Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 01242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум , Уртбулаг багийн 11 дүгээр хороолол, 17б дугаар байр 25 тоотод оршин суух, Харчу овгийн Шийтэрийн Наранчимэгийн нэхэмжлэлтэй,

“С.Гомбосүрэнг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2016-09-07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Ш.Наранчимэг нь 2015-09-04-нд Улаанбаатар хот Баянгол дүүргийн 12 дугаар хороо 27 дугаар байрны 55 тоотод оршин суух, Санжаагийн Гомбосүрэнд аман гэрээ хийн хаан банкны дансаар 1,000,000 төгрөг зээлдүүлсэн. Тэрээр хэлэхдээ мөнгийг 7 хоногийн 8 хувийн хүүтэй нь өгнө гэсэн байсан боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө төлж барагдуулахгүй байна. С.Гомбосүрэнгийн зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг, зээлийн хүү 300,000 төгрөг нийт 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Нарангэрэлийн иргэний үнэмлэхний хуулбар, хаан банкны депизит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5028 дугаар захирамж зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Ш.Наранчимэг нь шүүхэд хандаж хариуцагч С.Гомбосүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.

            Зээлдэгч С.Гомбосүрэн нь Ш.Наранчимэгээс  2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр зээлийн бичгийн гэрээ байгуулахгүйгээр, итгэлцлээр 1,000,000 төгрөгийн зээл авсан байна.     

            Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахаа больсон, хаана байгаа нь тодорхойгүй болсон байна.

             Хариуцагч С.Гомбосүрэн  нь оршин сууж байсан Улаанбаатар хот Баянгол дүүргийн 12 дугаар хороо 27 дугаар байрны 55 тоот хаягтаа амьдрахгүй  байгаа, хаана байгаа нь тодорхойгүй  болсны улмаас нэхэмжлэгч Ш.Наранчимэг нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5028 дугаар захирамжаар батлагдаж байна.      

            Иймд зээлдэгч С.Гомбосүрэнг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

             Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан Улаанбаатар хот Баянгол дүүргийн 12 дугаар хороо 27 дугаар байрны 55 тоот хаягт оршин суух Санжаагийн Гомбосүрэнг /РД: РЮ74021317, утас:94949229/-г эрэн сурвалжилсугай.

               2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч С.Гомбосүрэнг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

               3.  Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

               4.  Энэ шийдвэрийг зохигчид  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон   аймгийн иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН