| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00164/И |
| Дугаар | 01365 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 01365
| 2016 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2016/01365 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж
Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Ургацын 01 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух, Шаавай овгийн Зоригтын Болдтөмөрийн /Регистрийн дугаар ЖА86061773/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1989 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг Даваатын Зураагийн 16 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, Онгод овгийн Даваадоржийн Нандин-Эрдэнэд /регистрийн дугаар РЖ89032909/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Болдтөмөр, хариуцагч Д.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Болдтөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Болдтөмөр миний бие Д.Нандин-Эрдэнэтэй 2008 оны 6-р сарын 29-нд гэр бүл болж 2009 оны 04-р сарын 25-нд Төгсдэлгэр гэдэг хүүтэй болсон.Гэр бүл болоод 2 жилийн дараа 2010 оны 10-р сарын 25-нд би Өмнөговь аймагт Элгэн Drilling ХХК-д нярав мэргэжлээр ажилд орж амьдралын шаардлагаар хөдөө орон нутагт ажиллахаар болсон.Ажилд яваад 45 хоног болоод эхнэр хүүхэд дээрээ ирэхэд эхнэр Нандин-Эрдэнэ нөхөр хүүхэдгүй гэж хэлэн Жагаа гэдэг ажлын газрынхаа залуутай хайр сэтгэлийн холбоотой болж хүүгээ тоохгүй орхин тэр залуутай хамт гадуур хонож өнжөөд явж байсан. 45 хоног ажиллах хугацаанд би өдөр бүр утсаар залгаж хүүтэйгээ ярья гэдэг боловч ажил тараагүй байна гадуур ажилтай явж байна ам. Зарим орой утсаа ч авахгүй унтраагаад таг болчихно.Би 45 хоногийн дараа ажлаасаа амраад ирэхэд эхнэрээсээ өөр хүнд хайртай гэдэг үгийг сонсоод маш хэцүү байдалд орсон. Хартай болсон тэр залуутай нь уулзаад айл гэр үймүүлж болохгүй шүү дээ гээд олон янзаар тайлбарлан хэлж гуйсан. Би эхнэртэйгээ ярилцаад бид 2 ингээд салж хүүгээ өнчрүүлж, босгосон амьдралаа сүйрүүлж болохаүй гэж зөндөө хэлж гуйсан боловч чи одоо надад хэрэггүй миний амьдралд битгий оролц би чамд хайргүй болчихож гээд хэлсэн үгийг маань хүлээж авахгүй бид 2-ын хооронд хэрүүл маргаан болж хувирсан.Иймэрхүү байдал 6-7 сал үргэлжилсэн боловч миний хувьд хүүгээ өнчрүүлэхгүй гэр бүлээ алдахгүй юмсан гэсэн бодлоор хандаж эхнэрийгээ гуйсаар байгаад өөрийнхөө ажилладаг компанид хамт ажиллахыг санал болгож ажилд оруулан бид 2 хамтдаа ажиллах болсон.Бид 2 ажилдаа явахдаа хүүгээ 2 талын эцэг эхдээ харуулдаг.Гэвч удалгүй Нандин-Эрдэнэ ажлын газрын Отгонбаяртай явалддаг тэрэнд сайн юм байна лээ гээд ажилчдын ам ярианаас сонсоод тэр 2-ыг би нууцаар мөрдөн хамтдаа зочид буудалд орж байхыг нь хараад итгэсэн.эхнэр Нандин-Эрдэнэ, Отгонбаяр 2 намайг хуураад ингээд явж байна гэж би ажлын газрынхаа удирдлагуудад тайлбарлан хэлсэн боловч дарга нар Отгонбаярыг гэр бүл үймүүлсэн гэж ажлаас нь чөлөөлсөн.Нандин-Эрдэнэтэй уулзсан болвч миний амьдралд та нар оролцох эрхгүй би хэнтэй явна уу ямар хүнд хайртай болр хэнийг дагаж явах нь миний эрх гээд дарга нарын хэлснийг үл тоож байсан.Бас Нандин-Эрдэнэ нь манай эрэгтэй найз Нарангэрэлтэй дотно харьцаагаар харьцаж чи надад сайн юм уу эхнэртээ сайн юм уу гэх мэт өдөж гэр бүлийг үймүүлж хэрэлдүүлж байсан удаатай.Болдтөмөр миний бие амьдралын хатуу хүтүүг өөрийн чадлаараа даван туулж хүүгийнхээ ирээдүйд санаа тавин ажлын байрны олдоцоороо хөдөө орон нутагт ажиллаж байгаа. Одоогоор би хуучин ажиллаж байсан Элгэн компаниас гарч өөр Хишиг арвин индустриал гэдэг уул уурхайн компанид түлшний хяналтын ажилтанаар ажиллаж байна. Манай ажил 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. Одоо би хүүтэйгээ ээж дүүгийн хамт амьдардаг. Эхнэр Нандин-Эрдэнэ хүү бид 2-г орхиж яваад одоогоор 2 жил болж байна. хүүхэдгүй гэж хүндтэй танилцаж, эх хүний сэтгэлээр хүүгээ хайрлаж цэцэрлэгт явж байхад хүүхдээ нэг ч удаа хүргэж, авч үзээгүй. Хүүгийнхээ юу хүсэж мөрөөдөж, одоо сургуульд ямар сурч байгаа талаар юу ч мэдэхгүй. Эх хүн байж хүүхдээ аваад явах чадваргүй хүн гэж би үзэж байна. Хааяа утсаар ярихаар ирж уулзахгүй юм уу гэхээр миний хүүтэйгээ уулзах уулзахгүй чамд хамаагүй, чи харж чадахгүй байгаа бол миний ээж дүү нарт аваачаад өгчих гэж уурладаг. Нандин-Эрдэнийн аав Дарханы хорих ангид хоригдож байгаа, ээж Тунгалаг 17 дугаар сургуульд үйлчлэгч хийдэг. Би хүүгээ Нандин-Эрдэнийн ээж дүү нартай байлгахыг хүсдэггүй. Ээж Тунгалаг нь ажилчид найз нөхдөө дагуулан гэртээ ирж их архиддаг, архи уучихаад хүүхдүүдтэйгээ их хэрэлдж зодолддог. Манайд хүртэл орж ирээд манай найз нөхдийг гэртээ оруулсангүй архи авч өгөхгүй байна гэж охиноо загнаж үсдэж зодож байсан. мөн та 2 ингэж байхаар салаач эмэгтэй хүн хаана ч очсон хань ижилтэй болоод хүүхэд гаргаад амьдардаг юм. Энэний шээсэнд хорогдоод байгаа юм уу гэж охиндоо хэлж байсан удаатай. Би хүүгээ өөрийн биеэр харж хандан сайн хүн болгож төлөвшүүлэхийн төлөө хичээж амьдарч байна. Нандин-Эрдэнэ нь гэр бүл үр хүүхдээтоохоо болиод зөвхөн өөрийгөө бодож амьдраад удаж байна. мөн хүүгийнхээ халамжийн 20 000 төгрөгийг хүүдээ өгөхгүй олон жил өөрөө авч ашигласан. Иймд бид цаашид хамт амьдарч чадахгүй учир бидний гэр бүлийг цуцалж хүүтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгааг минь хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Нандин-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 онд нөхөр Болдтөмөртэй гэр бүл болж 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү Б.Төгсдэлгэрийг төрүүлсэн. Нөхөр Болдтөмөр нь суусан цагаасаа эхлэн их хардаж ирсэн. Мөн 2008 онд намайг 4 сартай жирэмсэн байхад өөр хүүхэнтэй уулзаж баригдаж байсан. Мөн 2010 оны 06 сард хүү бид 2 ээж дүү, өвөө эмээ нартайгаа Хөвсгөл явсан, яваад сар гаран болоод ирэхэд нөхөр Болдтөмөр нь бас л хүүхэнтэй уулзаж бүүр хотоос ирэх зардал мөнгийг нь өгч ирүүлж гэр орондоо авчирч хонож байгаад өөрийн аав ээждээ баригдаж шөнө хөөгдөж 5-р микрт буудалд хоносон. Би хөдөөнөөс ирээд удаагүй энэ явдлыг найз нөхдөөс нь сонссон, тэр хүүхэнтэйгээ их удаан холбоотой байсан. Энэ бүх явдлыг Болдтөмөрийн хамаатан садан найз нөхөд бүгд мэднэ. Би хэлсэн ч хүүгээ бодон нөхөр Болдтөмөрийг уучилж амьдарсаар ирсэн. 2010 оны 10 дугаар сарын 25-нд нөхөр Болдтөмөр нь Өмнөговь аймагт хөдөө ажилд орж явсан. Ажил дээр байх хугацаандаа намайг байнга хардаж сэрдэж намайг ажил хийлгэх дургүй байдаг. Бид хоёр 2-лаа оюутан байхдаа суусан энэ хугацаанд сар болгон миний аав ээж 2 хоол хүнсийг авч өгдөг байсан. 2010 оны 11 дүгээр сарын дундуур би нэг ажилд орж өглөө нь хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа явдаг байсан. Тэгсэн намайг ажил хийж байгаа гэдгийг мэдээд их уурлаж утасны цаанаас янз янзаар доромжилж байсан. Нөхөр Болдтөмөрийг гаднаас нь харахад их тайван дөлгөөн хүн шиг хэрнээ уурлахаараа юм л бол гар хүрч олон зодож байсан. Намайг ажилдаа явсан хойгуур хүүгээ харахгүй манай дүү нарт үлдээчихээд намайг өдөр оройгүй мөрдөж тагнаж явдаг бйсан юм билээ. Ийм байдлаасаа болоод бид 2 их хэрүүлтэй байдаг байсан. 2011 оны 03 сардах эгч нартайгаа ирээд гэрээ ачаад яв байсан, хүү бид 2-ыг гудманд хаяад явж байсан. 2011 оны 06 сард би хүүгээ бодон буцаж Болдтөмөртэй нийлж хүү бид 2 очиж байсан. Би ажлаасаа гарч нөхөртэйгээ нэг газар ажиллахаар болсон юм. Хамт ажиллаж байх үедээ тэнд ажилладаг залуучуудтай намайг хардаж утсыг минь өдөр болгон шалгаж байсан. Энэ хүн өөрөө олон хүүхэнтэй холбогдож явсан болохоор намайг өөр шигээ бодож намайг байнга ажил дээр мөрдөж тэр байтугай хажууд эрэгтэй хүн байвал энэ 2 ямар холбоотой бол гээд утасныхаа дуу хураадаг дээр нь тавьчихаад уисаа нууж орхиод өөрөө гарч явж байсан удаатай. Энэ хүн ийм л аймар хартай , би их сэтгэлийн дарамттай ажилладаг байсан. Нөхөр Болдтөмөр нь дахиад 2012 онд Одгэрэл гэгч хүүхэнтэй тнилцсан байсан, тэгээд би хэн юм гэхэд найзын маань найз гэдэг байсан. Энэ байдлаас болж бид 2 хэрэлдэж Болдтөмөр надад гар хүрч зодож заазуураар ална гэж намайг айлгаж байсан. 2012 оны 03 сарын 08-нд ах дүү нартайгаа ирж гэрээ ачаад явсан. Ингэж явснаасаа хойш байнга ээж болон надруу залгаж дарамталдаг байсан. Мөн хүүг минь ээж дээр байхад олон танхай залуучуудтай ирж ээжийг минь айлгаж сүрдүүлж байгаад хүүг минь авах гэж байсан. Мөн ээжийг миьн үсдэж, миний эрэгтэй дүүг зодож элгэнд нь гэмтэл учруулж манай дүү хэдэн өдөр эмнэлгээр яв эмчлүүлсэн. Бид 2 хамт амьдарч байхдаа олон даа салж нийлж байсан, маш их хардаж дарамталдаг учир энэ хүнтэй хамт амьдрах аргагүй болоод олон удаа салж аав ээж дээрээ ирж байсан боловч Болдтөмөрийг уучлал гуйхаар нь эргэж очиж амьдардаг байсан. Мөн ямар ч үндэслэлгүй хардахаас гадна элдэв үгээр доромжилдог, хэрэлдэх муудалцах үед ах дүү нар нь бүлгээрээ бүгдээрээ ирээд гэр орныг нь ачаад явдаг. Бид 2-г юунаас болоод хэрэлдээд салж сарних дээрээ тулаад байгаа асууж ярилцаж байгаагүй. Харин миний ээж бид 2-ыг аль болох эвлэрүүлэх гэж их хичээдэг байсан. Нөхөр Болдтөмөртэй нэр дор ажилладаг байхад ажлын байранд 2014 оны 6 сард, 2014 оны 11 сард 2 удаа зодож хөнгөн гэмтэл учруулсан. Нөхөр Болдтөмөр нь миний ээжийг утсаар болон биеэрээ дарамталж дайрч давшилж байсан. Мөн Болдтөмөрийн ээж нь миний ээжийг утсаар болон биеэрээ ирж доромжилж байсан. Болдтөмөр ажил дээр дарамт үүсгэж, хүүг минь байнга булаацалддаг, энэ хүмүүс гэр бүлээрээ маш их дээрэлхүү ханддаг. Бид 2-ны дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Болдтөмөр машин гэр болон бусад зүйлээ авсан, миний хувьд өөрийн цалингаар авсан зүйлээ авсан, өөр эд зүйл аваагүй. Бид хоёр 6 жил амьдрах хугацаанд сүүлийн 2 жил тусдаа амьдарч байна. Энэ хү өөр хүүхэнтэй амьдралаа холбосон. Хүү минь төрсөн цагаасаа эхлэн ээж эмээ ах дүү нартайгаа байдаг байсан. Сүүлийн 1 жил Болдтөмөр бид 2 ярилцаад 2 тал дээрээ байлгая гэж тохирсон. 2015 оны 8 сард Болдтөмөр өөрөө би энэ жил энд Эрдэнэтэд амьдарна хүүгээ сургуульд нь хүргэж өгч, авч байна гээд гуйгаад байхаар нь би хүүгээ өгсөн. Аль аль нь авья гэсэн үед нь хүүгээ өгч байна гэж ярилцсан. Би хүүгээ сургуульд ороход нь өөрийн чадлаараа хувцас хунар авч өгсөн. Мөн ангийн багштай нь ярьж хүүтэйгээ заримдаа утсаар ярьдаг байсан. Хүү Төгсдэлгэрийг надтай байх үед аав нь ерөөсөө ярьдаггүй, харин ч би аавтай нь яриулдаг байсан. Мөн цэцэрлэгт ороход аав нь нэг ч мөнгө төгрөг өгч байгаагүй, би ч нэхдэггүй байсан. Одоо тэгээд хүүг минь авснаасаа хойш нэг ч яриулахгүй, би өөрөө ээж дүү нар луу нь залгаж ярьдаг. Одоо сүүлийн үед уулзуулахгүй, утсаар яриулахгүй, хэцүү байна. Намайг 2 жил ор сураггүй болсон гэдэг ор үндэслэлгүй гүтгэж байна. Гэр бүлийн хуульд заасны дагуу хүү Төгсдэлгэрийг өөрийн асрамжинд авна, Болдтөмөртэй цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Болдтөмөр нь Д.Нандин-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2008 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2008 оны 10 дугаар сарын 29-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн тэдний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.Төгсдэлгэр төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 830 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Зохигчид хүү Б.Төгсдэлгэрийн асрамжийн асуудлаар маргаантай байгаа.
Шүүх зохигчдын хүсэлтээр Орхон аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэсийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээч дүгнэлтэндээ “...З.Болдтөмөр нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, өөрийн гэсэн гэртэй, хөдөлмөрийн насны, хүүхдээ тэжээн тэтгээд явах чадвартай гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэж дурьдсан байх ба хүүхэд одоо аавынхаа асрамжинд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Ургацын 01 дүгээр гудамжны 16 тоотод амьдарч Орхон цогцолбор сургуульд сурч байгаа, эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавих халамж, шинжээчийн дүгнэлт, хариуцагч Д.Нандин-Эрдэнэ одоогоор эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байгаа зэргийг харгалзан хүүгийн одоогийн амьдарч буй орчин нөхцөлийг заавал өөрчлөх шаардлагагүй гэж үзэж хүү Б.Төгсдэлгэрийг эцэгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулахгүй, зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч З.Болдтөмөр, хариуцагч Д.Нандин-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж нэхэмжлэгч хариуцагч Д.Нандин-Эрдэнээс 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА