| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/00419/и |
| Дугаар | 209/МА2026/00035 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 209/МА2026/00035
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 307/ШШ2026/01050 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “30,000,000 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******, ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
“...нэхэмжлэгч, хариуцагч нар 2022 оны 03 сарын 23-ны өдөр "Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх №11 тоот гэрээ-г байгуулсан юм.
№11 тоот гэрээгээр “*******” ХХК болон “*******" ХХК нарын хамтран ажиллагааны үр дүнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний төв бүхий 30 айлын нийт 3557 м.кв талбай бүхий супер орон сууцны барилга барьж ашиглалтад оруулснаас нэхэмжлэгч “*******” ХХК, түүний захирал *******т ногдох ашиг гаргуулахтай холбоотой Арбитрын маргаан йёшийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох үүрэг хүлээсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн буюу хариуцагч “*******” ХХК, түүний захирал *******т болон "*******” ХХК, түүний захирал ******* нарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгөөс “*******” ХХК, түүний захирал ******* 106 м.кв талбай бүхий 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эрхтэй болохыг 2024 оны 12 сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхээр эцэслэн тогтоолгосон юм.
Нэхэмжлэгч миний бие өнгөрсөн хугацаанд Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаа, мөн Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалтай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэх мэт 10 гаруй удаагийн шүүх хуралдаанд оролцож, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж ажилласан.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан №11 тоот "Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, гарсан зардлыг хугацааны эцэст төлөх бөгөөд хөлс, зардлын хэмжээг гарсан үр дүнгийн 10 хувь байхаар тохиролцсон юм. Нэхэмжлэгчийн үзүүлсэн үйлчилгээний үр дүнгийн тухайд хариуцагчид 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулж өгсөн тул №11 тоот гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу 30,000,000 сая төгрөгийн ажлын хөлс, зардал шаардах эрхтэй юм гэжээ. /хх-ийн 2 дугаар хуудас/
2. Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
... *******тэй 202# оны 03 сарын 23-ны өдөр Хууль зүйн туслалцаа авах гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ надад өгсөн гэрээний дугаар №078 тоот гэрээ. 11 тоот биш шүү. Мөн огноо нь 22# гэж байгаа. Мөн бид хоёрын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээн дээр мөнгөн дүн огт байхгүй. Тэгээд ч ******* нь надад хуулийн дагуу эрх зүйн туслалцаа бүрэн үзүүлж чадаагүй. Мөн оролцсон шүүх хурал болгон дээрээ ялагдаж байсан. Үүнд: 2018.11.07-нд №301 дугаартай Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын шийдвэр /уг хуралд би ялсан байсныг 2022 оны 08 сарын 24-ны хурлаар шийдвэр №723 ялагдсан/.
2022 оны 11.07-ны өдөр БГД ИХАШШүүх дээр №102/Ш32022/18563 дугаартай иргэний хэрэг үүссэнийг 2023 оны 03 сарын 02-ны өдрийн БГД ИХАШШ шүүгчийн №102/ШЗ2023/04238 дугаартай захирамжаар хаяг нь дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. /Шүүх хуралд тодорхой ярина/ Уг хэрэг хэрэв БГД дээр шийдэгдсэн бол би ялах нь тодорхой байсан. ******* нь 2023 оны 4 сард сөрөг нэхэмжлэл, 2024 оны 06 сарын 24-нд давж заалдах гомдол, 2ш бичиж өгсөн. /5 ш хуудас хавсаргав/
-Маргаантай үл хөдлөхийг битүүмжлээгүй нь улмаас нь уг үл хөдлөхийг шүүхийн шатанд зарж борлуулсан. Тэгээд анхан болон давж заалдах шүүх хурлуудад удаа дараалан ялагдсан. Хурлын завсарлагаагаар ******* нь той уулзсанаа надад хэлсэн. Би *******ийг 2 талд зэрэг ажиллаж байсан гэж хардаж байгаа болно. Энэ нь удаа дараалан миний эсрэг шийдвэр гарч байгаа болон шүүх хурал дээр олигтой хуулийн үндэслэл тайлбар гаргаж чадаагүй зэргээс болж би хардах үндэслэл нь болсон.
Үүнээс хойш буюу давахын хурлаас хойш утсаа авахаа больсон. Би хяналтын шатанд гомдлоо гаргах тухай хэд хэдэн удаа залгаад утсаа огт аваагүй. Ингээд би өөр өмгөөлөгч, хуулийн хүмүүсээс зөвлөгөө авч хяналтын гомдлоо өөрөө бичиж Улсын дээд шүүхэд өгсөн. Гэтэл улсын дээд шүүхээр гомдлыг тань хэлэлцэхээр болсон байна ах гээд л нэг өдөр над руу өөрөө холбогдоод л ороод ирсэн. Тэгэхээр нь би за яахав гээд л цуг Улсын дээд шүүх дээр шүүх хуралд оролцсон. Би хувь хүний хувьд ******* өмгөөлөгчид харин гомдолтой байгаа.
Хэрэв миний үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн бол, би одоо үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр болгож чадах байсан. Харин ч гомдолтой. Энэ хүн Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг бичээгүй надаас 30 сая төгрөг нэхэмжилж байгаа нь өмгөөлөгч хүний ёс зүйд таарахгүй. Харин би цаг хугацаа, эдийн засгаар хохирч байгаа болно. Иймд нотлох баримтуудаар нотлогдож байгаа уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хх-ийн 19-21 дүгээр тал/
2.1. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэмэлт хариу тайлбартаа:
“Миний бие нь өмгөөлөгч *******тэй "Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 2022 оны 03 сарын 23-ны өдөр 11 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний 1 Ерөнхий нөхцөл. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
Гэрээний 1.1.2-т зааснаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ нь: хязгаарлагдана. тодруулснаар гэж заасан бөгөөд 1.1.2 дахь заалт нь буюу тодруулсан гэх хэсэг нь хэргийн дугаар 36/18 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үүр Тээл ХХК-д холбогдох Арбитрын хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хариуцагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж өөрийн байр сууриа тодотгон тодорхойлсон билээ. Гэтэл энэ хэрэгт өмгөөлөгч ******* нь миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалж чадаагүй билээ. 2022 оны 08 сарын 24-ны өдрийн Арбитрын шүүхэд хуралд оролцсон боловч миний буюу "*******" ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон билээ.
11 дугаартай гэрээ нь нэхэмжлэгчийг төлөөлөх гэрээ бөгөөд өөрийнх өмгөөлөгчийн тодорхойлсноор зөвхөн 36/18 дугаартай хэрэгт л оролцох гэрээ байтал *******ийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэрээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Харин түүнийг удаа дараагийн шүүх хуралд анхан болон давж заалдах шатны шүүхэд түүний шүүх хуралд ирж оролцож байсныг үгүйсгэхгүй оролцсон нь үнэн гэхдээ өмгөөлөгч авч оролцсоноор миний хүсэл зориг буюу шүүхэд хариуцагчаар оролцсон болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангуулах тухай хүсэл зоригийг маань хангаж чадаагүй билээ.
Энэ талаар анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээс тодорхой харагдах билээ. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 135\ШШ2024\00663 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 209\ТКВ024\00084 дугаар магадлал/. Ингээд өмгөөлөгч ******* нь өөрийн биеэр ирж уулзаад ... за ахаа би дийлэхгүй юм байна. Одоо ингээд болъё доо гэж хэлсэн.
Тиймээс миний бие нь 2024 оны 08 сарын 29-ны өдөр өмгөөлөгч Э.Ганбат гэгчид хандаж зөвлөгөө авч улмаар өмгөөлөгч Э.Ганбатаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаар өргөдөл гомдлоо бичүүлж, эрхээ хамгаалуулсан бөгөөд Хяналтын шатны шүүх хуралд орохоор хүлээж байхад буюу 2024 оны 12 сарын 17-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдаанд ******* өмгөөлөгч оролцсон нь үнэн. Гэхдээ шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсанаас харахад зөвхөн ирц бүртгүүлснийг эс тооцвол өөр бусад эрх зүйн туслалцаа үзүүлээгүй билээ.
Иймд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 11 дугаартай гэрээнд ******* ямар ч оролцоогүй билээ. Харин өмгөөлөгч ******* нь *******тэй "Эрх зүйн Харин өмгөөлөгч ******* нь туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулаагүй *******ийг хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэжээ. / хх-ийн 151-152 дугаар хуудас /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 14,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 15,160,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 232,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
“Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 болон 3-т нэхэмжлэгч ******* нь Арбитр болон иргэний хэргийн маргаанд *******ыг төлөөлж оролцсон гэсэн нь Өмгөөлөгчийн тухай хуулийн 3 дугаар бүлэг өмгөөлөгчийн эрх зүйн байдлын 14 дүгээр зүйл өмгөөлөгчийн үүрэг 14 дүгээр зүйлийн 4.1.13-г тухайн үйлчлүүлэгчид үзүүлсэн өмгөөллийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан тооцоог үйлчлүүлэгчид танилцуулах 15 дугаар зүйлийн 15.1.5 үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүй харилцах, 15.2.1-д заасан мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хариуцагч нарын гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-ийн 89 дүгээр хуудас /
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар *******, ******* нарыг татаж, шүүх хуралдааны явцад хариуцагч “*******” ХХК-аас татгалзжээ.
3. Нэхэмжлэгч ******* нь Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу ажилласан ажлын хөлс болох 30,000,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан удаа дараагийн Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь иргэний болон арбитрын хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгчөөр оролцсон, хариуцагч нар нь хууль зүйн туслалцаа үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, уг гэрээний дагуу хариуцагч *******, ******* нар нь өмгөөлөгчийн хөлсийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж шийдвэрлэсэн боловч нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
6. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судалвал дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
6.1 Хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай “Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” болон түүний хавсралтад зааснаар өмгөөлөгч ******* нь ...Иргэний болон Захиргааны хэрэг маргаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Үүр Тээл ХХК-д холбогдох Арбитрын хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хариуцагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхэд үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр, үйлчлүүлэгч *******, ******* ХХК нар нь дээрх ажлын хөлсийг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнгийн 10 хувийг төлөхөөр,
2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч *******, ******* нар нь №78 дугаартай Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу өмгөөлөгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй *******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор тус тус тохиролцсон байна.
6.2. Нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээнүүдийн дагуу арбитр болон иргэний хэрэг маргаанд *******, ******* нарын эрх ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан нь хэрэгт авагдсан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 723 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2024/00308 дугаартай тогтоолоор тус тус тогтоогджээ. /хх-ийн 29-39, 44-52/
7. Дээрх үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй харин хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өмгөөлөгч *******ийг гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргаж, улмаар энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Тодруулбал өмгөөлөгч ******* нь арбитрын хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн, ...хяналтын шатны шүүхэд гаргах гомдлыг бичээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авахуулах тухай хүсэлтийг гаргаагүй гэжээ.
8. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйл болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоосон байна.
9. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 360 дугаар зүйлийн 360.1. “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.” гэж тус тус заасан.
Хөлсөөр ажиллах гэрээ нь 2 тал харилцан үүрэг хүлээдэг гэрээ бөгөөд энэ гэрээний дагуу нэг тал нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй. Уг гэрээ нь ажлын үр дүн шаардахгүй, өөрөөр хэлбэл гүйцэтгэх ёстой үүргийн агуулга нь тоо болон чанарын ямар нэгэн шаардлагыг хангасан ажлын үр дүн байдаггүй онцлогтой юм.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч *******ийг гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлсний хөлсийг төлөх үүргээсээ татгалзах эрхгүй байх ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
10. Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан.
Талууд дээрх хуульд заасны дагуу Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээний хавсралтаар ажлын хөлсийг нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиролцсон байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2024/00308 дугаартай тогтоолоор хариуцагч *******ийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул уг үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс 10 хувийг тооцохоор байна.
11. Нэхэмжлэгч ******* нь дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 300,000,000 төгрөгөөр үнэлж, түүний 10 хувь болох 30,000,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар нэхэмжилсэн боловч талуудыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах үед дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 148,400,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан байна. Энэ нь хэрэгт авагдсан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын арбитрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 723 дугаартай шийдвэрээр тогтоогджээ.
Анхан шатны шүүх талуудын анх гэрээ байгуулж, тохиролцоо хийсэн үеийн ханшаар үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 148,400,000 төгрөгөөс 10 хувийг тооцож, ажлын хөлс 14,840,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 15,160,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.” гэж заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
13. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 307/ШШ2026/01050 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.МЯГМАРСҮРЭН