Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2026/00035

 

“С******* Э*******” орон нутгийн өмчит аж

 ахуйн тооцоот үйлдвэрийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 316/ШШ2026/00491 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С******* аймгийн С******* * дугаар ц*******т холбогдуулан

Нэхэмжлэлийн шаардлага: 15,378,966.03 гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч С******* аймгийн С******* * дугаар ц******* холбогдуулан “15,378,966.03 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа “дүнгээр төлөх төлбөр юм.

С******* аймгийн С******* сумын * дугаар ц******* нь хуучин мөрдөгдөж байсан тариф буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот тогтоолоор батлагдсан харин шинэчлэгдэн тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлсөн бөгөөд мөрдөгдөж байгаа тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлөөгүй тул шинэ хуучин тарифын үнийн зөрүү болох 15,378,966.03 төгрөгийг төлөх үүрэгтэй юм” гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “манай байгууллага руу 2021 оны дулааны төлбөрийг хуучин мөрдөж байсан тариф буюу эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот тогтоолоор батлагдсан тарифын үнэлгээгээр тооцож сар бүр нэхэмжилснийг бүрэн төлж барагдуулсан тул төлөхгүй. Олон жилийн дараа тарифын зөрүү гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ” гэжээ.

4.С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 316/ШШ2026/00491 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч С******* сумын * дугаар ц******* ээс Дулааны эрчим хүчний төлбөр 15,378,966.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,844.83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* сумын 5 дугаар ц******* ээс 234,844.83 төгрөгийг гаргуулан “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгон,... гардан авснаас хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга:

“...“С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа гурван жил эрчим хүчээр хангах гэрээний 3.5- д заасан хангагч гэрээний үүргээ биелүүлээгүй хэрэглэгчийн дулаан хангамжийг Эрчим хүчний тухай хууль болон гэрээнд заасны дагуу түдгэлзүүлж зөрчлийг арилгахыг шаардана Мөн гэрээний 6.10-д тооцооны хэмжих хэрэгсэл болон тооцоо хийсэн ажилтны буруугаас гарсан төлбөр тооцооны зөрүүг хангагч, хэрэглэгч харилцан тохиролцож дараа сарын тооцоонд оруулан нөхөн тооцно гэсэн зүйл заалтуудыг тус тус хангаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6.Хэргийн үйл баримтын талаар:

6.1. Зохигчдын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, аж ахуйн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг хангаж байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөлийг тусгасан, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 200.4-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

6.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д төлбөрийг Эрчим хүчний зохицуулах байгууллагаас баталсан тарифаар тооцож төлөхөөр тусгажээ. Гэвч энэ үүргийг хэрэгжүүлэхдээ хангагч тал буюу нэхэмжлэгч нь тухайн сарын төлбөрийг анхан шатны санхүүгийн баримт болох нэхэмжлэхээр хэрэглэгчид хүргүүлж, түүний үндсэн дээр төлбөр тооцоог хийжээ.

6.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар “С*******-Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын С******* аймгийн С******* сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна.

Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2,166.1 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр,подвол,0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 486.5 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 2,551.9 /НӨАТ-гүй/ төгрөг, халаалтын бус улиралд өрх тутамд 13,636.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг “С*******-Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Э.Э*******/-т үүрэг болгожээ.

6.4. Нэхэмжлэгч байгууллага 2021 оны 1-12 дугаар сарын дулааны төлбөрийг тухайн үед шинэчилсэн тарифаар тооцон нэхэмжлэх үүсгэн хариуцагч байгууллагад илгээх атал хуучин тарифаар буюу 2015 оны тарифаар тооцож нэхэмжлэх үүсгэн хүргүүлсэн байх ба хариуцагч уг нэхэмжлэхийн дагуу төлбөрийг тухай бүр төлж барагдуулжээ.

Мөн жилийн болон тухайн үеийн тооцоо нийлсэн актуудад тарифын зөрүүгээр үүссэн авлагыг тусгаагүй зөвхөн тарифын зөрүүг  өөрийн санхүүгийн бүртгэлд авлагаар тусгасан  үйл баримт хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдож байна.

7.Хэргийг судлан үзээд дүгнэх нь:

7.1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 458 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч уг тариф 2020, 2021 онд хэрэгжээгүй шалтгаан нь нэхэмжлэгч байгууллагаас хамаарах дотоод зохион байгуулалт, нягтлан бодох бүртгэлийн болон хэрэгжилтийн доголдол, түүнчлэн тариф хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагуудын шийдвэр бүрэн хэрэгжээгүйтэй холбоотой гэж үзэхээр байна.

Энэ нь хэрэгт авагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны  Улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60-07-001/29 дугаартай албан шаардлага, Эрчим хүчний зохицуулах хорооны аймгийн Засаг даргад хүргүүлсэн өр, авлага барагдуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/1305 дугаартай албан бичиг, “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 571 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

7.2. Хариуцагч нь төсөвт байгууллагын хувьд төсвийн хөрөнгийг Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай зэрэг тусгайлсан хуульд заасан зориулалт, холбогдох байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх журмын дагуу зарцуулах, өр, өглөгийг анхан шатны санхүүгийн баримтад үндэслэн бүртгэх, санхүүгийн тайландаа үнэн зөв тусгах үүрэгтэй.

Иймээс анхан шатны санхүүгийн  баримтаар нэхэмжилж ирүүлээгүй, тооцоо нийлсэн актад тусгагдаагүй төлбөрийг хариуцагч байгууллага урьдчилан бүртгэж, төлөх үүрэг хүлээхгүй.

Хариуцагч байгууллагад тухайн үед нэхэмжилж ирүүлээгүй төлбөрийг дараа нь гаргуулахаар шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд эрчим хүчний үнийн тариф өөрчлөгдсөн тухай мэдээллийг нэхэмжлэгч байгууллагаас /хэрэглэгч/ хариуцагч байгууллагад зохих журмаар мэдэгдэх, шинэ тарифаар хэрэглэсэн дулааны төлбөрийг тооцсон нэхэмжлэхийг тухайн үедээ хүргүүлээгүй байдал нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

7.3. Анхан шатны шүүхээс Захиргааны хэм хэмжээний шинжтэй тарифын тогтоол нийтэд илэрхий үйл баримт гэсэн агуулгаар  хариуцагчийг эрчим хүчний  үнийн тарифт өөрчлөлт орсон гэдгийг мэдэх ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

8. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/1686 дугаартай албан бичгээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаар тогтоолыг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн байх ба тухайн үеэс  шинэ тариф батлагдсан, түүнийг мөрдөх ёстойг мэдсэн гэж үзнэ.

Мөн талуудын гэрээнд тухайн сарын төлбөрийг тухайн сард нь төлөхөөр зохицуулсан тул 2021 оны 1-12 дугаар сарын төлбөртэй холбоотой шаардах эрх тухайн тухайн сараас эхлэн үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

9. Нэхэмжлэгч байгууллага нь 2021 онд хариуцагч байгууллага нь тарифын өөрчлөлтийн зөрүү төлөх талаар өөрийн санхүүгийн баримтад авлагаар тусгасан,  хариуцагч байгууллагад 2021 онд эрчим хүчний үнийн тарифт өөрчлөлт орсонтой холбоотой зөрүү төлбөр гарсан талаар мэдэгдээгүй  атлаа 2025 оны 12 сард  төлбөр гаргуулахаар шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т уг хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор тус тус заасан бөгөөд гэрээний үүргийн шаардлагад 3 жилийн тусгай хугацаа үйлчлэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75.2.1-д заасан гурван жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

Иймээс хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн татгалзал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.” гэж заасантай нийцсэн гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь тухайн үед шинэ тарифаар анхан шатны санхүүгийн баримт үйлдэж хүргүүлээгүй, тооцоо нийлсэн актад уг авлагыг тусгаагүй, түүнчлэн нэхэмжлэл гаргах үед гэрээний үүргийн шаардлагад үйлчлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын С******* аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолоор баталсан тарифын зөрүүгээр тооцсон дулааны төлбөр 15,378,966.03 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 316/ШШ2026/00491 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 

1 дэх заалтанд:

“1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг тус тус баримтлан “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй С******* аймгийн С******* сумын * дугаар ц*******т холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолоор баталсан тарифын зөрүүгээр тооцсон 2021 оны дулааны төлбөр 15,378,966.03 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг:

“2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,844.33 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ЭРДЭНЭХИШИГ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Г.МЯГМАРСҮРЭН

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ДАВААРЕНЧИН