Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 840

 

 

                                                           

 

 

 

 

  2019         11         04                                    2019/ШЦТ/840

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Улсын яллагч: Б.Чимгээ,

Шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байдраг овогтой Ганхуягийн Баттулгад холбогдох эрүүгийн “1911012940924” дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Сансарын 8а-25 тоотод түр оршин суух,

урьд нь 2000 оны 04 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 cap хорих ял шийтгүүлж түүнийг биелүүлэхийг 1 жилээр хойшлуулж байсан,

2010 ны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 cap баривчлах, 2012 оны 05 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 cap хорих,

2014 оны 07 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 cap хорих ял тус тус шийтгүүлж байсан, Байдраг овогт Ганхуягийн Баттулга, /РД: ЧД84071770/

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блоом лоунж караоке”-д тогоочоор ажиллаж байхдаа хамт ажилладаг З.Энхтуяаг хуурч “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн “Самсунг эс 6” загварын гар утсыг залилан 290,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “CU” дэлгүүрийн дотор менежер Т.Сүхбаатарыг хуурч “Нийслэлийн онцгой байдлын газрын ажилтан байна, утсаар чинь даргатай чинь ярих хэрэгтэй байна” гэж “Самсунг галакси Эс-8” загварын гар утсыг залилж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Онцгой байдлын гамшгийн сургалт явагдаж байсан, Би тухайн өдөр Урт цагааны орчим ганцаараа архи уучихсан согтуу явж байгаад Улсын Их дэлгүүрээс хойно байрлах СU нэртэй түргэн хоолны сүлжээ дэлгүүрт ороод Онцгой байдлын ажилтан байна, танай байгууллага яагаад гамшгийн сургалтанд хамрагдаагүй юм бэ захиралтай чинь ярьна гар утсаа өгч байгаа гээд гар утсыг нь аваад явчихсан юм...” /хх-ийн 29-30х/,... би 2018 оны 01 дүгээр сард өөрийн ажиллаж байсан “Блоом” нэртэй ресторанаас гарахдаа шил виски, 1 шил архи мөн ажилчдын 2 ширхэг түрийвчийг хулгайлж аваад гарч яваад бармен охинтой таараад утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд “самсунг эс 6” загварын гар утсыг нь аваад явсан. Гар утсыг нь авснаас хойш тэр газар дахин очоогүй ... гэх /хх-ийн 98х/,

Хохирогч З.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эгч З.Туяагийн түрээслэн ажиллуулж байсан “Блоом лоунж караоке”-д ажиллаж байсан ба 2018 оны эхээр Г.Б гэж хүнийг тогоочоор ажилд авсан юм. Г.Б ажилд орсноос хойш маш сайн ажиллаж байсан. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр намайг текен дээр сууж байсан чинь Г.Б ирээд ах нь хүнтэй утсаар чинь ярьчихаад өгье гэхээр нь би өөрийн “самсунг эс-6” загварын rap утсыг өгсөн. Гэтэл Баттулга нь миний хажууд ярилгүй аваад гарсан ба хэсэг хүлээж байгаад араас нь гарахад алга болчихсон байсан. Тэгээд ойролцоогоор 5 минутын дараа өөрийн гар утас руу залгахад Баттулга аваад ойрхон дэлгүүрээс зайрмаг аваад ирнэ гэж хэлсэн. Түүнээс хойш ахиж ирээгүй. Тэгээд эгч бид 2 ахын нь дугаар руу яриад болсон асуудлыг хэлсэн... гар утасны хохирлыг Баттулгын ээж нь барагдуулж өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх-ийн 90-91х/,

Хохирогч Т.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...40 орчим насны, бор царайтай, махлаг биетэй, энгийн хувцастай хүн орж ирээд “би Нийслэлийн онцгой байдлын газраас явж байна, хошууч Батбаяр гэж хүн байна, менежер нь хаана байна” гэж асуухаар нь “би байна юу болсон бол” гэсэн чинь “танай байгууллага яагаад өнөөдрийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдаагүй вэ” гэхээр нь би “хамрагдсан” гэсэн. Тэгсэн чинь “танай байгууллага хамрагдсан гэж бүртгэгдээгүй байна, дарга нар чинь хаана байна, утсаар яриул” гэж загнахаар нь би сандраад өөрийнхөө “Самсунг галакси Эс-8” загварын утсаар манай байгууллагын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Бадамцэцэгийн утас руу яриулсан. Тэгээд барьж орж ирсэн дэвтэр дээрээ овог нэр регистрийн дугаар зэргийг тэмдэглээд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан хүнтэйгээ яриул гэхээр нь Баттулга гэж хүн рүү утсаараа залгаж байтал утсаа өгч бай би өөрөө ярина гээд авснаа яриан дундаа гараад явсан. Би тэр хүний араас гарсан чинь алга болсон ба би ойр орчмоос хайгаад олоогүй. Надад албаны үнэмлэх үзүүлээгүй. Шууд ирээд загнаж зандраад үнэмшилтэй яриад байхаар нь би үнэмлэхээ үзүүлэхийг ч шаардаагүй” гэх /хх-ийн 24х/,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “CU” дэлгүүрийн байранд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үзлэг хийж барааны тавцан, гэмт этгээдийн барьж явсан дэвтэр дээрээс гарын мөр бэхжүүлж авсан тэмдэглэл, /хх-ийн 10-13х/, 

Эд мөрийн баримт болох “CU” дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 17-20х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч У.Батмөнхийн 06/341 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээний шаардлага хангах 3 дугаартай гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд ...бүртгэгдсэн Ганхуяг овогтой Баттулгын баруун гарын алганы хээтэй тохирч байна. гэх дүгнэлт /хх-ийн 43-53х/,

Эд зүйлийн үнэлгээний баримт /хх-ийн 56, 100х/ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Баттулгыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад учруулсан хохиролын  хэр хэмжээ, гэмт хэрг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Байдраг овогт Ганхуягийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Баттулгыг 2000 нэгж буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Баттулгын энэ хэрэгт цагдан хоригдсон 70 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон /1,050,000 төгрөг/ хасч 950,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхээр тогтоосугай

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД