Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 27

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Г-д холбогдох эрүүгийн 1826004100289 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Э.Г

Холбогдсон хэргийн талаар:

Э.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 цагийн орчимд барилга дээр ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” үүргээ биелүүлээгүйгээс иргэн Д.Д эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” 2018 оны 09 дүгээр сарны 06-ны өдөр барилга дээр ажиллаж байхдаа бетон тэгшлэгч цахилгаан машины бариулыг нь алдсан. Гэтэл цахилгаан машин эргэлдэж очоод Д.Д-г цохьсон. Тэгээд хохирогчийг эмнэлэг рүү аваад явсан. Би хохирогчид эмчилгээний  зардлын мөнгийг нь төлсөн гэв.  

Хохирогч Д.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос барилгын ажил хийхээр очсон. Би хамт ажиллаж байсан Д.Ж, Х, өөрийн дагавар хүү Н нарын хамт ирсэн. Бид нар барилга дотор хана тусгаарлах ажил хийх гэж ирсэн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орой 19 цагийн үед ажлаа дууссан. Харин 03 цагийн үед барилгын ажилтан А “та нар бетон цутгах ажил хийх үү, хүний 35.000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Бид нар зөвшөөрөөд ажилласан. Би барилга дотор байшингийн шал цементээр цутгаж мөн шалны нойтон цутгасан цемент тэгшилж байсан. Э.Г миний зүүн гар талд бетон өнгөлөгч машинаар бетон өнгөлж байсан. Э.Г бетон өнгөлөгч машинаа гараасаа алдаад машин нь эргэлдэж ирээд бариулаараа миний толгойн зүүн хэсэгт цохисон. ...Компаний ажилчид ажилд гарахад инженер Ш.Б бид нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилд гаргадаг байсан. Бид нарт бээлий, каск малгай өгдөг байсан. Би осол болох үед каск малгайгаа тайлаад хажуудаа тавьчихсан байсан. ...Э.Г намайг санаатай бетон өнгөлөгч машинаар цохисон зүйл байхгүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14-р хуудас/,

Гэрч Ш.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 02 билүү 03 цагийн үед байх цагаа сайн мэдэхгүй байна. Манай ажилчид барилгын 1 давхарт шалны бетон цутгалтын ажил хийж байсан. Манай ажилтан Э.Г бетон өнгөлөгч машинаар бетон өнгөлж байсан. Харин Д.Д гараараа бетоны өнгөлгөө хийж байсан. Тэгээд Э.Г-н ажиллуулж байсан өнгөлөгч машины сэнс нь модонд тээглээд Э.Г машиныхаа гарыг алдаад машин нь эргэлдэж очоод хажууд нь байсан Д.Д толгойн тус газар цохисон байсан. ...Д.Д нь манай компаний үндсэн ажилтан биш, манай А-тэй утсаар ярьж байгаад хувийн бригад ирж тохиролцоод хана таазны ажил хийж байсан. ...Д.Д хамгаалах малгай өмсөж байгаад халууцаад байна гэж тайлсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25-р хуудас/,

Гэрч Д.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Э.Г бетон өнгөлөгч машинаар хатсан бетон өнгөлж байгаад машинаа алдаад машиных нь бариул Д.Д толгойн тус газар цохиж унагаасан. ...Харин бетон өнгөлөгч машин нь унтрахгүй эргэлдээд л байсан. Э.Г өөрөө очиж унтраасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27-р хуудас/,

Гэрч М.З-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих өдрийн 03 цагийн үед би барилга дотор ажиллаж байсан. Бид нар барилгын дотор бетон шал цутгах ажил хийж байсан. Миний яг ард Э.Г бетон өнгөлөгч машинаар цутгасан бетон өнгөлж байсан. Хажууд нь Д.Д сууж байсан. ...Хөөе холд гэж Э.Г өөрөө орилсон, би эргээд харсан чинь Г бетон өнгөлөгч машинаа алдчихсан, Д.Д цохиулчихсан байсан. Машин нь эргэлдээд л байсан. Э.Г өөрөө очиж барьж аваад машинаа унтраасан. Харин Д.Д толгойноос нь цус гарч байсан. Манайхан Д.Д-г эмнэлэгт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 614 дугаартай шинжээчийн ”...Үзүүлэгч Д.Д биед зүүн чамархай хэсэгт цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-н 38-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно.” 2.1.1-т “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж заасан байдаг тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. Э.Г-н ажил үүргээ гүйцэтгэж байхад түүний ажиллуулж байсан бетон өнгөлөгч машины ир модонд зоогдож, машинаа алдсанаас Д.Д эрүүл мэндэд хохирол учруулсан байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-н 60-66-р хуудас/,

Шүүгдэгч Э.Г-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-88, 92 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Г-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Г-н яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/ зэрэг болно.

Химон констракшн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтан “Э.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан эмнэлгийн барилга дээр ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” үүргээ биелүүлээгүйгээс иргэн Д.Д эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Д-н “...Би барилга дотор байшингийн шал цементээр цутгаж мөн шалны нойтон цутгасан цемент тэгшилж байсан. Харин Э.Г миний зүүн гар талд бетон өнгөлөгч машинаар бетон өнгөлж байсан. Э.Г бетон өнгөлөгч машинаа гараасаа алдаад машин нь эргэлдэж ирээд бариулаараа миний толгойн зүүн хэсэгт цохисон. Би осол болох үед каск малгайгаа тайлаад хажуудаа тавьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/, гэрч Ш.Б-н “...2018 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 02 билүү 03 цагийн үед байх цагаа сайн мэдэхгүй байна. Манай ажилчид ажлаа хийж байсан. Барилгын 1 давхарт шалны бетон цутгалтын ажил хийж байсан. Манай ажилтан Э.Г бетон өнгөлөгч машинаар бетон өнгөлж байсан. Д гараараа бетоны өнгөлгөө хийж байсан. Тэгээд Э.Гийн ажиллуулж байсан өнгөлөгч машины сэнс нь модонд тээглээд Э.Г машиныхаа гарыг алдаад машин нь эргэлдэж очоод хажууд нь байсан Д.Д-н толгойн тус газар цохисон байсан. Д хамгаалах малгай өмсөж байгаад халууцаад байна гэж тайлсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Д.Ж-н “...Г бетон өнгөлөгч машинаар хатсан бетон өнгөлж байгаад машинаа алдаад машиных нь бариул Д.Д-н толгойн тус газар цохиж унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч М.З-н  “...2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих өдрийн 03 цагийн үед  бид нар барилгын дотор бетон шал цутгах ажил хийж байсан. ...Хөөе холд гэж Э.Г өөрөө орилсон, би эргээд харсан чинь Э.Г бетон өнгөлөгч машинаа алдчихсан, Д цохиулчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, Д.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсаныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 614 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-н 38/, шүүгдэгч Э.Г-н ажил үүргээ гүйцэтгэж байхад түүний ажиллуулж байсан бетон өнгөлөгч машины ир модонд зоогдож, машинаа алдсанаас Д.Д-н эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 60-66/, шүүгдэгч Э.Г-ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 123-124/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Э.Г-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Э.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Э.Гийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Г-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд   оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д шүүгдэгчид эрх хасах ял зайлшгүй оногдуулахаар заасан. Гэвч шүүгдэгч Э.Г-н үйлдэлд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай эрхийг үндэслэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн шинж байхгүй тул эрх хасах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүх шүүгдэгчид эрх хасах нэмэгдэл ял хэрэглээгүй ба харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Г-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг сонгож хэрэглэсэн болно.

Шүүгдэгч Э.Г-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Э.Г-г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид  төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Э.Г-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч ******* овогт Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Г-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Г-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4. 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Г-д
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.