Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 495

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын *******

 

        4.539.210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* хариуцагчийн төлөөлөгч Н.Лувсанбаяр, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Өмнөговь аймгийн *******-тай 30/10 тоот Худалдах худалдан авах гэрээг 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан бөгөөд манай компани стандартын шаардлага хангасан барааг цаг тухайд нь нийлүүлж байсан. Энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.в дахь хэсэгт заасны дагуу тухайн сард авсан шатахууны хэмжээ үнийг дараа сарын 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба уг актын дагуу ажлын 3 хоногт багтаан төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 3 026 140 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Манай компани 30/10 тоот гэрээний төлбөрийг Өмнөговь аймгийн *******-аас гаргуулахаар шүүхийн байгууллагад хандсан боловч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн албаны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 тоот албан бичигт Өмнөговь аймгийн ******* нь тус албанд нэгдсэн гэсэн тайлбар ирүүлсэн. Иймд 30/10 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 3 026 140 /гурван сая хорин зургаан мянга нэг зуун дөчин/ төгрөг, түүний алданги болох 1 513 070 /нэг сая таван зуун арван гурван мянга далан/ төгрөг, нийт 4 539 210 /дөрвөн сая таван зуун гучин есөн мянга хоёр зуун арван/ төгрөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн албанаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол үндсэн төлбөр 3.026.140 төгрөг, алданги 1.513.070 төгрөг, нийт 4.539.210 төгрөгийг нэхэмжилсэн. Одоо Төрийн өмчит тохижилт үйлчилгээний компани нь татан буугдаад чиг үүрэг нь өөрчлөгдөөд Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд шилжсэн байгаа. Манай компанийн зүгээс хүү алдангийг тооцохгүйгээр үндсэн төлбөр 3.026.140 төгрөг дээр хариуцагч талтай эвлэрэх хүсэлтэй байгаа. Алданги 1.513.070  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Нэмж хэлэх тайлбар байхгүй байна. *******тай адил саналтай байна гэв. 

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба /хариуцагчийн төлөөлөгч Н.Лувсанбаяр/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ОНӨТҮК-тай холбогдол бүхий 4,539,210 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг манай байгууллагад ирүүлсэн байна. Тухайн үед Даланзадгад сумын албан байгууллага, ААН, айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэж, ангилан ялгах үйл ажиллагааг явуулдаг ОНӨТҮКомпани ажиллаж захирлаар нь Ц.Энхжаргал гэдэг хүн ажиллаж байсан байна. Миний бие 2011 оны 11 -р сард тус ажпыг хүлээн авахад байгууллагын санхүүгийн тайлан болон өр, авлагатай дээр 3,026,140 төгрөг тусгагдаагүй байдаг юм. Мөн энэ өглөг авлагын талаар ямарч санхүүгийн анхан шатны албан бичиг байхгүй байсан. Даланзадгад сумын ИТХ-ын Тэргүүлэгчийн 2012 оны 01 сарын 11-ны өдрийн 01 тоот тогтоолоор ОНӨТҮК-ийн бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагааны чиг үүргийг өөрчлөн Орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газар болгон орон нутгийн төсвөөс дэмжлэг олгох болсон. Мөн Даланзадгад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 сарын 12-ны өдрийн 19 тоот тогтоолоор ОНӨНҮГ-ыг татан буулгаж Даланзадгад сум /хот/-ын Захирагчийн ажпын албанд нэгтгэж тайланд тусгагдаж актаар баталгаажсан өрийг төсвөөс бүрэн төлсөн. Даланзадгад сум /хот/-ын Захирагчийн ажлын алба нь 100 хувь орон нутгийн төсвөөр санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллага болно. МТ-ын Хан-Уул ХХК-аас нэхэмжилсэн 3,026,140 төгрөгний өрийг талөх санхүүгийн баримт байхгүй, тухайн үеийн албан байгууллага нь татан буугдсан энэ өрийг мэдэх албан тушаалтан байхгүй мөн төсвөөс санхүүждэг тус өрийг төлөх эх үүсвэр байхгүй байгаа зэргээс шалтгаалан Даланзадгад хотын Захирагчийн ажлын албанаас төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч Н.Лувсанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009-2010 онуудад хог хаягдлын компани ******* ХХК-тай түлш шатахууны гэрээ хийж үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед ажиллаж байсан удирдлага, нягтлангаас шалтгаалан энэ компаний ирүүлсэн акт, нэхэмжлэлүүд тухай  үед тайланд нэр усаараа тавигдаагүй байсан. Үүнийг дараа нь эргэж харахад тухай компани дээр өртөг тавигдсан зүйл байсан.  Нийтлэг үйлчилгээний газар буюу Даланзадгад хотын Захирагчийн ажлын албыг би авахад нийтдээ 29 сая төгрөгийн өртэй байсан. Энэ компаний зүгээс надад тодорхой баримтуудыг өдөр хоногтой нь танилцуулсан. Тайланд энэ баримтууд тусгагдаагүй байсан учраас ирүүлсэн бичиг баримтуудыг нь би хэд хэдэн удаа буцаасан. Энэ үндэслэлээр яахав гэхээр ******* ХХК-иас авсан түлшний өртөг болох 3.026.140 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байна. Харин алданги болох 1.513.070 төгрөгийг бол төлөх боломжгүй гэв.

     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 4.539.210 төгрөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны  үед нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.513.070 төгрөгөөр багасгаж, 3.026.140 төгрөг нэхэмжлэснийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч талууд нийт 3.026.140  төгрөгөнд эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

“ Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрх”-ийнхээ дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагчийн төлөөлөгч нар нь эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 133/16 дугаартай итгэмжлэлээр тус компаний Ерөнхий удирдлагын газрын асуудал хариуцсан захирал *******од, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 140/16 дугаартай итгэмжлэлээр өмгөөлөгч ******* нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг эдлэх тухай итгэмжлэлийг тус тус 2 жилийн хугацаагаар олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг үндэслэж зохигчдын эвлэрлийг шүүх баталж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг харилцан тохиролцож болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн төлөөлөгч нар нь улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөх тухай хүсэлтийг гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрэн хэлэлцсэн 3.026.140 төгрөгт ноогдох үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийг тооцож  шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд хариуцагдах зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 4.539.210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 3.026.140 төгрөгөнд эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87.578 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанаас 31.684 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 31.684 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Л.УГТАХБАЯР