| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2019/00027/э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 33
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч У.Анхжаргал,
Хохирогч Х.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноён хутагт овогт Дангаасүрэнгийн Ариунжаргалд холбогдох эрүүгийн 1826003840291 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ноён хутагт овогт Д.А
Холбогдсон хэргийн талаар: Д.А нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бөөрөлжүүт” 6 дугаар багийн нутаг "Шар суваг" гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 393.433.13 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Урьд нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй...” гэв.
Хохирогч Х.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Д.А нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөрөлжүүт”-ийн “Шар суваг” гэх газар үйл ажиллагаа явуулж байсныг шалгахад ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Байгаль орчинд үүссэн хохирлыг “Монслов” ХХК үнэлгээ хийж 393.433.13 төгрөгөөр тогтоосон. Д.А нь уг хохирлыг барагдуулсан. Иймд Д.Ариунжаргалд холбогдох хэрэгт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Х.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн "...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирсэн бүрэлдэхүүний хамт Уянга сумын “Бөөрөлжүүт” 6 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг шалгахаар очих үед иргэн Д.А нь Бөөрөлжүүтийн "Шар суваг" гэх газраас нүүж байсан. Өмнө нь сумын Засаг даргаас баталсан удирдамжийн дагуу Байгаль орчины хяналтын улсын байцаагч Д.С, байгаль хамгаалагч Х.Д, цагдаагийн хэсгийн дарга нар очиж шалгахад зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байна. Энэ талаарх илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтийг сумын засаг дарга Б.Д-д танилцуулсан байсан. Тухайн газар нь ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, эрүүл талбай байсан. Иргэн Д.А нь эрүүл зүлэгтэй талбай руу орсон байсан. Иргэн Д.А нь ямар нэгэн зөвшөөрөл бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Гэрч С.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Би 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Уянга сумын Бөөрөлжүүтийн “Шар суваг” гэх газар Зэвэг, Д.А нь тусгай зөвшөөрөлгүй буусан байсан. ...Д.А үйл ажиллагаа явуулсан гэж сумын төрийн албан хаагчид хэлж байсан. Тухайн газраа булчихсан нүүж байсан болохоор ашигласан газар нь очиж үзээгүй. Д.А-н ажилласан гэх газар нь хэний ч талбайд хамаарахгүй газар байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч Д н мөрдөн байцаалтанд өгсөн "...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Уянга сумын “Бөөрөлжүүт” 6 дугаар багийн “Шар суваг” гэх газар иргэн Д.А нь дөнгөж орсон, ...2-3 машин шороо ачиж байна гэсэн тайлбартай зогсож байсан. Тухайн үед эрүүл хөрс рүү экскаватор нь ухаад орчихсон гүн нь 1 метр орчим байх, Норд машинд шороо ачиж байсан. Тухайн үед ямар ч зөвшөөрөл бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байсан болохоор үйл ажиллагааг нь зогсоож, шаардлага тавьж газрыг даруй чөлөөлж нүүх талаар албан мэдэгдэл өгсөн. Д.А нь тухайн үед үйл ажиллагаагаа зогсоосон. Дараа нь намайг эзгүй хойгуур аймгийн Мэргэжлийн хяналтын газраас удирдамжийн дагуу шалгалт явуулахад нүүж байсан гэж байгаль хамгаалагч Х.Л ярьж байсан. ...Д.А-д өөрийн гэсэн техник хэрэгсэл байхгүй, иргэн Х-н /нэрийг нь санахгүй байна/ техник хэрэгсэл болон улаан өнгийн Норд машин 1 ширхэг, Хюндай гэсэн шар өнгийн экскаватор 1 ширхэг, Усан буу 1 ширхэг зэрэг техник хэрэгслүүд байсан. Усан буун дээр нь очоогүй. Ухсан газраасаа зайтай байсан. ...Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан, АУМ ХХК-ийн захирал Ц.М-той гэрээ хийнэ гэсэн зүйл ярьж байсан. Уг газар нь эрүүл талбай байсан Ц.М болон өөр хүний эзэмшилд байдаг лицензтэй талбай биш, ямар ч зөвшөөрөлгүй газар байгаа юм. ...Гүн нь 1м орчим 5*8м хэмжээтэй талбай нүдээр харахад байсан" ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,
Гэрч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн "...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Уянга сумын Засаг дарга Б.Д-с баталсан удирдамжийн дагуу Уянга сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа сумын байгаль хамгаалагч Х.Д нарын хамт Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгасан. Тухайн үед Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн “Шар суваг” гэх газар иргэн Д.А нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, бичиг баримт байхгүйгээр хууль бусаар газрын хэвлийг хөндөж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Иймд энэ талбайд үйл ажиллагаа явуулж болохгүй. Даруй нүүхийг сануулж 3 хоногийн хугацаанд газрыг чөлөөлөх албан мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан. ...Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтынхан Бөөрөлжүүтэд ажиллахад Д.А нүүж байсан гэж Х.Л байгаль хамгаалагч ярьсан. ...”Шар суваг” гэх газар үйл ажиллагаа явуулсан талбай нь хуучин эвдрэлтэй талбайгаас залгаад эрүүл газар руу орсон байсан. Тухайн талбай нь 1м орчим гүнтэй, 5*8м орчим газар байсан. Анх очиход экскаватор нь газарт орчихсон Норд машин руугаа шороогоо ачиж байсан. Усан буу 1, экскаватор 1, норд машин 1, ковш 1 техниктэй, норд, экскаваторын 2 жолооч, мөн хамт Хоовон гэх хүн байсан. ...Иргэдийг хууль бусаар ашигт малтмал олборлохоос нь урьдчилан сэргийлж албан мэдэгдэл өгч нүүхийг шаардахаар очих үед үйл ажиллагаа явуулж байсан болохоор сумын засаг дарга Доржтогоод танилцуулж хуулийн байгуулагад шалгуулахаар болсон" ... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 49-50-р хуудас/,
Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Д.А-г нэг нутгийн хүний хувьд таних болохоор намайг техник хэрэгсэлээ түрээслээч гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед бид хоёр гэрээ байгуулаагүй амаар тохиролцоод би өөрийн шар өнгийн Хюндай 2900 маркийн экскаватор 1 ширхэг, Сэм маркийн шар өнгийн ковш 1 ширхэг, улаан өнгийн Хово маркийн ачааны автомашин 1 ширхэг зэрэг техниктэй өөрийн хүү Г.З, ажилчин Б нарын хамт очсон. Би тухайн үед чамд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байгаа юм уу? гэхэд зөвшөөрөлтэй зөвшөөрөл гарч байгаа буугаад байж бай гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа Д.А ирээд голын зүлэгний эрүүл газар руу ор гэхээр нь би зөвшөөрөлгүй газар орохгүй гэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газартай ярьсан асуудалгүй ор гэсэн болохоор нь би зөвшөөрөлтэй юм байна гэж ойлгоод дөнгөж ороод хөрс хуулж байтал сумын байгаль орчны байцаагч С, Д, цагдаагийн хэсгийн дарга нар ирсэн" ...гэсэн мэдүүлэг, /хх-ийн 55-56-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.З-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Тухайн газар нь зөвшөөрөлтэй, үгүйг би мэдээгүй. Тэгээд сумын цагдаа, байгаль орчны хүмүүс ирээд үйл ажиллагааг зогсоогоод зургийг нь аваад явсан. ...Би тухайн үед ковш барих гэж очоод барьж чадаагүй буцсан. Тэнд манай аав Г.Г, Л.Б ах, А эгч нар байсан" ... гэсэн мэдүүлэг, /хх-н 57-р хуудас/,
Гэрч Л.Б мөрдөн байцаалтанд өгсөн "...2018 оны 08 дугаар сард Д.А гэдэг хүн Г.Г-н техникийг түрээслэнэ гэж хоорондоо ярьж байсан нарийн асуудлыг би мэдэхгүй байна. Тэгээд Бөөрөлжүүтийн “Шар суваг” гэх газар очоод дөнгөж газар хөндөж эхлэж байтал сумын байгаль хамгаалагч, цагдаа нар ирээд ажиллуулаагүй зогсоосон" ... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 63-64-р хуудас/,
Шүүгдэгч Д.А-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн "...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ...”Шар сувгийн ам” гэх газар шорооны доод хөрсийг дөнгөж хуулж байхад хүмүүс шалгалтаар ирж үйл ажиллагааг бүрэн зогсоосон. ...Х гэх бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй уг хүний экскаватор, Норд машиныг түрээслэх гэж амаар тохироод ажиллаж чадаагүй ...Уг хүн энэ хэрэгт ямар ч хамаагүй би зөвшөөрөлгүй талбай гэдгийг Хоовон гэх хүнд хэлээгүй зөвшөөрөл байгаа гэж хэлсэн болохоор надад техникээ түрээслүүлнэ гэж байсан. ...Үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа санал хүсэлт байхгүй, хамтарч ажилласан хүн байхгүй. ...Надад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй байсан, Г.Г зөвшөөрөлтэй эсэхийг мэдээгүй би түрээсэлж байгаа болохоор энэ талаар түүнд хэлэх шаардлага байгаагүй зөвшөөрөлтэй гэж хэлээд техникийг нь түрээслэсэн" ... гэсэн мэдүүлэг, /хх-н 51-52-р хуудас/,
"Монслов" ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/080 дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн ...Иргэн Д.А нь нийт 72.37 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хэмжилтээр тогтоогдлоо. Уг талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай байна. /АМГТГ-ын 2018.10.03-ны өдрийн 7/6679 тоот албан бичгийг хавсаргав./ Иргэн Д.А нь нийт 72.37 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь ”Монслов" ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох" аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 127.856.34 төгрөг/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 393.433.13 төгрөгөөр тогтоосон. Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг "Шар суваг" гэх газарт иргэн Д.Ариунжаргалын олборлолт явуулсан гэх газар нь тус хуулийн гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүтэн давхцалтай байна /БОАЖЯ-ны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 066/6582 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. ...гэсэн дүгнэлт,/хх-ийн 66-80-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-20 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №12/15 дугаартай дүгнэлт /хх-22-24 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №12/16 дугаартай дүгнэлт /хх-25-27 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №12/17 дугаартай дүгнэлт /хх-28-31 дугаар хуудас/
“Монслов” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/080 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-80 дугаар хуудас/,
Хохирол барагдуулсан талаарх баримт / хх-ийн 106-107 дугаар хуудас/,
№00894311 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 120 дугаар хуудас/,
№00839378 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 121 дугаар хуудас/,
№01467044 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 122 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.А-н “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 108-110 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.А-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 94 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.А-н ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бөөрөлжүүт” 6 дугаар багийн нутаг "Шар суваг" гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 393.433.13 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Д.А-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Хохирогч Х.Л-ийн "...2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирсэн бүрэлдэхүүний хамт Уянга сумын “Бөөрөлжүүт” 6 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг шалгахаар очих үед иргэн Д.А нь Бөөрөлжүүтийн "Шар суваг" гэх газраас нүүж байсан. Өмнө нь сумын Засаг даргаас баталсан удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.С, байгаль хамгаалагч Х.Д, цагдаагийн хэсгийн дарга Д.Э нар очиж шалгахад зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байна. ...Иргэн Д.А нь эрүүл зүлэгтэй талбай руу орсон, ямар нэгэн зөвшөөрөл бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулсан байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, гэрч С.Ж-н "...Би 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Уянга сумын Бөөрөлжүүтийн “Шар суваг” гэх газар Зэвэг, Д.Анар нь тусгай зөвшөөрөлгүй буусан байсан. ...Д.А үйл ажиллагаа явуулсан гэж сумын төрийн албан хаагчид хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Д.Д-н "...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Уянга сумын “Бөөрөлжүүт” 6 дугаар багийн “Шар суваг” гэх газар иргэн Д.А нь дөнгөж орсон, 2-3 машин шороо ачиж байна гэсэн тайлбартай зогсож байсан. Тухайн үед эрүүл хөрс рүү экскаватор нь ухаад орчихсон гүн нь 1 метр орчим байх, Норд машинд шороо ачиж байсан. Тухайн үед ямар ч зөвшөөрөл бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байсан болохоор үйл ажиллагааг нь зогсоож, шаардлага тавьж газрыг даруй чөлөөлж нүүх талаар албан мэдэгдэл өгсөн.... " гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/, гэрч Д.Санжидмаагийн "...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоогоос баталсан удирдамжийн дагуу Уянга сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа, сумын байгаль хамгаалагч Х.Д нарын хамт Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгасан. Тухайн үед Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн Шар суваг гэх газар иргэн Д.А нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, бичиг баримт байхгүйгээр хууль бусаар газрын хэвлийг хөндөж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан.. ...”Шар суваг” гэх газар үйл ажиллагаа явуулсан талбай нь хуучин эвдрэлтэй талбайгаас залгаад эрүүл газар руу орсон байсан. Тухайн талбай нь 1 м орчим гүнтэй, 5*8 м орчим газар байсан. Анх очиход экскаватор нь газарт орчихсон Норд машин руугаа шороогоо ачиж байсан..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 49-50/, шүүгдэгч Д.А-д техник түрээслүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Г.Г /хх-ийн 55-56/, насанд хүрээгүй гэрч Г.Золбаяр /хх-н 57-р хуудас/, гэрч Л.Б /хх-ийн 63-64/, нарын мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-20 дугаар хуудас/, “Монслов” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/080 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-80 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Ноён хутагт овогт Д.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурорын сонсгосон ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /Таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.А-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 5.400 /Таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд тус бүр 450.000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Ань шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн Хово маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ачааны автомашин нэг ширхэг, шар өнгийн Сэм-650 маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ковш нэг ширхэг, шар өнгийн ROBEX2900LC-3 маркийн Солонгос улсад үйлдвэрлэсэн эксковатор нэг ширхэг зэрэг техник хэрэгсэлүүд нь иргэний нэхэмжлэгч Г.Г-н эзэмшлийнх болох нь гэрч Г.Г /хх-ийн 55-56/, насанд хүрээгүй гэрч Г.З /хх-н 57-р хуудас/, гэрч Л.Б /хх-ийн 63-64/, нарын мэдүүлэг, гэрч Д.Д /хх-ийн 46-48/, №00894311 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 120/, №00839378 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 121/, №01467044 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 122/, Эд мөрийн баримтаар хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгч Г.Г-д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 393.436.13 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, , энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
Шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ноён хутагт овогт Д.А-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ноён хутагт овогт Д.А-г 5.400 /Таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 5.400 /Таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тус бүр 450.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 393.436.00 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн Хово маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ачааны автомашин нэг ширхэг, шар өнгийн Сэм-650 маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ковш нэг ширхэг, ROBEX2900LC-3 маркийн Солонгос улсад үйлдвэрлэсэн эксковатор нэг ширхэгийг тус тус иргэний нэхэмжлэгч Г.Г-д буцаан олгосугай,
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.