Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 50

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                 

                                                                                                    Хэргийн индекс: 114/2017/0036/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг, Мангиртын 9-3-52 тоотод оршин суух Ганбаатарын Мөрөнгийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

          Гуравдагч этгээд Н.Мөнхцэцэг

          Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын  Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Газрын даамал Г.Мөрөнгийн албан тушаал бууруулах арга хэмжээ авах тухай Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, албан тушаал бууруулж ажилласны зөрүүг олгуулах” тухай үндсэн шаардлагатай, “2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                   Б.Содболд               

          Хариуцагч                                                                                        Б.Мөнхбаяр      

          Гуравдагч этгээд                                                                           Н.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөрөнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Миний бие “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д заасан заалтад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Үр дүнгийн гэрээг дүгнэсэн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дээр дурдсан журмын 6.1, 6.5, 6.7, 6.8-т тус тус заасан процесс үйл ажиллагааг хийгээгүй нь үр дүнгийн гэрээг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Үр дүнгийн гэрээг дүгнэж тус журмын дагуу арга хэмжээ авахдаа “D” буюу  хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд  цалин бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах, албан тушаал бууруулах гэсэн сонголтоос хамгийн тохиромжгүйг сонгон авсан бөгөөд Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/133 тоот “Сумдын газрын даамлын тухай” бичигт “ ...чөлөөлсөн нь сумын газрын даамлуудыг тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байгаа”, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1-278 дугаартай “Бүтэц, орон тооны тухай” албан бичигт “цаашид сумын газрын даамлуудыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй байна” гэсэн албан бичгүүд ирээд байхад дээрх сонголтыг хийсэн нь оновчгүй дүгнэлт байсан гэж үзэж байна. Сумын газрын даамлын хувьд буурах албан тушаал байхгүй бөгөөд одоогоор албан тушаал бууруулах тогтоол гаргасан ч жирэмсний амралттай хүний оронд түр ажиллуулж байна. Мөн 2016 онд газрын даамлаар ажиллаж байх хугацаанд 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын ИТХ-аар хэлэлцүүлэх тухай ажлыг бэлтгэх 7 хоногийн хугацаанд үүрэг өгсөн. Сумын тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь хийж гүйцэтгэн сумын ИТХ-аар хэлэлцүүлж хангалттай гэж дүгнүүлсэн. Гэтэл хийж гүйцэтгэсэн байхад надад сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан. Ийнхүү гомдолтой байсан болохоор ДУА-ийн Төрийн албаны салбар зөвлөлд 2016.06 дугаар сард хандсан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.

Дээрх тушаалыг гаргахдаа аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын “Арга хэмжээ авах тухай” тоотыг дурдсан бөгөөд үүнд дараах тайлбарыг өгч байна.

Үүнд: Миний бие тус албан тушаалд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцэж томилогдсон боловч ажлаа албан ёсоор хүлээж 1 сар гаруй хугацаа өнгөрч байхад хэл амтайгаар хүлээж авсан. Ажил хүлээж авахад газрын төлбөртэй холбоотой болон төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаатай холбоотой хууль бус шийдвэрүүд гарч байсан нь Мэргэжлийн хяналтын газар болон Аудитын дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хуримтлагдсан асуудлууд байсан нь намайг тус албан тушаал эрхэлж байх хугацаанд илрэн гарсан бөгөөд үүнийг намайг буруутгах үндэслэл болгосон гэж үзэж байна. Мөн энэхүү өргөдөл гомдлоо Төрийн албаны төв зөвлөлөөс ДУА-ийн салбар зөвлөлд 2017.05.22-ны өдөр өргөдлөө өгч Төрийн албаны төв зөвлөлөөс ДУА-ийн салбар зөвлөл рүү шилжүүлсэн хариу ирүүлсэн. ДУА-ийн Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалт хийсэн боловч дүгнэлт нь одоог болтол гараагүй байна.

Г.Мөрөн нь 2015 оны 12 дугаар сард сонгон шалгаруулалтад оролцож дээрх газрын даамлын албан тушаалд ажилд орох гэтэл ажилд орох тушаал гарсан боловч  оруулахгүй байсаар шүүхэд хандаж,  3 шатны шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын Б/03 тоот тушаалаар томилогдсон болно. Хариуцагч Г.Мөрөнг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар албан тушаал буруулсан боловч, ямар албан тушаалд томилж байгаагаа маргаан бүхий тушаалдаа дурдаагүй, харин 1 сарын дараа 2017 оны 05 дугаар сарын 8-ны өдрийн Б/19 тоот тушаалаар багийн зохион байгуулагчийн ажилд түр томилсон тушаал гаргасан.           

Иймээс маргаан бүхий захиргааны акт 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаал нь асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, зорилгодоо нийцээгүй, мөн сумд газрын даамлын нэг л орон тоо байдаг, албан тушаал бууруулах боломжгүй, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д албан тушаал бууруулах, албан тушаалын цалингийн хувь, сургалтад хамруулах зэрэг 3 сонголтоос хамгийн тохиромжгүйг сонгож хэрэглэсэн гэж үзэж байна.  Хариуцагч байгууллагын дотоод журмын 6.3-д заасныг баримталж тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүгнэсэн атлаа гэрээ дүгнэгдсэнээс хойш 5 сарын дараа арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Хонгор сумын  Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн газрын даамал Г.Мөрөнгийн албан тушаал бууруулах арга хэмжээ авах тухай Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, албан тушаал бууруулж ажилласны зөрүүг гаргуулах,  мөн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш газрын даамлын эрхэлж байсан цалингаар ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.              

                                                                                  

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхбаяраас шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Г.Мөрөн нь тус сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 02 дугаар сарын 24 ны өдрийн Б/03 дугаар тушаалаар сумын Газрын даамлын албан тушаалд томилогдон ажиллаж 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ D буюу дутагдалтай биелүүлсэн тул албан тушаал бууруулсан.                                                                                                                           

Сумын Засаг даргын тамгын газрын даргатай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хяналт шинжилгээ, үнэлгээний баг “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу дүгнэхэд 13 нийт ажил үйлчилгээг хангалтгүй тайлагнасан 18,8 оноо , 7 тусгай ажил үйлчилгээг тайлагнаагүй, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын биелэлт хангалтгүй тайлагнаж  16,5 оноо, нийт 35,3 оноо “F” буюу хангалтгүй дүгнэгдсэн тул өөрийг нь дуудаж уулзаж дахин засварлан сайжруулж үр дүнгийн гэрээний маягтыг буруу бөглөсөн,  дутуу байгааг засварлаж үр дүнгийн гэрээний биелэлтийг дахин ирүүлэх үүрэг даалгавар өгч, Г.Мөрөнгийн үр дүнгийн гэрээг дахин үнэлэхэд 65,5 буюу “D” дутагдалтай гэж дүгнэгдсэн байна. Ингэж засварлаж ирүүлэхдээ тусгай захиалгат бүтээгдэхүүнийг засварлаж бусад ажил үйлчилгээнд өөрчлөлт оруулаагүй бөгөөд маягтаа засварлаж ирүүлээгүй байсан.

Энэ нь Г.Мөрөн үр дүнгийн гэрээний биелэлтийг 2 удаа ирүүлж дүгнэсэн баримтаар нотлогдоно. Энэ тухай сумын Засаг даргад танилцуулахад Төрийн албаны тухай хуулийн 18.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг  1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно”, Сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны Б/38 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2 хэсэгт “Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж төрийн албанд анх орсон иргэнийг 6-12 сар хүртэл хугацаагаар туршилтын журмаар ажиллуулж болно.Туршилтын 6 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайланг тавиулж цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ажлын тайланг сонсож шийдвэрлэх үүрэг даалгавар өгсөн .                                                                                                                      

Ингээд 2016 оны 12-р сарын 14-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Г.Мөрөнг ажлын тайланг тавиулж хэлэлцүүлэхэд Г.Мөрөнг жинхлэх боломжгүй, албан тушаал бууруулахаар шийдвэрлэж зөвлөлийн хурлаас 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэг даалгавар өгөхөд Г.Мөрөн нь 2016 оны 12-р сарын 21-ний өдөр ирүүлж үүрэг даалгаврыг хугацаа хэтрүүлэн ирүүлсэн тул менежер дахин үнэлэх шаардлагагүй гэж үзэж түрүүчийн өгсөн гэрээгээр дүгнэж Г.Мөрөнд мэдэгдэн илтгэх хуудсанд тайлбарыг хавсаргаж, хувийн хэрэгт хадгалсан.                                                                    

Г.Мөрөн нь албан тушаал бууруулах шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 01-р сарын 11 өдрийн 01/133 дугаар, аймгийн Засаг даргын 2017 оны 02-р сарын 07-ны өдрийн 1-278 дугаар албан бичгүүдийг  харгалзаж үзээгүй тухай дурдсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.3.6-д заасны дагуу “тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох,чөлөөлөх” гэсэн заалтын дагуу Газрын албанаас томилж чөлөөлдөг болох тухай болон цалингийн санг Газрын харилцаа хот байгуулалтын газрын төсөвт суулгах талаар л чиглэл өгсөн билээ. “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн , мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ 7.1-д “D” үнэлгээ авахад албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтад хамруулах гэж заасан. Г.Мөрөн нь дараах ажлын алдаа дутагдлыг гаргаж байсан тул Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэн албан тушаал бууруулах шийдвэрийг гаргасан. Г.Мөрөн нь үр дүнгийн гэрээний үнэлгээтэй холбоотой маргааныг тухайн үед үүсгээгүй.                                                                         

Г.Мөрөн нь сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээгээ эхний хагас жилд дүгнүүлэхээр ирүүлэхэд дүгнэх боломжгүй, маягт буруу, бүх ажил үйлчилгээгээ хооронд нь хольж бичсэн гэх мэт алдаатай тайлан, гэрээ  ирүүлсэн тул буцааж заавар өгч дахин засварлаж ирэх үүрэг өгөхөд буцааж засварлаж ирүүлээгүй бөгөөд үр дүнгийн 2016 оны эхний хагас жилийн гэрээг дүгнүүлээгүй.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэггүй, ажил үүргээ хэлбэрийн төдий хийж гүйцэтгэдэг нь хавтаст хэрэгт авагдсан олон удаагийн Засаг даргын зөвлөлийн хурал, сумын Засаг даргын тамгын газрын бүх ажилчдын хурлын тэмдэглэлүүд, сумын ЗДТГ-аас газрын даамал  Г.Мөрөнд хүргүүлсэн албан бичгүүдээр нотлогдоно.

Тус сум 2016 онд газрын нэгдмэл сангийн тайланд тусгагдсанаар улсын төсөвт 215.6 сая төгрөг төвлөрүүлэхээс 107,3 сая төгрөгөөр тасалдуулсан. Үүнтэй холбоотойгоор Г.Мөрөнд 2016 оны 08-р сарын 02-ны өдрийн 2/576 , 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн 2/802 дугаар албан бичгээр үүрэг даалгавар өгөхөд биелүүлэхгүй ажлаа хийхгүй байсан тул Сумын Засаг даргын 2016 оны 12-р сарын 13-ны өдрийн 250 дугаар захирамжаар газрын төлбөрийг барагдуулах ажлын хэсэг байгуулагдан ажлын хэсгээс 15 албан хаагчид газрын төлбөрийн өртэй аж ахуйн нэгж иргэдийг хуваарилан өгч нэхэмжилж ажилласан боловч Г.Мөрөн нь санаачлаг гарган хамтарч ажиллаагүй. Газрын төлбөрийн орлого бүрдүүлэх ажил нь газрын даамлын газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг дүгнээгүй, газрын төлбөрийг хугацаанд нь барагдуулах арга хэмжээ зохион байгуулж оны эхнээс жигд ажиллаагүйтэй шууд холбоотой юм.

Г.Мөрөнгийн эрхэлж байсан газрын даамлын албан тушаал нь ТЗ-3 ангилалын албан тушаал бөгөөд ЗДТГазарт эзэнгүй байгаа багийн зохион байгуулагч ТЗ-1 ангилалд албан тушаал бууруулсан буюу 1-р багийн зохион байгуулагчийн албан тушаалд 2017 оны 05-р сарын 08-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар томилсон. Гэтэл 2017 оны 07-р сарын 20-ны өдөр албан тушаал бууруулсан шийдвэрийг хууль зөрчин томилсон тул уг ажлыг хийхгүй гэж өргөдөл гаргаад ажлаа орхиод явсан. Г.Мөрөн нь ээлжийн амралтаа 2 дугаар сард авах ёстой байсан боловч ажлын ачааллаас болоод ээлжийн амралтаа аваагүй байж байгаад албан тушаал бууруулсан тушаал гарсны дараа ээлжийн амралтаа авч, 2017 оны 5 дугаар сарын 8-нд ажилдаа орох өдөр нь багийн зохион байгуулагчаар ажилд түр томилсон. Ээлжийн амралттай байсан учир цалин давхардах учир ажилд орох үед нь албан тушаал буруулсан тушаалыг гаргасан болно.                                                                            

Г.Мөрөнг албан тушаал бууруулахад аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Аудитын газрын дүгнэлтүүдийг үндэслээгүй болно. Иймд Г.Мөрөнгөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Н.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Миний бие нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалаар сумын газрын даамлын ажилд түр хугацаагаар томилогдсон. Иймд Г.Мөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын  Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн газрын даамал Г.Мөрөнгийн албан тушаал бууруулах арга хэмжээ авах тухай Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж,  өөрийн эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, албан тушаал бууруулж ажилласны цалингийн зөрүүг олгуулах, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин газрын даамлын цалингаар гаргуулах шаардлагын тухайд:

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газрын дарга нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар газрын даамал Г.Мөрөнг 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ “D” буюу “дутагдалтай” үнэлгээ авсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үндсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, 23 дугаар зүйлийн 23.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 7.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, ...байгууллагын дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно”, Хонгор сумын Засаг даргын тамгын газрын “Байгууллагын дотоод журам”-ын 6.3-д “Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн төрийн албанд анх орсон иргэнийг 6-12 сар хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулж болно. Туршилтын 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тавиулж цаашид ажиллуулах эсэхийг Засаг даргын зөвлөлөөр шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг баримтлан албан тушаал бууруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Мөрөнтэй 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр  төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг  “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр эхний удаа дүгнэхэд 35.3 оноо буюу “F” үнэлгээ авсан тул үр дүнгийн гэрээг дахин засварлаж ирүүлэхээр буцаажээ. Дээрх журмын дагуу нэхэмжлэгчээс дахин засварлаж ирүүлсэн гэрээг дүгнэхэд 65.5 оноо буюу “D” дутагдалтай үнэлгээ авсан болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, үр дүнгийн гэрээ болон гэрээний биелэлтийг 2 удаа дүгнэсэн  илтгэх хуудсууд, Хяналт шалгалт үнэлгээний багаас 2016 оны  Хонгор сумын Засаг даргын тамгын газрын төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн тухай илтгэх хуудас зэргээр тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, 23 дугаар зүйлийн 23.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 7.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, ...байгууллагын дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Учир нь  газрын даамал Г.Мөрөн нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргаж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар 1 сарын хугацаатай цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан, мөн Г.Мөрөнг үүрэгт ажлаа хариуцлагатай хийх талаар сумын Засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн үүрэг даалгаврын тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 34 тоот, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 36 тоот сумын удирдах ажилтны шуурхай хуралдааны тэмдэглэлүүд, газрын төлбөрийн өрийг барагдуулах ажлын хэсэг томилсон Хонгор сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 250  дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 12 тоот Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлж байсан албан бичгүүд болон зөвлөмж, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн баримтуудаар газрын даамал Г.Мөрөн нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байгаа болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар албан тушаал бууруулахдаа ямар албан тушаал дээр томилж байгаагаа дурдаагүй, суманд газрын даамал 1 орон тоо байдаг, албан тушаал бууруулах гэсэн ойлголт байхгүй, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б/19 дүгээр тушаалаар  багийн зохион байгуулагчийн ажилд түр томилсон нь маргаан бүхий захиргааны акт агуулгын хувьд ойлгомжгүй” гэх тайлбарын тухайд:

Шүүх хуралдаанд хариуцагч энэ тухай тайлбарлахдаа “тухайн үед ажлын ачаалал их байсан, Г.Мөрөн нь 2017 оны 2 дугаар сард ээлжийн амралтаа авахаар тушаал гарсан боловч ажлын ачаалалаас болоод ээлжийн амралтаа аваагүй байсан, албан тушаал бууруулах тушаал гарсан өдрөөс ээлжийн амралтаа авч, ажилд орсон өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сумын 1 дүгээр багийн зохион байгуулагчийн ажилд түр томилсон нь цалингийн давхардлаас сэргийлсэн, ТЗ-3.1 ангиллаас ТЗ-1.1 ангилалд бууруулсан, жирэмсний амралт авсан хүний албан тушаалд түр томилсон боловч бид цаашид ажлаар хангана” гэж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос “Г.Мөрөн нь ээлжийн амралттай байсан нь үнэн, Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/19 дүгээр ажилд түр томилсон тушаалд гомдол гаргаагүй” гэж тус тус тайлбарлаж байна.

Дээрх тайлбаруудаас дүгнэж үзвэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлын албан тушаал хэдийгээр 1 орон тоотой байдаг боловч энэ орон тоо нь сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд багтдаг байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “албан тушаал бууруулах” гэсэн ойлголт нь  төрийн албан хаагчийн эрхэлж байсан албан тушаалаас ангилал, зэрэглэлийн хувьд доогуур албан тушаалд томилох ойлголт учир нэхэмжлэгч Г.Мөрөнг ТЗ-3.1 ангиллаас ТЗ-1.1 ангилалд бууруулсныг буруутгах үндэслэлгүй байна. Харин маргаан бүхий захиргааны актаар Г.Мөрөнг бууруулсан албан тушаалд томилох шийдвэр гаргаагүй нь буруу боловч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж зааснаар ээлжийн амралт эдлэх хооронд цалин давхардуулахгүй байх зохицуулалт хийснийг үгүйсгэх аргагүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа  “Байгууллагын дотоод журам”-ын 6.3-д зааснаар туршилтын хугацаагаар ажилласан гэж үзсэн нь үндэслэлгүй гэх тайлбарын тухайд газрын даамал Г.Мөрөнг анх ажилд томилсон 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/03 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйл болон байгууллагын дотоод журмыг баримтлаагүй байх тул газрын даамал Г.Мөрөнг туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх журмын заалт нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Г.Мөрөн нь нэхэмжлэлдээ “Үр дүнгийн гэрээг дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дээр дурдсан журмын 6.1, 6.5, 6.7, 6.8-т тус тус заасан процесс үйл ажиллагааг хийгээгүй” гэх тайлбарт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар газрын даамал Г.Мөрөнгийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ 2 удаа дүгнэсэн байдлаас үзэхэд менежер, төрийн албан хаагчийн хооронд ярилцлага зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний талаар зөвшөөрөхгүй бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “энэ хуулийн 17.2, 19.2, 23 ...дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, ...өөрийнх нь гаргасан маргаан”-ыг төрийн албаны төв байгууллага болон төрийн албаны салбар зөвлөлд 1 сарын дотор гомдол гаргах эрхтэй байна. Гэвч нэхэмжлэгч Г.Мөрөн нь үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар гомдол гаргаагүй байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Харин албан тушаал бууруулсан маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан Төрийн албаны зөвлөлд хандсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 610 тоот албан бичгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Г.Мөрөнгөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Мөрөнгөөс Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “ Хонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн газрын даамал Г.Мөрөнгийн албан тушаал бууруулах арга хэмжээ авах тухай Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж,  өөрийн эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, албан тушаал бууруулж ажилласны цалингийн зөрүүг олгуулах, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин газрын даамлын цалингаар гаргуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөрөнгөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА