| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0168/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 113
2019 оны 08 сарын 01 өдөр Дугаар 2019/ШЦТ/113 Өлгий сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М,
орчуулагч, хэлмэрч Ж.А,
улсын яллагч Б.Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т ,
шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт З ийн А ад холбогдох эрүүгийн 1913002700164 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 40 минутад хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хойд-алтай” ХХК-нд явган хүний замын хавтангийн зуурагч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Бөхөн уулын 6-08 тоотод оршин суудаг, яс үндэс казах, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт З ийн А , регистрийн дугаар БЮ970000000.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч З.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Көк жал" үйлчилгээний төвд 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 30 минутын үед хохирогч Ж.Д ыг хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч З.А мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1913002700164 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ж.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Көк жал” нэртэй төвд найз Ш ийн хурим болсон. Уг хуримд миний бие найзуудын хамт очсон. 23 цаг 30 минутын үед гадаа гараад зогсож байхад нэг залуу гарч ирсэн бөгөөд тухайн залуугаас тамхи асуусан чинь тамхи байхгүй байна гэж хэлсэн. Улмаар өөрөө тамхи асаахаар нь би тухайн залууд хандаж тамхи байхгүй гэсэн биз дээ гэхэд “чи тамхи татах бол халаасандаа хийж тат” гэсэн. Би уурлаад бид хоёр маргалдаж байхад Е , Т нар салгаж аваад явуулсан. Улмаар би дотогшоо орж ширээн дээр суух гэж байхад миний хажуугаар маргалдсан залуу зөрж явж байхаар нь тухайн залууг дуудаж мөргөх үед хамраас нь цус гарчихсан. Тэр үед намайг миний хажууд байсан Х гэх залуу аваад явж байхад миний мөргөсөн залуу ирж миний нүд, хамар орчимд цохиж, зодсон. Тэр үед хамраас цус гарч, нүд хөхөрсөн ба хүмүүс салгаж авч, бие засах газар руу оруулсан.
Миний бие З.А ад зодуулснаас болж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Миний хамар хугарч, зүүн талын нүд хавдсан бөгөөд ор хоногийн мөнгө, хамар засуулсны мөнгө, гаднаас эм авсан гэж ойролцоогоор 600-аад мянган төгрөг гарсан. Уг мөнгөнүүдийг З.А өөрөө төлсөн. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Миний бие БНКазахстан улсад оюутан тул БНКазахстан улсад очих үед Имерай аппаратад дахин орж толгойгоо үзүүлэх шаардлагатай гэж З.А ад хэлж, нийт хохирол 2 сая төгрөг гарна гэж нэхэмжилсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн ор, хоногийн 312.500 төгрөгийг, бэлнээр 750.000 төгрөг нийт 1.062.500 төгрөг төлсөн. Миний нэхэмжилсэн мөнгөнөөс үлдсэн мөнгө болох 937.500 төгрөгийг намайг БНКазахстан улс руу явахаас өмнө өгнө гэж надаас уучлалт гуйсан. Би З.А ыг уучилсан. Надад учирсан хохирлыг барагдуулж өгч байна. Иймд хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. З.А бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн дарамт шахалт байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,
2. Гэрч М.И ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр найз болох Ш ийн хурим болсон. Тухайн өдөр цуваанд нь яваад орой 19 цагаас хуримын цайллагад очсон. 23 цаг өнгөрч байхад 1 дүгээр давхрын үүд хэсэгт зодоон болж байгаа чимээгээр буугаад очсон чинь манай найз А , Д гэх залуутай зодолдож байхаар нь А ыг татаж салгаж авсан. Юу болсон вэ гэж асуусан чинь хоорондоо маргалдаж улмаар А ыг Д мөргөчихсөн байна. Тэрнээс болж үүд руу гараад хоорондоо зодолдсон байна. Намайг очих үед А ын хамраас цус гарчихсан, Д ын зүүн талын нүд нь хөхөрсөн, хамар нь мурийсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
3. Гэрч Х.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Көк-Жал нэртэй төвд БНКазахстан улсад ажилладаг Ш гэх ахын хурим болсон. Ш ноднин Өскемений их сургуулийг төгссөн бөгөөд Д бид хоёрыг дүү гэж байнга тусалж дэмждэг юм. Тэрээр хуримдаа урьсан байсан.
Тэгээд тоглоом дуусаад би ширээн дээр очиж суух гэж явж байхад Д үүдэнд зогсож намайг дуудсан. Би яваад очсон чинь Ш ийн найз нь А гэгч залуутай муудалцчихлаа гэж хэлээд ширээний тэнд очсон чинь А гэх залуу манай ширээний хажуугаар явж байгаад улмаар Д тай тааралдаж бие бие рүүгээ муухай хараад зогсож хоорондоо маргалдаж байгаад Д А ыг толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэр үед А ын хамарнаас цус гарчихсан. Тэр үед охид А ад салфетканы цаас өгсөн бөгөөд би Д ыг битгий зодолд гэж аваад доошоо бууж байхад хойноос А хүрч ирээд улмаар А шууд Д ыг цохих үед булан руу шахагдсан ба тэр үед А хэд хэд цохиж эхэлсэн. Тэр үед би салгаж А ыг барьж авах үед Е , А нар хүрч ирээд бас салгаж татсан. А Д ыг хаалга руу чиглүүлээд татсан бөгөөд тэр үед Д сандал руу очиж унасан. Тэр үед би Д ыг очиж босгож аваад бие засах газар руу оруулсан ба Д ын хамарнаас цус гарсан, зүүн талын нүд нь хөхөрч, хавдсан байсан ба нүүр гарыг нь угаалгасан. Тэгж байхад цагдаа нар ирлээ гэхээр нь гадагшаа гараад би шууд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
4. Гэрч М.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр БНКазахстан улсад байдаг найз болох С ын Ш гэх залуугийн хурим Өлгий сумын 11 дүгээр багт байдаг “Көк-Жал” нэртэй төвд болсон.
...Хоол идсэний дараа найзууд нь үг хэлнэ гэхээр нь би гарч 10 жилд хамт сурсан найзуудынхаа өмнөөс бэлдсэн бэлгийг гардуулж өгч үг хэлэх гэж байгаад үүд руу гарах гэж байсан чинь Ж.Д гэх залуу А тай маргалдсан байдалтай байсан бөгөөд би тэд нарт хандаж та нар найзуудынхаа хуримд ирчхээд ингэж байх чинь зөв үйлдэл мөн үү, больцгоо гэж хэлээд салгаж аваад А ыг дээшээ гаргаж Д ыг Т гэх найзад нь үлдээгээд яваад өгсөн. Буцаад ширээндээ ирсэн чинь А болон манай найзууд байхгүй байхаар нь буцаж доошоо буусан чинь А Д ыг гараараа цохиж байсан ба Х , И нар салгаад явж байсан. Би ч гэсэн очиж А ыг татаж салгаж, Д ыг салгаад хамт явж байсан хүмүүс руу нь өгсөн. Тэр үед Д ын хамраас нь цус гарсан, зүүн талын нүд нь хөхөрсөн байсан ба А ын хамраас нь цус гарч хавдсан байсан. Юу болсон талаар асуухад А ыг Д мөргөсний улмаас гадаа гараад дахин зодолдсон байсан талаар А хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 322 дугаарттай “...Иргэн Ж.Д ын биед тархины битүү гэмтэл, тархи доргилт, зүүн нүд доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн нүд битүү хавдар, дагз орчимд хавдар, хамрын яс хугарсан, хамрын нуруу, таславчийн мурийлт, хавдар зэрэг гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ж.Д ын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт түр нөлөөлөх болно. Иргэн Ж.Д ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч З.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ш гэх залуугийн хурим болсон бөгөөд уг хуримд надад урилга өгсөн. Өдөр хуримын цуваанд нь яваад орой 18 цаг 30 минутын орчимд “Көк-Жал” нэртэй төвд хуримын цайллагад очсон. Найзууд нь гэж баахан хүмүүс байсан ба 23 цагийн үед хоол идээд дууссаны дараа би бие засах гэж гадагшаа гарсан чинь миний араас Х гэх залуу гараад бид хоёр бие засаад улмаар Х дотогшоо орсон. Гадаа бие засах газрын хажууд Д гэх залуу зогсож байсан ба надаас Д тамхи байна уу гэж асуухаар нь тамхи байхгүй гэж хариулсан. Учир нь миний халаасанд 1 ширхэг л тамхи байсан. Халаасандаа байсан 1 ширхэг тамхийг аваад асаасан чинь Д хүрч ирээд чи сая тамхи байхгүй гэсэн биз дээ, наадах чинь юу юм бэ гэхээр нь би тамхи татах юм бол халаасандаа тамхи хийж тат гэсэн чинь Д надад хоёулаа ярилцвя гэж байхад Е гарч ирсэн бөгөөд надад юу болоод байгаа юм бэ, та нар маргалдаад байгаа юм уу, боль гэж хэлээд намайг дагуулаад явж байхад өдөр Алфард машиныг жолоодож явж байсан Д ын найз нь гэх залуу надад ч гэсэн битгий зодолдоорой гэж хэлээд улмаар Е найзуудынхаа нэрийн өмнөөс гарч үг хэлье гэж тайз руу явсан.
Би хүмүүсийн голоор яваад яах юм бэ гэж бодоод баруун талд нь сууж байсан охидын хажуугаар явж ширээ руу явж байхад Д намайг дуудсан. Би яваад очсон чинь над руу тулж байгаад цээж руу нэг удаа цохиж, толгойгоороо хамар руу мөргөсөн. Тэр үед миний хамраас цус гарчихсан ба надад Е ширээн дээр байсан салфетикийг аваад өгсөн. Би хамрын цусаа тогтоох гэж гадагшаа гарч явж байсан чинь Х гэх залуу Д ыг аваад гараад явж байсан бөгөөд намайг мөргөж хамраас цус гаргасанд уурлаад Ж.Д ын толгой руу нь нэг удаа цохиж улмаар над руу харах үед нь нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэр үед араас Х , И , Е нар хүрч ирээд салгаж авсан. Тэр үед Ж.Д ын хамраас нь цус гарч, зүүн талын нүд нь хавдчихсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ж.Д аас очиж уучлалт гуйж эмчилгээний мөнгийг чинь барагдуулаад өгье гэхэд БНКазахстан улс руу очих үед Имерай аппаратад орно, нийт 2 сая төгрөг өг гэсэн. Тэрийг нь зөвшөөрч эмнэлэгт хэвтэж гарсан ор хоногийн мөнгө болох 312.500 төгрөгийг төлж, мөн бэлнээр 750.000 төгрөг өгсөн. Үлдсэн 935.000 төгрөгөөр БНКазахстан улс руу очих үед Имерай аппаратад толгойгоо үзүүлнэ гэсэн тул 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл өгөхөөр тохиролцсон. Учир нь миний бие найз Е ийн ажиллуулдаг Хойд Алтай ХХК-нд ажиллаж байгаа бөгөөд цалин буухаар үлдсэн мөнгийг нь өгнө гэж тохиролцсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч З.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Көк Жал" үйлчилгээний төвд 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 30 минутын үед хохирогч Ж.Д ыг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох хохирогч Ж.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/, гэрч М.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, гэрч Х.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, гэрч М.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 322 дугаарттай дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, шүүгдэгч З.А ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.А ын гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч З.А ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.А нь иргэн Ж.Д ыг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч З.А аас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч З.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын зүй бус харилцаа нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч З.А ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Д ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч З.А нь хохирогч Ж.Д тэй сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлын улмаас үүсэн үр дагавар буюу хор уршиг болох 2.000.000 төгрөгийг төлж өгөхөөр болж, үүнээс 1.062.500 төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн 937.500 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлөхөө бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч З.А аас 937.500 төгрөг гаргуулан хохирогч Ж.Д т олгох нь зүйтэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч З.А ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч З.А нь хохирогч Ж.Д тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 5/62 дугаартай саналд яллагдагч З.А ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч З.А хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч З.А ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.А ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулахаа илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч З.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч З.А ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт З ийн А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.А аас 937.500 төгрөг гаргуулан хохирогч Ж.Д т олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.А ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.А ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т