| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0168/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 112
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
нарийн бичгийн дарга Т.М,
орчуулагч, хэлмэрч Ж.А,
улсын яллагч Б.Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е ,
шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж гийн А д холбогдох 1913002070152 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ах, бэр эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ж гийн А , регистрийн дугаар *****.
Шүүгдэгч Ж.А ын холбогдсон хэргийн талаар:
Ж.А нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө сумын ***дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.А ын эзэмшлийн байшингийн гал тогооны өрөөний цонхыг хагалж, уг цонхоор байшин дотор нууцаар, хууль бусаар нэвтэрч коридорт байсан 9 ширхэг обой, 2 ширхэг обойн цавууг хулгайлан авч, нийт 175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү гэв.
Хоёр: Эрүүгийн 1913002070152 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..."2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах миний эзэмшлийн байшингийн дотор байсан 9 ширхэг хананы обой, 2 ширхэг обойны цавуу хулгайд алдагдсан. Мөн байшингийн зүүн талын 2 дахь цонхыг хагалж дотогшоо нэвтэрч хулгай орсон байдалтай байсан. Миний бие хулгайд алдсан 8 ширхэг обой, 1 ширхэг обой болон 2 ширхэг обойны цавууны үнийг төлүүлж авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,
2. Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...”2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 09 цагийн үед Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн урд талд өөрийн хувийн 00-00 БӨА улсын дугаартай “ФИТ” маркийн тээврийн хэрэгслээр таксинд гарч байхад нэг өндөр нуруутай, туранхай, гартаа цоо шинэ хананы обой барьсан хар өнгийн хавар, намрын богино куртиктэй, хар малгайтай, 30-аад насны залуу ирж, өөрийгөө А гэж танилцуулж, намайг таксинд авч Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах захын урд талд очсон. Би А д “таксины мөнгөө өгөөрэй” гэж хэлэхэд А надад “мөнгө байхгүй, та энэ хананы обойн 1 ширхгийг 5.000 төгрөгөөр аваарай" гэж хэлсэн. Би “надад 25.000 төгрөг л байгаа” гэж хэлэхэд А “за тэгвэл 25.000 төгрөгөөр аваарай” гэж надад саарал өнгийн, гадна талд гялгар ууттай, цоо шинэ 8 ширхэг хананы обойг зараад яваад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
3. Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захирагчийн албаны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ хийсэн тухай 1 ширхэг хананы обой 15.000-18.000 төгрөг, 9 ширхэг хананы обой 135.000-162.000 төгрөгийн үнэ ханштай, 1 ширхэг обойны цавуу 20.000-25.000 төгрөг, 2 ширхэг обойны цавуу 40.000-50.000 төгрөгийн үнэ ханштай байна гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/,
5. Эд зүйл хураан авсан болон үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч Ж.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний бие 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүний малыг хөлсөөр хариулж авсан мөнгөөр архи авч уусан. Тэгээд орой 20 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багт байдаг нагац ах Б гийн гэр лүү явж байгаад эзэнгүй байсан, гадна талд хашаагүй байшинг харж уг байшингийн салхивчийн шилийг чулуугаар хаглан, түгжээг онгойлгож орсон ба байшинд ороход шинээр засвар хийж байсан, ямар нэгэн эд тавилгагүй байшин байсан. Тэгээд уг байшингийн коридорт байсан 9 ширхэг обой, 2 ширхэг обойн цавууг авч явж байгаад замд такси барьж суугаад Өлгий сумын төвд ирээд буух үед халаасанд мөнгөгүй байсан болохоор “би мөнгөгүй болчихсон байна, та обой авах уу" гэхэд “хэдээр зарах уу" гэсэн. Тэгээд 25.000 төгрөгөөр худалдаж, тэр мөнгөнөөс таксины мөнгө төлсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч Ж.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй болохыг тодорхойлсон лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.А нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Ө сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.А ын эзэмшлийн байшингийн гал тогооны өрөөний цонхыг нь хагалж, уг цонхоор байшин дотор нууцаар, хууль бусаар нэвтэрч коридорт байсан 9 ширхэг обой, 2 ширхэг обойн цавууг хулгайлан авч, нийт 175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан болон үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудас/, хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/, гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.А ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.А нь хохирогч Б.А ын Өлгий сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.А ын эзэмшлийн байшингийн гал тогооны өрөөний цонхыг нь хагалж, уг цонхоор байшин дотор нууцаар, хууль бусаар нэвтэрч коридорт байсан 9 ширхэг обой, 2 ширхэг обойн цавууг хулгайлан авч, нийт 175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгч Ж.А болон шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь нууцаар, далд аргаар үйлдэгддэг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар Ж.А нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ж.А ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.А ын шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ж.А нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч, иргэн Б.А ын эзэмшлийн байшингийн коридорт байсан 9 ширхэг обой, 2 ширхэг обойн цавууг хулгайлж 175.000 төгрөгийн хохирол учруулсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9 ширхэг обой, 2 ширхэг цавуу зэргийг хураан авч хохирогч Б.А од хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Ж.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е нь өмгөөллийн дүгнэлтдээ Ж.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргасан.
Шүүгдэгч Ж.А нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд ял шийтгэлтэй болох нь бүртгэгдээгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, нөгөө талаас хохирогчид төлөх төлбөргүй болохыг, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолд дурдав.
4.Бусад асуудлаар.
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ж.А аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ж гийн А ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.А ыг нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ж.А оос гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.А д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т