Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00051

 

“М Ч” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01942 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2051 дугаар магадлалтай,

“М Ч” ХХК-ний нэхэмжлэлтэй

“К Д” ХХК-д холбогдох

18 684 796 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 30 000 000 төгрөг, 5 ширхэг чингэлэг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тогоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ““М Ч”” ХХК-ийн төлөөлөгч М.Тшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “К Д” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 3 хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 16 тоотод байрлах, Y-2202014464 улсын бүртгэлтэй, 630 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 570 м.кв орчим талбайг үйлдвэрлэл, оффисийн зориулалтаар нэг сарын 6 000 000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай “К Д” ХХК-д түрээсэлж, эхний 2 сарын түрээсийн төлбөрийг бөөнд нь төлсөн. Дараа нь 2013 оны 12 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарыг дуустал сарын түрээсийн төлбөрийг 4 368 421 төгрөг болгон бууруулж, 19 сараар төлье гэж хүсэлт тавьсны дагуу нийт 83 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сард “К Д” ХХК нь манай компанид төлсөн. Энэ хугацаа нь 2015 оны 7 дугаар сард дууссан бөгөөд 2015 оны 7 дугаар сараас түрээсийн төлбөрийг сарын 5 000 000 төгрөг болгосон. Үүнээс хойш буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 31 200 000 төгрөгийг төлөөгүй. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс дээрх талбайг 2 жилийн хугацаатай, сарын 2 800 000 төгрөгөөр түрээслэхээр дахин тохиролцож, гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарын 27, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус 5 000 000 төгрөгийг нийт 10 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрөөс түрээслэгч үйл ажиллагаа явуулахад өөрсдөдөө зориулж тохижуулсан тохижилтын мөнгө 9 235 200 төгрөг болсон. Үүнийг төлбөрөөс хасъя гэхээр зөвшөөрч, үлдэгдэл төлбөр болох 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 11 964 800 төгрөг болсон гэж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг түрээсийн төлбөр болон 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 6 719 996 төгрөгийг төлөхгүйгээр UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны нийт 4 ширхэг контейнер барьцаанд үлдээгээд, нүүгээд явсан боловч түрээсэлсэн объектыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 18 684 796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “К Д” ХХК-ийн төлөөлөгч Ш.А шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 570 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө ажлын байрыг түрээслэхээр гэрээ байгуулж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч тал ажлын байрандаа орсон. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх 2 сарын түрээс 12 000 000 төгрөг хариуцагч тал бэлнээр төлсөн. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээс 83 000 000 төгрөгийг бэлнээр бөөнд нь өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээс 10 000 000 төгрөгийг мөн тушаасан. Энэ хугацааны түрээсийн төлбөрт ““М Ч”” ХХК-ийн захирал н.Тогоо 9 235 200 төгрөгийг ажлын байр тохижуулсан мөнгөө энэ хугацааны түрээсийн төлбөрт оруулж тооцсон ба үүнийг нэхэмжлэлийн шаардлагад хүлээн зөвшөөрсөн байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс сарын түрээсийг 2 800 000 төгрөг болгосон. Нэхэмжлэгч талын нэхэж байгаа 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Уг ажлын байрыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас хаасан ба 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “К Д” ХХК нь уг байрнаас нүүсэн. Хариуцагч байгууллага нь үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулахын тулд нүүсэн бөгөөд “К Д” ХХК-ийн 5 ширхэг чингэлэг бусад эд зүйлсийг ““М Ч”” ХХК-ийн захирал н.Тогоо булааж авч үлдсэн. Нэхэмжлэгч талаас гаргасан 18 684 796 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхдээ түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой байхад нэхэмжлэгч нар нь бүртгүүлээгүй байсан. Хуульд заасны дагуу уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Хариуцагч талын зүгээс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр н.Тогоо түрээсийн гэрээг шинээр байгуулсан бөгөөд энэ гэрээг бид хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хариуцагч талаас ““М Ч”” ХХК-д өгөх ямар нэгэн өр төлбөр байхгүй гэжээ.

Хариуцагч “К Д” ХХК-ийн төлөөлөгч Ш.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ““М Ч”” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулж Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах ““М Ч”” ХХК-ийн өмч болох үйлчилгээний зориулалттай 570 м.кв талбайг хүнсний үйлдвэрлэл явуулах зориулалттайгаар түрээсийн гэрээ байгуулж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 000 000 төгрөг төлөхөөр, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 19 сарын түрээс нэг сарын түрээсийн төлбөр 4 368 421 төгрөг буюу 83 000 00 төгрөг төлөхөөр, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл мөн адил нэг сарын төлбөр 4 368 421 төгрөг төлөхөөр тохиролцсон. Дээрх түрээсийн төлбөр төлөх хугацаа 4 сар 13 хоногт тооцогдох түрээсийн төлбөр 19 366 666 төгрөг болж байгаа боловч манай байгууллагын хийсэн барилгын засварын ажилд зарцуулсан зардал болох 9 235 200 төгрөгийг ““М Ч”” ХХК-ийн захирал М.Ттүрээсийн төлбөрийн хагасыг зөвшөөрсөн тул үлдэгдэл 10 131 466 төгрөгийг бид 2016 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус 5 000 000 төгрөгийг М.Тогоогийн хувийн данс болох “Хаан банк”-ны 5077361224 тоот дансанд хийсэн. Иймд манай байгууллага тухай бүрд нь ажлын байрны түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж дуусгасан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ““М Ч”” ХХК-ний захирал М.Тогоотой ажлын байрны түрээсийн гэрээг дахин хийхдээ уг ажлын байр нь хүнсний үйлдвэрлэл явуулах, барилга байгууламжийн стандарт шаардлага хангахгүй байгаа зэргийн үндэслэн түрээсийн гэрээнд нэг сарын түрээсийн төлбөрийг 2 800 000 төгрөг болгон өөрчлөлт оруулсан. ““М Ч””ХХК-ний байрны өмнөх 0.7 га газар, талбайг хар шороо, хатуу хайргаар дүүргэж, тэгшилж, машины зогсоол хийсэн. Уг байрыг төмөр хашаа, хаалга, хаалтаар тойруулан тусгаарлан хашаа барьж битүүлж хашаажуулсан. Уг байрны дотор талд тааз хан, шалны плита, зэрэг барилгын доторх засал чимэглэлийг хийж гүйцэтгэсэн. Түрээсийн барьцаанд бэлнээр 18 000 000 төгрөгийг тушаасан бөгөөд түрээсийн байрыг тойруулж барьсан төмөр хашаа, хаалт, төмөр хаалгыг 12 000 000 төгрөгөөр хийлгэсэн тул нийт 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хууль бусаар эзэмшиж байгаа 20 тонны UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, SITU 297112 6 22G1 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны, нийт 5 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ““М Ч”” ХХК-ийн төлөөлөгч М.Тсөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 18 000 000 төгрөгийг түрээсийн гэрээний барьцаанд бус 2013 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын түрээсийн төлбөрт төлсөн. Мөн төмөр хашаа барихдаа биднээс зөвшөөрөл аваагүй бөгөөд бодит байдал дээрх төмөр хашааг барьсан зүйл байхгүй. 4 чингэлгийн хувьд хариуцагч нь өөрөө түрээсийн төлбөрийн барьцаад акт үйлдэж үлдээсэн. Түрээсийн төлбөрийг бүрэн төлсний дараа дээрх 4 чингэлгийг хариуцагчид буцааг өгч болно. Харин 1 чингэлгийн хувьд миний өмч бөгөөд хариуцагч нь бидэнд зарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01942 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 301 дүгээр зүйлийн 301.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч “К Д” ХХК-иас 12 104 795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-иас 6 000 000 төгрөг болон UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны нийт 4 ширхэг чингэлгийг гаргуулан хариуцагч “К Д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 580 001 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 000 000 төгрөг гаргуулах болон SITU 297112 6 22G1 дугаартай 1 ширхэг 20 тонны чингэлэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 374 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 208 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 110 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2051 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 12 104 795 төгрөг ...” гэснийг “13 364 795 төгрөг” гэж, “... 6 580 001 төгрөг ...” гэснийг “5 320 001 төгрөг” гэж, 2 дахь заалтын “... 208 627 төгрөг ...” гэснийг “224 773 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 120 132 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул хяналтын гомдолдоо: ““М Ч”” ХХК-ийн нэхэмжлэлтэй “К Д” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гарсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01942 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 2051 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Гэрээний хууль зүйн үндэслэлийн талаар: Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Талууд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа нийт 630 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагч 570 м.кв талбайг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигласан тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ гэж дүгнэсэн. Магадлалын хянавал хэсэгт: зохигчид 2013 оны 09 сарын 21-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ““М Ч”” ХХК нь 630 м.кв талбайгаас 520 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаатай түрээслүүлэх, хариуцагч “Коко десерт” ХХК нь түрээсийн төлбөрт сарын 6.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Талууд 2015 оны 11 сарын 13-ны өдөр түрээсийн гэрээг дахин 2 жилийн хугацаагаа сунгаж, түрээсийн төлбөрийг сарын 2.800.000 төгрөгөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй байна гэжээ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. 318.3 хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлнэ. 318.4 энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулжээ. Хавтаст хэргийн 221-222 дугаар талд авагдсан 2013 оны 09 сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээний 2.1-д түрээслүүлэгч нь Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40, 50 мянгатын төмөрчний гудамж 16-р байшин 520 м.кв байрыг түрээслэгч “К Д” ХХК-д 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай хүнсний үйлдвэрлэл явуулах зориулалтаар түрээсээр эзэмшүүлж ашиглуулна гэжээ. Мөн 10 дугаар талд авагдсан 2015 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 2.1-д түрээслүүлэгч нь Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40, 50 мянгатын төмөрчний гудамж 16-р байшин түрээслэгч “К Д” ХХК-д 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай хүнсний үйлдвэрлэл явуулах зориулалтаар түрээсээр эзэмшүүлж ашиглуулна гэжээ. Дээрх 2 гэрээг дүгнэвэл аль ч гэрээнд шийдвэр, магадлалд тусгаснаар 630 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс 520 м.кв талбайг түрээслэхээр тусгаагүй, зөвхөн 16-р байшинг түрээслэхээр тохиролцсон болох нь харагдаж байна. Эхний гэрээнд хэдийгээр 520 м.кв гэж байгаа боловч хариуцагч тал уг үл хөдлөх эд хөрөнгийг хэдэн м.кв талбайтай болохыг мэдэхгүй, мэдэх боломжгүй байснаар уг байрыг 520 м.кв гэж бичсэнийг уг байрны нийт хэмжээ гэж ойлгосон үйл баримт харагдаж байна. Иймд шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бүртгүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь буруу, хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байгаа тул гэрээ хүчин төгөлдөр бус юм. Түрээсийн төлбөр төлсөн талаар: Түрээслүүлэгч, түрээслэгч нар нь 2013 оны 09 сарын 21-ний өдөр сард 6 000 000 төгрөгийн түрээс төлөхөөр гэрээ байгуулсан боловч хийгдсэн гэрээнд сард төлөх түрээсийн төлбөр нь 1 сард 4 368 421 төгрөг болохоор түрээсийн гэрээний хугацаа 2015 оны 06 сарын 31-ний өдөр дуусахаар өөрчлөлт оруулж 83 000 000 төгрөгийг түрээслэгч нь түрээсийн эхэнд төлөхөөр тохиролцсон болох нь бүрэн нотлогддог. Уг түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш бичгээр түрээсийн гэрээ байгуулагдаагүй, хуульд заасан шаардлага хангаагүй байгаа нь тухайн 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд засвар хийж байсан тул түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй байсан гэдэг нь нотлогддог. Нэхэмжлэгчээс хариуцагч талыг түрээсийн гэрээний үүрэгт 2013 оны 09 сарын 21-ний өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 12 сарын 29-ний өдөр 83 000 000 төгрөг, барилгын засварын зардалд 9 235 200 төгрөг, 2016 оны 01 сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 02 сарын 02-ны өдөр /940 000+940 000+920 000+2 200 000/ 5 000 000 төгрөг, 2016 оны 02 сарын 08-ны өдөр 2 800 000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг бөгөөд энэ тооцоогоор хариуцагч нь нийт 117 035 200 төгрөг болж байна. Түрээсийн гэрээний 4.4 түрээслэгчийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангах, тээврийн хэрэгсэл орж гарах нөхцөл бололцоог бүрдүүлэх, ажлын байрны гадна талбайд агуулахын зориулалтаар чингэлэг байрлуулах бололцоог хангаж өгөх үүрэгтэй, Иргэний хуулийн 318.5.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. 288.1-1 хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх талаар заажээ. Түрээслүүлэгч нь хууль болон гэрээнд заасан дээрх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас гэрээнд заасан зориулалтаар түрээслэгч нь үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан энэ байдлын улмаас зайлшгүй засвар хийх шаардлагатай болсон нь мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2014 оны 11 сарын 03-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 33-06-385/204 дугаартай албан шаардлага, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн “Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” 02-02-340/11 дугаартай акт зэргээр нотлогдож байна. Иргэний хуулийн 289.2.1 хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах; Нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар бусад нотлох баримтаар түрээслэгч нь 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд байранд засвар хийсэн энэ хугацаанд ажиллаагүй болох нь дээр дурдсан мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн албан шаардлага, акт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд түрээсийн гэрээг бичгээр байгуулалгүй үйл ажиллагаа явуулаагүй тул энэ хугацааны түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй юм. Иймд 2013 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус боловч хариуцагч талаас 95 000 000 төгрөг төлөхөөр байтал илүү 22.035.200 төгрөг илүү төлсөн байна. 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш зохих ёсоор үйл ажиллагаа явуулж чадаагүй нь түрээслүүлэгч үүргээ бүрэн биелүүлээгүй тул хөлс төлөхөөс татгалзах эрхтэй юм. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01942 дугаар шийдвэр, Нийслэлий Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 2051 дугаар магадлал тус тус өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын гомдолдоо: ““М Ч”” ХХК-ийн нэхэмжлэлтэй “К Д” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2051 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Шүүх Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02-02-340/11 дүгээр актаар хариуцагч “К Д” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсооноос 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаас 5 180 006 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээрх актаар хариуцагч “К Д” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоогүй талаар хэрэгт “К Д” ХХК-ийн нэр дээр байсан, цахилгаан хэрэглэсэн төлбөрийг нэхэмжилсэн талаарх баримт байхад үнэлж шийдвэрлээгүй нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны 6 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт байх 10 дугаар сарын түрээс, барьцааны хамт 12 000 000 төгрөг гэх орлогын баримтаар авсан барьцаа 6 000 000 төгрөгийг 11 дүгээр сарын түрээсийн төлбөрт суутгуулсан. Энэ нь 11 түрээсийн төлбөр төлсөн баримт байхгүй байгаагаар нотлогдоно. Хариуцагч “К Д” ХХК нь 6 000 000 төгрөгөөр 3 удаа төлсөн баримтыг хуурамчаар үйлдсэн байдаг. 4 ширхэг контейнерийг өөрсдийнх нь хүсэлтээр үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх хүртэлх хугацаагаар барьцаалсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянах үүрэгтэй байтал нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй гэх үндэслэлээр хянаагүйд гомдолтой байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас нэмж 6 580 001 төгрөгийг хариуцагч “К Д” ХХК-аас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 6 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ““М Ч”” ХХК нь хариуцагч “К Д” ХХКомпаниас түрээсийн гэрээний үүрэгт 18 684 796 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, “К Д” ХХКомпани барьцааны 18 000 000 төгрөг, хашаа, хаалт, хаалга хийсний зардал 12 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг, 5 ширхэг чингэлэгийг “М Ч”” ХХКомпаниас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 12 104 795 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 6 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 13 364 795 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Анхан шатны шүүх түрээсийн төлбөр төлөх хариуцагчийн үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэсэн атлаа тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, ...2015 оны 7 дугаар сарын 01-нээс мөн оны 11 дүгээр сарын 13 хүртэл хугацаанд байранд засвар хийсэн, түрээс төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...хариуцагч нь түрээсийн зүйлийг 2016 оны 5 дугаар сарын 04 хүртэл ашигласан байхад шүүх улсын байцаагчийн акт гарсан 2016 оны 3 дугаар сарын 09-нийг хүртэл тооцсон нь буруу, барьцааны 6 сая төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын төлбөртөө тооцсон байсан, 4 ширхэг контейнерийг  түрээсийн үүрэгтээ барьцаалсан, ...6 580 001 төгрөгийг нэмж гаргуулж, барьцааны 6 000 000 төгрөг гаргуулсан сөрөг нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдол тус тус гаргасныг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

            Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэргийн оролцогч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн тул зохигчдын өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

Зохигчид 2013 оны 9 сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ““М Ч”” ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Төмөрчний гудамж, 16 тоот үйлчилгээний зориулалттай 630 м.кв талбай бүхий эд хөрөнгөөс 520 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч “К Д” ХХК нь түрээсийн төлбөрт сарын 6 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, 2013 оны 12 дугаар сарын 21-нээс 2015 оны 6 дугаар сарын 31 хүртэл сарын түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулж 19 сарын төлбөрт нийт 83 000 000 төгрөг төлсөн, 2015 оны 7 дугаар сарын 13-наас мөн оны 11 дүгээр сарын 13 хүртэл түрээсийн төлбөрийг сарын 5 сая төгрөгөөр, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээг 2 жилийн хугацаагаар сунгаж, төлбөрийг сарын 2 800 000 төгрөгөөр тус тус тохиролцсон нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байна.

Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, харин үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг нь түрээслэсэн тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Гэрээний талуудад эд хөрөнгө түрээслэх, түрээслүүлэх хүсэл зориг байсан, үүний дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн, нөгөө тал нь аж ахуйн зориулалтын дагуу эд хөрөнгийг ашиглаж, төлбөр төлжээ.

Зохигчид 2016 оны 2 сарын 22-ны өдөр тооцоо нийлж, түрээслэгч “Коко десерт” ХХК нь түрээсийн төлбөрт 11 964 800 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоосон баримт хэрэгт авагдсан байна. 

“Коко десерт” ХХК нь “М Ч”” ХХКомпанид хандаж гаргасан, албан бичигт /хх-13/ “...нийт 31 200 000 төгрөгийн төлбөрөөс түрээсийн байранд хийсэн засварын зардал 9 235 200 төгрөг, мөнгөн хэлбэрээр төлсөн 10 000 000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 11 964 800 төгрөгийг 5, 6 саруудад хуваан төлнө....” гэснээс дүгнэхэд  2015 оны 7 дугаар сарын 13-наас мөн оны 11 дүгээр сарын 13 хүртэл түрээсийн сарын төлбөрийг 5 сая төгрөгөөр тохирсон, энэ хугацааны төлбөр нийтдээ 31 200 000 төгрөг байсан үйл баримт тогтоогдсон, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор эд хөрөнгийг эзэмшил ашиглалтад авсан, түрээсийн төлбөрт 11 964 800 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн, тооцоо нийлснээс хойш 15 хоног эд хөрөнгийг ашигласан тул түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй юм. 

Зохигчид түрээсийн зүйлийг буцааж өгсөн хугацааг маргаж, шүүх гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон хугацаа буюу 2016 оны 3 сарын 09-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хэргийн бодит баримтад тулгуурласан байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн зүйл нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нийцсэн эд хөрөнгө байх ёстой болно.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн

үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 193 830 төгрөгийг хариуцагчаас төлсөн 269 900 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА