Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 114

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М,

улсын яллагч Х.Ө,

хохирогч М.С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т ,

шүүгдэгч Х.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  овогт Х ын М ад холбогдох эрүүгийн 1913002040149 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ухаан мэдрэл бүрэн, 1992 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 1993 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3000 төгрөгөөр торгох ял, 1995 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 1999 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 2005 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЮ690000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Х.М  нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын байрны үүдэнд архидан согтуурсан үедээ эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.С ий гэртээ харьж амрах талаар шаардлага тавихад шууд заамдаж барьж аваад хэл амаар доромжилж, улмаар цагдаагийн ахмад М.С ий нүүрэн тус газар зүүн гараараа нэг удаа, баруун гараараа духны хэсэгт нэг удаа цохиж, зүүн хөлөөрөө нурууны хэсэгт өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Х.М  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хохирогч М.С  мэдүүлэхдээ: Би 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж явж байгаад 30 цагийн үед Бугат сумын Засаг даргын Тамгын газрын байранд очсон. Очиход шүүгдэгч Х.М  захиргааны байрнаас гарч ирж байсан. Шүүгдэгч Х.М  тухайн үед нэлээд согтуу байсан. Би захиргааны байранд орж байхад түүнд ямар нэгэн юм хэлээгүй, түүнийг өөрөө явчих байх гэж бодсон. Улмаар би хоёрдугаар давхарт гараад буцаад гарч ирж байхад  Х.М  захиргааны үүдэнд байдаг багийн Засаг дарга нарын өрөөнөөс гараад ирж байсан. Х.М  ч гарсан, түүний араас би ч гэсэн гарсан. Тэгээд түүнийг харахад нэлээд согтуу, гуйвж дайвсан, нус цэрээ хаясан нийгмийн  хэв журам зөрчсөн байдал байхаар нь түүнд гэртээ харьж амрах, олон  нийтийн газарт согтуу явж болохгүй талаар албан шаардлага тавьсан боловч би хаана явахаа чамаар заалгахгүй гээд шаардлага эсэргүүцсэн.

Тэгээд Засаг даргын Тамгын газрын байрны урьд байсан сандалд очоод суучихсан. Би түүнийг захиргааны байрнаас холдуулах санаатай хажууд нь очиход намайг заамдаж авсан. Шүүгдэгч Х.М  урьд нь хутга хэрэглэж танхайрах гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан учир би намайг заамдаж авах үед нь өөрийгөө хамгаалах зорилгоор боолт хийж унагаан бариад сууж байсан. Тэгээд намайг эсэргүүцэж зүүн гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. Түүний зүүн гарыг нь бариад авах үед баруун гараараа дахиад цохисон. Дараа нь зүүн хөлөөрөө өшиглөсөн.  Тэгээд би цагдаа дуудаж, цагдаа түүнийг аваад явсан. Тухайн газарт Х.А  гэдэг хүн бүх үйл явдлыг харж байсан. Энэ асуудал болсны дараа  Х.М  гэм буруугаа хүлээгээд надаас уучлалт гуйсан. Өөрөөр хэлбэл би ухаанаа мэдэхгүй байсан, энэ асуудлыг хүмүүсээс сонссон, хүч хэрэглэсэн маань үнэн гээд надаас уучлалт гуйгаад учруулсан хохирлыг төлж өгсөн. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002040149 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч М.С ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 30 минутын үед Бугат сумын төвд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд тус сумын 3 дугаар багийн иргэн Х.М  гэгч сумын Засаг даргын тамгын газрын урд талд согтуу явж байсан тул би түүнд “та согтуу байна, одоо гэрт харьж яв” гэж шаардлага тавих үед “хуц, би хаана явахаа өөрөө мэднэ, би чамаар заалгахгүй” гэж хэлээд эсэргүүцсэн. Тэр үед би хажууд нь дөхөж очоод сумын Засаг даргын тамгын газрын хаалганы үүднээс холдуулах гээд очих үед намайг шууд заамдаж барьж авсан. Тэр үед би түүний цамцны захаас нь барьж, боолт хийж газар унагааж хөдөлгөөнгүй болгож, сууж байгаад манай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Г  руу утасдаж дуудсан. Гэтэл цагдаа маань ирэх хүртэл М  зүүн гараараа миний нүүрэн тус газраас нэг удаа цохисон. Тэр үед би түүний зүүн гарыг нь барьж авах үед дахин баруун гараараа миний духны хэсэгт нэг удаа цохиж, улмаар би М ын хоёр гарыг нь барьж газар дарж байх үед зүүн хөлөөрөө миний нурууны хэсгээс өшиглөж, миний эрх чөлөөнд халдсан. Би чамайг ална гэж заналхийлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

2. Гэрч А.Х гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тус өдөр 11 цагийн үед сумын Засаг даргын тамгын газарт халамж авах ажлаар очсон. Засаг даргын тамгын газрын үүдэнд зогсож байхад манай сумын төвд архи их уугаад явж байдаг Х.М  Засаг даргын тамгын газрын үүдэнд  ирээд зогсож байхад сумын хэсгийн төлөөлөгч М.С  байрнаас гарч ирээд “та согтуу байна, эндээс яв” гэж хэлэхэд хоорондоо монголоор яриад маргалдаж эхэлсэн ба би өөрөө монгол хэл сайн мэдэхгүй учир ойлгоогүй. М  нь доор нь хэвтэж байгаад С ыг нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

3. Гэрч Ц.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өдрийн 11 цаг өнгөрч байх үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн   ахмад   М.С    өөрийн   ********   тоот  дугаартай   утсаар   миний ******** дугаартай утас руу залгаж, “Бугат сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд Х.М  архидан согтуурч танхайрч байна, хурдан хүрээд ир” гэхээр нь би өөрийн хувийн тээврийн хэрэгслээр  Бугат сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд очиход цагдаагийн ахмад М.С  М ыг газарт унагааж дарж сууж байсан. Тэгээд би хажууд нь дөхөж очоод гаваа гаргаж ирээд М ыг гавлах гэхэд гараа  татаж гавлуулахгүй гээд эсэргүүцэж, шанаагаараа газар шүргэж, баруун тус шанаа нь бага зэрэг шалбарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

4.  Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн химийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай “Х.М ын биенээс авсан  цусанд 0.8%  промилль  этилийн  спирт илрэв” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

5.  Яллагдагч Х.М ын согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,

6. Хохирогч М.С ий тухайн үед өмсөж байсан цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

7.  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

8.  Яллагдагч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн өдөр өглөө 09 цагт манай гэрт найз болох Б.Е  гэгч ирэхээр нь бид хоёр 0,5 граммын хоёр шил архи хувааж уусан юм. Тухайн өдөр өглөө эрт босож, хоол цайгаа уугаагүй байсан болохоор хурдан согтсон байна лээ. Тэгээд 11 цаг өнгөрч байхад Е  яваад өгсөн ба би ганцаараа сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд байснаа санаж байна. Тэгээд юу болсныг санахгүй байгаа. Би тухайн өдөр өөрийгөө жолоодох чадваргүй болтлоо архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас ийм хэрэг гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Ийм асуудал гаргасан миний буруу, хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.М ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.М  нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын байрны үүдэнд архидан согтуурсан үедээ тус сумын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.С ийн гэртээ харьж амрах талаар шаардлага тавихад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох хохирогч М.С ий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч А.Х гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ц.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн химийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай “Х.М ын биенээс авсан  цусанд 0.8%  промилль  этилийн  спирт илрэв” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, яллагдагч Х.М ын согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/, хохирогч М.С ий тухайн үед өмсөж байсан цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/, яллагдагч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч Х.М ын гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Х.М ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.М ыг хууль сахиулагч М.С ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.М  болон түүний өмгөөлөгч Х.Т  нараас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Х.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Х.М ын архидан согтуурсан байдал, гэм буруугийн шууд санаатай хэлбэр, зүй бус харилцаа нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.С ий эрүүл мэндэд болон эд хөрөнгөнд ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С ээс шүүгдэгч Х.М аас нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Х.М  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг учруулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Х.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн бусад орлого олох боломжийг харгалзан гурван жилийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусгах эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.М ад 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс уг ялыг тэнсэн харгалзаж өгөхийг хүссэн байна.

Шүүгдэгч Х.М  нь урд нь хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэж, ял шийтгүүлж байсан бөгөөд боловч шүүгдэгчийн амьдрал, ам бүл, ахуйн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзлээ.

Шүүгдэгч Х.М  урд нь удаа дараа ял шийтгүүлж байсан тул түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнцэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ял шийтгэх нь зүйтэй. 

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.М  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч Х.М ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш  овогт Х ын М ыг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жил хүртэл хугацаанд боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.М  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн хамт шүүгдэгчийн бичиг баримтыг ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т