| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01886/и |
| Дугаар | 209/МА2026/00034 |
| Огноо | 2026-06-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 209/МА2026/00034
Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 307/ШШ2026/00951 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бусаар цагдан хоригдож, шийтгүүлсний улмаас учирсан хохиролд нийт 124,545,776 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
“...Б.Мөнх-Эрдэнийг хууль бусаар 112 хоног цагдан хорьсон, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас учирсан сэтгэл санааны хохирол 112,000,000 төгрөг, нэр төр, алдар хүнд гутаагдсан тул 5,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, 2,545,776 төгрөгийн эд хөрөнгийн хохирол нийт 124,545,776 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүгчийн 216 дугаартай захирамжаар цагдан хоригдож 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хууль бусаар 112 хоног цагдан хоригдсон.
Дархан-Уул аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******эс 11,110,517 төгрөгийг гаргуулж, Б.Мөнх- Эрдэнийн цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлалаар "...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож...", Б.Мөнх- Эрдэнээс 11,110,517 төгрөгийг гаргуулж гэснийг хүчингүй болгож, ******* энэ хэрэгтээ 112 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, *******д цагдан хорихоор авсан таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 717 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч *******ын гаргасан гомдлыг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан нь давж заалдах шатны шүүхийн магадлал хүчинтэй хэвээр үлджээ.
Цагдан хоригдсон, шүүхээс ял шийтгүүлсэн хугацаанд Б.Мөнх-Эрдэнийн бие мах бодь, сэтгэл санаа, гэр бүл хамтадаа хохирсон тул сэтгэл санааны хохирол 112,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар түүний нэр төр, алдар хүнд гутаагдсан тул 5,000,000 төгрөг шаардах эрхтэй гэж үзэж байна.
Дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 сая төгрөг төлж зардал гаргасан буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хохирол учирсан. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор "Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг" гэж тогтоосон. *******д 2024.03.01-2024.06.26-ны өдрийг хүртэл 3 сар, ажлын 18 хоног цагдан хоригдсон хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзвэл 2,545,776/3cap 660,000-1,980,000 төгрөг, 18хоног 31,432-565,776/ төгрөгийн хохирол учирсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт тус тус зааснаар хууль бусаар цагдан хоригдсон, яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна. Иймд үндэслэлгүйгээр цагдан хоригдсон, ял шийтгүүлсэн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон нэр төр, алдар хүндэд учирсан хохирол болох нийт 124,545,776 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү” гэжээ. / хх-ийн 1-2 дугаар хуудас /
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор ******* шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заажээ.
Б.Мөнх-Эрдэнийг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял оногдуулсныг, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг Улсын Дээд шүүхийн хэлэлцээгүй, магадлал хүчин төгөлдөр болсон нь тогтоогдсон тул ******* нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан гэм хорын хохирол шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хууль бусаар цагдан хоригдсон хоногийн хохиролд 2,545,776, сэтгэл санааны хохиролд 112,000,000 төгрөгийг гаргуулахаар, өмгөөлөгчийн хөлсөнд 5,000,000 төгрөг нэр төр алдар хүнд гутаагдсанд 5,000,000 төгрөг, нийт 124,545,776 төгрөгийг нэхэмжилжээ.
а. Хууль бусаар цагдан хоригдсон хоногийн хохирлын тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.1.1- д заасан хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого болох эд хөрөнгийн хохиролд эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон хоног хамаарна.
Нэхэмжлэгч цагдан хоригдсон хугацаанд олох байсан орлогыг нэхэмжлэхдээ 2017 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дүйцүүлж нэхэмжилсэн гэж дүгнэж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалингийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоодог.
Үүнийг жишээгээр тайлбарлавал нэхэмжлэгчийн цагдан хоригдож байх хугацаанд мөрдөж байсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг өдөрт хуваан шилжүүлж, цагдан хоригдсон хоногт үржүүлж хохирлыг гаргана.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор "Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг" гэж тогтоосон.
Иймд цагдан хоригдсон 1 хоног 660,000/21,5=30,697 төгрөг байхаар байна. Нэхэмжлэгчийг цагдан хоригдсон 112 хоногийг тооцвол 3,438,064 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна.
б. Өмгөөллийн хөлсөнд 5,000,000 төгрөг нэхэмжилсэн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д ямар хохирлыг эд хөрөнгөд учирсан хохирол гэж үзэж нөхөн төлөхийг заажээ. ...Хууль бус ажиллагааны улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс хамаарах бөгөөд нэхэмжлэгч ******* нь өмгөөлөгч *******г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өмгөөлөгчөөр авчээ. Б.Мөнх-Эрдэнийн эх ******* нь өмгөөлөгчтэй 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгчтэй гэрээ хийж төлбөрийг 1,000,000 төгрөг байхаар тогтоосон. Гэрээн дээр 4,000,000 төгрөгийг нэмж бичсэн нотлох баримт хэрэгт хавсаргагдсан байна.
Өмгөөлөгчийн дансны хуулбартай танилцахад /5046090698 тоот данс/
-2024.04.22-ны өдөр 700,000 төгрөг
-2024.06.05-ны өдөр 300,000 төгрөг
-2024.09.04-ний өдөр 470,000 төгрөг,
-2024.12.13-ны өдөр 300,000 төгрөг
-2024.09.14-ний өдөр 500,000 төгрөгийг ******* нь Б.Мөнх-Эрдэнийн өмнөөс өмгөөлөгчид шилжүүлсэн гэж үзэхээр байна. Б.Мөнх-Эрдэнийг цагаатгаж шийдвэрлэсэн магадлал 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Иймд өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна.
в. Нэр төр, алдар хүнд гутаасан, сэтгэл санааны хохирлын тухайд:
Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй байх гаргуулах боломжгүй байна.
г. Сэтгэл санааны хохирол гаргуулах тухайд:
Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт гарсан.
Дээрх дүгнэлт болон нэхэмжлэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660,000*5=3,300,000 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй.
Иймд Засгийн газрын тусгай сангаас 7,738,064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 116,807,712 төгрөгийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэжээ. /хх-ийн 101-104 дугаар хуудас/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг тус тус баримтлан 8,115,776 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 116,430,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж... шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгах мөнгөн төлбөрийн хэмжээг хэт багаар тогтоосон тухайд:
Анхан шатны шүүхээс “...Б.Мөнх-Эрдэнийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон арилгуулах нь зүйтэй байна” гэжээ.
Шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ДАР0825/167 дугаартай дүгнэлтээр Б.Мөнх-Эрдэнийн сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан болохыг тогтоосон.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг тооцохоор тогтоосон. Тус аргачлалын 3 дугаар зүйлийн 3.1.1-д нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, 3.8-д хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэхээр заасан.
Нэхэмжлэгч ******* нь бүтэн 112 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдож буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5-12 жил хорих ялтай, өөр бусад сонголтгүй зүйл ангиар Прокурорын байгууллагаас яллаж, Монгол Улсын шударга шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ял авч, 79 хоногийг төр засагтаа гүтгэгдсэн, сэтгэл зүйн хувьд хэлмэгдсэн байдалтай өнгөрөөж, шүүхээр тогтоосон гэмт хэрэгтэн мэтээр хоригдож, алдар, нэр төр нь хохирсон байдаг. Улмаар нэхэмжлэгчийн сэтгэл зүйд учирсан хор уршгийг 7 сарын дараа шинжээч үнэлэхдээ цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд тогтсон ажилгүй, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан одоог хүртэл эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс хохирлын хэмжээ, учирсан хор уршгийн бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдож, хүнд гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллагдаж, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялын 79 хоногийг биечлэн эдэлсэн болно. Эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, гэр бүл, нийгмийн харилцаанд ноцтой хор уршиг учруулсан болохыг илтгэж байна.
Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг хор уршгийн хэмжээг нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий хүчин зүйл гэж үнэлээгүй, энэ талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа хор уршгийг арилгуулах мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан доод хэмжээгээр буюу тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосонд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл дээр дурдсан хүндрүүлэх нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүхээс хор уршгийг арилгах хэмжээг хамгийн багаар тооцож байгааг шударгаар тогтоосон гэж үзэх боломжгүй байна” гэжээ. /х.х-ийн 122-123 дугаар хуудас/
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... Б.Мөнх-Эрдэнийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон байхад нөхөн төлбөрийн хэмжээг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасан хамгийн бага хэмжээгээр тооцож байгаа нь үндэслэлгүй, шударгаар тогтоож чадаагүй” гэж тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. Үүнд:
3.1. Дархан-Уул аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолоор *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар *******эс 11,110,517 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ДШМ/52 дугаар магадлалаар Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүсээгүй байна гэж дүгнэж, цагаатгаж, нийт 112 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Энэхүү магадлал хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 4-17, 21 дүгээр хуудас/
3.2. Хэрэгт авагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч ******* нэхэмжлэгч *******д эрх зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр оролцсон байна. /хх-ийн 36-37 дугаар хуудас/
3.3. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 04-ний өдрийн 307/ШТ2025/00080 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, цагдан хоригдсоноос Б.Мөнх-Эрдэнийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх талаар шинжээч томилж, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 сарын 26-ны өдрийн ДАР0825/167 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна гэж дүгнэжээ. /хх-ийн 88-90 дугаар хуудас/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийг хууль бусаар цагдан хоригдсон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь цагдан хоригдсоны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж дүгнээд цагдан хоригдсон хугацааны олох байсан орлогыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох цагийн 3929 төгрөг, сарын 660,000 төгрөгөөр, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ буюу 2,545,776 төгрөгөөр, өмгөөллийн хөлсийг хэрэгт авагдсан Хаан банкны 5091093425 дугаар дансны хуулгаар шилжүүлсэн дүн болох нийт 2,270,000 төгрөгөөр, сэтгэл санааны хохирлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж, 3,300,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 8,115,776 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар заасан.
Дээрх хуульд заасан албан тушаалтан, байгууллага нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг хуулийн дагуу шалгаж, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд зохих хууль, журмын дагуу ажиллагааг явуулсан боловч тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдоогүй бол түүний эсрэг хэрэгжүүлсэн эрхийн хязгаарлалт нь хууль бусад тооцогдож, цагаатгагдсан этгээдэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүснэ.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин тавдугаар бүлэгт энэ төрлийн хохирол, түүнийг арилгах журмыг тогтоосон бөгөөд мөн хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заажээ.
8. Анхан шатны шүүх дээрх хуульд заасан хохиролд хамаарах цагдан хоригдсон хугацаанд олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгосон, мөн өмгөөллийн хөлсийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон хэмжээгээр хангаж, нэр төр, алдар хүнд гутаагдсан гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгийн хохирол шаардсаныг нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд энэ талаар гомдол гаргаагүй болно.
9. Сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т: “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, 511 дүгээр зүйлийн 511.3-т: “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ийн 1.1-т: “гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ” гэж заажээ.
11. Дээрх зохицуулалтаас харахад тус аргачлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтооход хамааралтай эсэх нь тодорхойгүй байна.
Гэвч тухайн этгээдийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шаардах эрхийг хуулиар тодорхойлсон байх тул анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дээр дурдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар дүйцүүлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, нэхэмжлэлийн тус шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө талаас анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон нэхэмжлэгчид болж өнгөрсөн үйл явдлаас шалтгаалан айх сандрах, нойрны асуудал үүсэх, хар дарах, хоолны дуршил буурах, өөртөө болон бусдад итгэх итгэл буурч, эргэлзэх, ижил тест нөхцөл байдлаас болж түгших, санхүүгийн асуудал тулгарах, өдөр тутмын сөрөг стресст өртөх зэрэг гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн илэрч байна гэснийг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөх хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.
12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 307/ШШ2026/00951 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
М.ОЮУНЦЭЦЭГ