авчирч өгөх талаар хэлэхэд би аваагүй тэр чинь миний сонгон шалгаруулалтанд өгсөн материалаа авсан гэсэн бөгөөд хувийн хэргээ, дипломын эх хувьтайгаа авчирч өгнө үү гэсэн бөгөөд 29-ний өдөр авчирч өгнө гээд авчирч өгөөгүй.
...2024-2025 оны хичээлийн жил дууссаны дараа дотуур байрны 6 багштай 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уулзалт хийж, 2025 оны намар дотооддоо сонгон шалгаруулалт хийнэ гэдгийг мэдэгдсэн. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн багш ажилтнуудын хуралд танилцуулсан. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2025-2026 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт дууссантай холбоотойгоор элсэгчийн тоотой уялдуулан бүтэц орон тоогоо баталсан.
...Дотуур байрны багш нарын сонгон шалгаруулалт болсны дараа сонгон шалгаруулалтанд орсон болон ороогүй ажилтнуудад 2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Баасан гаригт сонгон шалгаруулалтын дүнг танилцуулан, тэнцээгүй болон сонгон шалгаруултанд оролцоогүй багш нарт 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дотуур байрны багшийн ажлын байрнаас чөлөөлж байгааг мэдэгдсэн. Тус сонгон шалгаруулалтанд багш Б.Б******* нь хичээлийн 1-р байр буюу суман дахь дотуур байрны багшийн ажлын байранд багш Б.Оын хамт оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дүнгээр Б.О багш нь илүү оноо авч тэнцсэн тухай ажлын хэсэг дээрх багш нарт танилцуулан хуралдаж мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөгдөхөөр болсон дотуур байрны багш Б.Б*******, А.Х, Ж.Х нарт 2025 оны 10 дугаар сарын 1-нээс дотуур байрны жижүүрийн албан тушаалыг санал болгосон. Ж.Х, А.Х багш нар жижүүрээр ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Б.Б******* багш хариу өгөөгүй. Иймээс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тушаал гарсан бөгөөд багш нарт тушаалыг танилцуулсан. Тухайн өдөр Б.Б******* багш тушаалтайгаа танилцаагүй бөгөөд эхлээд би захиралтай уулзана гэж захирлын өрөөнд уулзаад тэгээд гараад явсан. Улмаар тушаалтайгаа танилцахгүй байсан тул удаа дараа утсаар ярьж сануулахад Улаанбаатарт ажилтай байна, би захиралтай ярьсан гэдэг тайлбар өгсөн.
2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалаар хөдөлмөрийн харилцаа цуцалсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* захирлын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тоот тушаалаар байгуулан ажлыг хүлээлцүүлсэн” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 316/ШШ2026/00304 дугаартай шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б Сэлэнгэ аймаг дахь п******* к******* дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоон,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймаг дахь п******* к******* оос нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8.489.900 /найман сая дөрвөн зуун наян есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******д олгон,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Б******* ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Сэлэнгэ аймаг дахь п******* к******* даалган,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Б******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймаг дахь п******* к*******оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.З******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.
1. Надад өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өгөөгүй, өмгөөлөгчөөр хангуулах боломжийг олгосонгүй.
2. Шүүхийн шийдвэрийг уншиж үзэхэд манай байгууллагын зүгээс гаргаж өгсөн хэрэгт авагдсан нотлох баримтаас дотуур байр 6 багштай байсан, одоо 2 багштай болсон талаар дурдсан боловч үүгээр юуг нотолж, юуг илэрхийлж байгаа нь тодорхойгүй энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, ... 40-р зүйлийн 40.2 ... гэх хуулийн заалтууд хэрэгжиж чадсангүй.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйл, 155-р зүйлд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гарах үүрэгтэй.
154-р зүйлийн 154.2 дахь заалтаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэйг хуульчилсан. Гэтэл шүүхэд хуурамч баримт авчирч өгсөн байдаг.
Сэлэнгэ аймгийн С сумын Засаг дарга 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо одоогоор байгуулагдаж үйл ажиллагаа явуулаагүй болно гэсэн албан бичиг шүүхэд өгсөн байна.
Шүүх урьдчилан шийдвэрлэлтийг шаардах эрхтэй, түүнээс гадна хугацааг тоолох ёстой байсан. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо 02 тоот “Хороод байгуулах тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн С сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг 7-р хавсралтаар баталж 2024 оны 5 сараас уг хороо өнөөдрийг болтол Хөдөлмөр халамжийн төв дээр үйл ажиллагаа явуулж байхад худал хуурмаг тодорхойлолт 2025 оны 11 дүгээр сарын 04- ний өдөр авангуутаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
4.2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.1-г үндэслэн Ж.Х, А.Х, Б.Б******* нарыг ажлаас чөлөөлсөн байдаг.
Гэтэл шүүхийн 00304 дугаартай шийдвэрээр үндэслэл хэсэг болон тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн шүүхийн 158-р зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан Б.Б ажилд эгүүлэн тогтоосугай гэж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* дугаартай тушаалаас өөрт оногдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байдаг. Үүнийг шүүх хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүй үлдлээ. Тэгвэл нөгөө 2 хүн нь ажилд орох боломжтой гэсэн үг үү. Үүнийг нарийвчлан шүүхийн шийдвэртээ зааж өгсөнгүй.
5. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг Б.Б******* хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гараар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан тул тэтгэмж олгож өгнө үү? гэх хүсэлтийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/79 дугаар тушаал гарч байгууллагаас цомхотголд орж байгаа албан хаагчдаас хамгийн өндөр буюу үндсэн цалинг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тэтгэмж 7.070.000 төгрөгийг Б.Б******* д олгосон.
Тэтгэмжээ авсны дараа шүүхэд гомдол гаргасан байдаг. Мөн 2025 оны 10 дугаар сарын 08-нд Сонгон шалгаруулалтад ялагдсан тул дээрх асуудлыг нягталж өгнө үү гэх өргөдөл захиргаанд гаргаж байсан. Мөн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орон тоо цөөрсөн цаашид үг ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул урьд ажиллаж байсан Дотоод чанарын баталгаажилт, статистик мэдээ хариуцсан ахлах ажилтны ажлын байранд эргүүлэн ажиллуулж өгнө үү гэх өргөдлийг гаргаж байсан, Энэ баримтуудаар нэхэмжлэгч Б.Б******* нь ажлаас чөлөөлөгдөж байгааг урьдаас мэдсэн боловч шүүхэд төрөгдүүлсэн худлаа зүйл бичиж гомдол гаргасан байдаг.
6. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тал дээр хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан гэж үзэж байна. Уг тушаал 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Өөрөө тушаалаа хүлээн авч гарын үсэг зурсан. Хэрэв гомдолтой байсан бол 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор гомдол гаргах эрхийг хуульчилсан байдаг. Гэтэл шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу 1 сар 6 хоног өнгөрсөн байхад шүүхэд хандсан байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцох хүсэлтийг илэрхийлж байна” гэв.
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэгдүгээр хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх анхаарч үзээгүй гэдэг нь үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас чөлөөлсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нөхцөл байдалд тушаал гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт маш тодорхой заасан. Уг заалтад заасан урьдчилсан шийдвэрлэлтийг хийгээгүй гэж үзэх бүрэн боломжтой байна. ...
Хоёрдугаарт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын эрх зөрчигдсөн бол гэж заасан. Яагаад уг хуулийн заалтыг дэвшүүлж байна гэхээр анхан шатны шүүхийн тэмдэглэлийг харахад хариуцагч талаас өмгөөлөгч авах эрхийг асуугаагүй байдаг. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх байгаа. Уг эрхийг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байгаа учир хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.
Гуравдугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6 дахь заалтад зааснаар хуурамч нотлох баримтыг үндэслэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно. ...албан бичиг нь С сумын Засаг дарга 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай албан бичиг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороо одоогоор байгуулагдаж, үйл ажиллагаа явуулаагүй болно гэх агуулгатай тодорхойлолтыг ирүүлсэн байдаг. Гэтэл төрийн алба хааж байгаа хүн хуурамч тодорхойлолт хийж өгч болохгүй. ... Сэлэнгэ аймагт 2024 оны 5 сараас эхлээд хөдөлмөрийн маргааныг таслах комисс маань ажиллаж байгаа. ... Гэтэл өнөөдөр байгуулагдаагүй гээд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр албан бичиг шүүх хүлээгээд авчихсан нөхцөл байдал байна. Үүнийг урьдчилсан шийдвэрлэлт хийгдчихсэн байна гээд шийдвэрээ гаргаж байгаа нөхцөл байдал байна. ...
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлж байгаа талаар тодорхой шүүхийн шийдвэр дээр тусгаагүй. ... Нэхэмжлэгч нь миний ажлыг хүлээж аваагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцалсан тушаал дээрээ заагаагүй гэж хэлсэн. Сүүлийн үед ажил хүлээлцэх комиссыг тусдаа томилж байгаа нөхцөл байдал байгаа. Тийм учраас гаргаж байгаа гомдлууд нь үндэслэлгүй. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хэрхэн яаж үнэлж байгаа талаар шүүхийн шийдвэр дээр заагаагүй байдаг” гэв.
Нэхэмжлэгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Өргөдлөө өгсний дараа миний тушаал гарсан уу гэхэд миний тушаалыг надад өгсөн. Өмнө нь надад юу ч мэдэгдээгүй. Тэгж би тушаалтайгаа танилцаад ард талд нь тушаалаа хүлээж авлаа шүү гээд гарын үсгээ өөрийн биеэр зураад тушаалаа аваад гарсан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Тушаалыг гардаж авсан хугацаа нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр авсан байдаг. Үүнийг нэхэмжлэлдээ дурдаж бичсэн. Хариуцагч тал гардаж авсан аваагүй дээр маргаагүй. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Анхан шатны шүүх дээр энэ асуудал огт яригдаагүй. ...Шүүх нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн учраас уг тушаалыг хүчингүй болгуулах эрх зүйн үр дагавар үүсэхгүй гээд дүгнэчихсэн. ...Тушаал хүчингүй болоогүй учраас тэр хоёр хүн ажилдаа буцаж орох асуудал байхгүй гэж ойлгоно. ...
Хавтаст хэргийн 14 дүгээр талд хариуцагчийн эрх үүргийг тайлбарласан. 106 дугаар талд шүүх хуралдаанд эрх үүрэг тайлбарласан. Уг эрх үүргийг тайлбарлахад өмгөөлөгч авах эрхүүдийг тайлбарлаж байгаа. ... 2 удаа эрх тайлбарласан баримт хэрэгт байна. Өмгөөлөгч авна гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан. Өөр хүсэлт хариуцагч гаргаж уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан.
... маргаан таслах комисс руу хандсан уу гэвэл хандсан. Холбогдох дээд шатны албан тушаалтан үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж мэдэгдсэн. Бид нар одоо яах вэ. Үүнийг хуурамч баримт гэж үзэж байвал албан тушаалтанд нь гомдол гаргах эрхтэй. ... шууд хуурамч гэж үзэх ямар үндэслэл байна вэ. Тийм учраас процесс зөрчсөн ноцтой алдаа гэж үзэх үндэслэл байхгүй.
Өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж байна. Өөрөө хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй. Тэтгэмжээ авсан гэх асуудал ярьж байна. Шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа тэтгэмжийг авсан. Тэтгэмжээ авсан байлаа гэж бодоход нэгэнт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан учраас тэр тэтгэмжийг хуулийн дагуу өгч байгаа. Тэр тэтгэмж дансанд нь орсноор тэр хүн ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрчихлөө гэх агуулгаар тайлбарлаж болохгүй. Тийм хуулийн зохицуулалт ч байхгүй. Орон тоо цөөрсөн гэх асуудлаар ажлаас халагдсан. Орон тоо цөөрсөн үндэслэл нь ийм ийм үндэслэлтэй гэж маргах ёстой. Гэтэл процессын жижиг, жижиг асуудал ярихаар өөрийнх нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь дордож байна. Хамгийн гол нь хоёр үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт орон тоо цөөрсөн асуудлаар ярьсан бол 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. 30 хоногийн дотор мэдэгдээгүй гэх асуудал яригдсан. Хоёрдугаарт ажлаас халсны дараа орон тоо цөөрүүлсэн. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 62-63 дугаар талд 2025 оны 10 дүгээр сарын 29-ний өдрийн тушаал гарч орон тоог цөөрүүлсэн. Орон тоог 10 дугаар сарын 29-ний өдөр баталсан. Орон тоогоо цөөрүүлэхээс сарын өмнө хүнийг орон тоо цөөлсөн гэж урьдчилж ажлаас халсан гэсэн үг. Иймд гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.Б******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч Б.Б******* нь Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь П******* к******* захирлын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас байгууллагын орон тоо цөөрсөнтэй холбоотой ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж Б.Б******* шалгалтад тэнцээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь П******* к******* захирлын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Б дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.
Хариуцагчаас давж заалдах гомдлын үндэслэлээ “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хариуцагчийн өмгөөлөх эрхийг хангаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэж тайлбарлажээ.
4.Хэргийг судлан үзвэл:
4.1.Нэхэмжлэгч Б.Б******* нь Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* захирлын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дотуур байрны багшаар томилон ажиллаж байсан бөгөөд к******* захирлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т “аж ахуй нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан,ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б дотуур байрны багшийн ажлаас чөлөөлжээ.
4.2. Хөдөө аж ахуйн Их сургуулийн харъяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай байгууллагын бүтэц орон тоог батлах тухай тушаалын хавсралтын 23-рт байрны багшийн орон тоог 6 байхаар баталсан байна
Мөн к******* 2025 оноос 2026 оны хичээлийн жилд ажиллах бүтэц орон тоог Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* захирлын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/46 дугаартай Байгууллагын бүтэц орон тоог батлах тухай тушаалын хавсралтын 23-рт дотуур байрны багшийг орон тоог 2 болгон өөрчилсөн тухай баримтыг шүүхэд тус тус ирүүлжээ.
5.Хэрэгт авагдсан баримтаар
Ажил олгогч буюу хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээ байгууллагын орон тоо цөөрсөн гэжээ.
Ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан бөгөөд “аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.
“Ажлын байр хасагдсан” гэдэг нь тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг, харин “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасч багасгасныг хэлдэг.
Аливаа байгууллага, аж ахуйн нэгж нь зорилгодоо нийцүүлэн, батлагдсан төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлах эрхтэй боловч энэхүү ажиллагаа хуульд нийцсэн, бүтэц, орон тоог өөрчилсөн үндэслэл тогтоогдсон байхыг шаардана.
Хариуцагч Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай байгууллагын бүтэц орон тоог батлах тухай тушаалын хавсралтын 23-рт байрны багшийн орон тоог 6 байхаар баталсан байхаар тогтоосон тухайн орон тоог цөөрүүлээгүй байхдаа захирлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаал гаргаж нэхэмжлэгч Б.Б ажлаас нь ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн нь хуулийн үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* захирлын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/46 дугаартай Байгууллагын бүтэц орон тоог батлах тухай тушаалын хавсралтын 23-рт дотуур байрны багшийг орон тоог 6 байсныг 2 болгон цөөрүүлсэн байх ба орон тоог цөөрүүлэх тухай эрх зүйн акт гаргаагүй байхдаа ажилтныг дээрхи үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.
Иймд анхан шатны шүүхээс хариуцагч нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
6. Хариуцагчаас шүүх хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдлын хувьд хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүхээс хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь тайлбарлан өгсөн байх ба мөн шүүх хуралдаанд зохигчдод эрх үүргийг нь тайлбарлан өгсөн тухай баримт авагдсан байх ба хариуцагчаас өмгөөлөгчтэй оролцох талаараа хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул түүний эрхийг хангаагүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн гомдлын хувьд ажил олгогчоос нэхэмжлэгч Б.Б*******д тушаалыг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гардуулж өгсөн, гардуулсан тушаалын Б талд хүний нөөц гадаад харилцааны ажилтан Н.Мөнхбат нь гардуулсан тухай тэмдэглэл хийжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гомдол гаргахаар заасан.
Нэхэмжлэгч Б.Б******* нь ажил олгогчоос тушаалыг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан байх ба хуульд заасан хугацаанд Сэлэнгэ аймаг С сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан боловч С сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо одоогоор байгуулагдаагүй гэсэн албан бичгийг өгснөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасны дагуу гомдлоо шүүхэд гаргасан байх тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Харин анхан шатны шүүх Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* захирлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалаар ажил олгогчоос нэр бүхий 3 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн байх ба тухайн тушаалд нэхэмжлэгч Б.Б******* нь гомдол гаргасан тул тушаалын Б.Б******* д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан байхад нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлээгүй, хариуцагчаас шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгох нөхөн олговрын хэмжээнээс тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрхи үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 8,489,900 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү үнийн дүн дээр талууд маргаагүй, энэ талаар гомдол гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 316/ШШ2026/00304 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* захирлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалын Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь п******* к******* дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж,
4 дэх заалтыг:
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150.788 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН