| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01161/И |
| Дугаар | 01363 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 01363
2016 оны 11 сарын 11 өдөр Дугаар 142/ШШ2016/01363 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж,
Нэхэмжлэгч 1979 онд төрсөн, 37 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-7-11 тоотод оршин суух, Хунтайж овгийн Ламжавын Нарантунгалагийн /регистрийн дугаар ФБ79110161/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч 1976 онд төрсөн, 40 настай эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-7-11 тоотод оршин суух, Хунтайж овгийн Ламжавын Жаргалсайханд холбогдох С.Жааханхүүгийн хууль ёсны өвлөгчөөр, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7-11 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Нарантунгалаг, хариуцагч Л.Жаргалсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Ялалт, Г.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ламжав овогтой Нарантунгалаг миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-7-11 тоотод 1998 оноос одоог хүртэл оршин сууж амьдарч байгаа. Тус байр болох улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаар бүхий 19.4 м.кв талбайтай орон сууцыг ээж С.Жааханхүү, ах Жаргалсайхан нарын хамт эзэмшдэг байсан. Миний ээж С.Жааханхүү нь 2012 оны 11 сарын 09-нд нас барсан. Иймд ах Л.Жаргалсайхан бид 2 тус байрыг өвлөж үлдсэн тул ах бид 2-ын өвлөн авч эзэмших эрхийг тодорхойлж өгнө үү. Намайг өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Л.Нарантунгалаг намайг С.Жааханхүүгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Л.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-7-11 тоот 19,4 м2 талбайтай орон сууцыг Л.Нарантунгалаг өмчлөх эрхтэй болно. Миний бие Жаргалсайхан нь Бямбарагчаа, Б.Сувд нартай тохиролцож дүү Нарантунгалагийн нэрийг хууль бусаар хасуулж байрны гэрчилгээг хуурамчаар гаргуулсан буруугаа хүлээж байна. Иймд 5-7-11 тоот орон сууцны өмчлөгч нь Л.Нарантунгалаг мөн болно, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг нь Л.Жаргалсайханд холбогдуулан ээж С.Жааханхүүгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7-11 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.
Н.Лхамжав, С.Жааханхүү нар 1962 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн гэр бүл болж тэдний дундаас 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Л.Нарантунгалаг төрсөн нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 05/003343 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №70 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Мөн С.Жааханхүү 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 014/007141 тоот нас барсны бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг нь нас барагч С.Жааханхүүгийн төрүүлсэн хүүхэд болох нь хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг нас барагч С.Жааханхүүгийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэстэй.
Харин хууль ёсны өвлөгч болох Л.Нарантунгалагт мэдэгдэлгүй түүний ах Л.Жаргалсайхан нь Б.Бямбарагчаа, Б.Сувдаа нартай бүлэглэн Л.Нарантунгалагын гарын үсгийг Б.Сувдаагаар зуруулан 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Л.Жаргалсайханы нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан улмаар 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийг хуурамчаар хийж нотариатаар гэрчлүүлэн өмчлөгч Л.Жаргалсайханы нэр дээр Б.Бямбарагчаагийн нэрийг нэмж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуульд хамрагдан яллагдагч Б.Бямбарагчаа, Б.Сувдаа, Л.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/313 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор нотлогдож байгаа, хариуцагч дээрхи үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
С.Жааханхүүг нас барах хүртэл Л.Нарантунгалаг түүнийг асарч, хамт амьдарч байсан талаар зохигчид маргаж мэтгэлцээгүй, Л.Нарантунгалаг нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор С.Жааханхүүгийн өвийг хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй тул түүнийг өвийг хүлээн авсан гэж үзэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч нотариатад хандсаны дараа өмчлөгчөөр тогтоолгох асуудал шийдвэрлэгдэх боломжтой тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн энэ журмыг нэхэмжлэгч хэрэглэх боломжтой гэж үзэж өмчлөгчөөр тогтоолгож шаардлагыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нарантунгалагийг нас барагч С.Жааханхүүгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Л.Нарантунгалагын Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7-11 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5825 дүгээр шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
4.Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
5.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА