Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 01391

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 17 өдөр                            Дугаар 142/ШШ2016/01391                               Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 27 дугаар гудамжны 24 тоотод оршин суух Боржигон овгийн Пүрэвийн Баасанхүүгийн /регистрийн дугаар ЦЖ63092472/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Буган Орд” ХХК /захирал Э.Пүрэв/-д холбогдох гэм хорын хохирол 2 562 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Баасанхүү, хариуцагч “Буган Орд” ХХК-ийн захирал Э.Пүрэв хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, иргэдийн төлөөлөгч Ж.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Баасанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Баасанхүү миний бие 2016.06.14-ний өдөр өглөөний 09 цаг 40 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Их Залуу Овоот багийн авто зам дээр хувийн эзэмшлийн 4857ОРО дугаартай Санни маркийн суудлийн авто машинтай хөдөлгөөнд оролцож байтал 5646ОРХ дугаартай Хот доторхи чиглэлд явдаг автобус урсгал сөрөн ирж миний машины чанх урдаас ирж мөргөсөн. Миний машинд тухайн үед 4 том хүн, 1 хүүхэд сууж явсан бөгөөд бүгд хөнгөн зэргийн гэмтэл авсан. Осол болсон дариуд замын цагдаагийн тасагт дуудлага өгснөөр цагдаагийн ахмад Хишигболд ирэн хэргийн газрын үзлэг болон тодорхой ажиллагааг хийсэн ба Авто ослын шинжээчийн дүгнэлтээр автобусны жолооч Г.Лутбаатарын 100% буруутай болохыг тогтоосон. Ослын дараа миний бие авто машинд учирсан эвдрэл гэмтлыг үнэлгээний шинжээчээр тогтоолгоход 2.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч одоо болтол миний хохиролыг компани барагдуулахгүй өдий хүрлээ. Уг ослыг үйлдсэн жолооч нь Ганболд овогтой Лутбаатар гэгч бөгөөд автобус нь өөрийн хувийн автобус биш Пүрэвээ захиралтай “Буган-Орд” ХХК-ны автобус бөгөөд осол болох үед жолооч нь хүн тээврийн тусгай зөвшөөрөлгүй, ямар нэг даатгалд хамруулаагүй автобусыг тус компани хөдөлгөөнд оролцуулсан байсан. Уг ослоос үүдэн бий болсон хохиролыг компани бүрэн хариуцах учиртай учир миний бие “Буган-Орд” компанийг хариуцагч гэж үзэж байна. Миний бие осолд орсон суудлын авто машинаар өөрийн өдөр дутмын амьдралын эх сурвалж болгож хувиараа такси үйлчилгээнд явдаг, орлогоороо амьдарч байдаг ба осол болсоноос хойш өрхийн орлого байхгүй өдөрт дунджаар 20.000 төгрөг олдог гэвч би хамгийн багаар тооцож өдрийн 10.000 төгрөгөөр тооцон 50 хоног сул зогссоны 500.000 төгрөг үүн дээр машины эвдрэлийн үнэлгээ хийлгэхэд 62.000 төгрөг төлсөн, машины эвдрэлийн 2.000.000 төгрөг нийт 2.562.000 төгрөгийн “Буган-Орд” ХХК”-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Буган-Орд” ХХК” шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани Орхон аймгийн засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Шанд, Хабитатын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байсан. Гэтэл энэ хүн олон удаа өөрийн Ниссан санни маркын машинаараа хууль бус тээвэрлэлт хийж байсан. Би Баасанхүүд удаа дараа хэлж, хүнийн амь насны асуудал гэж арга хэмжээ авхуулж байсан. Манай ажилд бас их саад учруулж, иргэдийг олноор суулгаж, норм хэтрүүлж явдаг байсан. Баасанхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Баасанхүү хариуцагч “Буган Орд” ХХК-нд холбогдуулан гэм хорын хохирол 2 562 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 06 дугаар сарын 14-ний өглөө өөрийн эзэмшлийн 48-57 ОРО дугаартай Санни маркын суудлын автомашинтай хөдөлгөөнд оролцож байтал 56-46 ОРХ дугаартай автобус урсгал сөрөн ирж миний машины чанх урдаас мөргөсөн. Автобусны жолооч Г.Лутбаатарын буруутайг шинжээчид тогтоосон. Г.Лутбаатар тухайн үед “Буган-Орд” ХХК-ийн эзэмшлийн автобусыг жолоодож явсан учраас хариуцагч “Буган Орд” ХХК-иас өөрт учирсан хохиролыг нэхэмжилж байгаа” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч “Буган-Орд” ХХК-ийн захирал Э.Пүрэв шүүх хуралдаанд “Нэхэмжлэгч Баасанхүү Ниссан санни маркын машинаараа хууль бус тээвэрлэлт хийдэг байсан. Би Баасанхүүд удаа дараа хэлж, хүнийн амь насны асуудал гэж арга хэмжээ авхуулж байсан. Манай ажилд бас их саад учруулж, иргэдийг олноор суулгаж, норм хэтрүүлж явдаг байсан. Баасанхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар гаргасан.

“Буган Орд” ХХК-ийн эзэмшлийн 56-46 ОРХ улсын дугаартай Daewoo 106 маркын автобусыг жолоодож явсан жолооч Г.Лутбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас 48-57 ОРХ дугаартай санни маркын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт болсон нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Бямбасүрэн, С.Даваасамбуу, Ц.Цэндхишиг, Х.Алтанцэцэг нарын тайлбар, хэрэгт авагдсан камерийн бичлэгээр тогтоогдож байна.

56-46 ОРХ улсын дугаартай Daewoo 106 маркын атвобус нь “Буган-Орд” ХХК-ийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Г.Лутбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч П.Баасанхүүд хохирол учирсан байна.

Иргэний хуулийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.

Г.Лутбаатарыг “Буган Орд” ХХК-нд зорчигч тээврийн автобусны жолоочоор ажиллаж байсан талаар хариуцагч маргаагүй тул ажилтаны гэм буруутай үйлдэлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч буюу “Буган Орд” ХХК хүлээх, компани өөрт учирсан хохиролоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч “...ослын дараа миний бие авто машинд учирсан эвдрэл гэмтлийг үнэлгээний шинжээчээр тогтоолгоход 1 000 000 төгрөгөөр үнэлсэн, би 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан тул 2 000 000 төгрөг болон сул зогссон 50 хоногийн мөнгө болох 500 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 62 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

“Ашид билгүүн” ХХК-ийн хохиролын үнэлгээний тайланд “...уг машины капут солих шаардлагатай, урд буфер цуурч сэвтсэн, нүүр сетка хугарсан, баруун зүүн 2 их гэрэл хагарсан, баруун талын дохио цуурсан, урд салхины шил хагарсан, урд панел жааз мурийж тахийсан, баруун урд лонжром эвдрэлтэй, 2 ширхэг радиатар хагарч чихэгдсэн, буферийн дотор төмөр чихэгдэж үрчийсэн, аккумлятор хагарсан, баруун урд гэрэл сэвтэй, салоны 2 ширхэг айрбаг задарч рул хагарсан, агаар шүүгч зэрэг хагарч эвдрэлтэй байна гэж дурьдаж уг машиныг зах зээлийн үнэлгээг 1 000 000 төгрөгөөр тогтоосон байна.

Иймд дээрх үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч “Буган-Орд” ХХК-иас 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь такси үйлчилгээ эрхэлж сард хэдэн төгрөгийн орлого олдог байсан нь тодорхойгүй, орлого олж татвар төлдөг байсан талаархи баримт ирүүлээгүй тул олох байсан орлого 500 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 62 000 төгрөг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй, машинд 2 000 000 төгрөгийн хохирол учирсан талаар нотлох баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1 562 000 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь нэхэмжлэгч өөрийн  шаардлагаа үндэслэж байгаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай бичгийн хэлбэртэй бичмэл болон баримтат мэдээлэл бүхий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Буган Орд” ХХК-иас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Буган Орд” ХХК-иас 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Баасанхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 562 000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Буган Орд” ХХК-иас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Баасанхүүд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д зааснаар нотлох баримтаар авагдсан СД-г хэрэгт хавсаргасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.ҮҮРИЙНТУЯА

                                              ШҮҮГЧИД                                          Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                         Б.ХИШИГДАВАА