Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2026/00042

 

Б.Э******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 149/ШШ2026/00414 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Э******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.А******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт ноогдох хувийг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа /цахим/, хариуцагч А.А*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

“... Бид 2017 онд амьдрал эхэлсэн үеэс түрээсийн байранд амьдарч байгаад 2018 онд би 30,000,000 төгрөгийн цалингийн зээл авч мөн өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн машинаа 7,000,000 төгрөгөөр зарж нийт 37,000,000 төгрөгөөр спиртийн *** тоотын * өрөө орон сууцыг худалдан авч амьдарч байгаад байраа томсгож орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор *** багт шинээр баригдаж байгаа байранд барилгын “******* *******” ХХК-тай гэрээ байгуулан 2024 оны 08 дугаар сарын 14-нд * өрөө орон сууц захиалж миний бие спиртийн байраа худалдсан 83,700,000 төгрөг дээр 12,500,000 төгрөгийн цалингийн зээл авч нийт 96,200,000 төгрөгийг А.А******* ийн *********** тоот данс руу шилжүүлсэн.

А.А******* мөнгө авчихаад энэ байранд амьдрахгүй гэсэн тул дундын хөрөнгө болон орон сууц захиалахад өгсөн төлбөр 91,390,000 төгрөгөөс өөрт ногдох хувь 15,231,000 төгрөг, гар утасны тал төлбөр 3,308,000 төгрөг нийт 18,539,000 төгрөгийг А.А*******ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

“...Нэхэмжлэгч Б.Э******* 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.Дундын өмч гэх зүйлдээ байрыг нэлээн сайн тайлбарласан байна. Мөн ганцхан утас хоёроос нэхэмжлэл гаргажээ. Бидний гэр бүл байхад хамтын амьдралтай байхад авсан ***, *** мотоциклийг дундын өмчдөө оруулахгүй байгаа вэ? *** P*** машин нь Б.Э******* нэр дээр байдаг. Мотоциклийг 2024 оны 06 дугаар сарын 15-нд 3,800,000 худалдаж авсан.

Би бодож үзэхдээ байр + машин + мотоцикл орлого нийт 124 сая гэж үзээд өөрт нь машин мотоциклийг үлдээсэн. Байрны гэрээний цуцалсан төлбөрийн зарцуулалтыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэмж тогтоох шүүх хурал дээр зориулалтын буюу хуулийн дагуу зарцуулсан байна гэж үзсэн. Уг шүүхийн 11 дүгээр сарын 03-ны 69 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэмж тогтоож шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч одоог хүртэл 100 төгрөг ч өгөөгүй л байна. Гар утасны хэрэглээний лизингээр авсан үлдэгдэл төлбөрийг төлүүлмээр байна гэж уг өдрийн хурал дээр Б.Э******* хэлэхэд би хүлээн зөвшөөрч шүүхээс төлөх шийдвэр гарахад миний бие 11 дүгээр сарын 04-нд 3,383,000 төгрөгөөр уг хэрэглээний зээлийг хаасан.

Гэрээг Б.Э******* төлнө гэж байгуулсан. Бид утас авахад гэр бүл байсан. Бэлэг гэж ойлгосон. Би уг утасны төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй болно. Ийм учраас уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 149/ШШ2026/00414 дугаартай шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А******* ээс 15231000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3308000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э*******аас тэмдэгтийн хураамжид төлсөн 250645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А*******ээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээний тэмдэгтийн хураамжийг гаргуулж Б.Э*******т олгон, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.А******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэг. Шийдвэрт хариуцагч А.А******* ээс 15,231,000.0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э******* т олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь:

1. Монгол улсын иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх "Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заажээ.

2. Бидний гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд буюу 2023.08.29 өдөр 30,000,000.0 /Гучин сая төгрөг/-өөр худалдаж авсан п*** маркийн **** улсын дугаартай, одоогийн зах зээлийн ханшаар 25,000,000.0 /Хорин таван сая төгрөг/-өөс дээш үнээр зарагдаж буй авто машиныг нэхэмжлэгч Б.Э******* нэр дээрээ авч үлдсэн.

3. Мөн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3,800,000.0өөр худалдан авсан *** мотоциклийг Б.Э******* авч үлдсэн.

4. Бид байр машин мотоциклийг дундын өмч гэж тооцон нийт 129,000,000.0 /нэг зуун хорин есөн сая/ төгрөгт үнэлж 21,500,000 болсон тул Б.Э******* т машин мотоциклийг үлдээсэн, эдгээр хөрөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгө гэж шүүх үнэлж дүгнэж үзээгүйд гомдолтой байна.

Хоёр. Байрны гэрээг цуцалж мөнгөө буцааж авахад 2% шимтгэл суутган авч 89,000,000 буцааж өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн талыг хэт хамгаалж, өгсөн нотлох баримтыг үнэлэлгүйгээр 91,390,000-өөр хангаж 15,231,000 гаргуулж Б.Э******* т олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:

1. Анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №69 дугаартай шийдвэртэй шүүх хуралдаанд байр буцаалтын мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд болон үр хүүхдүүддээ хэрхэн зарцуулсан талаарх баримтыг нотлох баримтаар гарган өгөхөд хариуцагчаар оролцож байсан Б.Э******* үгүйсгэж маргаагүй хүлээн зөвшөөрч байсан болно.

2. Уг шүүхийн шийдвэрээр 3 хүүхдэд тэтгэмж гаргуулахаар шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч хүүхдүүдэд төлөх 5,484,150.07 төгрөгөөс 7 сарын хугацаанд 2,450,000 төгрөг өгсөн. Цаг хугацаандаа тэтгэмжээ хариуцлагатайгаар төлөхгүй байгаа болно.

3. Би 4 хүүхдээ ганц биеэр тэжээж тэдний сургуулийн хэрэглээ хувцас, хоол хүнс, дугуйлан тэмцээний бүх зардлыг ганц биеэр хариуцан амьдралынхаа ачааг үүрч явахад нэг удаа ч машинаа өгч тусалж байгаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хянан Б.Э******* т 15,231,000 гаргуулж олгохоор шийдсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.2 дахь хэсэгт зааснаар хамтран амьдралын хугацаанд хамтын хөдөлмөр аж ахуйгаас олсон хөрөнгө нь үнэлгээнд орно гэж заасан. Энэ хоёр хүн 2017 оноос 2025 он хүртэл хамтран амьдарсан. *** охинтой. Анхан шатны шүүх хуралдаанд байр буцаалтаас 91,000,000 төгрөг орж ирсэн гэсэн. 2 хувийн буцаалт хасагдаж 89,000,000 төгрөг орж ирсэн нь баримтаар нотлогдож байна. Миний үйлчлүүлэгч хамтран амьдралынхаа хугацаанд бий болсон өр төлбөрийг төлсөн баримтыг гаргаж өгсөн. 2023 онд авсан p*** маркийн машиныг болон мотоциклыг үлдээсэн. Prius 41 маркийн машин нь зах зээлийн хамгийн доод ханшаар бодоход 25,000,000 төгрөгөөр зарах боломжтой. Нэхэмжлэгч 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх үндэслэлгүй гэж бодож байна” гэв.

Нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2023 онд худалдаж авсан *** маркийн машиныг би өөрийн цалингийн зээлээр худалдаж авсан бөгөөд зээл нь одоо хүртэл төлөгдөөд явж байна. 2024 онд худалдаж авсан мотоцикль өнөөдрийг хүртэл хугацаанд эдэлж хэрэглэсэн элэгдэл хорогдол гэж хасагдах ёстой.

А.А******* ийн үнэлсний дагуу үнэлэгдэх ёсгүй. Хамт амьдарч байх хугацаанд *** машиныг А.А******* унаж би явган явдаг байсан. А.А******* *** машиныг унаж явахдаа машинтай мөргөлдөж карло, 2 хаалга хонхойлгосон, сэвтсэн, одоо заръя гэсэн ч хүн авахгүй муудсан байгаа. Мотоцикль унаж хэрэглээд муудсан байгаа. А.А******* өөрөө чи *** машин, мотоцикль хоёроо ав гээд надад өгсөн. Одоо А.А******* п*** машин шинээр аваад унаж яваа. А.А******* надаас салаад явахдаа зурагт, хөргөгч, угаалгын машин, хувцасны шкаф, ор, хивс бүх юмаа авсан. Би энэ юмнаас авна гэж маргалдаагүй. Энэ бүхнийг өөртэй нь адилхан үнэлбэл машин, мотоциклийн дайны үнэлгээ гарна. А.А******* надаас салахдаа шар гялгар ууттай хувцас хашаа давуулж шидсэнийг би аваад явсан, өөр юу ч аваагүй гэрээсээ явсан. Би хүүхдийн тэтгэмжийг төлж байгаа одоо 1,350,000 төгрөг үлдсэн байгаа, би цаг хугацаандаа төлөөгүй биш. Давж заалдаад тэтгэвэр түдгэлзсэн байсан. А.А******* ээс гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.Э******* нь хариуцагчтай 2017 оноос хойш хамтран амьдарсан. Хамтран амьдралын хугацаанд эдгээр хүмүүсийн дундаас 3 хүүхэд төрсөн. 2025 оны 11 дүгээр сард гэрлэлт цуцлах, асрамж тогтоох, тэтгэлэг тогтоох асуудал нь Мандал сум дахь сум дундын шүүхээр шийдвэрлэгдээд дууссан. Хариуцагч анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргахдаа Б.Э******* хүүхдийн тэтгэлэг өгөхгүй гэсэн учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэсэн зүйлийг яриад байсан учир үүнийг ярих нь зүйтэй гэж үзэж байна. Б.Э******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэг хүүхдээ авъя гэх гомдол гаргасан” гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.Э******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажилланааны журмыг зөрчөөгүй боловч хэргийг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч А.А******* т холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт ноогдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч өөрт ногдох хөрөнгөө авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч А.А******* ээс нэхэмжлэгчид ногдох хөрөнгөөс 15,231,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э******* т олгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.  

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ “анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэж тайлбарлажээ.

4.Хэргийн үйл баримтын талаар:

Гэрлэгчид гэр бүл болж хамтран амьдарснаас хойш хугацаанд Сэлэнгэ аймгийн ***дугаар багт байрлалтай ** өрөө орон сууцтай байсан бөгөөд орон сууцаа өөрчлөхөөл болж тухайн орон сууцыг 83,700,00 төгрөгөөр бусдад худалдаж, дээр нь нэмж 12,500,000 төгрөгийн цалингийн зээл авч тус сумд шинээр баригдаж буй орон сууцны захилагын урьдчилгаанд 91,390,000 төгрөгийг шилжүүлжээ.

Гэрлэгчидийн хоорондын таарамжгүй харьцааны улмаас шүүхийн шийдвэрээр гэрлэлэтээ цуцлуулсан байх ба цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул орон сууц захиалгын гэрээгээ цуцлаж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 91,390,000 төгрөгийг А.А******* нь компаниас буцаан авсан тул тухайн хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 15,231,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Хариуцагч А.А******* нь орон сууц захилагын гэрээгээ цуцлахад тухайн компани 2 хувийн шимтгэл гэж суутган авч 89,000,000 төгрөг буцаан өгсөн. Мөн хамтын амьдралтай байхдаа П*** маркын автомашиныг 30,000,000 төгрөгөөр, мөн мотоцикл худалдан авсан бөгөөд үүнийг Б.Э******* т үлдээсэн байхад байрны урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй өөрт ногдох хөрөнгөө авсан гэж үзэж байна гэж маргасан.

5.Хэрэгт авагдсан баримтаар: 

Зохигчид нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 149/ШШ2025/00693 дугаартай шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийн эх А.А******* ийн асрамжид үлдээж, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөтэй холбоотой маргааныг жич шийдвэрлүүлэээр заажээ.

Зохигчид нь орон сууцны захиалгын “******* *******” ХХК-тай байгуулж гэрээний урьдчилгаанд 91,390,000 шилжүүлсэн байх ба зохигчидын хүсэлтээр тус байгуулсан гэрээ цуцласантай холбоотой “******* *******” ХХК 2 хувийн шимтгэлийг суутган авснаар А.А******* т 89,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

6.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмлчөх дундын өмчид хамаарна” гэж зааснаар зохигчдын орон сууцны захиалгын “******* *******” ХХК-тай байгуулж гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 91,390,000 төгрөгөөс компаниас буцаан авсан 89,000,000 төгрөг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөн дундын хөрөнгө мөн байна.

Иргэний хуулийн 130 дүгээр зүйлийн 130.1. “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно.” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Э******* шаардлага үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй...бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасан тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлж, гэрээ цуцласанаар буцаан авсан 89,562,200 төгрөгийг гэр бүлийн нийт зургаан гишүүнд хувааж нэг хүнд ногдох хөрөнгийг 14,927,033 төгрөг гэж тодорхойлж, хариуцагч А.А******* ээс 14,927,033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э******* т олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчийн гар утасны төлбөр 3,308,000 төгрөг нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөд хэрхэн хамаарч байгаа болон ямар үндэслэлээр гар утасны төлбөр гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7.Хариуцагч А.А******* нь нэхэмжлэгч Б.Э******* ыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй түүнчлэн нэхэмжлэгчийн шаардлагад сөрөг шаардлага гаргаагүй тул түүний тайлбарыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.  

Мөн нэхэмжлэгч Б.Э******* ыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ авсан гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 149/ШШ2026/00414 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар хариуцагч А.А******* ээс 14,927,033 төгрөг гаргуулж Б.Э******* т олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 3,611,967 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг:

“Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,645 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч А.А******* ээс 232,585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э******* т олгосугай.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                            ШҮҮГЧ                               М.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                  

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ДАВААРЕНЧИН