Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 09 өдөр                     Дугаар 2019/ШЦТ/118                                                 Өлгий сум

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т  даргалж,

нарийн бичгийн дарга Т.,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч А.Т ,

хохирогч Т.А ,

хохирогчийн өмгөөлөгч А.С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З ,

шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж  овогт М  Б д холбогдох эрүүгийн 1913001270106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй. яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж  овогт М  Б , регистрийн дугаар БЮ00000000.

Шүүгдэгч М.Б ийн  холбогдсон хэргийн талаар:

М.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Тоёота Раум маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус аймгийн Өлгий сумын төвөөс Толбо сум явах чиглэлийн хатуу хучилттай замд жолоодон явж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, машины арын суудалд сууж явсан зорчигч А.Б ийн амь насыг хохироож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч М.Б  мэдүүлэхдээ: Тэр үед би юу болсныг анзаараагүй, хурдтай явж байсан. Тухайн үйл явдал гэнэт болсон учраас зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Хойд талын хаалга онгойсныг толиноос харсан. Тэгээд зогсож харахад замд хэвтэж байсан. Хурдан болж өнгөрсөн тул анзаараагүй гэв.

Хохирогч Т.А  мэдүүлэхдээ: Миний охин талийгаач Б  М.Б тэй 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон. Охиноо М гийн гэр бүлд бэр болгож өгсөн. Үүнээс хойш бараг 3 жил болж байна. Энэ хугацаанд охин маань хүргэн хүүтэй таарамжгүй харилцаатай байсан. Охин маань 4 удаа төрхөмдөө буцаж ирж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Түүнийг ирэх болгонд би буцааж явуулдаг байсан.  Өөрөөр хэлбэл хадмуудын үгийг сонс, хүн шиг хүн бол гээд гэр лүү нь буцаагаад явуулдаг байсан. Би буруу зүйл хийсэн гэдгээ сүүлд ойлгосон. Миний хүүхэд сэтгэлийн шаналал, стресст орсон байсан байна. Үүнд хадмуудын талын оролцоо байгаа гэж бодож байна. Мөн хүргэн хүү миний охины хэлсэн үгэнд нь ордоггүй байсан байна.

Ер нь хүргэн хүү М.Б  түргэн ууртай. Амархан уурладаг, хүний үгэнд ордоггүй ааш зантай. Сая  шүүх хуралдаанд 100 км цагийн хурдтай явж байсан гэж байна. Энэ бол худлаа.  Би түүнийг 140 км цагийн хурдтай явсан гэж бодож байна. Учир нь ард нь явж байсан манай хүргэн хүү 110 км цагийн хурдтай явж байсан боловч гүйцэж амжаагүй байна. М.Б д миний охиныг өрөвдөх, хайрлах сэтгэл байгаагүй. Тухайн үед үгэнд нь орохгүй маш хурдтай давхиад явж байсан гэж бодож байна. Хэрвээ миний охинд хайртай, халамжтай байсан бол урьд талын суудалд яагаад суулгаагүй юм бэ. Хойд талын баруун талын хаалга нь түгжигддэггүй, хаагддаггүй гэдгийг мэдсээр байж миний охиныг тэр талын суудалд суулгасан байна. Охин маань унаж байхад  машинаа зогсоох арга хэмжээ аваагүй байна. Ямар ч хүн зөв зүгээр өөрийн амиа таслахгүй гэж бодож байна. Ямар нэгэн шалтгаан байгаа гэж бодож байна.

Шүүх хуралдаанд тайлбарлахдаа ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй гэж худлаа хэлж байна. Шүүгдэгчийг үнэн зөв мэдүүлэг өгөөгүй гэж бодож байна. Үүнээс хойш 5 сарын хугацаа болсон. Миний эхнэр өнөөдөр шүүх хуралдаанд ирж чадаагүй.  Гэртээ суугаад байнга уйлснаас болж нүд нь харахгүй болж байна. Би өөрөө гадна зүгээр байгаа боловч дотроо маш их шаналж байна. Энэ хүүхэд миний хамгийн хайртай охин байсан. Бүх  хүмүүст тусалдаг тусч охин байсан. Хадмууд өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаад бид нарыг буруу гэж ирээгүй. Олж долоо гэх байдлаар явж байна. Тийм учраас хуулийн дагуу шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 1913001270106 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-17 дугаар хуудас/,

2. Цогцоснд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

4. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

5. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

6. Хохирогч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний охин болох А.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Толбо сум явах засмал замд манай хүргэн хүү болох М.Б ийн  эзэмшлийн Тоёота раум маркийн машинаар явж байгаад машины хаалга дутуу хаагдсанаас болж машинаас шидэгдэн биедээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн ирж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан.

Уг асуудал болсны дараа хүргэн хүү Е , охин болох А Н , А А  нар араас нь машинтай дагаж пост уруудаж, утсанд сүлжээ орж ирэх үед талийгаач А.Б ийн утас руу А.Н  залгахад утсыг М.Б  авч “бид хоёр хоорондоо маргалдаж, үүнээс болж А.Б  машинаас үсэрсэн гэж хэлсэн”” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-55 дугаар хуудас/,

7. Гэрч А.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өглөө ажил дээрээ сууж байхад миний дүү болох А.М  над руу залгаж “миний бэргэн авто осолд орсон байна, хурдан хүрээд ирээч” гэж хэлээд утсаа тасалсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

8. Гэрч Т.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарын урд Б  өөрийн машинтай явж байсан, би араас нь дагаад нэлээд хурдтай явж байсан. Шар нуурын наад талд байдаг шар шавар авах газар хүртэл араас нь дагаж явсан. Тэгээд би хурдаа хасаад аажуухан явсан юм. М.Б ийн  машин нь удалгүй харагдахааргүй холдоод явсан. Тэгээд би араас нь ойролцоогоор 5 минут байх явж байхад миний урдаас М.Б  машинтай зөрж ирээд машиныхаа сигнал дарж гараараа буцаарай гэсэн хөдөлгөөн хийсэн болохоор нь ямар нэгэн асуудал гарсан байх гээд араас нь дагаад эмнэлэгт ирэхэд талийгаачийг аль хэдийн эмнэлэгт оруулсан байсан.

...Талийгаач, Б  нар зүгээр сайн харьцаатай байсан, ямар нэгэн хэрүүл маргаан гарч хэрэлдэж таарамжгүй байгаа гэх мэт зүйл сонсож байгаагүй. Урд өмнө нь таарамжгүй харьцаанаас болж талийгаач өөрийн гэртээ байж байсан юм сонсоогүй. Толбо сум руу явахаас хэдэн өдрийн урд уулзахад сэтгэл санаа нь хэвийн зүгээр байсан. Харин Толбо сум руу явахаас нэг өдрийн урд манай эхнэртэй уулзаад Толбо сум авч явах хоол хүнс худалдан авсан гэж байсан. Тэр өдөр буцаж аймгийн төв рүү орж ирэхэд эхнэр талийгаачийн утас луу залгахад хаалга онгойж эхнэр маань унасан гэж хэлсэн юм. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/,

9. Гэрч А.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар талийгаач Б ийн сууж явсан машиныг араас нь гүйцээх гээд постын байрнаас өнгөрсний дараа 100 км цагийн хурдтай явсан боловч хүргэн Б ийн машин асар хурдтай яваад бид нар араас нь гүйцэж чадаагүй юм. Бид нар аймгийн төв рүү орж ирээд талийгаач Б ийн утас руу миний дүү Н  залгахад Б  юу гэж хариулсныг мэдэхгүй, дүү Н  утсаа тасалсны дараа би түүнээс юу болсон талаар асуухад надад “тэр хоёр хоорондоо маргалдаж, муудалцаад Б д машинаа зогсоохыг хэлэхэд Б  нь машинаа зогсоогүйн улмаас дүү Б  машины хаалгыг онгойлгоод үсэрчихлээ гэж Б  хэллээ”.

...Талийгаач, Б  нар 2015 оны 8 дугаар сард хуримаа хийсэн. Гэр бүл болсноос хойш тэд нарын хооронд ямар нэгэн үл ойлголцол, хэрүүл маргаан гарч, муудалцаж байсан талаар надад мэдсэн зүйл байхгүй.

...Хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Тирлик зах дээр Хостерек үйлчилгээний төвийн АТМ бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэж очтол талийгаач манай дүү Н гийн хүүхдийг өргөөд зогсож байсан. Тэгээд удалгүй манай дүү Н  бууж ирээд гурвуулаа тааралдаж байсан ба Н , талийгаач хоёр зах дотроос бараа авахаар орсон ба би эмнэлэг орохоор тусдаа яваад өгсөн.

...Хүргэн Б тэй хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манай төрсөн ах Ж ын гэрт ах дүү бүгд цугларсан. Тэнд талийгаач, Б тэй цуг ирсэн байсан. АТМ бэлэн мөнгөний машины хажууд талийгаачтай тааралдаж машинаас мөнгө гаргаж авч байхад дүү Н , талийгаач нар надад тоглоом болгож “Та ч баян шүү дээ, бид нарт мөнгө өгөхгүй юм уу” гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл хэлээгүй юм. Бид нар ах дүүгээрээ хааяа цугладаг бөгөөд тухайн үед талийгаач түүний нөхөр хоорондоо сайн харилцаатай байсан. Бие биенээ маш их хүндэтгэдэг байсан. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

10. Гэрч А.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Толбо сум руу гарах засмал замаар явж байхад бид нарын урд М Б  өөрийн машинтай явж байсан бөгөөд араас нь дагаад нэлээд хурдтай явсан. М.Б ийн  машин урд яваад харагдахгүй холдоод явсан. Тэгээд бид араас нь ойролцоогоор 5 минутын хугацаатай байх явж байхад бид нарын урдаас М.Б  машинтай зөрж ирээд машиныхаа сигнал дарж гараараа буцаарай гэсэн хөдөлгөөн хийсэн болохоор нь ямар нэгэн асуудал гарсан байх гээд араас нь дагаад ирэхэд эмнэлэгт оруулсан байсан юм. Би араас нь дагаж ирж байгаад сүлжээ орж ирэхэд Б ийн утас руу залгасан. Тэр үед уг утсыг нь М.Б  аваад “яасан бэ” гэхэд “замдаа маргалдаж, машинаас үсэрчихсэн гэж хэлсэн юм”.

...Талийгаач Б , Б  нар зүгээр сайн харьцаатай байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан гарч хэрэлдэж таарамжгүй байгаа асуудал гарч байгаагүй. Дотно сайн харьдаг байсан юм. Урьд өмнө таарамжгүй харьцаанаас болж талийгаач өөрийнхөө аав ээжийнхээ гэртээ очиж байсан юм сонсоогүй. Би хамгийн сүүлд талийгаачтай Толбо сум руу явахаас нэг өдрийн өмнө нь уулзаад Толбо сум руу авч явах хүнс худалдаж авахад уулзсан. Тэр өдөр урдын адил хэвийн байсан. Сэтгэл санаа нь гутарсан асуудал анзаарагдаж харагдаагүй. Надад хандаж ямар нэгэн асуудлаас болж нөхөр маань дарамталж зоддог гэж хэлж байгаагүй, зодоон гарч байгаагүй. Амиа егүүтгэх ямар нэгэн оролдлого хийсэн үйлдэл байхгүй. Надад болон манай хамаатан садангийн хүмүүст хүүхэд өргөхгүй байна, энэ асуудлаас болж нөхөр бид хоёр таарамжгүй байгаа талаар хэлж байгаагүй бөгөөд сэтгэл санаа нь гутарсан асуудал байхгүй. 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлсэн, тэр үед умайд нь хоргүй хавдартай гэж хэлсэн гэсэн. Мөн нэг өндгөвчийг нь дурангийн аргаар авсан гэсэн одоо хүүхэд өргөх боломжтой гэж хэлсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,

11. Гэрч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын үе байх нэг удаа өөрийн Toyota raum маркийн 0472 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээ авч ирж засуулсан. Машиныхан хойд зүүн талын хаалга нь гацаж онгойхгүй заримдаа өөрөө онгойж байна гэхээр нь үзэж өгсөн. Тэгээд хаалганы тороосны толгойн мултарсан байсныг нь засаж өгч явуулсан, дахин надад ирж машинаа засуулаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

12. Гэрч А.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Толбо сумаас гараад эмнэлэгт бүгдээрээ ирэхэд сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан юм. Тэгээд ухаангүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан юм. Би яасан юу болсон гэж ээжээс асуухад “М.Б , А Б  нар хоорондоо муудалцаж тэрнээс болоод А.Б  машинаас үсэрсэн гэж” М Б  Н д хэлээд Н  манай ээжид энэ үгийг хэлсэн байсан юм ”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

13. Гэрч А.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад машины хаалга онгойсон гэж ямар нэгэн зүйл хэлээгүй. М Б  А Б  нар хоорондоо муудалцаж тэрнээс болоод А.Б  машинаас үсэрсэн гэж надад хэлсэн юм. Чухам ямар асуудлаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/,

14. Шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай “... А.Б ийн биед гавал тархины хавсарсан гэмтэл, тархины хүнд хэлбэрийн няцрал, 2 талын зулай, дух, дагз, суурь яснуудын далд хугарал, тархины зүүн талын духны зулайн хэсэгт хатуу хальсан доорх цус хуралт, урт сэртэнгийн гэмтэл, толгойн оройн хэсэг, дух, нүүр, доод эрүү, баруун зүүн, талын гарын сарвуу, баруун талын ташаа, зүүн талын өвдөгний хэсгүүдэд бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт шарх, 2 талын нүдний дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо, амь биед аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

15. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай: “...талийгаач А.Б ийн биед үүссэн хатуу зүйлийн үйлчлэлээр буюу хүчнээс даван хүч үйлчилсэн байна. Талийгаач А.Б ийн биед үүссэн гавал тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/,

16. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1972 дугаар дүгнэлтэд: “... хэргийн газраас хураан авсан гэх 3 ширхэг чулуу нь шинжилгээнд тэнцэж байна. Уг 3 ширхэг чулуунд илэрсэн цус нь А.Б ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/,

17. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...Тоуоta raum /Тоёота раум/ маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалга хүний оролцоотойгоор хаалганы бариулыг татсан тохиолдолд онгойж болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,

18. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Б.М ыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай: “... Иргэн М.Б  нь Тоёота раум маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зорчигч А.Б  нь тээврийн хэрэгслээс унах үед жолооч ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзлээ. Иргэн М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Тоуоta raum /Тоёота раум/ маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалга ямар нэгэн гадны нөлөөгүйгээр өөрөө онгойж болох эсэхийг шалгах зорилгоор уг тээврийн хэрэгслийг асааж хөдөлгөөнд оролцуулан хаалгыг шалгаж үзэхэд өөрөө онгойх боломжгүй, хүний биеийн гарны хүчний тусламжтайгаар онгойж байв. Уг тээврийн хэрэгслийн хаалга хойш гүйж онгойдог хаалга байлаа. Хаалга өөрөө онгойх боломжгүй, хүний биеийн гарны хүчний тусламжтайгаар онгойж байгаа нь тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүй болно. Иргэн М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан заалтыг зөрчин тээврийн хэрэгслийнхээ хурдыг хэтрүүлж аюултай нөхцөл байдал үүсгэсэн нь осол гарах шалтгаан болсон байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,

19. Гэрч М.Б ийн  мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Өнөө өглөө 09:30 цагийн үед эхнэр болох А.Б ийн хамт өөрийн 0000 БӨТ улсын дугаартай Тоуоta raum маркийн тээврийн хэрэгслээр хувийн ажлаар Толбо сум руу явж байхад машины баруун хойд талын хаалга онгойчихсон тул машины хурдыг багасгаад зогсох гэж байх үед жолооч талын толиноос харахад миний хойд талд сууж байсан эхнэр маань хаалгаснаас унаж байсныг хараад буцаад эргэж ирэхэд замын хажууд цасанд хэвтэж байсан. Тэгээд би машинаасаа буугаад эхнэрээ өргөж машинд суулгаад аймаг руу авч ирж, Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

20. Талийгаач А.Б ийн өвчтөний түүх /хавтаст хэргийн 161-182 дугаар хуудас/,

21. Талийгаач А.Б ээс бичиж байсан гэх фэйсбукийн мессеж /186-189 дүгээр хуудас/,

22. Яллагдагч М.Б ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота раум маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл мөн. Зам тээврийн осол гарах үед би хамгаалах бүс хэрэглэсэн. Харин миний эхнэр А.Б  нь хамгаалах бүс хэрэглээгүй. Учир нь хойд суудлын хамгаалах бүсийг хурааж сандал доор хийсэн байгаа.

...Тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байхад хойд талын цонх, хаалга онгойх дуу чимээ сонсогдоно. Тээврийн хэрэгслээр явж байх үед хаалга онгойсон дуу чимээг сонсож машины толиноос харахад эхнэр А.Б  хаалгаар унаж байсныг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 201 дугаар хуудас/, 

23. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас/,

24. Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай: “...Жолооч М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б-д зааснаар хамгаалах хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. Хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан болохгүй болно. Жолооч М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4-т зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шууд шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас/,

25. Хэргийн хамт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бичлэг, 3 ширхэг чулуу,

26. Шүүгдэгч М.Б ийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй болохыг тодорхойлсон лавлагаа /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б ийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч М.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 0000 БӨТ улсын дугаартай Тоёота раум загварын тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Толбо сум руу зорчих чиглэлийн хатуу хучилттай замд жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчигч А.Б ийн амь насыг хохироосон үйл баримтыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “Хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвөөс тус аймгийн Толбо сум руу явах чиглэлд Өлгий сумын төвөөс 15 км 300 метрийн зайтай газар хатуу хучилттай хар зам дагуу зам тээврийн осол гарсан байв. Уг засмал зам нь 7 метрийн өргөнтэй, эсрэг урсгалтай, замын хоёр талаар 3 метрийн өргөн хөвөөнтэй, замын хоёр тал дагуу ус зайлуулах шуудуутай, суурингийн гадна зам байв...”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-17 дугаар хуудас/,

- 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт талийгаач А.Б ийн цогцоснд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/,

- 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр М.Б ийн  жолоодож явсан 0000 БӨТ улсын дугаартай, Тоёота раум загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

- 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 115 дугаартай “Хяналтын камерын нэгдсэн төвийн “5162 Жана өлке зах К-01-Camera-01” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон СД бичлэг” /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

- 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

- 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

- Гэрч Т.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд “Хөрс” шатахуун түгээх станцаас бензин аваад Толбо сум руу гарах засмал замаар явж байхад бид нарын урд Б  өөрийн машинтай явж байсан, би араас нь дагаад нэлээд хурдтай явж байсан. Шар нуурын наад талд байдаг шар шавар авах газар хүртэл араас нь дагаж явсан. Тэгээд би хурдаа хасаад аажуухан явсан юм. М.Б ийн  машин нь удалгүй харагдахааргүй холдоод явсан. Тэгээд би араас нь ойролцоогоор 5 минут байх явж байхад миний урдаас М.Б  машинтай зөрж ирээд машиныхаа сигнал дарж гараараа буцаарай гэсэн хөдөлгөөн хийсэн болохоор нь ямар нэгэн асуудал гарсан байх гээд араас нь дагаад эмнэлэгт ирэхэд талийгаачийг аль хэдийн эмнэлэгт оруулсан байсан.

...Би ойролцоогоор 100 км цагийн хурдтай шар шавар авах засмал зам хүртэл дагаж явсан, тэгээд М.Б  нэлээд хурдтай яваад байхаар нь хурдаа хасаад явж байгаад холдоод машин нь харагдаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

- Гэрч А.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар талийгаач Б ийн сууж явсан машиныг араас нь гүйцээх гээд постын байрнаас өнгөрсний дараа 100 км цагийн хурдтай явсан боловч хүргэн Б ийн машин асар хурдтай яваад бид нар араас нь гүйцэж чадаагүй юм. Тэгээд хүргэний машин харагдахгүй холуур яваад өгсөн ба бид нар хурдаа сааруулаад явж байхад бидний урдаас хүргэн Б ийн машин нилээн хурдтай хүрч ирээд зогсож, машинаас буугаад бид нарт гараараа даллаж буцаарай гэж хэлээд дахин машиндаа сууж аваад дахиад хурдтай яваад өгсөн. Бид нар аймгийн төв рүү орж ирээд талийгаач Б ийн утас руу миний дүү Н  залгахад Б  юу гэж хариулсныг мэдэхгүй, дүү Н  утсаа тасалсны дараа би түүнээс юу болсон талаар асуухад надад “тэр хоёр хоорондоо маргалдаж, муудалцаад Б д машинаа зогсоохыг хэлэхэд Б  нь машинаа зогсоогүйн улмаас дүү Б  машины хаалгыг онгойлгоод үсэрчихлээ гэж Б  хэллээ” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

- Гэрч А.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Толбо сум руу гарах засмал замаар явж байхад бид нарын урд М Б  өөрийн машинтай явж байсан бөгөөд араас нь дагаад нэлээд хурдтай явсан. М.Б ийн  машин урд яваад харагдахгүй холдоод явсан. Тэгээд бид араас нь ойролцоогоор 5 минутын хугацаатай байх явж байхад бид нарын урдаас М.Б  машинтай зөрж ирээд машиныхаа сигнал дарж гараараа буцаарай гэсэн хөдөлгөөн хийсэн болохоор нь ямар нэгэн асуудал гарсан байх гээд араас нь дагаад ирэхэд эмнэлэгт оруулсан байсан юм. Би араас нь дагаж ирж байгаад сүлжээ орж ирэхэд Б ийн утас руу залгасан. Тэр үед уг утсыг нь М.Б  аваад “яасан бэ” гэхэд “замдаа маргалдаж, машинаас үсэрчихсэн гэж” хэлсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б гийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай “... А.Б ийн биед гавал тархины хавсарсан гэмтэл, тархины хүнд хэлбэрийн няцрал, 2 талын зулай, дух, дагз, суурь яснуудын далд хугарал, тархины зүүн талын духны зулайн хэсэгт хатуу хальсан доорх цус хуралт, урт сэртэнгийн гэмтэл, толгойн оройн хэсэг, дух, нүүр, доод эрүү, баруун зүүн, талын гарын сарвуу, баруун талын ташаа, зүүн талын өвдөгний хэсгүүдэд бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт шарх, 2 талын нүдний дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо, амь биед аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б гийн  шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай: “...талийгаач А.Б ийн биед үүссэн хатуу зүйлийн үйлчлэлээр буюу хүчнээс даван хүч үйлчилсэн байна. Талийгаач А.Б ийн биед үүссэн гавал тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-93 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Т гийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1972 дугаартай: “... хэргийн газраас хураан авсан гэх 3 ширхэг чулуу нь шинжилгээнд тэнцэж байна. Уг 3 ширхэг чулуунд илэрсэн цус нь А.Б ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн шинжээч Ш.М ын 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 01 дугаартай: “...Тоуоta raum /Тоёота раум/ маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалга хүний оролцоотойгоор хаалганы бариулыг татсан тохиолдолд онгойж болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч, шинжээч Б.М ын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай: “... Иргэн М.Б  нь Тоёота раум маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зорчигч А.Б  нь тээврийн хэрэгслээс унах үед жолооч ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзлээ. Иргэн М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Тоуоta raum /Тоёота раум/ маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалга ямар нэгэн гадны нөлөөгүйгээр өөрөө онгойж болох эсэхийг шалгах зорилгоор уг тээврийн хэрэгслийг асааж хөдөлгөөнд оролцуулан хаалгыг шалгаж үзэхэд өөрөө онгойх боломжгүй, хүний биеийн гарны хүчний тусламжтайгаар онгойж байв. Уг тээврийн хэрэгслийн хаалга хойш гүйж онгойдог хаалга байлаа. Хаалга өөрөө онгойх боломжгүй, хүний биеийн гарны хүчний тусламжтайгаар онгойж байгаа нь тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүй болно. Иргэн М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан заалтыг зөрчин тээврийн хэрэгслийнхээ хурдыг хэтрүүлж аюултай нөхцөл байдал үүсгэсэн нь осол гарах шалтгаан болсон байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,

- Мөн нэмэлт шинжилгээ хийсэн шинжээч Б.М ын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай: “...Жолооч М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б-д зааснаар хамгаалах хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. Хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан болохгүй болно. Жолооч М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4-т зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шууд шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас/,

- Талийгаач А.Б ийн өвчтөний түүх /хавтаст хэргийн 161-182 дугаар хуудас/,

- Яллагдагч М.Б ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота раум маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл мөн. Зам тээврийн осол гарах үед би хамгаалах бүс хэрэглэсэн. Харин миний эхнэр А.Б  нь хамгаалах бүс хэрэглээгүй. Учир нь хойд суудлын хамгаалах бүсийг хурааж сандал доор хийсэн байгаа.

...Тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байхад хойд талын цонх, хаалга онгойх дуу чимээ сонсогдоно. Тээврийн хэрэгслээр явж байх үед хаалга онгойсон дуу чимээг сонсож машины толиноос харахад эхнэр А.Б  хаалгаар унаж байсныг харсан.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хадам талын хүмүүсээс уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 201 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хэргийн хамт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бичлэг, 3 ширхэг чулуу зэрэг бичмэл болон бичмэл бус нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч болон хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч М.Б ийг “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчигч А.Б ийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор,

Шүүгдэгч М.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З аас “…хавтаст хэрэгт цугларсан хөндлөнгийн нотлох баримтаар тухайн цаг мөчид Тоёото Раум маркийн машин нь хэдэн км цагийн хурдтай явсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна. Яагаад 100 км цагийн хурдтай явсан гэдгийг яллагдагчийн өөрийн өгсөн мэдүүлгээр тогтоогоод явсан. Шинжээч нарын зүгээс  тэрний хурдыг шинжлэх ухааны аргад үндэслэж тогтоосон дүгнэлт байхгүй. Тийм учраас энэ бол эргэлзээтэй нотлох баримт. Зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг үндэслэж хурд хэтрүүлсэн, 100 км цагийн хурдтай явсан гэж үзэх нь дутмаг. Тэгэхээр дан ганц шүүгдэгч М.Б ийн  мэдүүлгээр хурд хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан.” хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч М.Б  нь гэмт хэрэг гарах үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөн гэрч Т.Е , А.А , А.Н  нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг Шүүгдэгч М.Б  нь гэмт хэрэг гарах үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч М.Б ийн  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Шүүгдэгч М.Б ийн  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байх тул энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай байна.   

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Б ийн  хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ. 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч М.Б ийн  үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн А.Б ийн амь нас хохирсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон талийгаачийн эцэг нь болох Т.А аас хор уршигт нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч М.Б ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б д 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Хохирогч Т.А аас шүүгдэгч М.Б д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, хохирогчийн өмгөөлөгч А.С аас хохирогчийн саналыг уламжилж байгаа талаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З аас шүүгдэгч М.Б ийн  үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг, гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой тул шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх тухай дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм.

Шүүхээс шүүгдэгч М.Б  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас иргэн А.Б ийн амь насыг хохироосон, нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгчид хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.Б д оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх хорих ялыг мөн өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзсан болно.

4.Бусад асуудлаар.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт ирүүлсэн иргэний цахим үнэмлэх болон ******* дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Тоёота раум загварын 0000 БӨТ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашины АЯ ******** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нь болох А.М д буцаан олгох зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Ж  овогт М ын  Б ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч М.Б  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний иргэний цахим үнэмлэх болон ******* дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6.  Энэ хэргийн хамт ирүүлсэн Тоёота раум загварын 0000 БӨТ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашины АЯ ******** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нь болох А.М д буцаан олгосугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Б ийн  эдлэх нэг жилийн хорих ялыг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.Т