Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 19

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид,

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.А-д холбогдох 1811000000847 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө” меделиар шагнагдсан, ял шийтгэлгүй, ******* овогт О.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь Зэвсэгт хүчний 0256 дугаар ангид зенит артиллерийн баттерейны жолоочоор ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх газарт хээрийн гаралтанд гарч байлдааны буудлага хийхдээ байлдааны зориулалттай ПС, Т-45 маркийн 77 ширхэг сумыг буудлага хийж дуусгасан гэж акт үйлдэн хууль бусаар олж авсан, хадгалсан, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дээрх сумнуудыг зарах зорилгоор цүнхэндээ хийж Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд  мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Энэ хэргийн талаар бидний зүгээс ямар нэг мэдээлэлгүй байсан. Эрүүгийн цагдаагийн албанаас Зэвсэгт хүчний жанжин штабт хандаж энэ хэргийн талаар мэдэгдсэний дагуу Зэвсэгт хүчний ангийн алба хаагч байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт намайг хохирогчоор оролцуулахаар томилсон юм. Манай жанжин штабын зүгээс харъяа анги байгууллагуудад байнгын хяналт шалгалт явуулдаг бөгөөд анги сүүлийн үед шалгалтанд хамрагдаагүй байна. Цаашид ахлагч О.А-д Зэвсэгт  хүчний жанжин штабын даргын 2009 оны 403 дугаар тушаалыг зөрчсөн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авах эсэх асуудлыг манай зүгээс шийдвэрлэнэ. ...7.62x54 мм калибртай ердийн ган зүрхэвчтэй сумыг ЛПС гэж нэрлэдэг. Энэ сум нь СВД, ПКМ, ПКТ зэрэг буугаар буудлага үйлдэхэд ашиглагдана. 7.62х39 мм калибртай ган зүрхэвчтэй ердийн сумыг ПС гэж нэрлэдэг, харин 7.62x39 мм калибртай үзүүртээ ногоон өнгийн ялгах тэмдэгтэй чиглэл зориулалттай сумыг Т-45 гэж нэрлэдэг. Энэ 2 сумаар АКМ, АК, АКМС зэрэг буугаар буудлага үйлдэхэд ашигладаг. Энэ сум нь зарим нэг ангийн буунд таардаг.   Ахлагч О.А-ын хууль бусаар олж авч хадгалж байгаад хураалгасан сумнууд ПС, Т-45 загварын байлдааны зориулалттай галт хэрэглэлүүд байна. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Э.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хотод 2018 оны 08 дугаар сарын 13-нд ирсэн Цэргийн ангид хамт ажиллаж байсан О.А-тай фэйсбүүкт таараад 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр уулзахад 7.62 мм-ийн дөрвөн хайрцаг буюу 80 ширхэг сум байна. Ширхэгийг 2000 төгрөгөөр зарчихмаар байна гэсэн. Цэргийн ангид буудлага хийх үеэр илүү гарсан сум байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө өөрийнхөө “Г” гэх фэйсбүүк хаягаараа Ангийн буу авна, зарна гэсэн группт АКА-ны сум зарна гэж зар тавьсан. Тэгээд хүн яриад авъя гээд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Тэнгис” кино театрын урд уулзахаар болоод тэнд хүлээж байгаад цагдаад баригдсан. ...Хаврын  байлдааны сургалтын хээрийн гаралтаасаа авсан гэж хэлсэн. Яг яаж авсан гэдгээ хэлээгүй. Тэгээд намайг зараад өг гэж хэлсэн. ...Тухайн үед болсон сургалтын буудлагад би яваагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Гэрч О.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Автоматын галаар буудаж байгаа мөн агаарын целд буудаж байгаа учраас нарийн харж мэддэггүй. Уул нь гэрэлт сум байдаг боловч эхний нэг хоёр сум нь харагдаад бусдыг нь харах боломж байдаггүй. Тухайн хээрийн гаралтанд зенитийн суурь пулемёт буу 3 ширхэг авч очсон ба буудлага үйлдэж байхад нэг буу нь гацаад тухайн бууны сумыг шилжүүлж өөр буугаар буудлага үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Зенитэд 240 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум олгохоор төлөвлөсөн байсныг О.А-г очиж ав гэсэн. Тухайн үед О.А Б.Б-с хэдэн сум авсныг мэдэхгүй, ямар ч байсан О.А 240 ширхэг сум авлаа гэж надад хэлсэн. Би О.А-д сумла гэсэн үүргийг өгсөн. Байлдааны буудлагатай хээрийн сургалтанд зенитийн суурь пулемётын 3 ширхэг бууг авч очсон ба буудлага үйлдэж байхад нэг буу нь гацаж тухайн бууны сумыг нөгөө хоёр буунд шилжүүлж буудлага үйлдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...240 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сумыг сумлагч учраас О.А нь надаас авсан. Буудлага явагдаж дууссаны дараа нэгдсэн үзлэг явуулсан. Үзлэгээр сум, галт хэрэглэл гарч ирээгүй. Би буудлага хийж байгаа цэргийн алба хаагчдад тоо ширхэгээр нь сумыг олгож, гарын үсэг зуруулж баталгаажуулдаг. Тухайн алба хаагчид буудлагаа үйлдсэний дараа хяналт тавьж, үзлэг хийдэг. Урьд нь буудлага үйлдсэн гэж акт үйлдэн хувьдаа сум ашигласан тохиолдол гарч байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5596 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг сум нь 7.62*39 мм сумны байртай буугаар буудлага үйлдэхээр зориулагдсан. /АК47, АКМ, Вепрь, Сайга, СZ-527 гэх мэт/. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг сум нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн. Уг сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг сум нь галт хэрэгсэлд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг сум нь үйлдвэрийнх байна...” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.А-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед 3 ширхэг буунд 240 ширхэг ЛПС, ПС маркийн сум хүлээж авч би хариуцаж байлдааны буудлага хийлгэсэн. Гурван буунд ная наян ширхэгээр нь хувааж хийгээд буудлага хийлгэх явцад нэг буу нь гацаж уг буунд хийх ёстой байсан сумнаас 77 ширхэг илүү гарсаныг нь би техникийн орлогчид буцааж хүлээлгэж өгөлгүйгээр бүх сумыг буюу 240 ширхэг сумыг буудлага үйлдэж дуусгасан талаар акт үйлдэж техникийн орлогчид өгсөн тухайн 77 ширхэг сумыг би хувьдаа аваад гэртээ нуучихсан байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар явахдаа дээрх сумнуудыг зарах зорилгоор цүнхэндээ хийж авчирсан. ... Миний авч явсан 2 төрлийн сумыг би ЛПС, ПС загварын сум гэж бодоод байсан юм. Тэгтэл нэг нь ПС нөгөө нь буюу хошуундаа ногоон тэмдэглэгээтэй сум нь Т-45 загварын сум байсан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58, 63-64 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

Э.Ганбатын сум зарахаар Фэйсбүүкт өөрийн хаягаар байрлуулсан зарын зураг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Аын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 76-77, 79-94 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.А нь Зэвсэгт хүчний ангид зенит артиллерийн баттерейны жолоочоор ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх газарт хээрийн гаралтанд гарч байлдааны буудлага хийхдээ байлдааны зориулалттай ПС, Т-45 маркийн 77 ширхэг сумыг буудлага хийж дуусгасан гэж акт үйлдэн хууль бусаар олж авсан, хадгалсан, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дээрх сумнуудыг зарах зорилгоор цүнхэндээ хийж Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч О.А-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Э-н “... Ахлагч О.А-н хууль бусаар олж авч хадгалж байгаад хураалгасан сумнууд ПС, Т-45 загварын байлдааны зориулалттай галт хэрэглэлүүд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/, гэрч Э.Ганбатын “...О.А-тай уулзахад 7.62 мм-н 4 хайрцаг буюу 80 ширхэг сум байна. Ширхэгийг 2000 төгрөгөөр зарчихмаар байна гэсэн. Цэргийн ангид буудлага хийх үеэр илүү гарсан сум байгаа юмаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/, гэрч О.Отгонбаярын “... Тухайн хээрийн гаралтанд зенитийн суурь пулемёт буу 3 ширхэг авч очсон ба буудлага үйлдэж байхад нэг буу нь гацаад тухайн бууны сумыг шилжүүлж өөр буугаар буудлага үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/, гэрч Ц.Ц-н “...О.А 240 ширхэг сум авлаа гэж надад хэлсэн. Би О.А-д сумла гэсэн үүргийг өгсөн. Байлдааны буудлагатай хээрийн сургалтанд зенитийн суурь пулемётын 3 ширхэг бууг авч очсон ба буудлага үйлдэж байхад нэг буу нь гацаж тухайн бууны сумыг нөгөө хоёр буунд шилжүүлж буудлага үйлдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38/, гэрч Б.Балжиннямын “... 240 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сумыг сумлагч учраас О.А нь надаас авсан. Буудлага явагдаж дууссаны дараа нэгдсэн үзлэг явуулсан. Үзлэгээр сум, галт хэрэглэл гарч ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5596 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/, Э.Ганбатын сум зарахаар Фэйсбүүкт өөрийн хаягаар байрлуулсан зарын зураг /хх-ийн 16/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 17/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт О.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч О.Аыг байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэлийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.А-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.А-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч О.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

Шүүгдэгч О.А-г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч О.А-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт О.А-г байлдааны зориулалттай галт  галт хэрэгсэлийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.А-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч О.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.А-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.