Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 209/МА2026/00037

 

*******ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2026/001271 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК, *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 40,384,592,055 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга: 

“...Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн “*******” ХХК, ******* нартай 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр SME-02-00179 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байдаг.

Энэхүү зээлийн гэрээгээр 46.800.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар байгуулсан. Мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т ...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн үлдэгдэлд 0.1 хувиар алданги тооцно гэж заасан.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр SME-02-00179 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийн хангах баталгаа болгон “*******” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Хонгор сум, *******,******* тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай фермер зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн “*******” ХХК-ийн эзэмших эрхийн нэгж талбарын дугаартай 2.2787 м.кв талбай бүхий ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор бүхий газрыг тус тус барьцаалсан болно.

Үүнээс хойш зээлдэгч “*******” ХХК, ******* нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 19,879,742.30 төгрөг хүү 4,313,437.70 нийт 24,193,180 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдэгч “*******” ХХК, ******* нараас үндсэн зээл 26,920,257.70 төгрөг, хүү 2803.67  төгрөг, алданги 13,461,530.685 төгрөг нийт 40,384,592.055 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ. /хх-ийн 1-2 дугаар хуудас/

2. Хариуцагч *******гийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

...”*******” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  Жижиг дунд үйлдвэрийн газартай гэрээ байгуулан 46,800,000 төгрөгийн зээл авч малын тэжээлийн тоног төхөөрөмж, цэвэр Ангус үйлдвэрийн бух худалдан авч зарцуулан тайлангаа гаргаж Жижиг дунд үйлдвэрийн газарт танилцуулж байсан болно.

Үндсэн зээлээс 24,193,180 төгрөгийн зээл болон хүүг төлсөн. 2026 оны 03 дугаар сарын 17-нд 700,000 мянган төгрөг, 04 дүгээр сарын 05-нд 4,000,000 төгрөг Жижиг дунд үйлдвэрийн газар-ын тоот дансанд шилжүүлсэн болно. Үлдэгдэл 22,220,257.70 мөнгө хүү 2803.67 төгрөгийг 04 дүгээр сарын 30-ны дотор 5,200,000 мянган төгрөг, 05 дугаар сарын 25-ны дотор 5,000,000, 06 дугаар сарын 15-ны дотор үлдэгдэл 5,024,000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулна.

Манай компани татварт 4,562,089.40 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 7,806,800 төгрөгийн өртэй үйл ажиллагаа бүрэн зогссон. Малчдын болон туслах ажилчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. 2025, 2026 онуудад дансаар гүйлгээ хийгдээгүй тул алданги болох 13,461,530.685 төгрөгийг чөлөөлж өгнө үү. Үндсэн зээл болон зээлийн хүүг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна” гэжээ. /хх-ийн 64 дугаар хуудас/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 40,380,384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, үлдэх 4,208 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.1, 174.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд “*******” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Хонгор сум, *******, Гурван шар гудамж хаягт байрлах, фермерийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалттай, 22787 м.кв, нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 430,051 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга:

“*******” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 23-нд “Жижиг дунд үйлдвэрийн газар”-тай гэрээ байгуулан 46,800,000 төгрөгийн зээл авч малын тэжээлийн тоног төхөөрөмж, цэвэр Ангус үйлдвэрийн бух худалдан авч зарцуулан тайлангаа гаргаж “Жижиг дунд үйлдвэрийн газар”-т танилцуулж үйл ажиллагаандаа бүрэн зарцуулсан.

Манай компани нь 24,193,180 төгрөгийг үндсэн зээл болон хүүг төлсөн үлдэгдэл болох 26,920,257.70 төгрөг үндсэн зээлийн дутуу хүү болох 2803,67 төгрөгийг төлөхөөс 2026.03.17-ны өдөр 700,000 төгрөг, 2026.04.05-ны            өдөр 4,000,000 төгрөг, 2026.04.27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026.05.26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026.06.08-ны          өдөр 6,000,000 төгрөг, 2026.06.09-ны өдөр 3,000,000 төгрөг 2026.06.12-ны өдөр 3,526,541 төгрөг нийт үндсэн зээл болон хүү болох 27,226,541 төгрөг нийт 51,419,721 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу шилжүүлсэн.

Татварт 6,562,089.40 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлд 9,506,800 төгрөгийн өртэй үйл ажиллагаа бүрэн зогссон. Малчдын болон туслах ажилчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. 2025,2026 онуудад дансаар гүйлгээ хийгдээгүй тул алданги болох 13,461,530.685 төгрөгийг төлөх боломжгүй тул алдангиас чөлөөлж өгнө үү” гэжээ. /х.х-ийн 85 дугаар хуудас/

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө нийт 7,600,000 төгрөгийг хариуцагч төлсөн. Мөн шийдвэр гарснаас хойш үндсэн зээл, хүүгийн төлбөрөө бүрэн төлж дууссан...” гэв.

6. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч талаас надтай холбогдож үндсэн төлбөр, хүүгээ бүрэн төлбөл алдангиас чөлөөлж болно гэж ярьсан тул манай зүгээс төлбөрөө бүрэн төлсөн. Одоо алдангийг төлөх боломжгүй тул давж заалдах гомдол гаргасан...” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй боловч шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбарыг үнэлээгүйгээс хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг зөв тодорхойлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөлт хийгдсэн талаар талууд тайлбар гаргаж маргаагүй байхад төлсөн дүнг гэрээний үүргийн үлдэгдлээс хасаж тооцоогүй шийдвэрлэсэн байгаа алдааг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд 2020 оны 11 сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч “*******” ХХК, ******* нар нь 46,800,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар, “Семинтал үхрийн ферм, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслийн зориулалтаар Жижиг, дундын үйлдвэрийн газраас зээлж авч, ******* ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын *******, Гурван шар гудамж, 0 тоотод байрлах, 250 мкв талбайтай фермер зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах нэгж талбарын дугаартай 22787,0 /2,2787/ мкв талбай бүхий, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалттай, эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан байна.

4. Зээлийн гэрээний дагуу хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт нийт 24,193,180 төгрөгийг буцаан төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах үед үндсэн зээлийн төлбөрт 26,920,257.70 төгрөг, хүү 2,803.67 төгрөг, нийт 26,923,061.37 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, анхан шатны шүүх хуралдаанаас өмнө нийт 6,700,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

6. Харин анхан шатны шүүх хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн нийт 6,700,000 төгрөгийг хасаж тооцоогүй, зээлийн гэрээний үндсэн үүргийн үлдэгдлийг 26,923,061.37 төгрөгөөр тогтоосон байх тул энэхүү дүнгээс төлсөн 6,700,000 төгрөгийг хасаж тооцоход үндсэн үүргийн үлдэгдэл 20,223,061 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй байна.

7. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар тооцож алдангид 13,461,531 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх 13,460,128 төгрөгийн алданги тооцон хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч, гомдол гаргасан.

8. Анхан шатны шүүх хариуцагч нарын үүргийн зөрчлийг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс гэж үзэж, нийт 1088 хоногийн алданги тооцох үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн байна.

9. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн үлдэгдэлд 0,1 хувиар алданги тооцно”, 3.4-т: “Зээлдэгч зээл, хүүг энэ гэрээний 3.1.2-т заасан хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг энэ гэрээний 4.1-т зааснаар ЖДҮГ-тай тохиролцсон бөгөөд хуваарийн дагуу төлөгдөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцно”, 4.1-т: “зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулна” гэж тус тус заажээ.

10. Гэтэл хэрэгт дээр дурдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь нотлох баримтаар авагдаагүй, зээлийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацаа тодорхойгүй, хэзээнээс эхэлж хариуцагч талыг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэдгийг тодорхойлох боломжгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн зөрчлийг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхэлсэн гэж үзсэн байх боловч хэрэгт авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрийн төлөлт хийгдээгүй, хүүгийн төлбөр төлөгдөж байсан, 2022, 2023, 2024, 2025 онуудад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрүүд өөр өөр үнийн дүнтэйгээр хэсэгчлэн төлөгдөж байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч зээлийг хэрхэн, ямар хугацаагаар хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 13,460,128 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

13. Иймд дээрд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 20,223,061 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,161,531 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

14. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш дээр дурдсан зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулсан талаар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр талууд тайлбар гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед төлбөр төлөгдөөгүй байсан тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон дүнгээс тус шийдвэр гарахаас өмнөх дүнг хасаж тооцож шийдвэрлэлээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д: “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах гэж байгаа бол энэ заалт хамаарахгүй” гэж заасантай нийцнэ гэж үзсэн болно.

Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулан шүүхийн шийдвэрийн үндсэн болон хүүгийн төлбөртэй холбогдох хэсгийг урьдчилан сайн дураар биелүүлсэн байгааг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2026/001271 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “.... хариуцагч “*******” ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 20,223,061 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 20,161,531 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “... 259,065 төгрөгийг хариуцагч “*******” ХХК, ******* нараас гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,258 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ      

                                                                                                             М.ОЮУНЦЭЦЭГ