| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2026/00070/и |
| Дугаар | 209/МА2026/00033 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 209/МА2026/00033
“*******” ТӨХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2026/01209 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “1,275,176.54 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 1,275,176.54 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “...төлбөрөө 2023 оны 02 дугаар сар дуустал төлсөн. Тухайн үед инженер болон бусад хүмүүс ирж тоолуур үзсэн хэвийн байна гэж байсан. Би ганцаараа амьдардаг, гэртээ бараг байдаггүй, ус алдах ямар ч боломжгүй. Ийм их хэмжээний төлбөр гарах үндэслэлгүй гэж ахлах байцаагчтай уулзаж тооцоо нийлж үзэхэд тохирч байсан...” гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь Дулааны эрчим хүчээр хангах гэрээнд заасан “... тоолуурын заалтаа сар бүрийн 10-20-ны дотор хариуцсан орлогын байцаагчид өгч бичилтээ хийлгэсэн байна” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 08 дугаар сард тоолуурын заалтыг тулгаж, бичилт хийхэд 318 тонн халуун ус хэрэглэсэн буюу 881,520.75 төгрөгийн төлбөр гарсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж, хариуцагч *******аас 1,056,812.75 төгрөгийг гаргуулж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2023 оноос өмнөх төлбөр болох 218,363.79 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Дээрх шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч “...би халаалтын төлбөрөө сар бүр төлж байсан. Би ганцаараа амьдардаг, байнга эмчилгээнд явдаг ... айл өрхийн хэрэглээ сард дунджаар 1-2 тонн гардаг гэсэн атлаа 3 сарын хугацаанд өндөр гарсан байна. 3 сарын дотор ийм их хэмжээний ус хэрэглэх боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч байгууллагад хандаж өргөдөл өгч байсан. ...3 сард 2 тоолуур нийт дээд тал нь 12 тонн ус гүйхээр байна. 12 тонноос бусад нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. ...шүүх буруу дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
5. Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 3 дугаар байрны 172 тоот орон сууцны өмчлөгч нь *******, ******* нар байх ба ******* ТӨХК нь *******, ******* нартай 2020 оны 04 дүгээр 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулж, эрчим хүчээр хангаж, хэрэглэгч ******* нь эрчим хүч хэрэглэж, зохих төлбөрийг төлж байсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 10-12/
6. Хэрэгт авагдсан 2023-2025 оны харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар хариуцагч ******* нь халаалтын төлбөрт 1,179,121 төгрөгийг төлж, 1,275,176.54 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх ба үүнээс 2023 оны 08 дугаар сарын дулааны төлбөр /халуун усны/ 880,550 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. /хх-ийн 7-9/
7. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон боловч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, шүүхийн шийдвэрт хуулийн заалтыг буруу баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөнө.
8. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “...хариуцагч ******* хангагч байгууллагын ажилтныг орон сууцандаа нэвтрүүлж, тоолуурын бичилт хийх боломжоор хангадаггүй, 2023 оны 5 сард бичилт хийхэд гал тогоо 40 тонн, угаалгын өрөө 65 тонн байсан бөгөөд 2023 оны 8 дугаар сард бичилт хийхэд хэрэглээний халуун усны тоолуурын заалт нь дулаан-гал тогоо 128 тонн, Ванн 190 тонн гэж бичигдсэн” гэж тайлбарлаж, хэрэгт харилцагчийн дэлгэрэнгүй тайлан болон дэлгэрэнгүй бичилтийг нотлох баримтаар ирүүлжээ. /хх-ийн 7-9, 83/
Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан ажил, үүргийн шаардлагаар хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх, энэ зорилгоор орон байранд нэвтрэх эрхтэй” гэж, 30 дугаар зүйлийн 30.1.4-т “ хэрэглэгч нь эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах үүрэгтэй” гэж, талуудын байгуулсан гэрээний 2.1.14-т “хэрэглэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа хангагч ажилтныг өөрийн орон сууцанд саадгүй нэвтрүүлж, үйл ажиллагаа явуулах боломжоор хангах үүрэгтэй” гэж, гэрээний 3.7-д “хангагч нь...хэрэглээний халуун усны тоолуурын ажиллагаа зэрэгт хяналт тавих эрхтэй” гэж тус тус заасан.
Хангагч байгууллага хэрэглэгчийн орон байранд сар бүр нэвтэрч тоолуурын заалтын бичилтийг тухай бүр авч байгаагүй хэдий ч 2 удаа нэвтэрч хэрэглээний халуун усны тоолуурын бичилтийг хийсэн гэсэн тайлбарыг гаргаж, харилцагчийн дэлгэрэнгүй тайланг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч энэ нь *******ыг дээрх хэмжээний хэрэглээний халуун ус хэрэглэсэн гэх, тоолуурын заалтын 2 удаагийн бичилт ямар байсан талаар хангалттай нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы “...хэрэглэгч *******ыг ганцаараа амьдардаг, хаалгаа тайлж өгдөггүй, улмаар орон сууцандаа байнга амьдардаггүй, Хөтөл хороололд болон эмчилгээнд яваад эзэнгүй байна гэдэг” гэж, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд “...ганцаараа амьдардаг хүний хувьд 3 сарын хугацаанд 318 тонн ус хэрэглэх боломжгүй боловч хариуцагч нь тоолуурын заалтаа огт бодитоор өгдөггүйгээс манайд хүндрэлтэй байна...” гэсэн тайлбарыг гаргаж байна.
9. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй” гэж, гэрээний 2.1.10-т “Хэрэглэгч техникийн шаардлага хангасан хэрэглээний халуун усны тоолуур тавьж бодит хэрэглээгээ тооцуулах бөгөөд тоолуурын заалтаа сар бүрийн 10-20-ны дотор хариуцсан орлогын байцаагчид өгч бичилтээ хийлгэсэн байна” гэж тус тус заасан.
Хариуцагч ******* нь гэрээ болон хуульд зааснаар тоолуурын заалтаа сар бүрийн 10-20-ны дотор хариуцсан орлогын байцаагчид өгч бичилтээ хийлгэх үүргээ биелүүлээгүй, хангагч байгууллагын ажилтны орон сууцанд нэвтэрч тоолуурын заалтын бичилт хийх эрхийг хязгаарлаж, улмаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* хэрэглээний халуун усыг их хэмжээгээр хэрэглэсэн болох нь нотлогдоогүй хэдий ч гэрээнд зааснаар дулаан, эрчим хүчээр хангуулж, эрхээ эдэлсэн атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээг зөрчсөн гэж үзнэ.
10. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч *******ыг их хэмжээний хэрэглээний халуун ус хэрэглэж, тоолуурын заалт дулаан-гал тогоо 128 тонн, Ванн 190 тонн бичилт хийгдсэн гэдгийг хангалттай нотолж чадаагүй, хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэж төлбөрийн хэмжээг 50 хувиар бууруулан 2023 оны 8 дугаар сарын дулаан эрчим хүчний төлбөр 880,550 төгрөгийн 440,275 төгрөгийг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 176,262 төгрөг бүгд 616,537 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
11. Хэрэгт авагдсан харилцагчийн дэлгэрэнгүй тайланд 2023 оны эхний үлдэгдэл 218,363.79 төгрөг гэж тусгагдсан байх бөгөөд уг үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд хамаарч байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр 218,363.79 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байна.
12. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2026/01209 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 616,537 төгрөгийг гаргуулж “*******” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 658,639 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад “...хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 19,146 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ТӨХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 29,913 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Г.МЯГМАРСҮРЭН