Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1803

 

 

 

 

 

 

 

 

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Анир импекс” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 451 826 430 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

                                                                                        

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамъяансүрэн, Ч.Лувсанцэрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анир импекс” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр №18 тоот зээл болон барьцааны гэрээгээр 250 000 000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай, сарын 0,58 /7/ хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №100/17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 170 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 /26,4/ хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож

-Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 16 дугаар байрны 40 тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө байр,

-Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот хаягт байрлалтай 566,60 м.кв өмчлөх эрхтэй газар,

-Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар,

-Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар,

- Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

-Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 3 өрөө орон сууц,

-Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ Булгачин 19 дүгээр гудамжны 225 тоот хаягт орших 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмжийг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа №18 тоот гэрээний хувьд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, №ЗГ-100/17 тоот гэрээний хувьд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болох боловч “Анир импекс” ХХК нь зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 заалтуудыг зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг хийгээгүй бөгөөд энэ хугацаанд авсан 250 000 000 төгрөгийн зээлээс өнөөдрийг хүртэл үндсэн зээлд 104 400 000 төгрөг төлөхөөс 58 000 000 төгрөг, зээлийн хүүнд 38 743 585,17 төгрөг төлөхөөс 29 023 211,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 625 864,57 төгрөг төлөхөөс 101 888,67 төгрөг төлсөн байна. Мөн 170 000 000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 49 000 000 төгрөг төлөхөөс 273,97 төгрөг, зээлийн хүүнд 54 101 842,71 төгрөг төлөхөөс 22 132 579,15 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүүнд 1 493 148,41 төгрөг төлөхөөс 0 төгрөг төлсөн байна. Иймд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 405 706 487 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сард гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөр нэхэмжлэлийн тооцооллыг хийсэн. Тус маргааны шүүх хурал өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн шийдэгдээгүй байгаа, мөн тус компани нь зээлийн төлөлт огт хийгээгүй байна. Иймд 2016 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуустал 12 818 540 төгрөгөөр хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 451 826 430 төгрөгийг “Анир импекс” ХХК-иас гаргуулж, зээлийн барьцаанд бүртгүүлсэн дээрх хөрөнгүүдийг албадан борлуулсан үнийн дүн болон бусад орлогоос гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Гэрэлням шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болсон үнийн дүн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг хэрхэн бодсон нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл бодолтын задаргаа байхгүй байгаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй байна. Бид нэхэмжлэгчээс авсан зээлээ төлж чадаагүй нь 100 хувь биднээс шалтгаалсан зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байдаг. “Анир импекс” ХХК нь анх 2011 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл бичиж 2012 онд уг төсөл дэмжигдэн блокны үйлдвэр барихаар болсон юм. Ингээд тухайн үед Хөгжлийн банкнаас манай нэр дээр 200 000 000 төгрөгийн зээл олгохоор болж Капитал банк руу бидний мөнгийг шилжүүлсэн боловч тодорхой бус шалтгаанаар нэхэмжлэгч тал бидний нэр дээр шилжиж ирсэн мөнгийг олгоогүй байж байтал Хөдөлмөрийн яамнаас уг мөнгийг буцаан татаж авсан байдаг. Ийнхүү уг зээлийн асуудал дахин яригдаж явсаар байгаад 2013 оны 6 дугаар сарын 10-нд 200 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 30-нд 50 000 000 төгрөгийн зээлийг тус тус жилийн 7 хувийн хүүтэй, 4 жил 6 сарын хугацаатай олгосон юм. Гэтэл 2011 онд бичсэн төслийн тооцоололд орсон үйлдвэр барих барилгын материал болон блокны үйлдвэрлэлийн түүхий эдийн зах зээлийн үнэ 2013 он гэхэд эрс өссөнөөс болж бидний төсөвлөсөн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул бид дахин банкинд хандаж нилээд хугацаанд хөөцөлдсөний эцэст 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 170 000 000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж, зээлийг 10 дугаар сарын 01-ний өдөр авсан. Тухайн үед өвлийн улирал таарч барилгын салбарын хувьд зогсонги байдалд ордог тул 2015 оны 4 дүгээр сараас эхлэн бид үйлдвэрийн барилгаа барьж дуусган блокоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх яг тэр үе буюу 2015 оноос эхлэн Монгол Улс бүхэлдээ эдийн засгийн хямралд орж эхэлсэн. Иймд бидний үйлдвэрлэсэн барилгын материал буюу блок зарагдахгүй болж, үйлдвэрлэл явуулах эргэлтийн хөрөнгөгүй болсны улмаас банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн юм. Энэ хүртэлх хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сар хүртэл бид зээл, зээлийн хүүгээ зохих ёсоор төлсөөр ирсэн. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад зээлдүүлэгч шүүхэд хандсаныг зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах журмыг зөрчсөн явдал болоод байна. Хуульд зааснаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэг хүлээдэг. Гэтэл зээлдүүлэгч тал зээлдэгчид гэрээнээс татгалзаж байгаагаа огт мэдэгдээгүй байдаг. Тийнхүү гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтоож, энэ хугацаанд санал гаргасан тал дахин татгалзаж байгаагаа мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алддаг журамтай. Гэтэл энэхүү гэрээнээс татгалзах журам энэ зээлийн харилцаанд хэрэгжээгүй байгаа нь нэг талаар зээлдүүлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэж болохоор байна. Бидний байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “зээлдэгч банкнаас олгосон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /тухайн нөхцөл байдалд даван гарах боломжгүй гал түймэр, үер, газар хөдлөлт, ган зуд зэрэг байгалийн гамшгийн шинжтэй үзэгдэл, тахал, байлдааны ажиллагаа, хорио цээр зэрэг нийгмийн амьдралд гарсан онцгой нөхцөл байдал/ бий болсон тохиолдолд өөрийнх нь буруутай үйлдэл, эс үйлдлээс болоогүйг нотолж чадаагүй нөхцөлд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу бид нийгмийн амьдралд гарсан онцгой нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Энэ нь 2014 оноос эхлэлтэй эдийн засгийн хямрал юм. Бидний мэдэж байгаагаар барилга болон уул уурхайн салбар уналтанд орж, хямарсан нь зээлдэгчийн хувийн байдалтай хамаарахгүйгээр гарсан бодит өөрчлөлт учраас давагдашгүй хүчин зүйл мөн гэж үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Анир импекс” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 402 823 837 /дөрвөн зуун хоёр сая найман зуун хорин гурван мянга найман зуун гучин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49 002 593 /дөчин есөн сая хоёр мянга таван зуун ерэн гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 271 053 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 2 172 069 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 49 002 593 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хариуцагч "Анир импекс" ХХК-аас 402 823 837 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2013 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №18 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 192 000 000 төгрөг, зээлийн хүү 9 163 699 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 936 359 төгрөг, нийт 202 100 058 төгрөгийн үлдэгдэлтэй, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №100/17 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 169 999 726 төгрөг, зээлийн хүү 30 124 888 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 599 165 төгрөг, нийт 200 723 779 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хувааръ, зээлийн дансны хуулгуудаар тогтоогдож байна" гээд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Капитал банк нь 2013 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №18 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 202 100 058 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №100/17 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 200 723 779 төгрөг нийт 402 823 837 төгрөгийг шаардах эрхтэй байна гэсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Учир нь Капитал банк нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2 зээлийн гэрээний үлдэгдэл болох нийт гаргахдаа 405 706 487,32 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс 402 823 837 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн нь ямар нэгэн тоо, тооцоолол байхгүй бөгөөд хэрхэн тооцож энэхүү дүнг гаргасан нь тодорхойгүй байна. Мөн түүнчлэн үндэслэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгуулагаас зээлийн гэрээнүүдийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон нийт 46 119 943 төгрөг нэмэгдүүлэн шаардсан боловч нэхэмжлэгч нь  өөрийн санаачлагаар гэрээг цуцлан зээл, зээлийн хүү,  нэмэгдүүлсэн хүүг тооцоолон дүгнэж шаардсанаар гэрээг дуусгавар болгосон гэж үзэх бөгөөд гэрээ нэгэнт дуусгавар болсон учир үүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна" гэж дүгнэсэн нь Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1-д зааснаар "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно" мөн хуулийн 24.3-д "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ. Банкны зээлийн үйл ажиллагааг нарийвчилан зохицуулсан энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж харагдаж байна. Мөн түүнчлэн зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийг ашиглаж байгаа болохыг дурдах нь зүйтэй. Иймд зээлийн гэрээг цуцалсанаас үл хамааран зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр нь ямар нэгэн тоо, тооцоогүй ойлгомжгүй байна. Улс орны эдийн засгийн хямрал нь манай компанид давагдашгүй хүчин хүчин зүйл байсныг тооцож үзсэнгүй. Эхний зээлийн төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүү болох 523 975 төгрөг, 2 дахь зээлийн нэмэгдүүлсэн хүү 1 493 148 төгрөг, 2 дугаар зээлээс авагдсан 1 700 000 төгрөг зэргийг Капитал банк илүү нэхэмжилснийг хассан эсэх нь тодорхойгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох, эсхүл 2 011 902 төгрөгийг хасч тооцуулах хүсэлттэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Анир импекс” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 451 826 430 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч “Капитал банк” ХХК нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зориулалтаар 250 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч “Анир импекс” ХХК нь жилийн 7 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх үүргийг,

            мөн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Капитал банк” ХХК нь 170 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч “Анир импекс” ХХК нь сарын 2.20 хувийн хүүтэй, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээж,

            зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө байр, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот хаягт байрлалтай 566,60 м.кв өмчлөх эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж, 700 м.кв эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж, 700 м.кв эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ Булгачин 19 дүгээр гудамжны 225 тоот хаягт орших 594 м.кв үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан байна. /хх-ийн  6-24 дүгээр тал/                                         

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан  талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч “Анир импекс” ХХК-иас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талууд зээлийн гэрээний 3.2-т зээлийн хүүг сар бүр төлөх хуваарийг нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нь гэрээ цуцлах хүртлэх хугацаанд биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч буюу зээлдэгч “Анир импекс” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар  зээлийн дагуу шилжүүлсэн мөнгөн  хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэрээг цуцалснаар талуудын хувьд  гэрээний дагуу   буцаан хүлээх үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэгч  гэрээг цуцлах  хүртэлх хугацааны зээлийн хүүг шаардсан нь буруу биш бөгөөд талуудын хоорондын уг гэрээ шүүхийн шийдвэр гарсанаар цуцлагдаж байгаа тул гэрээний дагуу хүлээх үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцох учиртай. Гэтэл анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар зээлийн гэрээг цуцлагдсанд тооцож, нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд тооцогдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой  нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой юм.

 

Эдийн засгийн хямралын улмаас гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй  болсон гэх хариуцагч “Анир импекс” ХХК-ийн нэхэмжлэлийн татгалзлал нь хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Учир нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж үзэх нөхцөл байдал буюу  гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд нийгмийн буюу эдийн засгийн хямралыг оруулж тооцохгүй болно. Иймд хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч “Анир импекс” ХХК нь зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүд нийт 2 017 153 төгрөг, зээлийн гэрээний шимтгэлд 1 700 000 төгрөгийг тус тус төлсөн байхад шүүх гэрээний үүргээс хасч тооцоогүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч  уг нөхцөл байдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагч “Анир импекс” ХХК-иас 2013 оны 6 дугаар сарын 04-ний  өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 192 000 000 төгрөг, хүү 19 649 278 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 330 551 төгрөг,

2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээл 169 999 726 төгрөг, үндсэн хүү 63 200 780 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 646 093 төгрөг нийт  451 826 430 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг  буруу хуваарилж шийдвэрлэсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлага тус бүрт  ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх боловч шүүх нийт 451 826 430 төгрөгийн шаардлагыг шийдвэрлэсэн тул уг үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

                                                           

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтын “… 402 823 837 төгрөг …” гэснийг “451 826 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай” гэж, “… нэхэмжлэлийн шаардлагаас 49 002 453 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч,

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн       5 271 053  төгрөгыг  улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 2 853 971 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 417 082 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт  тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 402 963 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 48 854  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                  ШҮҮГЧИД                                               М.НАРАНЦЭЦЭГ       

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ